Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2017/03842

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 29 өдөр             Дугаар 101/ШШ2017/03842        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Зайсан Оргил сувилал, 0 дугаар байр, 0 тоотод байрлах Э ХХК-ийн /РД:********/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Олимп хотхон, 0 дугаар байр, 0 дүгээр орц, 0 тоотод оршин суух, 27 настай, эмэгтэй, Б овогт Сын Бт /************/ холбогдох,

           

Гэрээний үлдэгдэл төлбөрт 4 365 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, гэрээгээр шилжүүлсэн 2 790 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С.Бтэй 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр 5 700 000 төгрөгийн үнэтэй, чанарын доголдолгүй, шинэ К ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлж, гэрээ байгуулахдаа урьдчилгаа 500 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 5 200 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сар бүрийн 26-ны өдөр 288 888 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр худалдсан.

Гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 26-нд дууссан бөгөөд хугацааны эцэст худалдан авагч С.Б 2 790 000 төгрөг төлж үлдсэн 2 910 000 төгрөгийг төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0,1 %-тай тэнцэх алданги төлөхөөр тохирсон бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 7 сарын буюу нийт 675 хоног хэтрүүлсэн, хоног тутамд 2 910 төгрөг буюу 1 964 250 төгрөг төлөхөөр байгаа боловч хуульд зааснаар төлөх ёстой үнийн дүнгийн 50%-иар тооцоход 1 455 000 төгрөг төлөхөөр байна.

            Иймд гэрээний дагуу С.Бээс үлдэгдэл төлбөр 2 910 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 1 455 000 төгрөг, нийт 4 365 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

            Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

            С.Б миний бие тус компаниас ахуйн цэвэрлэгээний зориулалттай тоос сорогч худалдаж авсан нь үнэн. Тус компани анх тоос сорогчоо бидэнд худалдан борлуулахдаа маш өндөр зэрэглэлийн чанартай 30 жилийн баталгаатай гэж тайлбарлаж бидэнд зарсан. Гэвч тус тоос сорогч нь авсан өдрөөс хойш удалгүй эвдэрч, бид тус газартай холбогдож тайлбарлахад тус компаниас засварчин ирээд янзалж өгсөн. Гэтэл дахиад 2 хоногийн дараа дахин эвдэрсэн тул бид барааг буцаамаар байна гэсэн санал тавьсан.

Учир нь тоос сорогчийн реминийг нийт 3 удаа сольж өгсөн боловч дахин тасраад хэрэглэх боломжгүй болсон. Иймд бид уг тоос сорогч өөрөө асуудалтай эвдэрхий учир байнга реминийг нь солих шаардлага гардаг. Гэсэн ч дахин эвдэрч одоо ремингүй ашиглах боломжгүй байгаа. Бид тухайн үед барааг буцааж ав эсвэл шинээр тоос сорогч сольж өг гэсэн боловч бидний саналыг хүлээн аваагүй. Бид нийт 2 790 000 төгрөг төлсөн.

Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тул бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэглсэн төлөөлөгч Х.И шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 Иргэн С.Б нь 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Э ХХК-тай Худалдах худалдан авах гэрээ байгуулж, К стандарт бүхий ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдаж авсан.

Уг ахуйн цуэвэрлэгээний төхөөрөмж нь цэвэрлэгээ хийх зориулалттай боловч түүнийг худалдан авсан цагаас хойш нэг ч удаа бүрэн ашиглаж чадаагүй болно. Учир нь уг төхөөрөмжийн ремин нь нийт 3 удаа тасарсан бөгөөд тухай бүр Э ХХК-тай байгуулсан Үйлчилгээний гэрээний дагуу ***** дугаарт мэдэгдэж сервис үйлчилгээ хийлгэсэн. С.Б нь сүүлийн сервис үйлчилгээ хийлгэх үед ий маягаар олон удаа тасарч ашиглаж чадахгүй байгаа учир уг худалдан авсан төхөөрөмжийг гэрээнд заасан чанарын шаардлага хангасан ижил төрлийн тоног төхөөрөмжөөр солиулах эсхүл гэрээнээс татгалзаж тоног төхөөрөмжөө буцаан авахыг шаардсан.

Тйим ч учраас С.Б нь сүүлд авсан сервис үйлчилгээнээс хойш буюу 2014 оны 10 дугаар сарын 26-нд үнийг төлснөөс хойш дахин үнийг төлөхөөс татгалзсан. Ийнхүү гэрээнээс татгалзаж эвдрэл ихтэй, ашиглах боломжгүй тоног төхөөрөмжөө буцааж авахыг шаардсан боловч хариу огт өгөөгүй.

Гэтэл өнөөдөр чанар муутай, ашиглах боломжгүй, эвдрэл ихтэй бараа материал худалдан борлуулсан атлаа чанар байдлыг сайжруулж, доголдолгүй бараа өгөхөөс татгалздаг, тэгсэн атлаа хэл чимээгүй байж байгаад бүтэн 3 жилийн дараа үнийг, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна.

С.Б нь байгуулсан гэрээний үүргээ бүрэн ухамсарлаж үнийг тогтоосон хугацаанд тасралтгүй төлж байсан ч ашиглах боломжгүй, амархан эвдэрдэг бараанд энэ их хэмжээний мөнгө төлөх шаардлагагүй гэж үзсэн. Нөгөөтээгүүр уг компани нь гэрээний үүргээ ухамсарладаггүй, чанаргүй бараа зарсан атлаа огт хариуцлага хүлээдэггүй компани байна.

Иймд Э ХХК-тай байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болохыг тогтоож, гэрээний үнэд төлсөн 2 790 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С.Бт холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 4 365 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч С.Б нь нэхэмжлэгчид холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээг дуусгавар болгосон, гэрээнээс татгалзсаныг тогтоолгох, гэрээний дагуу шилжүүлсэн 2 790 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд,

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 4 365 000 төгрөгийн тооцооллыг гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 2 910 000 төгрөг, алдангид 1 455 000 төгрөг гэж тодорхойлон 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тайлбарлажээ.

Зохигч талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулан нэг талаас Э ХХК нь Sentria II барааг стандарт иж бүрдлийн хамт шилжүүлэх, нөгөө талаас иргэн С.Б нь 5 700 000 төгрөгийг бараа шилжүүлэн авах үедээ урьдчилгаанд 500 000 төгрөгийг, гэрээнд заасан тодорхой хугацаанд үлдэх төлбөрийг хэсэгчлэн төлөх тохиролцсон нь талуудын тайлбараар тогтоогдох ба тус гэрээг дурдсан нөхцөлөөр байгуулсантай зохигч талууд хэн аль маргаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Тус гэрээ нь агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.

Иргэний хуульд зааснаар Зээлээр худалдах худалдан авах гэрээний зүйлчлэлийг мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд тухайн зүйлчлэл бүхий гэрээний хэлбэрийг зохицуулах зорилготой заалтууд болох 263 дугаар зүйл, хэрэв талууд хүү төлөхөөр тохиролцсон бол түүнийгээ заавал тусгах хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар тус гэрээ хүчин төгөлдөр байхад нөлөөлөхгүй хэлбэрийн зохицуулалт юм. Хуульд зааснаар гэрээний хэлбэрийг зохицуулах зорилготой заалтаар гэрээний агуулгыг тодорхойлж зүйлчлэл хийхгүйг дурдах нь зүйтэй.

Иймд зохигчид хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Байгуулагдсан гэрээ хуулийн хувьд хүчин төгөлдөр эсэхийг шүүх дүгнэх ёстой. Энэ агуулгаар гэрээ нь агуулга, хэлбэр болон гэрээ байгуулсан субъект, гэрээний зорилго-талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нийцэл буюу субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Тус гэрээ нь агуулгын хувьд хуулиар хориглосон хэм хэмжээ болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэх /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1/ агуулгагүй бөгөөд худалдааны зуучлалын тодорхой төрлийн харилцаанд тулгуурлан бараа бүтээгдэхүүнийг борлуулахыг хуулиар хориглоогүй тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөгдөнө гэж үзэв.  

Дээрх үндэслэлээр дистрибьютерийн эрх бүхий этгээд хуулийн этгээдийн зохион байгуулалтаар борлуулалтын гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Шаардах эрхийн агуулга нь борлуулалтын гэрээний үнэ төлөх үүргийн хувьд яригдах бөгөөд худалдааны зуучлалын тухайн төрлийн гэрээний онцлогоор борлуулсан бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн, үнийг шаардах эрхийг тухайн зуучлалын гэрээнээс тусгаарлан дүгнэх нь зүйтэй байна.

Гэрээний субъектийн хувьд эрх зүйн чадамжийг гэрээ байгуулагч талуудын хувьд хуульд зааснаар зөвшөөрөгдсөн бөгөөд харин гэрээ байгуулах эрхийг хувьд хуулийн этгээдийн хувьд тодруулах нь зүйтэй байна.

Хариуцагч талын тайлбараас үзэхэд гэрээ байгуулах эрхтэй этгээд байгуулсан эсэх нь эргэлзээтэй, бичгээр байгуулсан гэрээнд /х.х-ийн 5, 6 дахь талд/ гүйцэтгэх захирал “Сагдолданов Д.М” гэх гарын үсэг зурагдсан байх бөгөөд энэ нь тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд төлөөлж гэрээ хийсэн гэж үзэхгүй гэсэн байна. Түүнчлэн энэ агуулгаар гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэлд хамаарна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийх зохицуулалт нь тодорхой төрлийн хэлцлийг зөвшөөрлөөр хийвэл зохих зохицуулалтыг хуульд зохицуулсан тохиолдолд хамаарна.

Бусдыг төлөөлөн хэлцэл хийх, бусдын зөвшөөрлөөр хэлцэл хийх ойлголтыг ялгаж ойлгох шаардлагатай.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох зохицуулалттай. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг Мухамедкеримов Ерзат гэсэн байх бөгөөд хууль ёсны төлөөлөгчөөс бусад этгээд нь эрх бүхий этгээдээс итгэмжлэл авч төлөөлөн хэлцэл хийх эрхтэй байна.

Гэрээнд гарын үсэг зурсан этгээдийн хувьд өөрийн нэрийн өмнөөс тус хэлцлийг хийх эрхтэй гэж үзэхгүй ч эрх бүхий этгээдээс төлөөлөн хэлцэл хийх эрхийг авсан байж болно. Иймд төлөөлөн хэлцэл хийх ойлголтыг хэлцэл хийх эрхтэй ч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд зааснаар бусдаас зөвшөөрөл авах ойлголтоос ялгах шаардлагатай юм.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгчийн төлөөлөх бүрэн эрх нь амаар болон бичгээр илэрхийлэгдсэн байх агуулгатайг дурдах нь зүйтэй.

Хуульд зааснаар бичгээр хийх хэлцэл нь үр дагаврын хувьд хоёр өөрөөр томьёологдон зохицуулагдсан байна.  

- Бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байх /Жич: Иргэний хуулийн 318.3, 318.4/ бөгөөд ийм хэлцлийн үр дагаврыг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т зааснаар зохицуулсан байна.

- Харин Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хувьд хуульд заасан хүчин төгөлдөр бус болох үр дагаваргүйгээр зохицуулагдсан байх бөгөөд бичгээр хийх шаардлага нь гагцхүү нотолгооны шинжтэй байх тул /Иргэний хуулийн 263 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 42.11/ хүсэл зоригийн илэрхийллийн хэлбэр түүнд тавигдах шаардлага нь хэлцэл хүчин төгөлдөр бус байхад нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй.

Хүсэл зоригоо илэрхийлэгч талууд тухайн хэлцлийг хийснээ хүлээн зөвшөөрч буй тайлбар болон хэлцлийн дагуу хүсэл зоригийн илэрхийлэл, үүргийг нотлох үйлдлүүд хийгдсэн байх бөгөөд дурдсан агуулгаар талуудын хоорондох гэрээ хэлбэрийн хувьд төдийгүй, хэлцэл хийх эрхтэй этгээдийн хувьд хууль зөрчөөгүй гэж үзэв.        

Тус гэрээг байгуулах зорилго болон талуудын хүсэл зоригийн илэрхийллийн агуулга нь нийцэлтэй байх бөгөөд субъектив шинжийн зөрчил баримтаар тогтоогдохгүй байна. /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4, 58, дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 60 дугаар зүйл/

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх хуульд болон гэрээнд зааснаар худалдагч талд үүссэн байна.

Худалдагч тал гэрээний дагуу төлөх үндсэн үүргийн үлдэгдэлд 2 910 000 төгрөг гаргуулна гэсэн бөгөөд худалдан авагчаас 2 790 000 төгрөг төлсөн, 2 910 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хариуцагч баримтаар маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу худалдагч талаас бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн өгснөөр худалдагчийн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үнийг төлөх үүргийг шаардсан нь хуульд нийцэх тул хариуцагчаас 2 910 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч талд олгуулахаар шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагын хувьд, тооцооллоор 1 455 000 төгрөгийг хуульд зааснаар 50 хувиар тооцон нэхэмжилсэн гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэг болон 232.6 дахь хэсэгт зааснаар анз буюу алданги гаргуулах нь гэрээний үүргийн хариуцлага бөгөөд энэ талаар талууд хүсэл зоригоо тодорхой илэрхийлэн хэлцэл хийсэн байх зохицуулалттай.

Талуудын байгуулсан гэрээний бичгээр илэрхийлсэн илэрхийлэлд “...хугацаа хэтэрсэн хоног тутамд...” гэсэн агуулгаар буюу хариуцлага тооцох агуулгаар “...үнийн дүнгийн 0,1% тэнцэх хүү төлнө...” гэсэн үндсэн үүргийн тохиролцоо хийсэн гэж тайлбарладаг. Хариуцагч тал энэ хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлох боломж нь хуулийн хүрээнд олгогдсон байх бөгөөд хүсэл зориг бүрэн агуулгаар илэрхийлэгдээгүй ч түүнийг тайлбарлан зөвшөөрөх боломжтой.

Харин дурдсан агуулгын хувьд, хариуцлага хүлээлгэх зорилгоор үндсэн үүрэг гүйцэтгүүлэх агуулга нь зорилготойгоо нийцэхгүй байх тул тус анзын хэлцлийн “агуулга тодорхой” гэж үзэх боломжгүй байна. 

Иймд анз тооцох хүсэл зоригийн агуулга тодорхой бус байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар тус хэлцлийг хийсэн гэж үзэхгүй бөгөөд алданид холбогдох шаардлагыг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 2 910 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 1 455 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг шаардлагын хүрээнд,

Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг шаардлагаар 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээ дуусгавар болсон, гэрээнээс татгалзсаныг тогтоолгоно, гэрээний дагуу шилжүүлсэн 2 790 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад гэрээг дуусгавар болсныг тогтоолгох шаардлагаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэлийн нэг шаардлагаас татгалзсанаар тухайн хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болохгүй тул тухайн шаардлагад хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, эрх зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Харин дэмжиж байгааг бусад шаардлагууд буюу тус гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгоно гэжээ.

Гэрээний талуудад хуульд заасан үндэслэл бүрдсэн үед эдлэх эрх, тодруулбал татгалзах эрхийг хуулиар олгосон байна.

Хуульд зааснаар тодорхой эрх олгогдсон тус эрхийг хэрэгжүүлсэн эсэхийг тогтоолгох шаардлага нь гагцхүү гэрээний нөгөө тал буюу тухайн эрхийг хүлээн зөвшөөрөх үүрэг бүхий этгээд эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх үед “зөрчигдсөн эрхэд” хамаарч эрх хүлээн зөвшөөрөхийг шаардах эрх байдлаар сэргээгдэх, шүүхээр хамгаалуулах боломжтой болно. Харин эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байх үүргийн зөрчилгүйгээр эрхийг тогтоох шаардлагад ”зөрчигдсөн эрхийн” журмаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна.

Хариуцагч С.Б нь гэрээнээс татгалзах хүсэлтээ 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр илэрхийлснээр тухайн өдөр гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгоно гэжээ.

Хуульд зааснаар гэрээний нэг тал татгалзах эрхээ хэрэгжүүлсэн ч нөгөө тал хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардаж байгаа гэх тайлбараас хариуцагч татгалзах эрхээ хэрэгжүүлсэн нь хуульд нийцэж байгааг хүлээн зөвшөөрүүлэхээр шаардлага гаргасныг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар дүгнэлт хийх боломжтой гэж үзэв.

Гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуульд зааснаар хоёр байдлаар зохицуулсан байна. Хариуцагч гэрээний үүргээс татгалзах ерөнхий эрхийн хувьд /Иргэний хуулийн 225 дугаар зүйл/ бус гэрээний нэг тал гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзах эрх /Иргэний хуулийн 225.1/ хэрэгжүүлсэн гэж тайлбарлаж байна.

Тухайн татгалзах эрх хэрэгжих үндэслэл гэрээний нөгөө тал гэрээний үүргээ зөрчсөн байх зохицуулалттай.

Хариуцагчийн тайлбараар Зээлээр худалдах худалдан авах гэрээний зэрэгцээгээр засвар хийх Үйлчилгээний гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах үндэслэл болно гэж тайлбарлаж байна.

Хэд хэдэн гэрээний үүргийн хувьд тухайн үүргийг гэрээ тус бүрээр тусгаарлан дүгнэлт хийх ёстой. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг нь агуулгын хувьд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үүрэг байх бөгөөд харин Үйлчилгээний гэрээний хувьд хөрөнгө шилжүүлэх агуулгагүй, үйлчилгээний үүрэг хүлээх агуулга байх тул тэдгээр гэрээг зүйлчлэлийн хувьд, зохицуулалтын хувьд ч тусгаарлан авч үзэх шаардлагатай.

Иймд үйлчилгээ үзүүлэгчийн үүргийн зөрчлөөр худалдагчийн үүргийн зөрчлийг тогтоох боломжгүй юм. Худалдах худалдан авах харилцааныхаа хувьд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримт, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр доголдолтой хөрөнгө шилжүүлсэн худалдагчийн зөрчил тогтоогдохгүй байна.

Үүрэг тусгаарлах зарчмын үүднээс нэг гэрээний үүргийн зөрчлөөр өөр нэг гэрээний зөрчлийг тодорхойлохгүй тул гэрээнээс татгалзах эрх хуульд зааснаар үүссэн, хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр гэрээнээс татгалзсаныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй бөгөөд энэ үндэслэлээр гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу гэрээгээр шилжүүлсэн 2 790 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.         

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бээс 2 910 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 455 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, 2 790 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  84 700 төгрөг хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 129 800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч С.Бээс 61 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.АМАРЖАРГАЛАН