Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 21

 

                                                                                 109/ШШ2020/0021

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сугар, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “З” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г, иргэдийн төлөөлөгч Ц.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр олж мэдээд бидний зүгээс Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дэх хэсэгт заасны дагуу сумын Засаг даргын дээр дурдсан захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад хандан 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу бичгээр өгөөгүй. 

А аймгийн Ц сумын Засаг дарга 2009 онд Р.Э-д Ц сумын Алтан-Овоо багийн Халуун-Ус гэх газарт 2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байсныг сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай А/90 дүгээр захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Түүнд олгосон газар эзэмших эрхийг тухайн эзэмшиж байгаа газрын төлбөрийг цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байсан. Р.Э-н зүгээс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 109/ШШ2017/0041 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг эвлэрсэн захирамжийн дагуу Р.Э нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулан улмаар өөрт нь анх газар олгосон хууль зөрчсөн, хууль бус захирамжийг сэргээх тухай захирамжийг гаргуулан авсан байна. 

Дээрх эвлэрлийг баталсан захирамжаар бодит байдалд Ц сумын Засаг дарга нь ашиг сонирхлыг зөрчил бүхий нөхцөл байдалд албан тушаалаа урвуулан ашиглах замаар Р.Э-тэй “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан гэж үзэхээр байгаа юм. Түүний гол зорилго нь ямар нэгэн байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу гаргуулан авч уг газрыг бусдад худалдах, эсхүл бидний нүүдэллэн ирсэн газарт жуулчны баазын үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа юм. Учир нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Р.Э-н хүүхдүүд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хэсгийн төлөөлөгч зэрэг хүмүүс портероор гэр, хашааны банз ачиж ирэн манай компанийн эзэмшилд байгаа жимс жимсгэний газартай давхцуулан хашаа, гэр барих гэж байхад нь бид таслан зогсоосон. 

Дээрх эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжинд дурдсанаар: “... бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газартай давхцуулалгүйгээр газар олгох... ” талаар дүгнэсэн байхад сумын Засаг дарга хүчингүй болгосон захирамжаа буцаан сэргээж байгаа үйлдэл нь хууль бус байх ба холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна. 

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “...тухайн эзэмшиж байгаа газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэж заасан бөгөөд А аймгийн Ц сумын Засаг дарга өмнөх захирамжаа буцаан сэргээсэн нь Р.Э-н газрын тухай хууль, газар эзэмших, ашиглуулах гэрээг зөрчсөн хууль бус үйлдэл, үр дагавар нь арилаагүй байна. 

Түүнчлэн уг багийн Халуун ус гэх газар нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин иргэдийн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны газарт аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших захирамж гаргуулахаар хөөцөлдөж бидний 3 үеэрээ нүүдэллэн ирсэн газрын эрхийг авах оролдлого гаргаж бидний эрх ашгийг хөндөөд байна. Шүүхийн захирамжийн дагуу хууль бус аргаар бидний эзэмшлийн газрыг авахаар санаархаж буй Р.Э-н хууль бус үйлдлийн улмаас манай компанийн хуулиар олгогдсон эрх ашиг, нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин иргэдийн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газрын эзэмших эрх тус тус хөндөгдөж байгаа юм.

Иймд А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З” ХХК-иас яагаад А аймгийн Ц сумын Засаг даргын “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа вэ гэхээр “З” ХХК нь А аймгийн Ц сумын Алтан-Овоо багийн нутаг дэвсгэрт Халуун усны газарт аялал жуулчлалын зориулалттай 2 га газрыг сумын Засаг даргын А/170 дугаар захирамжийн дагуу эзэмшдэг. Мөн А/171 дүгээр захирамжийн дагуу жимс жимсгэнийн зориулалттай 2 га газрыг эзэмшдэг. 

Анх иргэн Д.С-т 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт 40*50 буюу 2000 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан байдаг. Иргэн Д.С, гуравдагч этгээд Р.Э нарын хооронд 2009 онд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байдаг.

Гэтэл А аймгийн Ц сумын Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 14 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Д.С-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Р.Э-д Алтан-Овоо багийн нутаг Халуун-Ус гэдэг газар 50*40 хэмжээтэй газар шилжсэн байдаг. Тэгсэн дараа нь худалдах, худалдан авах гэрээг хийж байгаа харагддаг. Захирамж гаргахдаа Р.Э-н нэр дээр Д.С-с шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслээд хийсэн асуудал байгаа. 

“З” ХХК-ийн жимс жимсгэнийн зориулалттай газрын урд Зүрх толгойн дэнж гэх газарт Т.С гэдэг хүний өвөлжөө, хаваржааны 0,7 га газар байгаа. Энэ нь гуравдагч этгээд Р.Э-н газарт байгаа. Шүүх болохоор хашаа барьсан гэж тэмдэглэсэн байсан. Юунаас болоод яагаад хашаа барьсныг ерөөсөө тодруулаагүй байсан. 

2008 онд Д.С-т олгосон 40*50 харьцаатай газрыг Р.Э рүү шилжүүлсэн. Мөн 2008-2016 оны хооронд энэ хүн тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй, газрын төлбөр төлөөгүй учраас газар эзэмших эрхийг нь 2016 онд хүчингүй болгосон гэдгийг бид 2019 онд мэдсэн. Мөн хүчингүй болгосон гэдэг дээр Р.Э шүүхэд хандаж, шүүх дээр талууд эвлэрсэн. Эвлэрэхдээ талууд энэ Халуун усанд бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газартай давхцуулахгүйгээр газар олгоно гэсэн нөхцөлөөр эвлэрсэн байдаг. Эвлэрлийн гэрээнд анх 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Р.Э-д олгосон захирамжийг сэргээнэ гэсэн тухай үг, үсэг байдаггүй. Харин давхцуулахгүй газар олго гэж тусгасан байдаг. Р.Э дээр газар эзэмших эрх шилжсэн ч хаана газар эзэмших, байршил нь тодорхойгүй, халуун ус гэж бичигдсэн. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн кадастрын зургийг харахаар “З” ХХК-ийн жимс жимсгэнийн зориулалттай газрын яг урд бид давхцуулж газар олгосон байна гэж харж байгаа. Зүүн хойд хэсгээрээ жимс жимсгэнийн зориулалтын газартай баруун урд тал нь 0.55 орчим давхцалтай байгаа. Газар эзэмших эрх сэргээсэн захирамжийг үндэслээд кадастрын зураг гаргаад тэр хүн нь надад энэ газрыг зааж өгсөн гээд би энэ газарт хашаа барина гэж хэлснээс болж “З” ХХК-ийн жимс жимсгэний зориулалттай газар эзэмших эрх ашиг зөрчигдөж байна. Яагаад гэвэл давхцуулахгүйгээр захирамж гарга гэснээс эрх сэргээсэн, сэргээе гэж хэлээгүй, давхцуулахгүйгээр захирамж гарга гэхээр эрх сэргээсэн гэх асуудал байгаа. “З” ХХК-ийн жимс жимсгэнийн зориулалттай газраас Халуун ус хүртэл 70 орчим метр зайд ямар нэгэн иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж  болохгүй. Яагаад гэвэл энэ газар нь хяналтын бүс учраас энд газар олгож болохгүй гээд байхад захирамжаар сэргээгээд байршлыг тэнд гэж заасан байгаа нь хууль бус гэж үзэж байна. 

Нөгөө талдаа нэг асуудал гарч ирж байна. Анх 2002 онд Д.С гэж хүнд 40*50 хэмжээтэй газар олгох тухай захирамж гарах цаг хугацаанд Р.Э-н шилжүүлж авч байгаа газар хаана байсан юм бэ, хавтаст хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээг шүүх бүрэлдэхүүн хараад үзэхийн бол Тамир багт байсан газрыг Алтан-Овоо баг руу шилжүүлээд олгосон юм шиг нөхцөл байдал харагдаж байгаа. Бодит байдал дээр Р.Ээд олгосон 40*50 хэмжээтэй газар байхгүй, хийсвэрээр олгосон юм шиг харагдаж байна. Тамир багт байсан газар яагаад Алтан-Овоо баг руу болсон бэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарах байх. 

Маргаан бүхий А/127 дугаар захирамжийг хүчингүй болгосноор Р.Э-н эрх ашиг хөндөгдөхгүй, А/127 тоот захирамжийг хүчингүй болгосон ч 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн талуудын эвлэрлийг баталсан 41 дугаартай шүүгчийн захирамж хүчинтөгөлдөр үлдэнэ. Одоо цаашдаа энэ газар нэмж жуулчны бааз үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтүүд 2007-2018 он хүртэл гарсан байдаг. Яаж бид эрх ашгаа хамгаалуулах вэ гэхээр энэ сэргээсэн захирамжийг хүчингүй болгосноор “З” ХХК-ийн жимс жимсгэнийн зориулалттай газрын үйл ажиллагаагаа явуулах эрх нээгдэнэ. 

Хууль зүйн талаас нь хоёр үндэслэл хэлье. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа ноцтой алдаа гаргасан байна. Тэр ноцтой алдаа нь юу вэ гэхээр бодит нөхцөл байдлыг сайтар шалган судлах үүргээ биелүүлээгүй. 

Бид судалж үзэхэд, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийж байж уг үнэлгээг үндэслэж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрх үүсдэг юм байна. Р.Э-н газар анхнаасаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээг огт хийж байгаагүй. Үүнтэй холбоотой Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллийн санд байхгүй байна гэсэн албан бичиг ирсэн байна. Тэгэхээр анхнаасаа энэ хүнд хууль зөрчиж газар олгосон байна гэсэн нөхцөл байдал харагдаж байна. Р.Э-д 2008 онд газар олгоод 8 жилийн дараа 2016 онд газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон энэ хугацаанд газрын төлбөрийг энэ хүн огт төлөөгүй байдаг. 

Би дахиад давтаад хэлье 2009 онд Худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Тэгсэн мөртлөө газрын эрх нь 2008 онд шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл төрийн өмчийг энэ хүн яагаад худалдаад байгаа юм бэ, худалдаж болдог юм уу, засаг дарга захирамж гаргахдаа худалдах, худалдан авах гэрээ хийсэн зөрүүтэй нөхцөл байдал харагдаад байдаг. 

Улсын Дээд шүүхээс энэ хэргийг буцаахдаа нэхэмжлэгч давхцалтай гэж тодорхойлсон байдаг. Энэ газар давхцалтай юу гэдгийг тодорхойлох үндэслэлээр буцаасан байдаг. Мөн 50*40 хэмжээтэй 2000 метр байхад яагаад 200 метр гэж тавьсан юм бэ энэ алдаагаа зас гэх үндэслэлээр буцаасан. Давхцал нь эргэлтийн цэгээрээ давхцаж байгааг юу гэж ойлгох вэ? 50 см гэхээр хүн зөрөөд явах боломжгүй, зэргэлдээ газрыг зэргэлдээ газар байна та нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна гэж үзэж болохгүй. Т.С-н өвөлжөөний газар мал нь хаагуураа явах вэ гэх мэт асуудлууд байна. 

Товчхон хэлэхэд энэ нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь эвлэрсэн захирамж бодит байдал дээр сөрөг үр дагавар үүсгэж байна. Захирамжийг сэргээе гэж хэлээгүй байхад хүчингүй болгосон захирамжийг сэргээсэн алдаа гаргаж, тэр захирамж нь бусдын эрх ашгийг зөрчөөд байгаа учраас тухайн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.

Хариуцагч А аймгийн Ц сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Алтан-Овоо багийн Халуун усанд 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0223601 дугаартай эрхийн гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 27-ний өдөр хүчингүй болсныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 109/ШШ2017/0041 дүгээр захирамжийн дагуу сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн А/127 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээж аялал жуулчлалын зориулалтаар Алтан нутаг аялал жуулчлалын баазын дээд талд хил заагийг тогтоон тэмдэглэж газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн. А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн А/127 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг сэргээсэн нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт болох А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн хүрээнд мэтгэлцэх нь зүйтэй юм. Тэгэхээр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлын тогтоолоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан хоёр үндэслэл байгаа. Үүнд давхцалтай эсэхийг дахин шалгаж тогтоо гэсэн нэг дэх үндэслэл байна. Энэ талаар, гуравдугаар хавтаст хэргийн 6-15 дах талд авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон фото зураг, кадастрын мэргэжилтний тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан зургаар өмнөх 1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр талд байгаа кадастрын зургийг баталсан зураг гарсан. Нэхэмжлэгчийн хувьд нэгдүгээр хавтаст хэргийн 137 дугаар талд авагдсан 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/173 дугаар захирамжийг үндэслэж олгосон гэрчилгээнд 021600036 гэдэг нэгж талбарын дугаар байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн өнөөдрийн маргаад байгаа маргаан бүхий 2 га газартай хамаагүй гэж би ойлгож байна. Нэгж талбарын дугаар давтагддаггүй, хэн нэгэн хүн зохиогоод тавьдаг дугаар биш юм. Шүүхийн үзлэг хийсэн жимс жимсгэнийн зориулалттай газрын талбайн зургийг аваад кадастрын зураглалаар давхцалгүй гардаг. Тэгэхээр газрын давхцал гэдэг бол тухайн нэгж талбарын дугаар бүхий эзэмшил газрын координатууд нь бие бие рүүгээ давж орсон байхыг хэлдэг. 

2008 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 14 дүгээр захирамжаар эрх шилжүүлж аваад 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн иргэн Р.Э-н газар эзэмших эрхийн гэрчилгээ байна. Уг гэрчилгээнд 021600601 нэгж талбарын дугаар бичигдсэн байдаг. Өнөөдрийн маргаж байгаа 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамж гараад түүнийг үндэслээд 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр нэгдүгээр хавтаст хэргийн 80 дахь талд байгаа дээрх А/127 дугаар захирамжийг олгосон гэрчилгээнд нөгөө 021600601 нэгж талбарын дугаар хэвээр бичигдсэн байдаг. 2008 онд н.С-с Р.Э эрх шилжүүлж авснаас хойш 021600601 нэгж талбарын дугаар өөрчлөгдөөгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ийм л үйл баримт тогтоогдоно. 

Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлд газар эзэмшүүлэх, ашиглуулахад шударга ёс, тэгш байдлыг хангана гэж заасан байгаа. Тэгвэл “З” ХХК өөрийнхөө эзэмшил газрын эрхийг цуцлууллаа гээд маргаад, хариуцагч түүнийг нь хүлээн зөвшөөрөөд эвлэрэхээр энэ нь хууль ёсны байгаад, гуравдагч этгээд Р.Э-д яг адилхан өөрийн газар эзэмших эрхээ цуцлуулаад шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагч хүлээн зөвшөөрөөд эвлэрлийг баталчхаар хууль зөрчсөн болдог зүйл байхгүй. 

Дараагийн үндэслэл нь Ц сумын Засаг даргын А/131 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өөрийнх нь газрыг цуцалсан байна. Энэ захирамжийн дагуу “З” ХХК маргаад явж байсан. Уг хэргийн А/131 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, хэрхэн шийдэгдсэн нь энэ хавтаст хэрэгт авагдаагүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл А/131 дүгээр захирамж шүүхийн шийдвэрээр хууль ёсны байна гээд дүгнэгдвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх байхгүй болно. Нэхэмжлэгчийг би 2011 оны 5 дугаар  сарын 16-ны өдрийн А/171 дугаар захирамжаар олгогдсон жимс жимсгэнийн зориулалттай 20000 м2 буюу 2 га газар эзэмших эрхтэй холбоотой маргаж байгаа юм байна гэж би харж байна. Тэр юугаар нотлогдох вэ гэхээр нэгдүгээр хавтаст хэргийн 136 дугаар талд авагдсан 171 дүгээр захирамжаар үндэслэгдэж олгогдсон “З” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа. Уг гэрчилгээнд 021600868 гэдэг нэгж талбарын дугаар бичигдсэн. Нэгдүгээр хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан “З” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрээ байна. Гэрээний хамгийн сүүлийн хуудсанд энэхүү гэрээг 021600868 нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэгт хавсаргав гэсэн байна. Мөн кадастрын зураг 021600868 нэгж талбарын дугаартай газрыг нэхэмжлэгч маань ямар захирамжаар олгогдсон аль газар эзэмших эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг тогтоох гэхээр саяны баримтуудаар нэхэмжлэгч маань жимс жимсгэнийн зориулалттай 2 га газар 2011 оны 5 дугаар  сарын 16-ны өдрийн А/171 дугаар захирамжаар олгогдсон 021600868 гэдэг нэгж талбарын дугаар бүхий 20000 м2 газар эзэмших эрхийнхээ хүрээнд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байна. Энэ газрыг эзэмших эрх нь миний түрүүн дурдсан Ц сумын Засаг даргын 131 дүгээр захирамжаар цуцалж, хүчингүй болгосон байдаг. Уг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулахаар “З” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн байдаг. Өнөөдөр 021600868 гэдэг нэгж талбарын дугаартай, 20000 м2 газар бүхий жимс жимсгэнийн зориулалттай газрыг эзэмших эрх сэргэсэн байгаа. Ийм л үндэслэл Улсын дээд шүүхийн тогтоолд байгаа. Үүнээс бусад нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарын яриад байгаа тайлбарууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа үндэслэлийг хэлье.

Нэхэмжлэгч 3 үеэрээ энэ нутагт амьдарсан. Тэгэхдээ 3 үеэрээ амьдарч ирсэн газарт газар олгосон гэж маргаад байгаа юм. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тодорхой заасан байгаа. Аливаа этгээдийн эзэмшиж буй газар бусдын эзэмшлийн газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байх ёстой гэж заасан. Тэгэхээр ямар нэгэн төрийн өмчийн газар дээр олон зуун, хэдэн зуун жилээр үе дамжин суурьшиж амьдраад ирсэн нь Газрын тухай хуульд заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр бусдаас давуу эрхтэйгээр газар эзэмших эрхтэй гэх үндэслэл хуульд байхгүй.

Мөн н.С-н эзэмшлийн өвөлжөөний газар “З” ХХК-д ерөөсөө хамаагүй асуудал байна. Иргэн н.С өвөлжөөнийхөө газар дээр газар олгочихсон байна гэж маргаж байгаа бол иргэн н.С өөрөө л сувъектив эрхээ хамгаалуулна. Иргэн н.С-ын өмнөөс “З” ХХК эрх ашгийг нь хамгаалах, төлөөлөх эрх байхгүй. 

  Мөн 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 14 дүгээр захирамжаар иргэн н.С-с иргэн Р.Э-д эрх шилжүүлсэн байдаг. Энэ бол бие даасан захиргааны акт юм. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжийн хүрээнд маргаж байгаа бол уг захирамжийн хүрээнд мэтгэлцэх нь зүйтэй. Анхнаасаа буруу олгосон, анхнаасаа Р.Э-д буруу олгосон гэдэг үйл баримт бол 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд төдийлөн ач холбогдолгүй.

Газрын төлбөр төлөөд явж байхад, 2016 онд газрын маргаан үүссэнтэй холбоотой шүүхээр маргаад явж байсан болохоор 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн 41 дүгээр захирамж гараад явж байтал зөрөөд нэхэмжлэгч “З” ХХК нэхэмжлэл гаргаад маргаантай байсан учраас газрын төлбөрөө төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан энд байгаа юм. Гэхдээ газрын төлбөр төлөөгүй байсан ч бодит байдал дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй, газартай нь давхцаагүй байгаа нөхцөлд газрын төлбөр төлөөгүй байсан гэдэг үндэслэлээр энэ актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. 

Нэхэмжлэгч тал нэг болохоор шүүхийн шийдвэртэй маргаад ч байгаа юм шиг, нэг болохоор А/127 дугаар захирамжийн хүрээнд маргаад байгаа юм шиг, нэг болохоор 2008 оны 14 дүгээр захирамжтай маргаад байгаа юм шиг, нэг болохоор анх н.Сүхбаатарын олгосон эрхтэй маргаад ч байгаа юм шиг тайлбар гаргаж байна. 

Нэхэмжлэгчийн бодит байдал, субьектив эрх зөрчигдсөн эсэхийг анхаарах шаардлагатай, тэгэхээр газрын давхцал байхгүй ч манай хажуу талын хашааны айл газрын төлбөр төлөхгүй байна. Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгоод өгөөч ээ гэж хамар хашааны хүмүүс хоорондоо маргах гэж байгаа юм шиг юм болох гээд байгаа юм. 

Маргаан бүхий А/127 дугаар захирамжийг хүчингүй болгосноор “З” ХХК-ийн эрх, газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол сэргэх ямар ч үр дагавар байхгүй. А/127 дугаар захирамж байхгүй байя гэж бодоход нэхэмжлэгчийн 2 га газар эзэмших эрх нь яаж сэргэх гээд байгаа юм бэ, юу өөрчлөгдөх вэ, юу ч өөрчлөгдөхгүй.  Газар нь байгаа юу байгаа, давхцалгүй юу давхцалгүй, ногоогоо тарьж байгаа юу тарьж байгаа, үр ашиг хүртэж байгаа юу хүртэж байгаа. Бодит байдал ийм л байгаа. 

Ц сумын Халуун усны газар дээр 5 жуулчны бааз байгаа. Нэг нь “А” жуулчны бааз буюу “З” ХХК байна. Аялал жуулчлалын зориулалтаар 0,2 га газар олговол халуун усны даац хэтэрнэ гэж нэхэмжлэгч яриад байна. Энэ бол өнөөдрийн А/127 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд шууд хамаарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал, жуулчны баазын үйл ажиллагаа явуулна гэдэг бол аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулиар төрийн захиргааны байгууллагын хяналт доор үйл ажиллагаагаа явуулна. Гэтэл өнөөдөр тэрийг шүүхийн журмаар шийдэгдэнгүүт маргааш тэнд баахан жуулчны бааз баригдчих юм шиг өнөөдрийн цаг хугацаанд дүгнэж, энэ үйл баримтыг дүгнэх нь А/127 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлээр дүгнэх боломжгүй. Тэгэхээр энэ үндэслэл ингэж үгүйсгэгдэнэ. 

Дээрх үндэслэлүүдээр Ц сумын Засаг даргын А/127 дугаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй буюу хуульд нийцсэн захиргааны акт байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зөв гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “З” ХХК-иас А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан “А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг  хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Нэг. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн жимс жимсгэний зориулалттай газрын эзэмших эрхийн тухайд:

А аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 08 дугаар тогтоолын хавсралтаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад жимс, жимсгэний зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталж, улмаар тус сумын Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Комисс томилох тухай” 102 дугаартай захирамжаар тус аймгийн Ц сумын Алтан овоо багт 5 га газрыг жимс, жимсгэний зориулалтаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулахаар болжээ.  

Улмаар “З” ХХК-ийг төлөөлж Б.Г нь 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд оролцон, ялагчаар шалгарч, А аймгийн Ц сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Иргэнд газар эзэмшүүлэх тухай” 171 дугаар захирамжаар “З” ХХК-д Алтан овоо багийн нутагт 2 га газрыг жимс, жимсгэний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0298007 дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ. “З” ХХК нь 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад газрын төлбөрийг жил бүр тогтмол төлсөн байна.  

Гэтэл А аймгийн Ц сумын Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/131 дүгээр захирамжаар “З” ХХК-ийн жимс жимсгэний зориулалттай газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож, газрын байршлыг өөрчилж шийдвэрлэжээ. 

“З” ХХК нь дээрх захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд хандаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 109/ШШ2019/0015 дугаар шүүгчийн захирамжаар хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Улмаар Ц сумын Засаг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/18 дугаар захирамжаар өөрийн гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна.  

Ийнхүү “З” ХХК-ийн А аймгийн Ц сумын Алтан овоо багт 2 га газрыг жимс, жимсгэний зориулалтаар эзэмших эрх нь А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/18 дугаар захирамжаар сэргэж, одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. 

Хоёр. Гуравдагч этгээд Р.Э-н газар эзэмших эрхийн тухайд: 

Анх иргэн Д.С-т 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт 40*50 буюу 2000м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. 

Иргэн Д.С нь 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Р.Ээд өөрийн эзэмших эрх бүхий 2000м2 газрын  эзэмших эрхийг шилжүүлсэн байна.  

А аймгийн Ц сумын Засаг дарга 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 14 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Д.С-н газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн Р.Э-д Алтан-Овоо багийн нутаг Халуун-Ус гэдэг газар 50*40 хэмжээтэй газрыг байршил зориулалтаар 1-р хавсралтаар баталжээ. 

Ийнхүү дээрх 2000м2 газрыг эзэмших эрх бүхий 0223601 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Р.Э-д 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн олгож, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ байгуулсан байна.  

Гэтэл А аймгийн Ц сумын Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших эрхийн хүчингүй болгох тухай” А/90 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн тус суманд аялал жуулчлал, үйлчилгээний зориулалттай эзэмшиж буй газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёр болон түүнээс дээш жил ашиглаагүй, цэг тэмдэг суулгаагүй газар хашаа барьсан зэрэг зөрчилтэй аж ахуй нэгж байгууллагуудын газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгожээ.  Уг хавсралтын 1 дүгээрт Р.Эийн тус сумын Халуун-Ус багийн Алтан-Овоо гэх газар эзэмшиж буй 0.5 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар тэмдэглэжээ. 

Улмаар иргэн Р.Э-с А аймгийн Ц сумын Засаг дарга, тус сумын газрын даамал нарт холбогдуулан “А аймгийн Ц сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/90 дүгээр захирамжийн хавсралтын 1 дэх хэсгийг хүчингүй болгож, өмнө эзэмшиж байсан 2000м2 газрыг эзэмших захирамж гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах”-аар тус шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 109/ШШ2017/0041 дүгээр захирамжаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

Тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 109/ШШ2017/0041 дүгээр шүүгчийн захирамжаар “ ... иргэн Р.Э-д А аймгийн Ц  сумын нутаг дэвсгэр “Халуун-Ус” гэх нэртэй газар орчимд аялал жуулчлалын зориулалттай газрыг аль нэгэн аж ахуй нэгж, иргэний газартай давхцуулалгүйгээр газар эзэмших захирамж гаргаж өгнө ...” гэх нөхцөлөөр эвлэрсэн гэрээг шүүх баталгаажуулжээ.

Ийнхүү А аймгийн Ц сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамж гаргаснаар иргэн Р.Э 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 2000м2 аялал жуулчлалын зориулалттай газрыг эзэмших эрх бүхий 000714283 дугаартай гэрчилгээ авсан байна.

Дээрх үйл баримтаас хойш нэхэмжлэгч “З” ХХК нь иргэн Р.Э-н газар эзэмших эрхийн сэргээсэн А аймгийн Ц сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.

Гурав. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн маргаж буй үндэслэлүүдийн тухайд:

А. Гуравдагч этгээд Р.Э нь эзэмших эрх бүхий газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй гэх тайлбарын тухайд:

Гуравдагч этгээд Р.Э нь А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжийг үндэслэн А аймгийн Ц сумын Алтан Овоо багт аялал жуулчлалын зориулалтаар 2000м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшиж байна. 

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. дахь хэсэгт “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заажээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.6.-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг”, 7.2. дахь хэсэгт “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж заасан.

Гуравдагч этгээд Р.Э нь маргаан бүхий А/127 дугаар захирамжаар эзэмшиж буй газартаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй нь А аймгийн Ц сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 03/459 дүгээр албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 06а/5484 дугаар албан бичиг  зэргээр тогтоогдож байна. 

Гэвч гуравдагч этгээд Р.Э нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй нь энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх маргаан биш бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй /шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй/ юм.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Р.Э нь эзэмшиж буй газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүйн улмаас нэхэмжлэгч “З” ХХК-ийн  газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. 

Иймд дээрх үндэслэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлд шууд хамааралгүй гэж үзлээ.

Б. Гуравдагч этгээд Р.Эийн эзэмших эрх бүхий газарт иргэн Т.С-н өвөлжөөний газар байдаг, тус иргэн нь “З” ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд тус компанид хамаарал бүхий этгээд гэх тайлбарын тухайд:

Иргэн Т.С-д 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Алтан Овоо багийн Зүрх толгойн дэнж гэх газарт 0.7 га газрыг өвөлжөөний зориулалтаар олгож, 000576474 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ  олгожээ.

Нэхэмжлэгч “З” ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр бүртгүүлсэн компанийн дүрмээр  Б.Б, С.Т, Ц.Б, Ц.Н, Ц.Ц гэх 5 үүсгэн байгуулагчтай бөгөөд Б.Б нь уг компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байна.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд нэхэмжлэгч “З” ХХК нь иргэн Т.С-н өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүхэд мэдүүлэх эрхгүй, иргэн Т.С нь  нэхэмжлэгч “З” ХХК-ийн үүсгэн байгуулагч болон төлөөлөх эрх бүхий этгээдэд хамааралгүй, хэргийн оролцогч бус этгээд байна. 

Өөрөөр хэлбэр гуравдагч этгээд Р.Э-н эзэмших эрх бүхий газарт иргэн Т.С-н өвөлжөөний газар байдаг, энэ нь иргэн Т.С-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэх үндэслэлээр “З” ХХК шүүхэд маргах үндэслэлгүй юм. 

Иймд дээрх үндэслэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлд шууд хамааралгүй үндэслэл байна. 

В. Нэхэмжлэгч “З” ХХК-ийн эзэмших эрх бүхий жимс, жимсгэний зориулалттай газар нь гуравдагч этгээд Р.Э-н аялал жуулчлалын зориулалттай газартай давхцалтай гэх тайлбарын тухайд:

Нэхэмжлэгч “З” ХХК-иас А аймгийн Ц сумын Алтан Овоо багийн Халуун Ус гэх газарт байх жимс, жимсгэний зориулалттай 2 га газар нь гуравдагч этгээд Р.Э-н аялал жуулчлалын зориулалттай 40*50 метрийн хэмжээтэй газартай давхцсан гэж маргасан. 

Шүүхээс 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий газарт газрын үзлэг хийсэн байна. 

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хийсэн үзлэгийн явцад гуравдагч этгээд Р.Э-н эзэмших эрх бүхий 2000м2 газар нь зэргэлдээ хашаатай давхцаагүй буюу 2-р цэг зэргэлдээ хашаанаас 0.55 метр зайтай, зүүн хойд буюу 3 дугаар цэг зэргэлдээ /З ХХК/ хашаатай залгаа байгаа нь тогтоогдсон болно.  

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.

Гуравдагч этгээд Р.Э-н маргаан бүхий А/127 дугаар захирамжаар эзэмшиж буй 40*50 хэмжээтэй газар нь нэхэмжлэгч “З” ХХК-ийн жимс, жимсгэний зориулалттай газартай ямар нэгэн давхцалгүй, харин зэргэлдээ байрласан бөгөөд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын хил, заагийг зөрчөөгүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.  

Иймд нэхэмжлэгч “З” ХХК-ийн эзэмших эрх бүхий жимс, жимсгэний зориулалттай 2 га газар нь гуравдагч этгээд Р.Э-н эзэмших эрх бүхий аялал жуулчлалын зориулалттай 2 га газартай давхцсан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Г. Ай аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” А/127 дугаар захирамж нь нэхэмжлэгч “З” ХХК-ийн Ц сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Иргэнд газар эзэмшүүлэх тухай” 171 дугаар захирамжаар олгосон жимс, жимсгэний зориулалтаар, 2 га газрыг эзэмших эрхийг зөрчсөн эсэх тухайд:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.

А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамж нь нэхэмжлэгч “З” ХХК-ийн Ц сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Иргэнд газар эзэмшүүлэх тухай” 171 дугаар захирамжаар олгосон жимс, жимсгэний зориулалтаар, 2 га газрыг эзэмших эрхийг бодитойгоор зөрчөөгүй, газрын давхцалгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна. 

Иймд энэ тохиолдолд маргаан бүхий А/127 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Д. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “...3 үеэрээ нүүдлийн мал аж ахуй эрхэлж нүүдэллэн амьдарч буй малчин иргэдийн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газрын эзэмших эрхийг зөрчсөн” гэх тухайд:

Нэхэмжлэгч “З” ХХК нь А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн Ц сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 171 дүгээр захирамжаар олгогдсон жимс, жимсгэний зориулалттай газрыг эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5. дахь хэсэгт Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: 52.5.1.-д "захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан байна. 

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, А аймгийн Ц суманд Алтан Овоо багт гурван үеэрээ нүүдлийн мал аж ахуй эрхэлж, нүүдэллэн амьдарч буй малчин иргэдийн өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн газрын газар эзэмших эрхийг маргаан бүхий А/127 дугаар захирамж зөрчсөн эсэх асуудлыг шүүх хянахгүй бөгөөд, нэхэмжлэгч “З” ХХК-д тухайн нутгийн малчин иргэдийг төлөөлөх эрх олгогдоогүй, тэдгээр иргэдийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, маргах эрхгүй, энэ тайлбар нь  хэрэгт хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх маргаан бүхий А/127 дугаар захирамж нь А аймгийн Ц суманд Алтан Овоо багийн малчдын эрхийг зөрсөн эсэхийг шалгах шаардлагагүй, гагцхүү нэхэмжлэгч “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргана. 

Иймд дээрх үндэслэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлд шууд хамааралгүй байна. 

Г. Гуравдагч этгээд Р.Э-н газар эзэмших эрхийг сэргээсэн А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамж нь анхнаасаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хууль бусаар олгосон гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч “З” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Тэгэхээр захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу субьектив эрх нь зөрчигдсөн байхыг шаарддаг. 

Захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн байхыг заавал шаардах бөгөөд “зөрчигдсөн” болох нь тогтоогдсон тохиолдолд л шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасан шийдвэрийг буюу маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шийдвэрийг гаргах боломжтой байдаг.

Нэгэнт нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий газар давхцалгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг маргаан бүхий захиргааны акт зөрчөөгүй нөхцөлд уг маргаан бүхий актыг анхнаасаа гаргах ёсгүй байсан, гуравдагч этгээд анхнаасаа хууль зөрчиж газар эзэмших эрхтэй болсон, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, нутгийн иргэдийн өвөлжөө, хаваржааны газар байдаг зэрэг нь энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд маргах шууд үндэслэл болохгүй. 

Шүүх нь иргэн, хуулийн этгээдийн эрх зөрчигдсөн тохиолдолд сэргээх, шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд захиргааны байгууллагын үйлдэл бүрийг хууль зөрчсөн эсэх хяналт тавих чиг үүрэггүй болно. Түүнчлэн зөрчигдөж болзошгүй эрх ашгийг шүүх энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шалган тогтоож шийдвэрлэх боломжгүй юм. 

Эцэст нь дүгнэхэд, “З” ХХК нь Ааймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх нэхэмжлэгч “З” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийнэ. 

Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд гуравдагч этгээд Р.Э-н газар эзэмших эрхийг сэргээсэн А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/127 дугаар захирамжаар олгосон 40*50 метрийн хэмжээтэй газар нь нэхэмжлэгч “З” ХХК-д Ц сумын Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 171 дүгээр захирамжаар олгогдсон жимс, жимсгэний зориулалттай 2 га газартай ямар нэгэн давхцалгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг бодитойгоор зөрчөөгүй, эрх зүйн зүйн үр дагавар үүсгээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн маргаж буй бусад үндэслэлүүд нь маргаан бүхий А/127 дугаар захирамжийг хүчингүй болгох шууд үндэслэлд хамааралгүй, эдгээр үндэслэлээр А/127 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанд хэргийн оролцогч нарын гаргасан тайлбарыг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж, дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “З” ХХК-иас А аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “А аймгийн Ц сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/127 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.