| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 183/2017/02045/и |
| Дугаар | 181/ШШ2017/03115 |
| Огноо | 2017-12-06 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2017/03115
2017 оны 12 сарын 06 өдөр Дугаар 181/ШШ2017/03115 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эрдэнэ-толгой, 29 дүгээр гудамж, 729 тоотод оршин суух, З овогт О О /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 46 гудамж, 72 тоотод оршин суух, Х овогт Г Г /РД: /,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 46 гудамж, 72 тоотод оршин суух, Б овогт Г Б /РД: /-нарт холбогдох,
Үндэслэлгүйгээр олж авсан 15,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг “Монгол Туркийн Бизнес Консул” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гтай байгуулж, Түмэн Амгалан орон сууцны хорооллын 1101 блокын 5 давхарт 74,67 м.кв талбайтай 149,803,103 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг захиалж, гэрээ байгуулахад төлөх ёстой 18,000,000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн.
Мөнгөө шилжүүлэх явцад Г.Гын надад өгсөн Худалдаа хөгжлийн банкны 411007111 тоот данс нь Ганзоригийн Б гэх хувь хүний данс байхаар би гайхаад асуухад одоохондоо энэ дансаар захиалга хийж байгаа гэхээр нь итгээд шилжүүлсэн. Гэрээ ёсоор дараагийн төлөлт болоход Г.Гын утас нь холбогдохгүй байсан. Би 1950 лавлах утаснаас барилгын ажил гүйцэтгэгч “Грандлайн” ХХК-ийн утсыг авч Г.Гын утсыг авъя гэтэл тийм хүн байхгүй, мэдэхгүй гэсэн. Би тус компани дээр очиж уулзтал байрны захиалга авахгүй байгаа талаар хэлсэн.
Тэгэхээр нь би 2014 оны 11 дүгээр сарын эхээр Г.Гыг цагдаад залилсан талаар гомдол өгсөн. Г.Г тэгтэл эхнэр төрөх гэж байгаа гээд зовлонгоо ярьж, мөнгийг чинь буцаан төлнө, хохиролгүй болгоно гэсэн. Би тэр үгэнд нь хууртаж, надад 18,000,000 төгрөгтэй тэнцэх юм барьцаалбал гомдлоо татна гээд түүнтэй 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ хийж мөнгө авсныг нь баталгаажуулаад, 1 машиныг нэр дээрээ барьцаа болгон шилжүүлж, хашаа байшингийн бичиг баримтыг авч цагдаагаас гомдлоо татсан. Би хашаа байшингийн бичгийг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй нь буруутсан байна лээ. Би нэр дээрээ шилжүүлж авсан машин нь үнэ хүрэхгүй, муу машин байсан тул Г.Г та зараад мөнгө авч бай гэж зөвшөөрсөн ч зарагдаагүй учир одоо ч манай гэрийн гадаа тавистай байгаа. Төлбөрөө төлж дуусгаад авна биз.
Г.Г нэхүүлж байж надад нийт 2,650,000 төгрөг төлснөөс 150,000 төгрөгийг нь би машиных нь татварт төлсөн. Үлдэх 2,500,000 төгрөгийг зээлийн гэрээгээр тохирсон хүүг төлж байна гэж бодсон боловч үндсэн мөнгөнөөсөө хасаж байсныг одоо мэдэж байна.
Тиймээс миний Г.Г болон Г.Б нарт шилжүүлсэн 18,000,000 төгрөгөөс төлсөн 2,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 15,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Орон сууц захиалгын гэрээ нэрээр намайг хуурч, надаас мөнгө авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг шаардлагад:
2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулсан. О.О 18,000,000 төгрөгийг Г.Б буюу Г.Гын эхнэрийн дансаар шилжүүлсэн. Тухайн үед Г.Гын “Монгол Туркийн Бизнес Консул” ТББ нь гадны хөрөнгө оруулагчийг барилгын гүйцэтгэгч компанитай холбож, барилгын ажил хийхэд нь зуучилсан боловч барилгын ажил хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгч нарын маргаанаас үүдэн зогссон. Зуучлагч Г.Г өөрөө ч хохирсон. Нэгэнт О.Ооос мөнгө шилжүүлж авсан учир Г.Г түүнийг хохиролгүй болгоё гэсэн. Уг нь шилжүүлсэн мөнгө нь барилгын ажилд зарцуулагдсан байдаг.
Нэгэнт хохиролгүй болгохоор амласан тул 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ барьцаа авахыг О.О хүссэн учир 18,000,000 төгрөгийн баталгаа болгож, 20,000,000 төгрөгөөр худалдаж авсан машинаа шууд шилжүүлж өгсөн. Гэтэл О.О хэдэн жил юм ярихгүй явж байснаа одоо машиныг үнэгүйдүүлсэн хожимоо мөнгөө шаардаж байна. Туайн үед Япон улсаас орж ирээд удаагүй байсан, сайн машиныг О.О шилжүүлсэн байсан.
Г.Г нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 150,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг гээд нийт 2,650,000 төгрөгийг төлсөн байдаг.
Иймд 18,000,000 төгрөгийг машин болон 2,650,000 төгрөгийг шилжүүлэх байдлаар давуулан төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг шаардлагын тухайд. О.О, Г.Гын нарын хооронд 18,000,000 төгрөг зээлсэн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй бөгөөд талууд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор уг гэрээг хийсэн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан тайлбар, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Г, Г.Б нарт холбогдуулан үндэслэлгүйгээр олж авсан үндэслэлээр 15,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2,500,000 төгрөгөөр багасгажээ.
Хариуцагч нь 18,000,000 төгрөгийн баталгаа болгож 20,000,000 төгрөгийн үнэтэй автомашинаа шилжүүлсэн, мөн бэлнээр 2,650,000 төгрөг төлсөн тул үүрэг дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг өөр хэлцлийг халхавчилж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан.
Нэхэмжлэгч сөрөг шаардлагад маргаагүй бөгөөд зөвшөөрсөн тайлбар гаргасан.
Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Гадаад худалдаа, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг гэх “Монгол Туркийн Бизнес Консул” ТББ-ыг төлөөлж Г.Г нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр О.Отой Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Орон сууцны барилгыг захиалан бариулах 001/А2014-0051 тоот гэрээг байгуулсан байх ба уг гэрээгээр “Монгол Туркийн Бизнес Консул” ТББ нь Баянзүрх дүүрэг, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Түмэн Амгалан” орон сууцны хорооллын 1101 блокны 5 давхарт байрлах 74.67 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэх, О.О нь уг орон сууцны төлбөрт гэрээ байгуулахад 12 хувь буюу 18,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сард 10 хувь буюу 15,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сард 5 хувь буюу 7,315,357 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 3 хувь буюу 4,625,574 төгрөг, зээлийн гэрээ байгуулахад 70 хувь буюу 104,862,172 төгрөг, нийт 149,803,103 төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.
Нэхэмжлэгч О.О нь “Монгол Туркийн Бизнес Консул” ТББ-тай байгуулсан гэрээний дагуу 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 18,000,000 төгрөгийг ТББ-д бус харин хариуцагч Г.Бгийн Худалдаа хөгжлийн банкны 411007111 тоот дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
Мөн “Монгол Туркийн Бизнес Консул” ТББ-тай байгуулсан “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-ний дагуу барилгын ажил явагдаагүй бөгөөд О.Ооос шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг Г.Г, Г.Б нар хүлээн авсан үйл баримт зохигчийн маргаагүй тайлбар, хэргийн баримтаар тогтоогджээ.
Хэрэгт О.Ооос 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар 2,5 хувийн хүү тогтоож, Г.Гт зээлсэн талаарх зээлийн гэрээ авагдсан ба үүнээс өөр зохигчдын хооронд ямар нэг хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх зээлийн гэрээний дагуу талууд мөнгө шилжээгүй үйл баримтад маргаагүйн зэрэгцээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг харилцан хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч О.Ооос хариуцагч Г.Г, Г.Б нарт 18,000,000 төгрөг шилжүүлэх ямар нэг үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан тул шүүх нэхэмжлэгч О.Оыг шаардах эрхтэй гэж үзнэ.
Хариуцагч Г.Г нь 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Ниссан Фуга” маркийн 02-27УНЭ улсын дугаартай автомашинаа О.Оын өмчлөлд шилжүүлсэн, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 150,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 500,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг гээд нийт 2,650,000 төгрөгийг тус тус О.Од төлсөн болох нь нотлогдсон бөгөөд О.О хүлээн авсан 2,650,000 төгрөгөөс 150,000 төгрөгийг автомашины татварт төлсөн, автомашин нь үнэ хүрэхгүй, муу машин байснаас зарагдаагүй өдийг хүрсэн, одоо түүний эзэмшилд байгааг буцааж өгнө гэж тайлбарлаж, 18,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлөгдсөнд тооцож, үлдэх хэсгийг шаардсан.
Харин хариуцагч нар нэхэмжлэгчид 2,650,000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэх төлбөртөө төлбөр төлөх баталгаа болгон О.Оын өмчлөлд шилжүүлсэн “Ниссан Фуга” маркийн автомашиныг тооцож, үүрэг дуусгавар болсон үндэслэлээр маргаж байна.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч О.О нь 150,000 төгрөгийг автомашины татварт төлсөн гэх тайлбар нотлогдоогүй, талууд автомашиныг төлбөрийн үлдэх хэсэгт харилцан тооцсон гэж үзэх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэсгүй байна.
Иймд шүүх хариуцагч нараас 15,350,000 төгрөг /18,000,000-2,650,000/-ийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
О.Оын дээр шилжүүлсэн “Нисан Фуга” маркийн автомашинтай холбоотой шаардлагыг Г.Г гаргаагүй тул шүүх уг автомашиныг О.Ооос гаргуулж, Г.Гт буцаан олгож шийдвэрлэх хууль зүйн боломжгүй үндэслэлээр Г.Гын автомашинтай холбоотой шаардах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан Г.Г, Г.Б нараас 15,350,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж О.Од олгож, О.Оын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Г.Г, О.О нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийгдсэн 18,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хариуцагч Г.Гын сөрөг шаардлагыг нэхэмжлэгч О.О зөвшөөрсөн болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 247,950 төгрөгийг, хариуцагч нараас төлсөн 248,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 234,700 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 248,000 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт тус тус олгосугай.
4. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг талууд 7 хоногийн дараа бичгээр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА