Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/296

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0274/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч С.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт С-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000000296 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17ы өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц овогт С-ийн .Б. егистрийн дугаар:..................., ..................... оны .......... дүгээр сарын ...........-ны өдөр ................. аймгийн ................ суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зэвсгийн нярав мэргэжилтэй, ............... ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл .... , эхнэр хүүхдүүдийн хамт ............  аймгийн ............... сумын .........  дугаар баг, .................  тоотод оршин суух хаягтай /..............  аймаг, ............... сум, ...... дугаар баг, .................дугаар гудамж ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05 цагийн үед ......  аймгийн ...... сумын .дугаар багт байрлах “.......” хүнсний дэлгүүрийн урд талд иргэн Б.Э-тэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь дээд уруулын салстын шарх, зүүн нүдний зовхи, салст, зүүн хацрын цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б нь согтуурсан үедээ 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 05 цагийн үед .  аймгийн ..  сумын .  дугаар багт байрлах “.. ” хүнсний дэлгүүрийн урд талд иргэн Б.Э-тэй маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь дээд уруулын салстын шарх, зүүн нүдний зовхи, салст, зүүн хацрын цус хуралт бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-ийн мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2018000000296 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [1],

 

Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 10, 07 сарын 03-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шөнө 02:00 цагийн үед найз З-тэй утсаар яриад .... сумын . дүгээр баг ... дугаар байранд очихоор болоод таксинд суугаад очсон. Тэгээд З-тэй гэрт нь 1 шил архи хувааж уугаад жаахан согтсон. Би архи ууж дуусаад өглөө 6 цагт гэр лүүгээ харихаар найзынхаа гэрээс гараад зам дагуу зогсож байгаад таксинд суугаад 18 дугаар байрны автобусны буудал дээр буугаад  гэр лүүгээ алхаж байтал ертөнцийн зүгээр хойноос буюу Халамжийн байгууллагын орчмоос 2 залуу намайг Хөөе нааш ир гэж дуудсан. Тэгэхээр нь манай найзууд харчхаад дуудаж байна гэж бодоод яваад очтол миний танихгүй хоёр залуу байсан. Тэгээд тэр хоёр залуу надаас Тамхи байна уу гэж асуухаар нь Надад тамхи байхгүй. гэж хэлэхэд том биетэй залуу нь Гөлөг минь томроод байна уу. гэж хэлээд миний энгэрээс заамдсан. Тэгэхээр нь би тэр залууд Хүний олон хүнээ барьдаггүй шүү. гэж хэлээд өөдөөс нь уурлахад тэр залуу миний нүд болон шанаа хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед би өөрийгөө хамгаалан тэр залуугийн энгэрээс заамдахад тэр залуутай хамт явсан шар царайтай залуу хажуугаас орж ирээд миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд тэр хоёр залуу нийлээд намайг зодоод байсан учраас зугтах гэтэл өмсөж явсан цамцнаас зулгааж ураад газар хөл тавьж унагасан. Тэгээд миний толгой, цээж, нуруу, нүүр лүү өшиглөөд байсан. Би тэмцэж босоод зугтахад тэр хоёр залуу миний араас хөөгөөд байсан. Би зугтаж яваад Төмөрлөгийн хашааны дэргэд очоод хамгаалагч ахтай уулзаж утсыг нь гуйж аваад цагдаад дуудлага өгсөн. Намайг эхэлж заамдаад цохисон залуу нь гадуураа хар өнгийн хүрэмтэй, доогуураа бараан өнгийн өмдтэй биерхүү өндөр бол царайтай залуу байсан. Хамт явсан залуу нь ногоон өнгийн цамцтай, бараан өнгийн өмдтэй, дунд зэргийн нуруутай шар царайтай ногоон нүдтэй залуу байсан. Тэр хоёр нэгнийгээ Бөө одоо болно гээд байсан. Бор өнгийн хүрэмтэй залуу миний нүүр лүү гараараа 10-12 удаа цохисон. Мөн газар унасан чинь хөлөөрөө овоо хэд өшиглөсөн. Шар царайтай залуу нь миний нүүр рүү 5-6 удаа цохиод элэг рүү өшиглөсөн. Харин тэр шар залуу буюу А миний нүүр лүү цохисон нь гэмтэл учруулаагүй. Би хохирлын мөнгө гэж 800,000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Ө.Ц-ын мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 6 цаг өнгөрч байхад ажлын өрөөндөө байсан чинь ....  сумын ..  дугаар баг ..... дугаар буудлын автобусны буудал талаас гурван залуу хоорондоо зодолдоод ажлын урд ирээд орилолдож маргалдаад байсан. Тэгэхээр нь би Та нар зодолдохоо боль, хүн амьтны машины цонх хагалчхав. гэж хэлсэн. Гэтэл тэд нар зодолдохоо болиод хоорондоо хэрэлдээд буцаад явцгаасан. Миний харснаар бол тэр 3 залуу бүгд гартаа чулуу барьчихсан, чулуугаар нэг нэгнийгээ цохичих гээд байсан. Яг чулуугаар цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тэр залуусын нэг нь дунд зэргийн нуруутай, туранхай биетэй дээгүүрээ нүцгэн, бор биетэй залуу байсан. Бас нэг нь өндөрдүү биетэй, махлаг, дээгүүрээ нүцгэн, нөгөө залуу нь өндөр биетэй, шар царайтай, улаан цамцтай байсан. Өндөр биетэй, улаан өнгийн цамцтай залуугийн нүүр ам нь цус болчихсон байсан. Тэр залуу нь миний уруул сэтэрсэн байна гээд хоорондоо яриад хэрэлдээд байсан. гэх мэдүүлэг[3],

 

Гэрч О.А-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд ажил дээрээ байсан чинь Д, Б хоёр ирээд ойрд уулзаагүй юм байна. Орой жаахан сууя гэхээр нь би за за гээд “Эс” супермаркетаас 2,5 литрийн 3 ширхэг том пиво аваад ажил дээрээ тавиад Д Б яваад орой 20 цагийн орчимд манай ажил дээр ирээд бид 3 нийлээд нөгөө авсан пивоо уугаад шөнөжин суусан. Тэгээд үүрээр 05 цагийн орчимд би Б-ийг таксинд суулгах гээд 18-ын буудал руу явж байсан чинь “. ” супермаркетын тэнд туранхай өндөр /Э / ах явж байсан чинь Б тэр ахаас тамхи байна уу гэсэн чинь тэр Э гэх ах байхгүй хэн бэ чи гэсэн чинь Б маргалдаад Э ахын нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би салгасан. Намайг салгасан чинь Б-ийн утас газар унах шиг болохоор нь аваад халаасандаа хийгээд Бийг аваад ажил руугаа яваад би ажил дээрээ очоод ядраад шууд унтаж үлдээд Б харилаа гээд явсан. Тэгсэн чинь удалгүй 7 цагийн үед цагдаа нөгөө Э гэдэг ахтай хамт ирсэн. Тэгээд Б-ийн утас гээд авсан утсыг гаргаад ир гэхээр нь гаргаад ирсэн чинь Э ах миний утас байна гээд Энэхүүд өгсөн.гэх мэдүүлэг[4],

 

С.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 06 дугаар сарын 12, яллагдагчаар 07 дугаар сарын 16-ны өдөр тус тус өдөр мэдүүлсэн: ...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн орой 20 цагийн орчим А, Д бид гурав Аийн ажил дээр 2.5 литрийн 5 ширхэг том пиво авч тавиад би гэртээ харьчхаад шөнө 1 цагийн орчимд буцаж Аийн ажил дээр ирээд А, Д бид гурав нийлээд нөгөө авсан пивоо уусан. Тэгээд ууж дуусаад цаг харсан чинь 6 цаг болж байхаар нь гэртээ харилаа гэсэн чинь А суулгаж өгнө гээд бид хоёр гараад 18-ын буудал руу явж байсан чинь “... ” дэлгүүрийн урд талд туранхай өндөр ах тааралдахаар нь тамхи байна уу гэсэн чинь яахаараа чи надаас тамхи асуудаг юм бэ гээд маргалдсан. Тэгээд тэр ахтай маргалдаад нүүр рүү нь гараараа цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон чинь А дундуур орж ирж салгаад намайг 18-ын буудал дээрээс машинд суулгаж өгөөд угаалга руу явлаа гээд явсан. Тэгээд би гэртээ очоод байж байсан чинь 8 цагийн орчимд цагдаа ирээд намайг цагдаа руу авч явсан. Тэр ахын нэрийг Э гэж байсан. Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Би хохирогч Б.Э-д хохирлын мөнгө гэж 800,000 төгрөг бэлнээр өгсөн. гэх мэдүүлэг[5],

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 557 дугаартай “...Б.Э-ийн биед дээд уруулын салстын шарх, зүүн нүдний зовхи, салст, зүүн хацрын цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Э-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Э-ийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал гарах үед буюу 2020 оны 06 дугаар сарын 10-нд үүссэн байх боломжтой тухай өмнө гарсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №512 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1, 2, 3 дугаарт бичигдсэн болно. Б.Э-ийн бие учирсан гэмтэл нь цаашдын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд учирсан дээд уруулын салстын шарх, зүүн нүдний зовхи, салст, зүүн хацрын цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 110,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Э нь мөрдөн байцаалтад Хохиролд 800,000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт С-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 110,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 4-5 тал

[2] Хавтаст хэргийн 7-8, 9 тал

[3] Хавтаст хэргийн 10-12 тал

[4] Хавтаст хэргийн 12 тал

[5] Хавтаст хэргийн 13, 37-38 тал

[6] Хавтаст хэргийн 24-25  тал