| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 174/2017/0483/и |
| Дугаар | 505 |
| Огноо | 2017-11-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 505
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Т.Агийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Бд холбогдох
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр Б.Бтай 2011 онд танилцаж, 2014 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулж, тусдаа гарсан. Хүү У 2015 онд мэндэлсэн. Хүү маань одоо 2 настай, цэцэрлэгт явдаг. Миний хувьд сумынхаа ЗДТГ-т мэргэжилтэн, нөхөр Баярбаясгалан сумынхаа Соёлын төвд ажилладаг. Бид хоёрын хувьд бусдын адил ажил төрөл хийж амьдралаа залгуулж 3 жил цуг амьдарсан. Энэ хугацаанд нөхөр маань архи уух, уусан үедээ намайг хэл амаар доромжлох, тэр ч бүү хэл удаа дараа гар хүрч, зодож байсан. Хүүгээ бодоод гайгүй болох байх гэж найдаад түүнийг уучлаад өдийг хүрлээ. Гэтэл нөхрийн маань ааш зан ер засраагүй, өдөр болгон уугаад байдаггүй ч гэсэн ер нь л архи уудаг. Би арга бараад надад дахин гар хүрдэг юм бол хэлдэг газар нь хэлнэ гэхээр чи цагдаадаа хэлэхгүй юу, чи сүүлд нь түүнийхээ горыг амсана гэж дарамталдаг болсон. Миний хувьд байнгын гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд байж түүнийг уучлаад цуг амьдрах боломжгүй байна. Үнэхээр би түүнээс айж байна. Түүнтэй дахин эвлэрч цаашид цуг амьдрах нөхцөл бүрдэхгүй байна. Нөхөр маань чигээрээ архи уугаад агсам тавиад явахгүй гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй явалдсан. Үүнийг би өөрөө харж мэдсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Уыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд соёл урлагийн ажлаар хөдөө, сум, аймаг, хот гээд л сумын хөтөлбөрт арга хэмжээг хариуцаж зохион байгуулдаг. Эхнэр маань миний ажлыг үнэлдэггүй. Миний хувьд аймаг, бүс, улсын уралдаанд оролцохоо явдаг. Тэмцээн, уралдаанаас шагнал авчирч эхнэртээ үзүүлнэ, ер тоохгүй харсан болоод л ор луу шидчихдэг. Урам маш их хугардаг. Найз нөхөд шагналыг маань угаана, жаахан ууна. Тэгээд гэртээ ирж эхнэртээ гомдлоо хэлэхээр хэрүүл болдог байсан. Манай эхнэрийн хувьд найз нөхөдтэй уулзуулах дургүй, байнга үгээр идэж чи чигээрээ зайлаарай гэдэг байсан. 2017.10.01-ний орой хүүхэнтэй явалдсан гэдгийг маргааш өглөө эхнэр орж ирээд хэлэхэд би итгээгүй, ажлынхнаасаа асуухад тийм вм болоогүй гэсэн. Юу болсон талаар би өөрөө ч мэдэхгүй байгаа. Тэрнээс хойш эхнэр маань намайг байнга үгээр дарамталж бузар янхан минь үхээч, далд ор бузар минь, чаддаг юм бол үхчихээч, харья гэх мессежүүдийг байнга явуулдаг болсон. Энэ байдлуудаас бол эхнэртээ хаа ганц гар хүрдэг байсан нь үнэн. Одоо би гэр бүлээ бүтэн байлгахын төлөө өөрийн бие сэтгэлээ дайчлан зөвхөн амьдралынхаа сайн сайхны төлөө эх орондоо тангараг өргөсөн шиг гэр бүлдээ тангараг өргөсөн. Эхнэр маань намайг уучилвал бүхий л зүйлийг хань, хүү хоёрынхоо төлөө зориулах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй эвлэрлийн арга хэмжээ авч өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Б.Б нар нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн нь 2,,, дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү Анчныхан овогт Баярбаясгалангийн У төрсөн болох нь Б.Уын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Уын эрүүл бойжиж буй талаарх эмч Б.Сгийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэл, Асгат сумын Цагдаагийн хэсгийн 2017.10.18-ны өдрийн 12 дугаартай тодорхойлолт, зохигчдийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид гэр бүл болоод 3 жил хамт амьдарсан хэдий ч тэдний хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдрах болсон, хариуцагч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам тавьж, нэхэмжлэгчийн биед халдах, айлган сүрдүүлэх зэргээр сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэл, дарамт үзүүлдэг, энэ байдал нь цаашдаа ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулж болзошгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хүүхдийн асрамжийн хувьд түүний насны байдал, одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа байдал, өсч хүмүүжих орчин, ахуйн нөхцөл, ёс суртахууны байдал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Уыг эх Т.Агийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Уыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Баар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг /шүүхэд нэхэмжлэл гаргасаны төлбөр/, 70 200 төгрөг /хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж/-ийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 994 200 төгрөг /Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн А/13 тоот тушаалын хавсралтад Хүн амын амьжиргааны доод түвшинг бүс нутгаар тогтоосон байх бөгөөд зүүн бүс нутагт 165 700 төгрөг х 12 сар = 1 988 400:2=994 200/-нөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28 416 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.А , Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүү Б. Уыг эх Т.Агийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Уыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож Б.Бгаар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 994 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 416 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.
9 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ