Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00168

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Ө.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00967 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Оюун-Эрдэнэд холбогдох

“Гэм хорын хохирол 1.003.360 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Д.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ө.Гантөмөр миний бие Орхон аймгийн Эрдэнэтийн ДЦС-д Химийн цехийн ээлжийн аппаратчинаар ажилладаг бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө ажил дээрээ ажлаа хүлээж аваад байж байтал ээлжийн лаборант ажилтай Д.Оюун-Эрдэнэ нүүр рүү халуун ус цацаж, хэл амаар доромжлон зүүн талын гуян тус газарт өшиглөснөөр даралт ихсэж, зүрхээр хатгуулан дотор муухайран ажил хийх ямар ч чадваргүй болсон. Энэ өдөр арай гэж ажлаа хийж өдрийг өнгөрүүлсэн. Шөнөдөө биеийн байдал муудаж өглөө нь БОЭТ-ийн хүлээн авах дээр очиход эмч нь үзээд гэмтлийн тасгийн эмч Болдод үзүүл гэснээр Болд эмч үзээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Намайг гуйлгачин, боловсролгүй, тэнэг мангар, хүнтэй адилхан царай зүстэй биш чам шиг юм шүүх цагдаагаар явсан ч чамайг тоох хүн байхгүй гэх мэтээр авирлаж хашгирч байсан учир би нэг ч үг хэлэлгүй шууд шоконд орсон. Энэ шокын байдлаасаа гарч чадахгүй 10 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Энэ байдлаа бичээд Орхон аймгийн цагдаагийн газарт хандахад ажлын байрандаа танхайрч, бусдын эрх чөлөөнд халдсан байна гэж захиргааны арга хэмжээ авсан гээд хэрэг хаагдсан. Тухайн үед би 312.000 төгрөгийн төлбөр төлж эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй учир барьцаалан зээлдүүлэх газраас    400.000 төгрөг зээлдэж аваад 347.000 төгрөгийг эмнэлэгт төлж үлдэх мөнгөөр нь гаднаас эм тариа авсан. Бусдад зодуулсны улмаас барьцаалан зээлдүүлэх газраас 400.000 төгрөг зээлдэн авч хүүд нь 240.000 төгрөг төлсөн. Цалингийн зөрүү 416.360 төгрөг, эмчилгээний төлбөр 347.000 төгрөг нийт 1.003.360 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгийг өгөөч гэж Д.Оюун-Эрдэнэд хэлсэн боловч нэг ч төгрөг надад өгөөгүй. Иймд Д.Оюун-Эрдэнээс хохиролд 1.003.360 төгрөг гаргуулан олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 8 цагт ажил дээрээ Ө.Гантөмөртэй муудалцаж хоорондоо маргалдсан юм. Учир нь Ө.Гантөмөр намайг гар хөл нь муу чөтгөрийн хорлолтой гээд хүнд хэлсэн байх бөгөөд намайг элдвээр хэлж доромжилсонд нь уур хүрээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн юм. Гэвч тухайн үед хүчтэй цохиж, зодож гэмтэл учруулаагүй ба шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй юм. Гэхдээ хоорондоо хэрэлдэж ажлын байранд хэрүүл хийсэн гээд надад захиргааны арга хэмжээ авсан болно. Би энэ хүнийг санаатай цохиж зодоогүй байхад одоо иргэний журмаар нэхэмжлэл гаргаад байгаад гайхаж байна. Би энэ мөнгийг төлөх ч үүрэггүй гэж бодож байна. Учир нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байхад гэмтлийн эмнэлэгт ямар учраас хэвтэж эмчлүүлж байгаа нь тодорхойгүй байна. Мөн ломбарднаас авч хэрэглэсэн зээлийн хүүг би төлөх ч үүрэггүй. Цалингийн зөрүү надаас ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлгүй юм. Би халуун ус цацаагүй, ууж байсан аягатай уснаас маргалдаж байхад цацагдсан ба эсрэгээрээ намайг элдвээр хэлж доромжлоод байсан шүү дээ, зүүн хөл рүү нь шүргээд өнгөрсөн, хүчтэй өшиглөөгүй, хэрвээ хүчтэй өшиглөсөн бол гэмтлийн зэрэг тогтоодсон байх учиртай юм. Тухайн үед надад миний зүүн хөлөнд гэмтэл учруулсан гээд үзүүлэх байхдаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00967 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оюун-Эрдэнээс 534 352 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Гантөмөрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 469 008 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюун-Эрдэнээс 16 680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Гантөмөрт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Оюун-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн бөгөөд надаас 763.360 төгрөгний 30 хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү 30 хувийг бодож үзэхэд миний бие нэхэмжлэгчид 229.008 төгрөгийг төлөх тооцоо гарч байна.

Гэтэл шүүх миний төлөх төлбөрийг 534.352 төгрөг гэж алдаатай дүнгээр бодсон байх тул түүнийг зөвтгүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.26-ны өдрийн 967 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ө.Гантөмөр хохирол 1.003.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Оюун-Эрдэнэ нэхэмжлэгчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, би захиргааны арга хэмжээ авагдсан тул шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Д.Оюун-Эрдэнэ нэхэмжлэгчийн зүүн хөл рүү өшиглөж, нүүрний хэсэгт ус цацаж хоорондоо маргалдсан ба уг зөрчлийн улмаас хариуцагч захиргааны шийтгэл хүлээсэн болох нь тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Д.Оюун-Эрдэнэний гаргасан захиргааны зөрчлийн улмаас нэхэмжлэгч Ө.Гантөмөр тус аймгийн Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвийн гэмтлийн тасагт 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 9 хоног хэвтэж эмчлүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зөрүү 416.360 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр 347.000 төгрөг нийт 763.360 төгрөгийн хохирлыг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин шүүх хохирлын хэмжээг багасгахдаа  нэхэмжлэгчийн архаг суурь өвчин нөлөөлсөн гэж үзсэн нь хуулийн зохицуулалтанд нийцээгүйгээс гадна хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон 534.352 төгрөгийн хохирол нь хариуцагчийн төлөх ёстой 736.360 төгрөгийн 70 хувиар тооцогдохоор байхад 30 хувь гэж бичсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Ө.Гантөмөр өөрт хохирол учрахад түүний болгоомжгүй эс үйлдэл нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно“ гэж заасны дагуу хариуцагчийн төлөх ёстой 763.360 төгрөгийн хохиролоос 70 хувь буюу 534.352 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжтой ба анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул хариуцагч Д.Оюун-Эрдэний гаргасан “төлөх ёстой хохирол 736.360 төгрөгийн 30 хувь буюу 229.008 төгрөг төлөхөөр тул зөвтгүүлж өгнө үү..“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй  байна.

Шүүх цаашид техникийн болон хайнга хариуцлагагүй алдаа зөрчил гаргахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/00967 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.680 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ