Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 00163

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Эмпипи ХЗХ-ны нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00891 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Эмпипи ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Жаргалсайханд холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 2.595.593 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч С.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Эмпипи хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

...Зээлдэгч С.Жаргалсайхан нь 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус хоршооноос 2 000 000 төгрөг 9 сарын хугацаатай, сарын 4.5%-ийн хүүтэй зээлж аваад зээлийн гэрээний хугацаа дууссан боловч төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд С.Жаргалсайханаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 433 593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162 000 төгрөг нийт 2 595 593 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээр тайлбарлахдаа:

...Миний бие тус хоршооноос 2013 оны 04 дүгээр сард 2 000 000 төгрөгийн зээл авсан. 2013-2016 оны хугацаанд төлсөн боловч нэмэгдүүлсэн хүү гэж их хэмжээгээр илүү шимтгэл төлүүлсэн. Үүний улмаас сүүлийн жилийн саруудад зээлээ төлж дийлэхгүй болсон. Одоо тус хоршоонд 1 000 000 төгрөг төлнө. Нэмэгдүүлсэн хүү гэж тогтмол өндөр хүү тооцож хүнийг хохироодог. Гэрээний хугацаа дуусаад 2-3 жил шахуу болж байна. Хянан шийдвэрлэх хугацаа ч дууссан болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00891 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан С.Жаргалсайханаас 1 155 593 төгрөг гаргуулан Эмпипи ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 1 440 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 56 480 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 32 286 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв хэрэглэсэн атлаа хариуцагч С.Жаргалсайханы авсан зээлийнхээ хугацааг хэтрүүлсэн хугацааны хүүг тооцохгүй хасаж шийдвэрлэн хоршоог хохироолоо гэж үзэж байна. Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-д:"3ээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү,.нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэжээ.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2-т заасан үндсэн зээл.нэмэгдүүлсэн хүү.зээлийн хугацааны хүүг гарган шийдвэрлэлээ. Иймд: Дээрх шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ЭМПИПИ ХЗХоршооны гүйцэтгэх захирал Т.Өсөхжаргал хариуцагч С.Жаргалсайханд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн төлбөр нийт 2.595.593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөг төлнө, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

Шүүх хариуцагч С.Жаргалсайхан нь 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр тус хадгаламж зээлийн хоршооноос 2.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлж авсан нь тогтоогдсон харин зээлийн гэрээний хугацаа дахин сунгасан нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж хариуцагчаас үндсэн зээл 1.155.593 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.440.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ЭМПИПИ Хадгаламж зээлийн хоршоо нь 2006 оны 06 дугаар сарын 05 -ны өдрөөс эхэлж Хадгаламж зээлийн үйл ажиллагааг эрхлэж 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №4/131 дугаар бүхий Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг зохих байгууллагаас авсан ба зээлдүүлэгч өөрөө хүсэлт гаргаагүй тохиолдолд зээлийн гэрээг өөрчлөх, зээлийн хугацааг дахин сунгах шаардлагагүй ба хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талуудын хооронд байгуулсан  2015 оны 4 дүгээр сарын 09–ний өдрийн Зээлийн гэрээний 3.1.1-д “...төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, үндсэн зээл” гэсэн дарааллаар төлүүлэхээр тохиролцсон ба хариуцагчийн зээл авсанаас хойш буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн нийт 1.816.407 төгрөгийг нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүд тус тус тооцсон нь хууль болон гэрээг зөрчөөгүй байна. /хх-ийн 22 тал /

Хариуцагч С.Жаргалсайхан шүүхэд гаргасан “үндсэн зээл 1.000.000 төгрөг төлнө, үлдэх хэсгийг төлөхгүй” гэх тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа нотолж чадаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 2.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжтой.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүүгийн талаарх тооцоог ирүүлээгүй, хэдий хугацаанд хэрхэн тооцсон нь тодорхойгүй, түүнчлэн хариуцагч зээлийн гүйцэтгээгүй үүргийн төлбөрт нийт 1.816.407 төгрөг төлсөн зэрэг байдлыг тус тус харгалзан үзэж зээлийн хүүд тооцсон 433.593 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч С.Жаргалсайханаас үндсэн зээл-2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 433.593 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэмэгдүүлсэн хүү 162.000 төгрөгний шаардлагаасаа татгалзсныг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2017/00891 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан С.Жаргалсайханаас 2.000.000 төгрөг гаргуулан Эмпипи ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 433.593 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа нэмэгдүүлсэн хүү 162.000 төгрөгний шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтанд”... хариуцагчаас 32 286 төгрөг...” гэснийг “... хариуцагчаас 46.950 төгрөг...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Эмпипи ХЗХ-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.990 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ