| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 174/2017/0388/и |
| Дугаар | 475 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 475
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ны нэхэмжлэлтэй,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Г”-ны Сүхбаатар салбарын захирал Ж.Г
Хариуцагч: “Д” ХХКомпани
“зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 64 271 586.99 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 3 518 107.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148 084.46 төгрөг, нийт 67 937 778,46 төгрөг гаргуулах буюу ЗБ/5900004528 тоот ипотекийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Г”-ны Сүхбаатар салбарын захирал Ж.Г, хариуцагч “Д” ХХКомпанийн захирал А.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХКомпани нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны З тоот төслийн зээлийн гэрээ байгуулан манай банкнаас 200 000 000 төгрөгийг сарын 0,58%-ийн хүүтэй, 60 сарын хугацаанд зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлсэн. Зээлдэгч нь зээл авсанаасаа хойш төслийн зээлийн төлбөрт 135 728 413,01 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 30 412 830,62 төгрөг төлсөн бөгөөд одоогоор дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлийн төлбөрөө төлж барагдуулахгүй, зээлийн эргэн төлөгдөх графикийг удаа дараалан зөрчиж, зээл эргэн төлөлтийг 242 хоногоор хэтрүүлээд байна. Тус зээлийн зээлийн зориулалт нь ЖАЙКА төслийн хүрээнд үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах, ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглах байсан. Гэтэл зээлдэгч “Д” ХХКомпани нь зээлийг зориулалтын бусаар ашиглаж, цэцэрлэг байгуулан Сүхбаатар аймгийн ЗДТГазарт худалдсан байна. Энэ тухай АЗДТГ-аас “Д” ХХКомпанийн зээлийн төлбөрт 2015.9.15-ны өдөр байрны үнэ гэж 22 847 000 төгрөг орж ирэх үед мэдсэн бөгөөд орж ирсэн мөнгөөр зээлийн төлбөрийг графикийн дагуу суутгаж авсан. 2016.12.26-ны өдөр АЗДТГ-аас байшингийн үлдэгдэл төлбөр болох 105 310 419 төгрөг орж ирснээс 55 300 000 төгрөгийг тус зээлдэгч А.Ч бэлэн зарлага гарган авсан бөгөөд үлдсэн 55 089 000 төгрөгийг АЗДТГазрын хүсэлтийн дагуу 2017.1.03-ны өдөр зээлийн төлбөрт суутган авсан.
Зээлдэгч “Д” ХХКомпани нь “Г”-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, зээлийг зориулалтын бусаар ашиглаж, “Г” банкны барьцаа хөрөнгийг банкинд мэдэгдэхгүйгээр бусдад худалдан борлуулсан байна.
Иймээс зээлийн гэрээний 4.2.2, 4.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл төлбөр 64 271 586.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 518 107.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148 084.46 төгрөг, нийт 67 937 778.46 төгрөгийг гаргуулах буюу ЗБ/5900004528 тоот ипотекийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг “Д” ХХКомпаниар хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Д” ХХКомпанийн захирал А.Ч шүүхэд ирүүлсэн тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 3 дугаар сарын 17-ны З тоот Жижиг дунд үйлдвэрийн төслийн зээлийн гэрээ байгуулан “Г” банкнаас 200 000 000 төгрөгийг сарын 0.58%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээн авсан нь үнэн. Зээл авснаас хойш төслийн зээлийн төлбөрт 135 728 413,01 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 30 412 830,62 төгрөг төлсөн. Авсан зээлээрээ төслийн дагуу ажлын байр барих, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан. Зээлийн алданги 22 850 000 төгрөгийг данснаас суутган авсан. Ахуй үйлчилгээний төв барьж 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан боловч ашиг, орлого муу зогсонги байдалд орж эргэлтийн хөрөнгө дутаж, дахин зээл хөөцөлдсөн боловч давхар зээлтэй тул зээл авч чадаагүй. Гэвч зээлийн хүүгээ гэрээний дагуу 1 жилийн хугацаанд төлсөн. Цаашид зээлээ эргэн төлөхийн тулд уг барилгаа худалдсан. Аймгийн төрийн өмчийн газар барилгыг худалдан авч зээлийг хувиарын дагуу зээлийн эргэн төлөлтөнд сард 4 700 000 төгрөгийг төлж байсан. Аймгийн төрийн сангаас 2016 оны 12 дугаар сарын 30-нд барилгын үлдэгдэл тооцоонд манай компаний данс руу 105 000 000 төгрөг шилжүүлснээс 55 000 000 төгрөгийг “Г” банк суутгасан нь зээлийн гэрээгээ зөрчсөн. 2017 оны 11 дүгээр сарын 20 хүртэл зээлийг хүүгийн хамт бүтэн жил төлөх тооцоотой байсан. Банк нь эрх мэдлээрээ аж ахуйн нэгжийн данснаас бөөн дүнгээр дээрх мөнгийг авсныг ойлгохгүй байна. Учир нь энэ мөнгө 2019 оны 3 дугаар сар хүртэл үйлдвэрлэл явуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх зориулалттай юм. Банк дур мэдэн хүүг нэмэгдүүлэх алданги тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид гэрээний дагуу 64 271 856 төгрөгийг төлж барагдуулах болно. Энэ үйлдэл нь хугацааны өмнө зээлийг хаалгаж мөнгийг ашиглах сонирхолтой байна гэж үзэж байна. Манай аж ахуй нь улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг учир нэг дор төлөх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” нь хариуцагч “Д” ХХКомпанид холбогдуулан “зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 64 271 586.99 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 3 518 107.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148 084.46 төгрөг, нийт 67 937 778,46 төгрөг гаргуулах буюу ЗБ/5900004528 тоот ипотекийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хариуцагч “Д” ХХКомпани нь “Г”-тай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр З дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг сарын 0.58 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн байна.
Хариуцагч “Д” ХХКомпани нь “Г”-тай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ЗБ/5900004528 дугаартай “Ипотекийн гэрээ” байгуулж өөрийн өмчлөлийн С-од байршилтай, улсын бүртгэлийн Ү, гэрчилгээний 0 дугаартай, 204 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай /1 давхар/ үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү, гэрчилгээний 0 дугаартай, 312 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай /2, 3 давхар/ үл хөдлөх эд хөрөнгө, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, бүртгэлийн 0300996 дугаартай, 1680 /0,16/ м.кв /га/ газрыг барьцаалсан байх бөгөөд дээрх гэрээнүүд нь
хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан гэрээг байгуулагджээ.
Мөн Батлан даагч “Зээлийн батлан даалтын сан”, зээлдүүлэгч “Г”, зээлдэгч “Д” ХХКомпани нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б дугаартай “Батлан даалтын гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн З дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэхээр талууд тохиролцсон байх бөгөөд хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх заасан гэрээг байгуулсан байна.
“Г” нь хариуцагч “Д” ХХКомпани зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 135 728 413.01 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 30 412830.62 төгрөгийг төлсөн бөгөөд одоогоор дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлийн төлбөрөө төлж барагдуулахгүй, зээлийн эргэн төлөгдөх графикийг удаа дараалан зөрчиж, зээл эргэн төлөлтийг 242 хоногоор хэтрүүлээд байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 64 271 586.99 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3 518 107.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148 084.46 төгрөг, нийт 67 937 778.46 төгрөг төлөгдөөгүй байна. “Д” ХХКомпани нь “Г”-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, зээлийг зориулалтын бусаар ашиглаж, “Г”-ны барьцаа хөрөнгийг банкинд мэдэгдэхгүйгээр бусдад худалдан борлуулсан байна.
Иймд зээлийн гэрээний 4.2.2, 4.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 67 937 778.46 төгрөгийг гаргуулах буюу ЗБ/5900004528 тоот ипотекийн гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч “Д” ХХКомпани нь зээлийн үндсэн төлбөрт 135 728 413.01 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 30 412 830.62 төгрөг төлсөн. Авсан зээлээрээ төслийн дагуу ажлын байр барих, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан. Ахуй үйлчилгээний төв барьж 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан боловч ашиг, орлого муу зогсонги байдалд орж эргэлтийн хөрөнгө дутсан. Цаашид зээлийг эргэн төлөхийн тулд уг барилгаа худалдсан. Аймгийн төрийн өмчийн газар барилгыг худалдан авч зээлийг хуваарийн дагуу эргэн төлөлтөнд сард 4 700 000 төгрөгийг төлж байсан. Аймгийн төрийн сангаас 2016.12.30-нд барилгын үлдэгдэл тооцоонд манай компанийн данс руу 105 000 000 төгрөг шилжүүлсэнээс 55 089 000 төгрөгийг “Г” суутгасан нь зээлийн гэрээгээ зөрчсөн. 2017.11.20 хүртэл зээлийг хүүгийн хамт бүтэн жил төлөх тооцоотой байсан. Банк эрх мэдлээрээ аж ахуй нэгжийн данснаас бөөн дүнгээр мөнгө авсныг ойлгохгүй байна. Банк нь дур мэдэн хүүг нэмэгдүүлэх, алданги тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид гэрээний дагуу 64 271 856 төгрөгийг төлж барагдуулах болно. Харин зээлийн хүүгийн төлбөр 3 518 107.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148 084.46 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т “зээлдэгч зээл, зээлийн хүүний төлбөрийг графикийн дагуу төлөх үүрэгтэй”, 3.1.3-т “зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд графикт хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд
зээлдэгч “Д” ХХКомпани нь 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 64 271 586.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 518 107.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148 084.46 төгрөг болох нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Г” нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч “Д” ХХКомпаниас шаардах эрхтэй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна.
Хариуцагч “Д” ХХКомпани нь нэхэмжлэгч “Г”-тай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ЗБ/5900004528 дугаартай “Ипотекийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ зөрчиж барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг зарж борлуулсан, борлуулсан хөрөнгийн төлбөрөөс нэхэмжлэгч “Г” нь 55 089 000 төгрөгийг суутган авсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулга, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн 2016.12.28-ны өдрийн 6/1168, 2017.4.14-ний өдрийн 6/558 дугаартай албан бичгийн хуулбар зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх төлбөрөөс зээлийн төлбөрийг суутган авсан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасан “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, зээлийн гэрээний 4.2.2, 4.2.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн З дугаартай “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байх бөгөөд хариуцагч энэ талаар тайлбар гаргаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч “Д” ХХКомпаниас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 64 271 586.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 518 107.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 148 084.46 төгрөг, нийт 67 937 778.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г”-д олгох нь зүйтэй байна.
Мөн “Ипотекийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.11-т “барьцааны зүйлийн өмчлөх эрх өөр этгээдэд аливаа хэлбэрээр шилжсэн тохиолдолд барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр хадгалагдах бөгөөд барьцааны зүйлийн талаар энэ гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө болоод хойш хийсэн аливаа гэрээ, хэлцэл, амлалт, ойлголтууд /хэрэв тийм зүйл байсан бол/ барьцаалагчийн хувьд үл хамаарах ба хүчин төгөлдөр бус гэж тооцогдоно” гэж заажээ.
Иймд хариуцагч “Д” ХХКомпани нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 3 дүгээр сарын 17-ны өдрийн ЗБ5900004528 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох С-од байршилтай, улсын бүртгэлийн Ү, гэрчилгээний 0 дугаартай, 204 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай /1 давхар/ үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү, гэрчилгээний 0 дугаартай, 312 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай /2, 3 давхар/ үл хөдлөх эд хөрөнгө, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, бүртгэлийн 0300996 дугаартай, 1680 /0,16/ м.кв /га/ газрыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч “Г” нь Зээлийн Батлан Даалтын Сантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б дугаартай гэрээний талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г”-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 638.90 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 497 638.90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан З дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “Д” ХХКомпаниас гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 937 778.46 /жаран долоон сая есөн зуун гучин долоон мянга долоон зуун далан найман төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г”-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” ХХКомпани нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2014 оны 3 дүгээр сарын 17-ны өдрийн ЗБ5900004528 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Дэнж”-ийн12-6 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү, гэрчилгээний 0 дугаартай, 204 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай /1 давхар/ үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү, гэрчилгээний 0 дугаартай, 312 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай /2, 3 давхар/ үл хөдлөх эд хөрөнгө, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, бүртгэлийн 0 дугаартай, 1680 /0,16/ м.кв /га/ газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г”-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 638.90 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 497 638.90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ