Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 154/2020/00043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Н.Алтантуяа

            Улсын яллагчаар хяналтын прокурор  Э.Алтанцэцэг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг

           Шүүгдэгч Н.Баатарсүрэн нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2037000560039 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч  мэргэжилтэй, “Алтай таван сувд” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт оршин суух, РД:ПА62030217, Эмчийнхэн овогт Ножийн Баатарсүрэн 

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Н.Баатарсүрэн нь хуурамч бичиг баримт үйлдэж 2019 оны улсын төсвөөс 760,340 төгрөгний санхүүжилт авч ашиглаж хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Баатарсүрэн мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Н.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Миний бие Алтайн таван сувд ХХК-ны захирал ажилтай. Энэ компани нь мал эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. 2019 онд Алтай сумын Барлаг багийн малчдад малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийхээр малчидтай гэрээ байгуулж төлөвлөгөөт тарилга хийсэн. Тарилга хийхдээ малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх “ДХХ” тарилга вакциныг нэг уда хийчихээд 2 удаа хийсэн болгож бичиг баримт боловсруулж акт үйлдэж явуулсны улмаас 672787 төгрөгийн илүү төсөв улсаас авч хувьдаа ашигласан юм. Миний бие ямар нэгэн санаа зорилго байхгүй. Нэг удаа хийсэн ажлаа 2 удаа хийсэн болгож акт үйлдсэний улмаас илүү мөнгө төсөв авч хувьдаа ашигласан. Миний бие 2600 толгой бог малд хийх 7л 800 гр тун вакцин илүү авсан байна. Илүү гарсан 7 л 800 гр тун вакциныг Алтай сумын малын зүй тариур устгах устгалын цэгт устгасан. Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн иргэн А.Баатарсүрэн, М.Баярсайхан, Насанбат, Г.Барсүрэн, Б.Бат-очир, Э Батсайхан, Отгон-Очир, Б.Энхбаяр, Ш.Гансүх, Г.Цэрэнтогтох, М.Баяраа, Гантулга нарын 12 айл байгаа... гэх мэдүүлэг,

            Хохирогч С.Нэмэхжаргалын мммөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтай таван сувд ХХК нь 2019 онд малын халварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхдээ 4832013 төгрөгний нэхэмжлэл бүрдүүлж Алтай сумын Засаг даргын Тамгын газарт өгсөн. Үүний дагуу аймгийн мал эмнэлэгийн газраас ирүүлсэн хувиарын дагуу Алтай таван сувд ХХК-д санхүүжилтийг олгосон. Гэтэл уг компани олгосон санхүүжилтийг зохих журмын дагуу зарцуулаагүй. Малчдын малд хийх ёстой хоёр удаагийн тарилгыг нэг удаа хийж 2 удаа хийсэн мэтээр худал баримт бүртдүүлсэн зөрчил илэрсэн. Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/35 дугаартай төлбөр барагдуулах тухай актаар Алтай таван сувд ХХК нь 760340 төгрөгийг олговол зохих санхүүжилтээс илүү олгосон зөрчил илэрсэн. Хэргийн улмаас учирсан хохирлыг Алтай таван сувд ХХК нь одоогоор барагдуулаагүй байна. Би Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар илэрсэн 760340 төгрөг Алтай таван сувд ХХК-с нэхэмжилж байна......” гэх мэдүүлэг,

            Гэрч Ч.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай суманд 2019 онд 16000000 төгрөгийн төсөв батлагдсан. 2600000 төгрөгийг аймгийн мал эмнэлэгийн газар вакцины үнэ буцаан авалтад хийсэн. Үлдсэн 13000000 сая төгрөгийг мал эмнэлэгийн үйлчилгээний 3 нэгжид хувиарласан. Малд тарилга вакцин хийсний үйлчилгээний хөлс гэж төсвөөс олгодог мөнгө байгаа юм. Аймгийн мал эмнэлэгийн газраас олгодог. Ирсэн вакциныг нь мал эмнэлэгийн үйлчилгээний нэгжүүдийн заахиалгын дагуу хувиарлаж олгодог. Монгол улсын Засгын газрын 225 дугаар тогтоолоор малд таригдаж байгаа вакциныг 3 ангилсан. Үүнийг малчнаас өөрсдөөс нь мөнгийг төлөх 3 төрлийн ванцины 2600000 төгрөг нийт төсөвд орж ирсэн байсныг буцааж аймгийн мал эмнэлэгийн газарт шилжүүлсэн. Энэ 3 төрлийн вакцины мөнгийг малчдаас гаргуулах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой мөнгийг буцааж шилжүүлсэн юм. Нэгжүүдэд илүү санхүүжилт олгосон байсан. Нэгжүүд хуучин санхүүжилт авдаг журамыг баримтлаж илүү санхүүжилт авсан байсан. Өөрсдөө ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Мал амьтаны эрүүл мэндийн тухай хууль 2018 онд батлагдаж мөн оны 06 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн зүйл заалтыг зөрчиж илүү санхүүжилт авсан байсан. Манай сумын 3 үйлчилгээний нэгж дээр нийтдээ 3 000000 гаруй төгрөгний асуудал яригдаж байгаа. Нэгжүүд илүү авсан мөнгөө хүлээн зөвшөөрч буцаан төлөх гэж байгаа. Алтай таван сувд ХХК нь илүү авсан мөнгөө төлсөн боловч банкны харилцах болохгүй байгаатай холбоотойгоор яг одоо төрийн санд гүйлгээ хийгдээгүй байна. Энэ компани өнгөрсөн 5 дахь өдөр мөнгөө хийсэн боловч одоо болтол төрийн санд гүйлгээ хийгдээгүй байна. Нөгөө хоёр нь ямар нэгэн байдлаар одоогоор мөнгө хийсэн зүйл байхгүй байна. Уг нь мөнгөө хийнэ гэж байсан. Нийт 7 төрлийн вакцин байгаа энэ дотроо 2 ээлжээр таридаг вакцин 2 ширхэг байгаа. Бусад нь нэг удаа таридаг вакцин байгаа юм. Ер нь үйлчилгээний нэгжүүд нэг өрхөд жилдээ хамгийн багадаа 4 удаа очиж вакцин хийж үйлчилгээ үзүүлсэн байх ёстой...” гэх мэдүүлэг,

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ховд аймгийн Аудитын газрын 1/35 дугаартай албан тоот, 

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

       Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Баатарсүрэн нь хуурамч бичиг баримт үйлдэж 2019 оны улсын төсвөөс 760,340 төгрөгний санхүүжилт авч ашиглаж хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгч Н.Баатарсүрэн нь “Алтай таван сувд” ХХК-ний захирлаар ажилладаг бөгөөд 2019 онд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олгосон санхүүжилтийг зохих журмын дагуу зарцуулаагүй, малчдын малд хийх ёстой 2 удаагийн тарилгыг нэг удаа хийж, хоёр удаа хийсэн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж 760,340 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангасан. Мөн шүүгдэгч нь 2019 оны улсын төсвөөс 760,340 төгрөгний санхүүжилт авч ашиглаж хувьдаа завшсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.Баатарсүрэнгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 760,340 төгрөгийг шүүгдэгч Н.Баатарсүрэн буцаан төлсөн болох нь Төрийн банкны /100160000955/ мөнгөн шилжүүлэгийн хуулгаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

Н.Баатарсүрэн нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгийг бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байгаа бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Баатарсүрэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.Баатарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Баатарсүрэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эмчийнхэн овогт Ножийн Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баатарсүрэнд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Н.Баатарсүрэнд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баатарсүрэн нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Баатарсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Баатарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.