Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,                                            

Улсын яллагч Ж.Батхуяг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Баттөрийн Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 201626030298 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаарсарын 04-ний өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, АЗЗ-ын байр 2-9 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШД73100411 /  Сартуул овогт Баттөрийн Пүрэвсүрэн нь:

- 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Д.Баасанжавын нүүрэнд нь мөргөж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, танхайрах явцдаа иргэн Д.Баасанжавын Тоёота Королла маркийн автомашины урд талын шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6,8 /,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 16-18, 19-20 /,

Хохирогч Д.Баасанжав мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “… 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед би халтууранд явж байгаад Нисэхийн Буянт-Ухаа-1 хороололд хүн буулгасан. Буцаад урд талын автобусны буудал дээр хүн сууж магадгүй гээд машинтайгаа зогсож байтал нэг согтуу залуу ирээд “ Яармаг явах уу ”гэж надаас асуухаар нь би “ Явахгүй ” гэж хэлсэн чинь арын хаалгыг татахаар нь би машины хаалгаа түгжчихсэн. Гэтэл миний эсрэг талын урд талын шил рүү гараараа хүчтэй цохиод “ Хаалгаа онгойлго ” гэж хэлсэн. Би машины шил хагарчихна гэж бодоод машинаасаа буугаад “ Боль ” гэж хэлсэн чинь урдуур тойрч ирээд миний куртикны захнаас заамдаж аваад шууд 3-4 удаа толгойгоороо мөргөсөн. Би мөргөнө гэж бодоогүй. Үг хэлэхийн сөхөөгүй шууд л мөргөөд авсан. Мөргөж байхдаа хөлөөрөө өшиглөөд байсан. Би арай гэж гарыг нь тавиулсан чинь дахиад над руу дайраад намайг барьж авах гээд байхаар нь би хойшоо болсон чинь өрөө хөл алдаад газарт уначихсан. Би машиндаа суугаад хаалгыг нь түгжээд хөдлөх гэтэл пивоны бор өнгөтэй шилээр миний машины урд талын салхины шилийг цохиод хагалчихсан. Би шууд хөдлөөд жаахан холдож байгаад цагдаад дуудлага өгчихөөд холоос нөгөө залууг харж байтал жижиг автомашинд суусан. Би машиных нь араас дагаад хаана буухыг нь хараад цагдаад хэлж цагдаа тосоод авсан. Б.Пүрэвсүрэнг би урд нь ерөөсөө харж байгаагүй. Би угаасаа согтуу болохоор нь машиндаа суулгаагүй юм. Машины цонхыг “ Боргио ” пивоны шилээр хагалсан. Миний биед учирсан 2 шүдний сулрал буюу хөнгөн гэмтлийг Б.Пүрэвсүрэн учруулсан. Би машины шилээ 95.000 төгрөгөөр худалдаж аваад 35.000 төгрөгөөр шилээ тавиулсан. Мөн шүднийхээ зургийг 20.000 төгрөгөөр авахуулсан. Шүүх эмнэлэгт 3000 төгрөгөөр үзүүлсэн. Цаашдаа 2 шүдээ янзлахын тулд 536.000 төгрөг шаардлагатай гэсэн. Одоогийн байдлаар надаас 153.000 төгрөгний зардал гарсан байна. Энэ мөнгөн дээрээ шүдээ эмчлүүлэх 536.000 төгрөгийг нэмээд 689.000 төгрөг болж байна. Би тухайн үед Б.Пүрэвсүрэнгийн хөл рүү өшиглөөгүй. Харин тэр залуу намайг зодох гэж байгаад газарт хөл алдаад унасан.Тэр үед хөлөө хугалсан байхыг үгүйгсэхгүй. Би тухайн үедээ гомдолтой байсан гэжээ...” / хх 24-26,138- 139 /,

Гэрч Э.Баатарболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “ …2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед 102-ын дуудлагаар машины шил хагалчихлаа гэсэн дуудлагын дагуу дуудлага өгсөн хүн руу утсаар холбогдоход Яармагийн 3-р буудлын шинэ замын хойно явж байна гэсэн. Би араас нь яваад очтол цагаан өнгийн жижиг суудлын автомашин байсан. Жолоочтой нь уулзтал Нисэхийн тэнд машинтайгаа зогсож байтал согтуу залуу “Яармаг явах уу” гэхэд нь “явахгүй” гэтэл намайг шууд мөргөөд шүд унагачихлаа, бас пивоны шилээр миний машины урьд шилийг хагалчихлаа тэр хүн нь тэнд явж байна гээд заасан. Тэр хүн дээр нь очтол манай хэлтэс дээр байнга эрүүлжүүлэгдэж баривчлагддаг Бух хочтой Пүрэвсүрэн байсан. Б.Пүрэвсүрэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэжээ…” / хх 40-41 /,

Гэрч С.Алтанбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Баттөр овогтой Пүрэвсүрэнг 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр саатуулах байранд авч ирсэн. Орой 20 цаг 30 минутад хүлээлгэж өгөх үед 0.77 хувийн согтолттой байсан. Нэлээн согтуу байсан. Тухайн хүнийг гаднаас харахад их согтуу байсан нь харагдаж байсан. Агсан тавиагүй. Машины шил хагалсан гэж өөрөө ганцаараа хэлээд яриад байсан гэжээ. / хх 37- 39 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2151 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Баасанжавын биед 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээрх үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.…” гэжээ. / хх 47 /,

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг 2016.02.29-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 60-63, 64 /, 2016.04.15-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 66-68 /,

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 98 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: Би “Буянт-Ухаа 1”-д хүнд юм хүргэж өгчихөөд буцахдаа Д.Баасанжавын машинд нь суусан. Тэгээд би явахгүй байхаар нь машинаас буугаад автобусны буудал налаад зогсож байтал Д.Баасанжав өөрөө машинаасаа бууж ирсэн. Тэгээд би автобусанд суух гэж байтал хохирогч татахаар нь түүнийг мөргөх гэж байгаад би өөрөө жалга руу унасан. Хохирогчид 100.000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Д.Баасанжавын нүүрэнд нь мөргөж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан, танхайрах явцдаа иргэн Д.Баасанжавын Тоёота Королла маркийн автомашины урд талын шилийг хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг  тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6,8 /,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл,,гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 16-18, 19-20 /,

-  “… 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед би Нисэхийн Буянт-Ухаа-1 хороололд хүн буулгасан. Буудал дээр хүн сууж магадгүй гээд машинтайгаа зогсож байтал нэг согтуу залуу ирээд “ Яармаг явах уу ”гэж надаас асуухаар нь би “ Явахгүй ” гэж хэлсэн чинь арын хаалгыг татахаар нь би машины хаалгаа түгжчихсэн. Гэтэл миний эсрэг талын урд талын шил рүү гараараа хүчтэй цохиод “ Хаалгаа онгойлго ” гэж хэлсэн. Би машины шил хагарчихна гэж бодоод машинаасаа буугаад “ Боль ” гэж хэлсэн чинь урдуур тойрч ирээд миний куртикны захнаас заамдаж аваад шууд 3-4 удаа толгойгоороо мөргөсөн. Дахиад над руу дайраад намайг барьж авах гээд байхаар нь би хойшоо болсон чинь өрөө хөл алдаад газарт уначихсан. Би машиндаа суугаад хаалгыг нь түгжээд хөдлөх гэтэл пивоны бор өнгөтэй шилээр миний машины урд талын салхины шилийг цохиод хагалчихсан...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Баасанжавын мэдүүлэг / хх 24-26,138- 139 /,

- “ …2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед 102-ын дуудлагаар машины шил хагалчихлаа гэсэн дуудлагын дагуу очтол цагаан өнгийн жижиг суудлын автомашины жолооч согтуу залуу Яармаг явах уу гэхэд нь явахгүй гэтэл намайг шууд мөргөөд шүд унагачихлаа, бас пивоны шилээр миний машины урьд шилийг хагалчихлаа гээд заасан. Тэр хүн дээр нь очтол манай хэлтэс дээр байнга эрүүлжүүлэгдэж баривчлагддаг Бух хочтой Пүрэвсүрэн байсан. Б.Пүрэвсүрэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан …” гэж  мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Баатарболдын мэдүүлэг / хх 40-41 /,

- “…Баттөр овогтой Пүрэвсүрэнг 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр саатуулах байранд авч ирсэн. Орой 20 цаг 30 минутад хүлээлгэж өгөх үед 0.77 хувийн согтолттой байсан. Машины шил хагалсан гэж өөрөө ганцаараа хэлээд яриад байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч С.Алтанбаярын мэдүүлэг  / хх 37- 39 /,

- “… Хохирогч Д.Баасанжавын биед хөнгөн гэмтэл учирсан талаарх  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2151 тоот шинжээчийн дүгнэлт / хх 47 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Пүрэвсүрэнг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  хуулинд заасан хорих ялыг оногдуулах  нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                           ТОГТООХ нь:          

1. Сартуул овогт Баттөрийн Пүрэвсүрэнг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Баттөрийн Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  1 / нэг / жил, 6 / зургаан / сарын хугацаагаар хорих  ялаар, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван / жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд багтаан биечлэн эдлэх ялыг 3 /гурван / жил 6 / зургаан/ сарын  хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Пүрэвсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4  дэх хэсэгт   зааснаар Б.Пүрэвсүрэнд оногдуулсан  3 /гурван / жил 6 / зургаан/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2/ хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх  Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Пүрэвсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЛЗОД