Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/03114

 

 

 

  

 

 

 

  

2017 оны 12 сарын 06 өдөр          Дугаар 181/ШШ2017/03114            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 17-4 тоотод байрлах, “А К” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж 2, Засгийн газрын 8 дугаар байранд байрлах, ЭМЯанд холбогдох,  

 

Ажлын хөлс, алдангид нийт 129,296,602 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл гаргуулах сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Эрдэнэдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Базархүрэл, Ш.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн даргаар Б.Жаргалсүрэн нар оролцов.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нь ЭМСЯ /хуучин нэрээр/ 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 01 тоот гэрээ хийж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ................ баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээний /цахилгаан, дулаан, ус хангамж ариутгах татуурга, холбоо/ зураг төсөл боловсруулах 123,799,502 төгрөгийн гэрээ хийж ажлыг гүйцэтгэсэн.

Бид гэрээгээр тайлан хүлээлгэж өгөхөөр тохирсоны дагуу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 90-95%-ийн гүйцэтгэлтэй тайлангаа хүлээлгэж өгсөн. Харин зураг төслийг ЭМЯны хүсэлтээр концессийн гэрээг шилжүүлэн авсан, барилгын ажлыг хийлгэж байгаа Үндэсний Хөгжлийн газарт 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн байгаа. Энэ зураг маань барилгын ажлын нэг хэсэг болоод өнөөдөр ч явж байгаа.

Уг ажлыг гүйцэтгэх явцад 20,000,000 төгрөгийг ЭМЯнаас 2016 оны 12 дугаар сарын 27-нд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг хийлгүй өнөөдрийг хүрч байна. Бид үлдэгдэл 103,799,502 төлбөрийг хийлгэхээр удаа дараа шаардаж албан бичгээр болон биечлэн уулзаж байгаа боловч шийдвэрлэгдэхгүй өдий хүрч байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүй боллоо.

Манай компани нь дээрх мөнгөө авч чадаагүйн улмаас банкны зээлийн хугацаа хэтэрч улсад төлөх татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ихээхэн хэмжээний өр авлага үүсээд байна.

Иймд ажлын хөлсний үлдэгдэл 103,799,502 төгрөг, гэрээний 13.2 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хоногийн 0,05 хувийн алданги 25,497,100 төгрөг, бүгд 129,296,602 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг шаардлагадаа:

“А К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь манай яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгын гадна цахилгаан, гадна дулаан, гадна ус хангамж ариутгах татуурга, гадна холбооны зураг төсөл боловсруулах төслийг “А К” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулагдсан боловч төсөвт тусгагдаагүй байна. Уг эмнэлгийг барих концесст шалгарсан компанийн концессын гэрээнд “А К” ХХК-аар гүйцэтгүүлэх 123,799,502 төгрөгийн төлбөрийг тооцож оруулах саналыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Гэрээнд тусгуулах тухай” 1 а/1968 тоот албан бичгээр Үндэсний хөгжлийн газарт хүргүүлсэн. Үндэсний хөгжлийн газар “А К” ХХК-д олгох төлбөрийг барилгын ажлын концессын гэрээнд тусгаагүй байх тул нэхэмжлэлд дурдсан 129,296,602 төгрөгийг ЭМЯ олгох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг шаардлагын тухайд. Манай яам Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгын гадна цахилгаан, гадна дулаан, гадна ус хангамж ариутгах татуурга, гадна холбооны зураг төсөл боловсруулах төслийг “А К” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулагдсан боловч “А К” ХХК нь дээрх ажлын эх зураг төсвийг ЭМЯанд хүлээлгэн өгөөгүй болно.

Иймд “А К” ХХК-наас Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийг ЭМЯанд хүлээлгэн өгөхийг нэхэмжилж байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А К” ХХК нь хариуцагч ЭМЯнаас ажлын хөлс 103,799,502 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 25,497,100 төгрөг, нийт 129,296,602 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа бөгөөд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 5,902,250 төгрөгөөр багасгажээ.

 

Хариуцагч нь ажлын хөлс төсөвт тусгагдаагүй тул төлбөр төлөх боломгүй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд нэхэмжлэгчээс гүйцэтгэсэн ажлын үр дүн болох зураг төслийг гаргуулах сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 01 тоот “300 ортой төрөх эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн гадна цахилгаан, гадна дулаан, гадна ус хангамж ариутгах татуурга, гадна холбооны зураг төсөл боловсруулах ажлыг 2015 оны 8 дугаар сарын 10-аас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэх, мөн түүнд холбогдох техникийн нөхцөл /төрийн холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах материал бүрдүүлэх/ авах, хариуцагч нь гэрээгээр тохирсон 123,799,502 төгрөгийн хөлсийг төлөх, нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан гэрээний хувийг захиалагч хүлээн авсны дараа 61,899,751 төгрөг, хүлээн зөвшөөрөхүйц эцсийн тайланг захиалагч хүлээн авсны дараа  61,899,751 төгрөгөөр тус тус 2 хэсэг болгон төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэрээ байгуулснаас хойш ажлын хөлс гэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч ЭМЯ төлсөн ба нэхэмжлэгч “А К” ХХК нь боловсруулсан зураг төслөө 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Үндэсний хөгжлийн газарт, ажлын гүйцэтгэлийн тайланг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЭМЯанд тус тус хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдсон. Зохигчид үүнд маргаагүй.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “А К” ХХК нь ажлын үр дүнд тайлан хүлээлгэж өгөх үүргээ гүйцэтгэсэн үндэслэлээр хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 103,799,502 төгрөгийг, хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангид 25,497,100 төгрөгийн хамт нийт 129,296,602 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч төсөвт тусгагдаагүй үндэслэлээр хөлс төлөхөөс татгалзаж, гэрээгээр гүйцэтгэсэн зураг төслийн өмчлөх эрх гэрээгээр өөрт нь үүсэх үндэслэлтэй гэж сөрөг шаардлага гаргасан байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч гүйцэтгэсэн ажил буюу ажлын үр дүнг хүлээн авах, тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй.

 

Манай тохиолдолд гүйцэтгэгч гэрээгээр зураг төсөл боловсруулах ажил хийхээр тохирсон тул захиалагчийн хүлээн авах үр дүн нь уг зураг төсөл байх ёстой.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь ажлын үр дүн болох зураг төслийг хариуцагчид бус харин Үндэсний хөгжлийн газарт хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд ЭМЯны хүсэлтээр энэ ажиллагаа хийгдсэн гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.”, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-д “энэхүү гэрээний дагуу захилагчид зориулж зөвлөхийн боловсруулсан аливаа судалгаа, тайлан, зураг, график, программ хангамж болон бусад материал, эд зүйл нь захиалагчийн өмч болж үлдэнэ...” гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх сөрөг шаардлагыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Захиалагч ЭМЯ нь гэрээний 3.2.1-д заасан 61,899,781 төгрөгийг гэрээний хувийг хүлээн авсны дараа төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

 

Нэхэмжлэгч 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот “300 ортой төрөх эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах гэрээ”-ний хувийг мөн өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй.

 

Тэгэхээр хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 61,899,751 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд үүнээс төлбөр төлөх хугацаа хэтрүүлэн 20,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн, үлдэх хэсгийг огт төлөөгүй байна.

 

Талууд гэрээ /13.2/-ээр алданги ногдуулах хэмжээг хоногт гэрээний үнийн дүнгийн 0,05% байхаар тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцсэн байх тул нэхэмжлэгч төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Хоёрдугаар ээлжийн төлбөр эцсийн тайланг хүлээж авсны дараа төлөхөөр талууд гэрээний 3.2.2 дахь хэсгээр тохирсон байх тул шүүх үүнийг ажлын үр дүнг хүлээн авмагц буюу Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар зураг төсөл хүлээн авснаар гэж тайлбарлах нь мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байдалд шүүх захиалагчийг ажлын үр дүнг хүлээн авах үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 209 дүгээр зүйлийн 209.1-т заасны дагуу захиалагчийг хоёрдугаар ээлжийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Тогтоогдсон дээрх үйл баримтаас дүгнэхэд шүүх нэхэмжлэгчийн хийсэн ажлын үр дүн буюу зураг төслийг хариуцагчид олгох, хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 103,799,502 төгрөг, нэгдүгээр ээлжийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 10-наас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 505 хоногийн алданги 15,629,245 төгрөг /(61,899,751х0,05%)x505/, 2016 оны 12 дугаар сарын 28-наас 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 245 хоногийн алданги 5,132,505 төгрөг /(41,899,751х0,05%)х245/ буюу нийт 124,561,252 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,735,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 355 дугаар зүйлийн 355.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан ЭМЯнаас 124,561,252 төгрөгийг гаргуулж “А К” ХХК-д олгож, “А К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,735,350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, “А К” ХХК-аас 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот “300 ортой төрөх эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн зураг төслийг гаргуулж ЭМЯанд олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 833,944 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 780,756 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 776,948 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй, эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Ө.УЯНГА