Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,                                            

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Хохирогч Г.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа,

Шүүгдэгч Ч.Баяр-Одонцагаан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Ууул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чимэдбазарын Баяр-Одонцагаанд холбогдох эрүүгийн 201626030430 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймагг төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 11-273 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3-50 тоотод оршин суух, “Батжин трейд” ХХК-д хэвлэгч ажилтай,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ЗИ85110811/ Боржигон овогт Чимэдбазарын Баяр-Одонцагаан нь:

- 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 23-24 цагийн  үед согтуугаар Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 11-273 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Г.Солонгыг утсаар нь эрэгтэй хүн ярьсан, “хайраа гэх мессеж ирж байсан” гэж хардан маргалдаж, улмаар Г.Солонгыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Солонго мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... 2016 оны 03 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед гэртээ ороход нөхөр Ч.Баяр-Одонцагаан нь согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би  унтаж байхад нь сэрээгээд “ Чи 3 дугаар сарын 07-ноос 09-ны хооронд архи уулаа “ гээд уурласан. Тэгээд бид хоёр маргалдаж манай нөхөр над руу уурлаж миний нүүр рүү гараараа 2-3 удаа алгадаад авсан. Тэгтэл миний гар утас дуугартал нөхөр утсыг нь минь авсан. Утасны цаанаас нэг эрэгтэй хүн дуугарсан гэж надад хэлээд намайг хардаад зодсон юм. Тухайн шөнө гэрт манай нөхөр бид хоёроос өөр хүн байхгүй байсан юм. Ч.Баяр- Одонцагаан нь миний биеийн нүүр, нуруу, хөл, гуя зэрэг битүү цохиж хөхрүүпсэн. Нүүр хэсгийг минь маажсан юм. Миний биеийн цээж рүү гараараа цохьсон. Мөн миний зүүн талын хавирга руу гараа болон хөлөөрөө өшиглөсөн юм. Миний биед үүсгэсэн гэмтэл шархыг Ч.Баяр-Одонцагаан нь цохиж үүсгэсэн. Ямар нэгэн мод чулуу зэрэг эд зүйлсээр цохиогүй юм. Надад одоо гомдол санал байхгүй. Харин эмчилгээний зардал мөнгө болон цаашид хийгдэх эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байна. Миний гар утас дуугарахад нөхөр авч “эрэгтэй хүн чамайг асууж байна” гээд хардалтаас болж намайг зодсон юм...” гэжээ. / хх 16-18 /,

Гэрч Б.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нөхөртөө зодуулсан гээд ажил дээр ирснийг нь мэдсэн.  Г.Солонгыг харахад эрүүн доод, хүзүү, шанаа хэсэгт маажуулсан сорвитой, нүүр эрүү шанаа хэсгээрээ битүү хавдсан харагдсан. Мөн өөрөө хэлэхдээ нуруу болохгүй байна. Амьсгал авч юм ярьж болохгүй байна гэж хэлж байсан. Ил харагдах дээрх гэмтлүүд надад харагдсан...” гэжээ. / хх 21-22 /,

Шүүхийн  шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн шинжээчийн 3506 тоот дүгнэлтэнд:

1. Г.Солонгын биед зүүн 11-12 дугаар хавирганы далд хугарал, нүүр хүзүүнд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга шуу, гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ...” / хх 26 /,

Шинжээч О.Болороог мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Хохирогчийн биед учирсан зүүн 11-12-р хавирганы далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд юм. Хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зурагт үзүүлснээр гал тогооны шүүгээний зүүн доод хэсгийг ар нуруугаараа хүчтэй мөргөх үед үүсэх боломжгүй. Хүний 11-12-р хавирга гэдэг нь сул байдаг богино хавиргуудыг хэлнэ гэжээ...” / хх 29-30 /,

Шүүгдэгч Ч.Баяр-Одонцагааныг 2016.04.04-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 38-39 /, 2016.05.19-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-42 /,

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 46 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Баяр-Одонцагаан мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би 17.00 цагийн үед гэртээ ирсэн юм. Орой нь манай эхнэр 23.00 цагийн орчим гаднаас бага зэргийн согтолттой машин барьж ирэхээр нь “согтуу машин барьлаа” гэж бага зэрэг уурласан. Тэр үед манай эхнэрийн утсанд эрэгтэй хүнээс мессэж ирэхэд нь хардаж маргалдсан. Тухайн үед би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд эхнэрээ хардаж зодоод түүний биед гэмтэл учруулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Солонго мэдүүлэхдээ: Маргаан гарахад бидний хэн хэний маань буруу байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Нөхөрт маань хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ч.Баяр-Одонцагаан нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 23-24 цагийн орчим Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 11-273 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Г.Солонгыг “хайраа гэх мессеж ирж байсан” гэж хардан маргалдаж улмаар Г.Солонгыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- 2016 оны 03 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед нөхөр Ч.Баяр-Одонцагаан нь согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би  унтаж байхад нь сэрээгээд “ Чи 3 дугаар сарын 07-ноос 09-ны хооронд архи уулаа “ гээд уурласан. Бид хоёр маргалдаж манай нөхөр над руу уурлаж миний нүүр рүү гараараа 2-3 удаа алгадаад авсан. Тэгтэл миний гар утас дуугартал нөхөр утсыг нь минь авсан. Утасны цаанаас нэг эрэгтэй хүн дуугарсан гэж надад хэлээд намайг хардаад зодсон юм. Ч.Баяр- Одонцагаан нь миний биеийн нүүр, нуруу, хөл, гуя зэрэг битүү цохиж хөхрүүпсэн. Нүүр хэсгийг минь маажсан юм. Миний биеийн цээж рүү гараараа цохьсон. Хардалтаас болж намайг зодсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Солонгын мэдүүлэг  / хх 16-18 /,

-  2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нөхөртөө зодуулсан гээд ажил дээр ирснийг нь мэдсэн.  Г.Солонгыг харахад эрүүн доод, хүзүү, шанаа хэсэгт маажуулсан сорвитой, нүүр эрүү шанаа хэсгээрээ битүү хавдсан харагдсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Болор-Эрдэнийн мэдүүлэг / хх 21-22 /

- Хохирогч Г.Солонгын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан талаархи Шүүхийн  шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3506 тоот шинжээчийн дүгнэлт / хх 26 /,

- Хохирогчийн биед учирсан зүүн 11-12-р хавирганы далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд юм. Хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зурагт үзүүлснээр гал тогооны шүүгээний зүүн доод хэсгийг ар нуруугаараа хүчтэй мөргөх үед үүсэх боломжгүй. Хүний 11-12-р хавирга гэдэг нь сул байдаг богино хавиргуудыг хэлнэ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн шинжээч О.Болороогийн мэдүүлэг  / хх 29-30 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.Баяр-Одонцагааныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах  нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:          

1. Боржигон овогт Чимэдбазарын Баяр-Одонцагааныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баяр-Одонцагааныг 1 / нэг / жил, 6 / зургаан / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Баяр-Одонцагаан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4  дэх хэсэгт   зааснаар Ч.Баяр-Одонцагаанд оногдуулсан 1 / нэг / жил, 6 / зургаан / сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Баяр-Одонцагаанд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                  С.ОЛЗОД