Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  О.Цд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Ц.Бат-Эрдэнэ

            Шүүгдэгч                                           О.Ц

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, О.Цд холбогдох 1812005200308 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Оийн Ц

 

О.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг, Дахт гэх газраас иргэн С.Доржтовуугийн 6 тооны адууг хулгайлж, 4.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас О.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Б овгийн Оийн Цг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж; Шүүгдэгч О.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж; Шүүгдэгч О.Цд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж; Шүүгдэгч О.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн мотоциклийг О.Цд хариуцуулсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Мустанг 5 маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож; Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж; Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянавал:

О.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг, Дахт гэх газраас иргэн С.Доржтовуугийн 6 тооны адууг хулгайлж, 4.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ.

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч О.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Цд холбогдох хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч О.Цг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Учир нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Цд бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхдээ нийтийн ашиг сонирхолд тустай яг ямар ажил хийлгэх талаар заагаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхэгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсгийг үндэслэж гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/168 тоот тушаалын хавсралтаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллагын нэрсийг баталсан байна. Дээрх шийдвэрийг үндэслэн тус прокурорын газраас тусдаа ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажиллуулах байгууллага, ямар ажил хийж гүйцэтгэх боломжтой байгаа талаарх саналыг анхан шатны шүүхэд 7 хоног дутам хүргүүлж байгаа билээ.

Иймд О.Цд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нийтийн ашиг сонирхолд тустай яг ямар ажил хийлгэхийг шүүхийн шийдвэрт заалгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь О.Цд нийтэд тустай яг ямар ажил, хаана хийж гүйцэтгэх талаар тодорхой дурдаагүй байгаа учраас шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Прокурорын саналыг үгүйсгэхгүй. Яагаад Архангай аймгийн Хот тохижилт үйлчилгээний газарт ажил хийж болдоггүй юм. Болохгүй зүйл байхгүй. Цаашид нийтэд тустай ажил хийлгэхдээ хаана ямар ажил хийхийг зааж байх шүүхийн практик тогтоох байх гэж бодож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч О.Цд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг, Дахт гэх газраас иргэн С.Доржтовуугийн 6 тооны адууг хулгайлж, 4.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Анхан шатны шүүх  шүүгдэгч О.Цг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

 

Прокурор шүүгдэгч О.Цд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхдээ нийтийн ашиг сонирхолд тустай яг ямар ажил хийлгэх талаар заагаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгжүүлээгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.

 

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгийн агуулгыг авч үзвэл нийтэд тустай ажил хийлгэх ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр ойлгогдож байна.

 

 Хуулийн дээрх зохицуулалтаар нийтийн ашиг сонирхолд тустай ажил хийлгэхийг шүүхээс тогтоохоор заасан байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөв явуулах үүднээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын О.Цг Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                          Д.БЯМБАСҮРЭН

                                                                           В.ЦЭЦЭНБИЛЭГ