Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0204/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Хохирогч Д.Н-,

Шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээ зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овгийн Г-ийн Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818002510232 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл 5, аав, ээж, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, ... тоотод оршин суух хаягтай, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3/16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 сарын хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б- овгийн Г-ийн Г-, /Регистрийн дугаар /.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, ... тоотод оршин суух иргэн Д.Н-ийн байшингийн цонхоор нэвтэрч 48 ичийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, ... тоотод оршин суух иргэн Д.Н-ийн байшингийн цонхоор нэвтэрч 48 ичийн Самсунг маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Н-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би гэрээ цоожлоод явсан. Манай гэр эзэнгүй, нөхөр Н.П- хөдөө ажилдаа явчихсан байсан. Нөхөр П- над руу утсаар залгаж гэрт хулгай орсон байна. гэж 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед хэлсэн. ... том өрөөнд байсан 48 инчийн самсунг маркийн зурагт хулгайд алдагдсан байсан. Манай гэрт хулгайч жижиг өрөөний цонхоор орсон байна лээ” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..би Г.Г-ийг багаас нь мэднэ, зурагтыг авах талаар зөвшөөрсөн зүйлгүй, зурагтаа буцаан авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед намайг ажил дээрээ байж байхад үл таних 2 залуу орж ирээд намайг зурагт авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэр 2 залууд зурагтыг чинь үзэж байгаад болъё гэж хэлсэн. Уг 2 залуу гарч яваад удалгүй Самсунг маркийн нимгэн лед зурагт бариад ороод ирсэн. Би тухайн зурагтыг шалгаад байж байхад цагдаа нар ирээд зурагт тавих гэж байсан хүмүүсийг аваад явсан. Тухайн хүмүүсээс энэ хэний зурагт юм гэхэд нэг нь миний зурагт гэж байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Н-нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар архиа дуусчхаад тэндээс гараад Г- манай эгчийнд хавтгай дэлгэцтэй зурагт байгаа. Тэрийг авчраад ломбарданд тавьчихъя гэж хэлсэн. Тэгээд намайг хоёулаа яваад ирье гэж хэлээд тэгээд хуучин захын урд зогсоол дээрээс Г- нэг таксины жолоочтой уулзаад хөлсөлж авч явахаар болсон. Тэр машинд суугаад ТМС-ийн хажуугаар гараад Хүнсний арын толгой руу өгссөн юм. Нэг гудамжны үзүүрт ирээд Г- таксины жолоочийг зогсоогоод манай найз ******* дагуулаад буусан. Намайг таксины жолоочийн хөлсийг өгөөгүй болохоор машинд үлдээсэн юм шиг байна лээ. Би жолоочтой юм яриад сууж байтал Г-, ******* 2 нимгэн дэлгэцтэй хар өнгийн зурагт тэврээд ирсэн. Тэгээд жолоочоос Г- ойрхон ломбард байна уу гэж асуухад 18-н буудлын хажууд байдаг гээд тийшээ хүргүүлсэн юм. Тэр ломбард руу орсон чинь согтуу хүнд үйлчлэхгүй гээд тэндээс зурагтаа Г- тэврээд буцаж гараад хуучин биржийн урд байдаг ломбард руу ороод байж байтал цагдаа нар ирээд бид 3-г барьж авсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...архиа ууж дуусчихаад тэр өндөр биетэй, улаан куртиктэй залуу ******* хоёулаа манайд очоод зурагт аваад ломбарданд тавчихъя. Чи наад залуугаа орхичих гэж хэлсэн. Тэгсэн манай найз ******* үгүй ээ, энэ манай найз байгаа юм аваад явъя гэж хэлсэн. Тэгээд тэр өндөр залуу хуучин биржийн зогсоолоос такси аваад ТМС-ийн урдуур гараад Хүнсний арын толгой руу өгссөн юм. Нэг гудамжны үзүүрт таксийг зогсоогоод тэр өндөр залуу буугаад намайг хоёулаа хамт оръё, чи зурагт өргөөд гаргаад өгчих, би согтуу унагаад хагалчихаж магадгүй гэж хэлээд намайг дагуулаад буусан юм. Гудамжаар өгсөөд нэг хашаа руу орсон. Хашаанд байсан байшингийн хаалгыг нь татсан чинь цоожтой байсан. Тэгэхээр нь би тэр өндөр залуугаас танайх мөн юм уу гэж асуухад манай ах, эгч хоёрынх байгаа юм. Ажилдаа явчихсан байгаа юм. Би зурагт авах ёстой юм. Цонх нь онгорхой байгаа, Цонхоор нь орчихъё гэж хэлсэн. Тэгээд тэр залуу цонхыг нь түлхсэн чинь онгойчихсон, цонхоор нь ороод намайг ороод ир гэж хэлсэн. Ортол том өрөөнд байсан зурагтыг заагаад энийг тайлчих, би тайлах юм аваад ирье гэж хэлээд цаашаа гал тогооны өрөөнөөс нэг заазуур, нэг нарийхан хутга авчирсан юм. Би тэр хананаас нь зурагтыг салгаад тогтоогчийг нь тайлж авсан. Тэгээд би түрүүлж гараад тэр залуу байшингийн дотроос нь зурагтыг нь авч өгсөн, …ломбард руу ороод зурагтыг тавих гэж байтал эргүүлийн цагдаа ирээд бид 3-г барьж авсан.” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Энэ өдөр 12 цаг 30 минутын үед цагдаагийн газрын 102-н ерөнхий жижүүр, дэслэгч******* Дархан сумын ******* тоотод хулгай орсон байна, очоод шалгаадхаач гэсэн дуудлага ирсэн. Ингээд очиход тухайн айлын байшин эзэнгүй, цоожтой, байшингийн зүүн талын цонх онгорхой байсан. ... жижүүрийн бүрэлдэхүүнийг ирэхэд хүлээлгэж өгөөд Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ..."Баян” нэртэй ломбарданд ороход үүдэнд нь 3 залуу зогсож байсан. Ломбардны хүнтэй уулзаж зурагт тавьсан уу гэж асуухад энэ гурван хүн сая зурагт тавихаар орж ирж байна гэж хэлсэн. Тэр 3 хүнийг цагдаа руу шалгуулахаар авч явсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

 

Гэрч О.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...үл таних 3 залуу ирээд 5000 төгрөг өгье, Мэргэжил сургалтын төвийн арын толгой яваад өгөөч гэсэн. Замдаа явж байхад тухайн залуучууд гэрээсээ зурагтаа аваад ломбарданд тавих гэсэн юм гэж ярьж байсан. 2 залуу нь машинаас буугаад очсон айлаасаа зурагт аваад гараад ирсэн, ...захын хажуу талын ломбарданд очоод байж байхад тухайн 3 залууг цагдаа бариад авсан. Өндөр туранхай залуу манай гэр гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/.

 

Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 46-47/,

 

Шүүгдэгч Г.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...буруу хэрэг хийснээ ойлгон хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Н-ийн 48 инчийн Самсунг маркийн зурагтыг буцаан олгосон, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан  ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, Г.Г-ийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б- овгийн Г-ийн Г-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Г-ийн Г-т 1 /нэг/ жил, 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Г-ийн Г-т оногдуулсан 1 /нэг/, 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн цагдан хоригдсон 6 хоногийг хорих ялын 6 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.
  2.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г-оос гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД