Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 23

 

109/ШШ2020/0023

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: В.А

Хариуцагч: А аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн В.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.А миний бие А аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн а/224 дугаартай захирамжаар тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн гудамж 1-113 тоот байршилд 500 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх авсан юм. Уг газрыг эзэмших эрх авсны дараа хашиж, эрчим хүчний шугам татаж оруулан ашиглаж эхэлсэн, газрын төлбөрийг хууль журмын дагуу жил бүр төлж байсан, тухайн газарт худалдаа үйлчилгээний барилга барих бэлтгэлийг хангаж, энэ оноос эхлэн барилга барихаар төлөвлөн, мөнгөн хуримтлал үүсгэж байсан.

Гэтэл 2020 оны 5 дугаар сарын сүүлч үеэр надад газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р гэсэн гарын үсэгтэй газар эзэмших эрхийг цуцлах болсон талаар мэдэгдсэн мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдлийг аваад миний бие 2020 оны 4 дүгээр сард зураг төсөв хийлгэх захиалга өгсөн, санхүүгийн эх үүсвэрүүд бий болж байгаа нөхцөл байдлын талаар тайлбарыг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн.

Газар эзэмших эрх олгох, цуцлах шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан болох аймгийн аймгийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн а/340 дугаартай захирамжаар миний Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Тээвэрчдийн гудамж 1-113 тоот байршилд 500 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэхдээ сонсох ажиллагаа явуулаагүй. Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р-ийн гарын үсэгтэй мэдэгдэл надад хүргүүлснийг сонсох ажиллагаа явуулж шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм. Энэ хүн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд сонсох ажиллагааг хэлбэрийн төдий явуулж, миний бодит нөхцөл байдлыг судлалгүйгээр газар эзэмших эрхийг аймгийн Засаг дарга хууль зөрчиж, үзэгнийхээ үзүүрээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг нарийвчлан шалган тогтоолгүйгээр, уг газарт ашиглалт явагдсан байдлыг судлалгүйгээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. А аймгийн Засаг даргын А/340 дугаартай захирамжийн хувийг надад гардуулаагүй, би газар эзэмших эрх хүчингүй болгосон талаар мэдсэн даруйд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хуулбар хувийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр авсан болно.

Иймд А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн а/340 дугаартай захирамж нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, хууль зөрчиж гарсан захиргааны акт байх тул уг захирамжийн В.А надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа ёс төдий мэдэгдсэн. В.А гэдэг хүнээс тайлбар ирүүлсэн байна гэж авч хэлэлцээгүй, аймгийн Газрын харилцаа,  барилга, хот байгуулалтын газраас 4 ажилтан протокол үйлдээд газар эзэмших эрхийг цуцлах санал гаргаад, газраа 2 жил ашиглаагүй байна гэж цуцалсан. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын саналыг хүлээж аваад Засаг дарга өөрөө ямарч ажиллагаа хийгээгүй ийм шийдвэр гаргасан. Энэ үйлдэл нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйлийг зөрчсөн. 

Гэтэл нэхэмжлэгч В.А барилгын зураг төсөл гаргуулахаар “А” ХХК-д захиалга өгсөн, энэ талаарх баримтаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн байдаг. Захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, тайлбар, саналыг шийдвэр гаргахад тусгах үүргээ биелүүлээгүй, барилгын ажил эхэлсэн үед нь энэ ажиллагааг зогсоосон. Барилгын тухай хуульд зааснаар зураг төслийн гэрээ 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн нь барилгын ажил эхэлсэн гэж үзэх үндэслэл болж байна. 

Хариуцагч  талаас ирүүлсэн тайлбарт Дээд шүүхийн 2008 оны тайлбарыг үндэслэсэн байсан. Тайлбарын үг өгүүлбэрээр давагдашгүй хүчин зүйлтэй холбогдуулж тайлбарласан. Гэтэл үүний цаана барилгын ажил эхэлсэн байхад цуцалсан гэдгийг анхаарч харахыг хүсээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт Дээд шүүхийн тайлбарыг ярьж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт олон талын зүйлийг авч үзэж болно. Заавал үер усны давагдашгүй хүчин зүйлтэй холбохоос гадна өөр бусад шалтгаанууд ч хамаардаг. Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажил эхэлсэн үйл явц байхад газар эзэмших эрхийг цуцлагдсан болохоор энэ шийдвэрийг хууль бус шийдвэр байна гэж үзэж байна. Нөгөө талаас шийдвэр гаргах этгээд Засаг дарга ч гэсэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын саналыг үндэслэсэн болохоос өөрөө сонсох ажиллагаанд оролцож сонсох ажиллагааны баримттай танилцсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч В.А нь газар эзэмшүүлэх гэрээг тухай бүр хийгээд явж байсан, мөн газрын төлбөрийг жил бүрд төлөгдөж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.А нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Тээвэрчдийн гудамж 1-113 тоот хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний цогцолбор барих зориулалттай, 500м2 газрыг эзэмших эрх авсан боловч тухай газар дээрээ зориулалтын дагуу 2016 оны 5 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл 4 жил үйл ажиллагаа явуулалгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн тул аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу иргэн В.А-т тайлбар, санал гаргах боломжоор хангаж, сонсох ажиллагааг хийх мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хүргүүлсэн. Тус мэдэгдлийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасанчлан саналыг бичгээр тус газарт ирүүлсэн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн хурлаар саналыг хэлэлцэхэд хуралд оролцогсод бүгд газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналтай бөгөөд аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “1.10.Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэж заасан,

 Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино.

Мөн Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ заасны дагуу иргэн В.А хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна. Эзэмшил газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, эрчим хүчний шугам татаагүй, газар дээр барилга барих гэрээ хийгээгүй байна.

Иймд аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 тоот захирамж нь үндэслэлтэй бөгөөд иргэн В.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн В.А-с А аймгийн Засаг даргад холбогдуулан “А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн В.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Маргааны үйл баримтаас дүгнэхэд: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтын 15 дугаарт Эрдэнэбулган суманд “А” ХХК-ийн урд талд 0.05 га газрыг худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр эзэмшүүлэхээр тусгажээ. 

Улмаар иргэн В.А нь дээрх байршил бүхий талбайд зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссын дүгнэлтэд В.А-н төсөл илүү шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байна. 

Улмаар А аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/224 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр хуралдааны 11 дүгээр тогтоолоор баталсан 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, аймгийн Засаг даргын 2016 оны А/234 дүгээр захирамжаар байгуулагдсан төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дүгнэлт, Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр явагдсан газар эзэмшүүлэх төсөлд шалгарсан В.А-т 500м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Гэтэл А аймгийн Засаг дарга 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа  2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгосны дотор иргэн В.А-н эзэмших эрх бүхий газар оржээ. 

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  Учир нь

Нэг. Нэхэмжлэгч В.А-н газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдэгдэл хүргүүлж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр маргаан бүхий А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамж гаргасан байна.

Нэхэмжлэгч В.А-с дээрх мэдэгдэлд холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус газарт тайлбар гаргаж, “А” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн АРТ01-18/05/20 дугаартай албан бичгийг А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлжээ. 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “А” ХХК-иас тайлбар, нотлох баримт гаргуулсан бөгөөд “А” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн АК-01-14/08/20 дугаар албан бичигт “Манай барилгын зураг төслийн “А” ХХК нь иргэн В.А-н захиалгаар А аймгийн Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Тээвэрчдийн гудамж-1, 113 тоот газарт 2 давхар 600м2 талбай бүхий “Үйлчилгээний барилга”-ын ажлын зураг төсөл гүйцэтгэхээр 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, ажил эхэлсэн боловч захиалагч  тал урьдчилгаа санхүүжилтийг гэрээнд заасан 14 хоногийн хугацаанд төлөх боломжгүйг мэдэгдэж түр зогсоосон байдалтай байгаа болно. Зураг төслийн ажлын явц нь 2020 оны 5 дугаар сарын дундаас зогссон учир төслийн материал гэж бүрэн дууссан зураг төсөл байхгүйг мэдэгдэж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч В.А-с “ ... барилгын зураг төсөл хийлгэхээр захиалга өгсний дараа 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдэл ирүүлсэн тул уг төслийг түр зогсоох талаар “А” ХХК-д мэдэгдсэн ... аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийг минь хүчингүй болгосон учраас би барилгын зураг төслийг ажлыг түр зогсоосон байгаа ...” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна. 

Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч В.А нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэл, маргаан бүхий 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/340 дүгээр захирамжийг гарахаас өмнө газар эзэмших эрхээ хэрэгжүүлэн барилгын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна гэж үзэх үндэстэй байна. 

Тодруулбал, “А” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх” №АК-20/04-А1 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр хийгдсэнээс хойш хуанлийн 45 хоногт багтаан барилгын зураг төслийн ажлын хийж гүйцэтгэхээр гэрээнд тусгажээ. 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20.-д “барилгын үйл ажиллагаа” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг” гэж заажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор зааснаас үзвэл, Засаг дарга энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг энэ нь “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх”-ийг заавал харгалзан үзэж, нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай. 

Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

Гэтэл хариуцагч А аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх” эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байна гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй/-т заасан үндэслэл нь газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт болно. 

Шүүхээс хэрэгт авагдаж шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримт, шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар зэргийг үндэслээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдэг үндэслэл бүрдээгүй байна гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл газар эзэмшигч иргэн нь “А” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх” №АК-20/04-А1 дугаартай гэрээ байгуулж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах ажил хийгдэж эхэлсэн бөгөөд энэ ажил нь цаашид үргэлжлэх, улмаар газар эзэмшигч газраа зориулалтын дагуу эзэмших эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна гэж үзлээ.

Дээрх үйл баримт тогтоогдож байхад хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын агуулгыг мөн зөрчсөн байна.

Хоёр.Иргэн В.А-т 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 000611336 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож , 2016, 2017 онуудад иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулсан байна. 

Мөн газар эзэмшигч иргэн В.А нь 2016, 2017, 2018, 2019 онуудад газрын төлбөрийг төлсөн талаар А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 373 дугаар албан бичгээр лавлагаа ирүүлжээ.  

Өөрөөр хэлбэл иргэн В.А-тай газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 6 дүгээр сарын 2-ны өдөр №23, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр №0277 дугаартай гэрээг байгуулж, газрын төлбөрийг 2016, 2017, 2018, 2019 онуудад зохих ёсоор төлсөн байхад 2018, 2019, 2020 онд газар эзэмшигчтэй гэрээ байгуулаагүй байна . 

Газар эзэмших гэрээг 2018, 2019, 2020 онд байгуулаагүй, гэрээний биелэлтийг Газрын тухай хуулийн 34.8-д заасны дагуу жил бүрээр нь дүгнээгүй мөртлөө “гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэх нь бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй байна гэж үзлээ.

Газрын тухай хуулийн 32, 33, 44 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргасны дагуу тухайн шатны Засаг дарга газар ашиглуулах шийдвэр гаргаж, уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохоор хуульчилсан.

Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших ... гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж зааснаар гэрээг дүгнэх ажиллагааны явцад аливаа зөрчлийг илрүүлж, улмаар тухайн үндэслэл тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зүйлд зааснаар холбогдох шатны Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулсан байна.

Ийнхүү хуульчилсан байхад хариуцагчаас иргэн В.А-тай газар эзэмшүүлэх гэрээг 2018, 2019 онд байгуулаагүй, гэрээний биелэлтийг жил бүрээр нь дүгнээгүй мөртлөө “гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэж нэхэмжлэгчийг дан ганц буруутгах нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч В.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/340 дүгээр захирамжийн В.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.А-т олгосугай.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА