Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/26

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0022/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Б, Н.Б,

Шүүгдэгч Д.Х, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Т овогт Д-ийн Х, Ц овогт Ц-ийн Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718000000170 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ,,,,,,,,,,,,ны өдөр ,,,, аймгийн ,,,,,, суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,, түр оршин суух хаягтай, Т овогт Д-н Х /,,,,,,,,,,,,/.

2. Монгол Улсын иргэн,,,,,,,,ны өдөр ,,,,,, хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ,,,,,тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо оршин суух тодорхой хаяггүй, ,,,,,, хажуугийн траншейнд амьдардаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овгийн Ц-ийн Б /,,,,,,,,,,,,,,/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

Шүүгдэгч Д.Х, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,,,,,тоотод оршин суух иргэн Д.Д-ийн гэрт нэвтрэн “I phkne 5s” загварын гар утас нэг ширхэг, нэхий дотортой богино түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Х, Ц.Б нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн ,,,,,,,, тоотод оршин суух иргэн Д.Д-ийн гэрт нэвтрэн “I phone 5s” загварын гар утас нэг ширхэг, нэхий дотортой богино түрийтэй эрэгтэй хүний гутал 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Д-ийн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн амьдран суух Дархан-Уул аймгийн Дархан сумын,,,,,,тоотод өдөр цайны цагаар буюу 12:30 цагийн алдад ирээд үүдний коридор хэсэгт нэхий дотортой ажлын хагас түрийтэй хүрэн гутлаа тайлж тавиад гал зуухны өрөөндөө орж жтсаар ярьж байгаад галын өрөөний хоолны ширээн дээр өөрийн хэрэглэдэг “I phone 5s” маркийн гар утсаа тавиад том өрөөний буйдан дээрээ хэвтэж байтал унтчихсан байсан. Тэгээд 14 цаг өнгөрч байхад сэрээд босоход үүдний бүргэд хаалга бага зэрэг онгойсон зайтай байсан. Тэгээд би хаалгаа дотор талаас нь татаж хаачихаад ажилдаа явахаар гутлаа өмсөх гэхэд гутал байхгүй байхаар нь утсаар ярих гээд гал зуухны өрөөний ширээн дээр тавьсан утсаа авах гэхэд миний гар утас байхгүй байсан. Ингээд гэрээ цоожлоод хэсгийн цагдаадаа хэлж мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

Гэрч Б.П-ийн “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой 17-18 цагийн хооронд байрны 14 дүгээр байрны үйлчлэгч Ш эхнэртэйгээ хамт манай дэлгүүрт орж ирсэн. Нөхөр Ш нь лаа аваад гараад явсан чинь эхнэр Х ганцаараа дэлгүүрт үлдээд эгчид нь ийм утас байна гээд iphone 5s маркийн гар утас гаргаж ирсэн. Тэгээд үзсэн чинь кодтой байхаар нь хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэсэн чинь нэг шил архи өгчих гэхээр нь 0,5-ын нэг шил архи өгөөд гар утсыг нь авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13/,

“К,,,,” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “... Iphone 5s маркийн гар утас, ОХУ-д үйлдвэрлэсэн эрэгтэй хүний нэхий дотортой богино түрийтэй гутал 1 хос зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн ханш 400,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28/,

Шүүгдэгч Д.Х, Ц.Б нарыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нүүрэлдүүлж байцаасан байцаалтад Ц.Б-ийн өгсөн “...Одоо би үнэнээ хэлье. Тэр өдөр Х ,,,,, байрны 6-р орц руу орж орцны хог авна, айлуудаас цэвэрлэгээний мөнгөө авна гэж байсан. Тэгээд Х 6-р орц руу түрүүлээд орсон. Намайг араас нь дээш гарч байхад 3 билүү 4 давхарын айлын хаалгыг татаад Х орсон байсан. Тэгээд намайг очиход намайг нааш ир гэж Х дуудаад тухайн айл руу би орсон. Тэр айлд нэг эрэгтэй хүн том өрөөний диван дээр ганцаараа унтаж байсан. Тухайн айлд өөр хүн байгаагүй. Тэгсэн Х намайг утсыг авчих гэсэн. Би бас үүдэнд байсан гутлыг нь аваад тухайн айлаас гарсан. Тэр айлаас авсан гутлыг хажуугийн орчны үйлчлэгч С-н гэрт оруулж тавиад гар утсыг нь Х-ийн хамт Хана дэлгүүр лүү орж гар утсыг нь зарахаар асуухад худалдагч эмэгтэй нь энэ гар утасны кодыг нь мэдэхгүй бол авахгүй гэсэн. Х надад тэр зүйлүүдийг орцноос олсон гэж хэлээрэй гэсэн” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 51-54/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Х нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хулгайн хэрэгт хамтран оролцоогүй, Б худлаа ярьж байна, уг гар утас, гутлыг хогон дээрээс олсон гэж хэлсэн” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаахад шүүгдэгч Ц.Б-ийн өгсөн “...Одоо би үнэнээ хэлье. Тэр өдөр Х 15-р байрны 6-р орц руу орж орцны хог авна, айлуудаас цэвэрлэгээний мөнгөө авна гэж байсан. Тэгээд Х 6-р орцруу түрүүлээд орсон. Намайг араас нь дээш гарч байхад 3 билүү 4 давхрын айлын хаалгыг татаад Х орсон байсан. Тэгээд намайг очиход намайг нааш ир гэж Х дуудаад тухайн айл руу би орсон. Тэр айлд нэг эрэгтэй хүн том өрөөний диван дээр ганцаараа унтаж байсан. Тухайн айлд өөр хүн байгаагүй. Тэгсэн Х намайг утсыг авчих гэсэн. Тэгэхээр нь би бас үүдэнд байсан гутлыг нь аваад тухайн айлаас гарсан, ... Х надад тэр зүйлүүдийг орцноос олсон гэж хэлээрэй гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Пүрэвсамбуугийн “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой 17-18 цагийн хооронд байрны 14 дүгээр байрны үйлчлэгч Ш эхнэртэйгээ хамт манай дэлгүүр орж ирсэн. Нөхөр Ш нь лаа аваад гараад явсан чинь эхнэр Х ганцаараа дэлгүүрт үлдээд эгчид нь ийм утас байна гээд iphone 5s маркийн гар утас гаргаж ирсэн” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн унтаж байсан өрөөний байрлал, гар утас байсан газар, онгорхой байсан гэх хаалга зэргийг тодорхой мэдүүлж байх ба дээрх байдлыг тааж мэдүүлэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Ц.Б, Д.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусааар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.Д нь мөрдөн байцаалтын шатанд эд зүйлээ биет байдлаар нь хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.Б, Д.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Б-ийн хувьд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж болохоор заасан ба шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Х-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байх тул түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар, төлбөргүй зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д-ийн Х, Ц овогт Ц-ийн Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, орон байранд нэвтэрч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Х, Ц.Б нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Т овогт Д-ийн Х-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Ц овогт Ц-ийн Б-д 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х-д оногдуулсан 2 жилийн хорих, Ц.Б-д оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД