Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2017/00718

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, хурлын нарийн бичгийн дарга С.Үд холбогдох ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.А нь 2014 оны 05 сарын 22-ноос Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан бодогчоор ажилд анх орсон. Үүнээс хойш тасралтгүй 3 жил ажилласан. Харин байгууллагаас ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж нэг жил болоод сунгаад ажиллуулаад байдаг байсан. Миний бие ажиллах хугацаандаа ажлын хариуцлага, алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Би 2016 онд сонгуулиас өмнө эрх барьж байсан үед ажилд орсон учраас дараа сонгуулийн үр дүнд томилогдсон дарга та өмнөх бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байсан тул одоо хамтран ажиллах боломжгүй цаашид хөдөлмөрийн гэрээ сунгахгүй гэж хэлээд 2017 оны 05 сарын 08-нд Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга С.Ү нь намайг ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд ИТХ-ын нягтлан бодогчийн ажилд буцаан тогтоох, ажилгүй байсан 1 сарын 727671 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү..

2017 оны 10 сарын 16-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа;

Хариуцагч талаас МУЗЗНДНТУТХ-ийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасны дагуу бүтэцээ шинэчлэн тогтоож алба нь дотороо цоо шинээр Олон нийттэй харилцах хэлтэс, Зохион байгуулалтын хэлтэс байхаар тогтоож шинэ бүтцээр 2017 оноос эхлэн ажиллаж, ажилтнуудынхаа ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан. Ажлын албаны нягтлан бодогчийн ажлын ачаалал бага байгаад дүгнэлт хийн одоогийн байдлаар манайд санхүү, төсөв хариуцсан ажилтан болгож хийх ажлын чиглэлийг өөрчлөөд байгаа болно гээд холбогдох баримтыг ирүүлжээ. Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.09.05-ны өдрийн 77 дугаар тогтоолын хавсралтаар өмнө ажиллаж байсан ажлын байр огт хасагдаагүй, харин тус тогтоолын хавсралтын зохион байгуулалтын хэлтэс гэх нэгжид санхүү, төсөв хариуцсан ажилтан гэсэн нэршил өгч өмнө нь ажиллаж байсан ня-бо ийн ажлыг хийлгэж байгаа нь тогтоогдож байна. Энэ нөхцөл байдал нь шүүхэд нэхэмжлэл өгсний дараа гарсан тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Дээрх тогтоолоор ня-бо гэсэн ажлын байр алга болоогүй тус ажлын байр нь хэвээр хадгалагдаж харин нэршил нь өөрчлөгдсөн, хариуцагч нь нягтлан бодогч гэсэн ажлын байр байхгүй гэж тайлбарлаж байгаатай холбогдуулаад хөдөлмөрлөх эрхээ хамгаалах зорилгоор дараах байдлаар нэхэмжлэлээ нэмэгдүүлж байна. Үүнд Г.А намайг аймгийн ИТХ-ын Санхүү, төсөв хариуцсан ажилтны ажилд томилохыг хариуцагчид даалгаж өгнө үү.. гэжээ.

Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Миний бие 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нягтлан бодогчоор ажилд орсон. Тухайн үед нягтлангуудыг сэлгэн ажиллуулах тухай Засаг даргын захирамж гарч тус газар нийт 3 жил ажилласан. Энэ хугацаанаас хойш 2016 онд төр өөрчлөгдөж, 2017 онд бүрэн эрх барьж байгаа хүмүүс урьд эрх барьж байсан үеийн хүмүүстэй ажиллаж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй, хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэж хэлээд ажлаас халсан. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй, ажлаа хэвийн хийж байсан. Иймд би ажилдаа эгүүлэн орох, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй. Надтай зөвшилцөж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон зүйл байхгүй. Ажлаа өгөхийг шахаад байхаар нь тушаалаа гаргаад өгчихөө гэсэн юм. Би бол ямар нэгэн нам бус хүн. Мөн намайг ажлаас чөлөөлөх болсон талаар нэг албан бичиг үзүүлсэн бөгөөд гардуулж өгөөгүй. 2016 онд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Миний хуучин хийж байсан нягтлан бодогчийн ажлын байрны нэрийг өөрчилж төсөв санхүү хариуцсан ажилтан гэж өөрчилсөн байгаа. Мөн би ажиллаж байх үедээ аймгийн ИТХ-ын дэргэдэх өмчийн албаны нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Хавсарч байсан ажлын байр нь өөр албанд шилжсэн тул хавсран гүйцэтгэхээ больсон юм. Миний үндсэн цалин 556393 төгрөг бөгөөд үүн дээр ур чадвар, хоолны нэмэгдэл нэмэгддэг байсан . Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнд ажил хавсран гүйцэтгэсний 40 хувь ороогүй, энэ нэмэгдэл тусдаа бодогдож мэдүүлэгддэг байсан. Би хариуцагчтай эвлэрэх боломжгүй, төрийн албанд ажиллах сонирхолтой байгаа..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2 үндэслэл бүхий Г.Аыг ажлаас халсан тухай тушаалыг гаргасан байдаг. Нэг: Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсон гэх, хоёрт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар Аж ахуй нэгж татан буугдсан, орон тоо хасагдаж, цөөрүүлсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан нь хоорондоо зөрчилтэй, үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргахдаа зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж, өмнө нь хийж байсан ажлын байр нь байгаа нэрийг нь өөрчилсөн, ажлын байрыг хадгалж байгаа гэсэн тайлбарыг өгч байх тул шүүх тус асуудлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсон гэдэг нь 2 тал хоорондоо ямар нэгэн байдлаар зөвшилцөж, бичиг баримт үйлдэхийг хэлнэ. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад хоорондоо зөвшилцсөн талаарх баримтууд харагдахгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо өөрчлөгдсөн, татан буугдсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч тал үүнийгээ нотлож чадаагүй. Өөрөөр хэлбэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба гэж байгаа хэдий ч нэг ч хүн хасагдаагүй, нэг ч ажлын байр нэмэгдээгүй байдаг. Харин нягтлан бодогч гэсэн ажлын байрын чиглэл нь нэмэгдэж өөрчлөгдсөн, ажлын байр хадгалагдаж байгаа гэсэн тайлбарыг өгч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан Г.Ат мэдэгдэл хүргүүлсэн гэж маргадаг. Хэрэв мэдэгдэл хүргүүлсэн бол 1 сар биш 45 хоногийн өмнө үндэслэл бүхий мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн байх ёстой. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.1-ийг зөрчиж гаргасан хууль бус тушаал байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байрны тодорхойлолт байдаг. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажлыг хариуцлагажуулах, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байгаа нь хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна. Г.А нь тус ажлын байранд 3 жил ажиллласан бөгөөд туршилтын болон сургалтын хугацаа дууссан, жинхэлсэн гэсэн асуудал харагдана. Г.Аыг ажлаас халсан тухай Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,37 дугаар зүйлийн 47.1.1 лэх заалтуудыг зөрчсөн байх тул түүнийг ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг нөхөн бичүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох төрийн үйлчилгээний 8-ийн 1-ийн үндсэн цалин 556393 төгрөг, нэмэгдэл 111278 төгрөг, хоолны мөнгө 60000 төгрөг, нийт 727671 төгрөг болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин нь үндсэн цалин, нэмэгдэл, урамшууллаас бүрдэнэ гэж заасан байдаг тул хоолны мөнгө, нэмэгдлийн мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасах үндэслэл байхгүй юм. Иймд дээрх мөнгийг хариуцагчаас бүрэн гаргуулах үндэслэлтэй гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ү шүүхэд гаргасан тайлбартаа:

1. МУ-ын ЗЗНДНТУТХ-ийн 3-р бүлгийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо цалингийн санг Төсвийн тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг үндэслэн тухайн жилийн төсвийн хуваарьт багтаан өөрөө тогтооно гэсэн байдаг. Энэхүү хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын алба бүтцээ шинэчлэн тогтоож алба нь дотороо цоо шинээр Олон нийттэй харилцах хэлтэс, Зохион байгуулалтын хэлтэс гэсэн 2 хэлтэстэй байхаар тогтож шинэчлэн баталсан болно. Ажлын албаны нягтлан бодогчийн ажлын ачаалал туйлын бага байхад дүгнэлт хийж одоогийн байдлаар манайд санхүү, төсөв хариуцсан ажилтан болгож хийх ажлын чиглэлийг нь өргөтгөсөн болно. /шинэ бүтэцийн тогтоолыг хавсаргав/

2. МУ ын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтын дагуу хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид сунгагдахгүй болсон тул 2016.04.18-ны өдрөөс 05 сарын 18-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай албан мэдэгдлийг өөрт нь өгсөн. Мэдэгдэх хуудас дууссан үед Г.А хэрвээ өөрчлөх гэж байгаа бол тушаалаа гаргачих гэж өөрийн биеэр өрөөнд орж ирж хэлсэн. Үүнийг Г.А өөрөө нотолно.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 д заасны дагуу ажлаас чөлөөлсөн шийдвэрээ өгч түүнд МУ-ын Их хурлын 2016.09.09-ний өдрийн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 47 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтын 5 дахь заалтыг үндэслэн 3 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1.669.179 төгрөгийг олгосон.

7. Хөдөлмөрийн гэрээг дуусгавах болгож ажлаас чөлөөлөх болсноо мэдэгдэж аймагт үйл ажиллагаа явуулж буй Өлзийт МСҮТ-ийн захирал С.Бямбадоржтой зөршилцөж тус сургуульд 500.000 төгрөгийн цалинтай дэд захирал бөгөөд нягтлан бодогчоор ажиллах санал тавьсан боловч Г.А өөрөө бодож үзье гэсэн боловч хийх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн.

5. Ажил сайжруулах шаардлагын үүднээс аймаг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нягтлан бодогч ажилд авна гэж зарлуулсан бөгөөд энд 2 хүний материал ирж ярилцлагын аргаар сонгон шалгаруулж аймгийн ЗДТГ-ын СТС-ын хэлтсийн даргын зөвшөөрлийн дагуу санхүү, төсөв хариуцсан ажилтнаар О.Алтансүхийг 3 сарын хугацаагаар түр томилж, 2017.08.22-нд жинхэлсэн бөгөөд түүнтэй шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна.

6. МУ-ын Төрийн албаны зөвлөлийн төсвийн шууд захирагч, менежер, төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх, урамшуулал олгох тухай 2012 оны 134 дүгээр тогтоолоор байгууллагын ажиллагсдад жилийн эцэст урамшуулал олгодог. Энэхүү урамшуулалд олгох байсан. 7.140.811 төгрөгийг олгож чадаагүйд манай албаны нэр бүхий 11 хүн гомдолтой байдаг бөгөөд одоо хүртэл нөхөж олгохыг шаардсаар байна. Энэ нь МУ-ын Төсвийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй зөрчсөн байна.

7. Нягтлан бодогчийн үндсэн үүргийн нэг нь МУ-ын шилэн дансны духай хуулийг хэрэгжүүлж төсвийн ил тод байдлыг хангах, түүнийг мэдээлж байх ёстой. Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын хийсэн судалгаагаар хуулийн дагуу мэдээлж ил тод байршуулах ёстой дараах мэдээллийг 2016 онд байршуулаагүй, хариуцлагагүй хандсаныг аудитын судалгаагаар нотолсон байна. Үүнд а/ Төсвийн хэмнэлт, хэтрэлт түүний шалтгааныг мэдээлэх. б/ Хуулийн 6.4.8-т ..төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэр мэдээллийг 7 хоногийн дотор мэдээлэх”.. заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй

в/ Санхүүгийн хагас болон бүтэн жилийн тайланг байршуулаагүй

г/ Төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг мэдээлээгүй нь ня-бо гийн хийх ёстой ажил байтал хариуцлагагүй хандсан. Эдгээр нь МУ-ын Шилэн дансны тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 4-р зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан зарчмыг ноцтой зөрчсөн байна. Дээрх шаардлага, бодит үндэслэлүүд байгаа тул Г.Аыг аймгийн ИТХ-ын нягтлан бодогчоор эгүүлэн томилох боломжгүй байгааг илэрхийлье гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд өөрийн орон тоо бүтцийг өөрчлөн шинэчлэн тогтооно, орон тоо төсвийг өөрөө батлан тогтооно гэж нэгжийн тухай хуулинд заасан байдаг. Үүний дагуу 2016 оны 09 сард Тэргүүлэгчдийн хурлаараа шийдээд ажлын албыг хоёр хэлтэстэй байхаар бүтцээ өөрчилсөн. Ингээд бүтэц өөрчлөгдсөний дагуу нягтлан бодогчийн ажлыг зөвхөн нягтлан бодогч биш санхүү төсвийн мэргэжилтэн гэж ажлын байрны тодорхойлолтыг нэмж өгөхгүй бол хязгаарлагдмал орчинд ажиллаад байна гэсэн дүгнэлт гарсан. Энэ бүтцээр ажиллаад хөдөлмөрийн гэрээгээ нэг жил болгон сунгадаг. Энэ онд нэгэнт бүтцийн өөрчлөлт хийж байгаа тул ажил өөрчлөх шаардлага байна гэдэг утгаар нь Г.Аын ажлыг өөрчилж шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн. Энэ бүтцээр нягтлан бодогчийн ажлын байрыг өргөтгөн төсөв, санхүү хариуцсан ажилтан болгосон, шинэ орон тоо нэмэгдсэн, хасагдсан зүйл байхгүй. Тухайн байгууллагаас Г.Аыг ажлаас гарахад нь өөртэй нь ярилцаж тохиролцон 3 сарын тэтгэмж болох 2000000 төгрөгийг өгсөн.Тэтгэмжийг ямар нэгэн татгалзалгүйгээр хүлээн авсан нь ажлаас гарахаа зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох юм. Мөн түүнтэй ярилцаад нягтлан бодогчийн зүгээс Шилэн дансны хууль, Төсвийн тухай хууль тодорхой цаг хугацаанд хийгдээгүй зөрчилтэй асуудал байгаа тул ажлаас нь чөлөөлсөн тухай тайлбарыг өгч байсан. Түүний орон санхүүгийн магистр зэрэгтэй ажлын дадлагтай хүн авч ажиллуулсан. Г.А нь ТҮ-8.1 ээр цалинждаг, байнгын ажлын байранд ажилладаг. 2016 онд хөдөлмөрийн гэрээ байгуулсан , жил бүр 1 жилийн хугацаатай байгуулдаг нь ажилчдыг сахилгажуулах зорилготой юм. Миний хувьд Г.Атай зөвшилцөөд, ажлаас гарах мэдэгдлийг хугацаанд нь өгөөд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж ойлгож байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ..гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, хурлын нарийн бичгийн дарга С.Үд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүсэн шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Г.Ариунбуян нь 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан бодогчоор томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.

Ингээд тус аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 52 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, УИХ-ын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол Улсын Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 47 дугаар тогтоолын 7-дугаар хавсралтын 5 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа Би 2016 онд сонгуулиас өмнө эрх барьж байсан үед ажилд орсон учраас дараа сонгуулийн үр дүнд томилогдсон дарга “та өмнөх бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байсан тул одоо хамтран ажиллах боломжгүй цаашид хөдөлмөрийн гэрээ сунгахгүй”.. гэж хэлээд 2017 оны 05 сарын 08-нд Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга С.Ү нь намайг ажлаас чөлөөлж, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.. гэснээс үзвэл Г.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар захиргааны санаачлагаар ажлаас халагдсантай холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1. Ажил олгогчоос Г.Аыг ажлаас чөлөөлөх үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохирсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг тодорхойлсон боловч нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар зохигчид харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон эсэх нь тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байна.

Мөн тушаалын 2 дахь үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлийг тодорхойлсон байна.

Тодруулбал Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 77 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс дээрх байдлыг тайлбарлахдаа ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа хуучин бүтцээр ажиллаж байсан нягтлан бодогчийн ажлын байр нэршлийг өөрчилж илүү өргөжүүлэн санхүү төсөв хариуцсан мэргэжилтэн гэж өөрчилсөнтэй холбон тайлбарласан байна.

Улмаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 77 дугаар тушаалаар О.Алтансүхийг аймгийн ИТХ-ын ажлын албаны санхүү, төсөв хариуцсан ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Түүнтэй байгуулсан 2017 оны 08 сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тэрээр Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан эрх үүргийн хүрээнд байгууллагын төсөв хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих, орлогын эх үүсвэр бий болгох зэргээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн ажиллуулахаар тогтсон байна.

Дээрх байдлаас дүгнэхэд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 77 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд энэ тогтоолоор аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх, тушаал хууль ёсны, үндэслэл бүхий байх шинжийг агуулах юм.

Иймд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 52 дугаар тушаал нь дээрх шаардлагуудыг хангаагүй, Хөдөлмөрийн хууль зөрчиж Г.Аыг ажлаас үндэслэлгүй халсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч байгууллагаас Г.Аыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 2 өөр утга, агуулга бүхий заалтуудыг нэг агуулгаар ойлгож, хуулийг буруу хэрэглэсэн, Г.Атай 2016 онд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ сунгасан эсэх нь тодорхойгүй зэрэг зөрчил дутагдал байгааг дурдаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Аын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянахад

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, олговорт ажлаас халагдсанаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ..гэснээр тодорхойлж, нэхэмжилсэн байна

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа үндсэн цалин 556393 төгрөгийг ур чадвар, хоолны нэмэгдэлтэйгээр авч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Г.Аын цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тодорхойлохдоо түүний сүүлийн 3 сар буюу амралтын мөнгө бодогдоогүй сар болох 1-3 сар болох 733672+712672+730672= 2.177.016 : 3= 725.672 /дундаж цалин/ : 21.5 /ажлын хоног/ = 33752 төгрөг/нэг өдрийн цалин/ ийг Г.Аын ажилгүй байсан хугацаа 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 102 хоногт тооцож, 3.442.704 төгрөгийг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө.. гэж заасан нь нэхэмжлэгч ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар хуульчилжээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Г.Аын 2017 оны 05 сарын 18-ны өдрөөс 2017 оны 10 сарын 16 ны өдөр хүртлэх хугацааны цалин олговор болох 3.442.704 төгрөгөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгч Г.Аын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд даалгах нь зүйтэй байна

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа өөрийн биеийг аймгийн ИТХ-ын Санхүү, төсөв хариуцсан ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоолгохыг даалгах шаардлага гаргасныг хянахад Г.Аыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 52 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн бол түүнээс өмнө буюу 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 77 дугаартай ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор ажлын албаны бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн бөгөөд, Г.А нь ажлаас халагдах хүртлээ энэ бүтэц зохион байгуулалтын дагуу ажиллаж байсан болох тогтоогдож байна.  Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Г.А нь 2016 онд МУ-ын Төсвийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй зөрчсөн, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллагаагүй, ажилдаа зөрчил дутагдал гаргасан нь ажлаас халагдах нэг үндэслэл болсон ..гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болохгүй буюу хэрэгт хамааралгүй гэж үзэн холбогдох нотлох баримтыг шүүх үнэлээгүй болно.

Иймд Г.Аыг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Санхүү, төсөв хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3.442.704 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимжтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Аыг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Санхүү, төсөв хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.442.704 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ат олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Аын ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, хурын нарийн бичгийн дарга С.Үд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ