Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 504

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Д.Бийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Т.Чад холбогдох

 

 “5 хонь буюу 300 000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 16-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017.7.06-2017.7.07-нд шилжих шөнө үүрээр бороо орж хотонд байсан хонь тасарч уруудсан. Өглөө нь эрж Байшинт гэдэг газар нутаглах Аниу эгчийн хонинд нийлсэн байхад нь олж өөрийн хонио ялган авсан. Тухайн үед 7 тооны хонь дутсан. Үргэлжлүүлэн 7 тооны хонио 10 гаруй хоног эрсэн боловч олдоогүй. Эрэл үргэлжилсээр 2017.8.21-ний өдөр үдийн үед Түвшинширээ сумын 3 дугаар багийн малчин Т.Чын хониноос 1 төлөг, 1 эм хонио олж авсан. Тодруулж асуухад энэ 2 хонийг сумын зүүн талаас айлаас худалдаж авсан гэсэн. Хэнийхээс авсан талаараа хэлэхгүй байгаа. Тухайн үед хонинд нь шүүж үзэхэд манай 5 тооны хонь байхгүй байсан. Миний хувьд хариуцагч Т.Чыг мал борлуулахдаа борлуулсан байх гэж бодож байгаа. Хониныхоо нас, зүсийг нь сайн мэдэхгүй байна. 1 хонийг 60 000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байгаа. Иймд Т.Чаас 5 хонь буюу 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Т.Ч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2000 оноос эхэлж зээл авч хувийн хэрэгцээнд малын наймаа хийж охин хонио үлдээж өсгөх зорилгоор одоог хүртэл малын наймаа хийж байна. Манай хонины тал хувь нь янз бүрийн имтэй байгаа. Бийн имтэй 2 хонь нь наймаанд ирээд 1 жил болж байна. Энэ 2 хонийг хэнээс авснаа санахгүй байна. Б нь 2 хонио манайхаас авсан байгаа. Бийг манай хонь байна гэхээр нь 2 хонийг өгчихсөн. Өөр Бийн имтэй хонь манайд байхгүй, тухайн үед өөрөө шүүж үзсэн. Иймд Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигч нарын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Чад холбогдуулан  “5 хонь буюу 300 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь алга болсон гэх 7 тооны хониныхоо 2 хонийг хариуцагч Т.Чын хонинд нийлсэн байхад нь авсан, үлдэх 5 тооны хонь тухайн үед хонинд нь байгаагүй учраас хариуцагч нь зарж борлуулсан байх магадлалтай гэж байгаа боловч  маргааны зүйл болох 5 тооны хонийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж, зарж борлуулан нэхэмжлэгч Д.Бийн өмчлөх эрхийг зөрчсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчээс ирүүлсэн Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.10.03-ны өдрийн 5/113 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолын хуулбар нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулаагүй, нотариатаар батлуулаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Т.Чаас 5 хонь буюу 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн     9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч  Т.Чаас “5 хонь буюу 300 000 төгрөг” гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ