Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2017/00715

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  И.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Нт холбогдох Худалдах худалдан авах гэрээний төлбөр 2.000.000 төгрөг, сэлбэгийн үнэ 175.000 төгрөг, нийт 2175000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.О, хариуцагч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2017 оны 06 сарын 10-ны өдөр А.Н гэдэг хүнээс Эксель маркын автомашиныг 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг нь өгч машиныг нь аваад унаж үзэхэд аккумлятор суусан, паар нь халуун ус үлээдэггүй, дуут дохио ажилладаггүй, масло нь дэвэрч асгардаг, нүүрний шил хагархай, толь гацдаг зэргээр замын хөдөлгөөнд оролцож болохооргүй машин байсан. Мөн бичиг баримт нь өөр хүний нэр дээр зөрчилтэй байсан. Энэ машин ийм их эвдрэлтэй байсан учраас би унаж чадахгүй, нутаг хол тул буцааж өгч чадалгүй нэг сар болоод машиныг нь ээжийнх нь хашаанд буцааж аваачиж тавьсан. А.Н нь энэ машиныхаа эвдрэлийн талаар юу ч хэлээгүй, доголдолтой байсан гэдгээ мэдсээр байж намайг элэг барьж надад худалдсаныг хожим нь мэдсэн. Би Баянлиг сум руу авч явах замд доголдоод болохгүй болохоор нь жолооч хүмүүст үзүүлэхэд дээрхи эвдрэлүүд байсныг хэлсэн. Би энэ машинд аккумлятор, дугуй 175000 төгрөгөөр шинээр авч тавьсан. Иймд миний өгсөн 2.000.000 төгрөг дээр сэлбэг болгож тавьсан 175000 төгрөг нийт 2175000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ машиныг өрөө үзэж хараад бэлэн мөнгөөр нь авсан нь үнэн. Гэхдээ ийм их эвдрэлтэй болохыг мэдээгүй. Тэгээд тос нь дэвэрч асгарахаар нь нутгийн жолооч нарт үзүүлэлэхд эдэлгээний хугацаа дууссан муу машин байна гэсэн тул гэрээгээ цуцалж өгсөн мөнгөө болон 175.000 төгрөгийн сэлбэг тавьсны мөнгөө буцаан авах хүсэлтэй байна. Гэрээ цуцлах болсон шалтгаан нь би банкны зээлтэй мөнгө төгрөг муу байгаа болон эвдрэл гэмтэлтэй машин хуурч өгсөн тул гэрээгээ цуцлах хүсэлтэй байна. Энэ хүмүүс бол намайг бодвол малтай, хөрөнгөтэй, наймаа хийдэг улсууд тул мөнгөө буцаан авах хүсэлтэй байна. Хэрэв миний мөнгийг гаргуулахгүй бол би шат шатанд нь гомдол гаргах болно. Би айлын хашаа дайрч гэмтэл учруулсан нь үнэн, хохирлыг барагдуулна. Би энэ машиныг ойр зуур ус түлээнд өөрөө унах гэж авсан..гэв.

Хариуцагч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа:

А.Н миний бие нь И.Оийн нэхэмжлэлтэй аксент маркийн автомашиныг худалдан авсан үнэ болох 2.000.000 төгрөг, мөн сэлбэг худалдан авсан гэх 175.000 төгрөг болон нийт 2.175.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Би И.Отэй 2017 оны 06 сарын 09-ний өдөр харилцан тохиролцож аксент маркийн автомашиныг худалдсан. Гэтэл И.О 2017 оны 08 сарын 18-ны өдрийг хүртэл 2 сар гаран унаж эдэлж хэрэглэчихээд гэнэт худалдан авсан машины үнээ буцааж, мөн сэлбэг авч тавьсан гэж мөнгө нэхэмжилж байгааг нь ойлгохгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед И.О нь аксент маркийн машиныг үзэж хараад л өөрөө худалдаж авах саналыг тавиад бэлэн мөнгөө өгч амаар худалдах, худалдан авах гэрээг хийж авсан нь үнэн. Машины бичиг бүрэн шилжүүлж амжаагүй байсан. Би энэ аксент маркийн автомашиныг өөрийн хүргэн Цогоогоос худалдан авсан юм. Хүргэн маань таван толгойн том машин барьдаг болохоор машинаа шилжүүлж амжаагүй байсан ба түүнийг ирэхээр тээврийн газарт шилжилтийг нь хийлгэх байсан. Ингээд И.О нь танайх энэ машинаа надад зарчих би шууд авмаар байна гээд л 2017 оны 06 сарын 09-ний буюу өнөөдөр сайн өдөр тул одоо наймаагаа хийе гэж гуйсаар байгаад авсан. Мөн миний зарсан машин үзлэг оношлогоонд бүрэн хамрагдсан байсан. И.О нь худалдан авсан машинаа 2 сар гаруй унаж хэрэглэж өөрийн буруугаас эвдэлчихээд 2017.08.18-ны өглөө 06 цагийн орчимд манай ээжийн хашааг дайрч хашаанд оруулж тавьчихаад танай хүүгийн машиныг авахаа болилоо эвдэрхий машин байна гэж хэлээд үлдээсэн байсан. Надад ч яг хүлээлгэж үлдээгээгүй байж одоо мөнгөө авна гэж шүүхэд хандаж байгааг хүлээн зөвөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Би И.Оийг сайн танихгүй. Энэ машиныг өмнө нь намайг Баянлиг суманд ээжийндээ байхад ирж үзсэн юм. Тэгээд худалдан авъя гэсэн саналыг өөрөө гаргасан юм. 2017 оны 06 сарын 09-ний өдөр И.О нь намайг Баянлиг суманд ээжийндээ очоод байж байхад өөрөө ирж үзээд 2 сая төгрөгөө бэлэн өгөөд сайн өдөр тул авна гээд өөрөө унаж үзээд авч явсан. Би худалдах үедээ тос масло хийдэг газрын зааж өгөөд дохио болон бусад зүйлийг нүдээр үзүүлж харуулан хүлээлгэн өгсөн. Энэ машиныг би худалдан аваад 2 жил гаран унасан, 1995 онд үйлдвэрлэгдсэн машин юм. Ингээд худалдан аваад И.О нь 2 сар гаран унасан. Манай хажуугаар унаад яваад байсан. Хэрэв тэр үед тэгж их доголдолтой байсан бол хэлж ярих боломж байсан. Нэхэмжлэлд бичсэн шиг эвдрэл доголдол байгаагүй, худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, бичиг баримтаа дараа шилжүүлэхээр тохирсон байсан. Тэгээд 2017 оны 08 сарын 18-ны өдөр надад хэлэлгүйгээр ээжийн хашааг дайрч оруулж ирээд үлдээсэн байсан. Хашаа дайрснаас болж эвдрэл гарсан болохыг гэрэл зургаар харуулсан.Би доголдолтой машин худалдаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй..гэв.

Шүүх хуралдаанаар болон хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчдын тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.О нь А.Нт холбогдуулан автомашин худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэ 2.000.000, хохирол 175.000, нийт 2.175.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаан үүсгэжээ.

Үйл баримтаар А.Н нь 2017 оны 06 сарын 09-ний өдөр И.Од аксент маркийн 97-40 УНВ улсын дугаартай автомашиныг 2.000.000 төгрөгөөр худалдсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч буюу худалдан авагч И.О нь 2017 оны 08 сарын 18-ны өдөр хүртэл уг автомашиныг унаж хэрэглээд гэрээний зүйл болох автомашин нь биет байдлын доголдолтой, цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж үзэн худалдах худалдан авах гэрээг цуцалж гэрээний үнэ 2.000.000 төгрөг, сэлбэг хэрэгсэлд зарцуулсан 175.000 төгрөгөө буцаан гаргуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа автомашиныг 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч мөнгийг нь өгч машиныг нь аваад унаж үзэхэд аккумлъятор суусан, паар нь халуун ус үлээдэггүй, дуут дохио ажилладаггүй, масло нь дэвэрч асгардаг, нүүрний шил хагархай, толь гацдаг зэргээр замын хөдөлгөөнд оролцож болохооргүй машин байсан. Мөн бичиг баримт нь өөр хүний нэр дээр зөрчилтэй байсан. Энэ машин ийм их эвдрэлтэй байсан учраас би унаж чадахгүй, нутаг хол тул буцааж өгч чадалгүй нэг сар болоод машиныг нь ээжийнх нь хашаанд буцааж аваачиж тавьсан. А.Н нь энэ машиныхаа эвдрэлийн талаар юу ч хэлээгүй, доголдолтой байсан гэдгээ мэдсээр байж намайг элэг барьж надад худалдсаныг хожим нь мэдсэн..гэсэн бол Хариуцагч нь И.О нь машиныг өмнө нь намайг Баянлиг суманд ээжийндээ байхад ирж үзсэн юм. Тэгээд худалдан авъя гэсэн саналыг өөрөө гаргасан юм. 2017 оны 06 сарын 09-ний өдөр И.О нь намайг Баянлиг суманд ээжийндээ очоод байж байхад өөрөө ирж үзээд 2 сая төгрөгөө бэлэн өгөөд сайн өдөр тул авна гээд өөрөө унаж үзээд авч явсан. Би худалдах үедээ тос масло хийдэг газрын зааж өгөөд дохио болон бусад зүйлийг нүдээр үзүүлж харуулан хүлээлгэн өгсөн. И.О нь 2 сар гаран унасан. Манай хажуугаар унаад яваад байсан. Хэрэв тэр үед тэгж их доголдолтой байсан бол хэлж ярих боломж байсан. Нэхэмжлэлд бичсэн шиг эвдрэл доголдол байгаагүй, 2 сарын хугацаанд өөрөө эвдэлж гэмтээсэн байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй..гэж маргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй...гэснээс дүгнэвэл зохигчдын дунд автомашин худалдах, худалдан авах гэрээ бодитойгоор байгуулагдаж, худалдагч нь автомашиныг хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь автомашиныг хүлээн авч өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаад 2 сарын дараа автомашиныг биет байдлын доголдолтой гэж үзэн гэрээг цуцалж, гэрээний үнийг буцаан гаргуулахыг шаардсан байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд эд хөрөнгийн биет байдлын доголдлыг тодорхойлохдоо Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар нь бүрэн биш, дутуу, эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдалтай эд хөрөнгийг биет байдлын доголдолтой эд хөрөнгө байхаар хуульчилсан байна.

Үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч нь худалдан авсан автомашиныг хүлээн аваад ашиглах явцад аккумлъятор суусан, паар нь халуун ус үлээдэггүй, дуут дохио ажилладаггүй, масло нь дэвэрч асгардаг, нүүрний шил хагархай, толь гацдаг зэргээр замын хөдөлгөөнд оролцож болохооргүй автомашин байсан гэжээ.

Хэрэв автомашин дээрх байдлаар доголдолтой бол нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасанХудалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй..гэсний дагуу шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхээ Иргэний хуулийн 254.6-д заасан хугацааны дотор гаргах боломжтой юм.

Гэтэл зохигчид нь автомашиныг худалдах, худалдан авах хэлцэл хийхдээ бичгээр гэрээ хийгээгүйгээс эд хөрөнгө хүлээлцэх үедээ эд хөрөнгийн биет байдлын доголдол байгаа эсэх, байгаа бол доголдолыг хэрхэн арилгах, доголдолыг арилгахад гарсан зардлаа хэрхэн тооцох, баталгаат хугацаа тогтоосон эсэх зэрэг нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн хуулиар хүлээсэн үүргээ нэхэмжлэгч нь хангалттай хэрэгжүүлээгүйгээс хэлцэл хийх үед автомашин нь гэрээ цуцлах хэмжээнд хүрэхүйц доголдолтой байсан эсэхийг тогтоох боломжгүй нөхцөл үүсчээ.

Улмаар хэрэг хэлэлцэх явцад худалдан авагч И.О нь автомашин худалдан авах саналыг өөрөө гаргасан, эд хөрөнгийг нүд үзэн шалгаж хүлээн авсан, 2 сар гаруй хугацаанд ашиглаж байгаад буцаан өгсөн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэсэн нөхцөл тодорхойлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан..бол эд хөрөнгийн доголдолын талаар шаардлага гаргах эрхээ алдана гэснээр шаардлага гаргах эрхгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49750 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Оээс хариуцагч А.Нт холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үнэ 2.000.000, хохирол 175.000, нийт 2.175.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49750 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ