Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0312

 

Иргэн Б.Х-ийн  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.М даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.Х-ийн  нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны сул орон тоонд Б.Х-ийг   2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар түр томилон ажиллуулсан. Нийгмийн ажилтны ажлын байрны захиалгыг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр бичгээр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Төрийн албаны шалгалт 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болсон. Төрийн албаны шалгалтанд тэнцсэн А.Б г тус сумын нийгмийн ажилтны орон тоонд авч ажиллуулах аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 174 дүгээр албан бичиг ирсэн. Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнаар А.Б г томилоход хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянуулахаар нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар бичгээр хүргүүлсэн. Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн 05/159 дүгээр албан бичиг ирсэн. Үүний дагуу А.Б г 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилон ажиллуулж байна. Б.Х  нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Удирдлагын академид орон нутгийн удирдлага мэргэжлээр суралцах талаар өргөдөл ирүүлсэн тул Тамгын газрын дотоод журмын 9.3-т заасны дагуу цалинтай 5 хоног, түүнээс хойшхи хугацаанд нь цалингүй чөлөө олгосон болно. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар чөлөөлсөн. Б.Х-т  1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, ажилласан хугацааны ээлжийн амралтын цалин олгосон болно. Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Гэхдээ энэ хүнд өөр ажлын байр санал болгож болно гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны сул орон тооны ажлын байрны захиалгын дагуу Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд миний бие 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр орж Чойбалсан сумын нийгмийн ажилтны ажлын байранд 71 оноогоор тэнцэж, Төрийн албаны тухай хуулийн 17.3 дахь заалтын шаардлагыг хангаж, Чойбалсан сумын нийгмийн ажилтны сул орон тоонд авч ажиллуулах аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 174 дүгээр албан бичиг ирсэн. Сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнаар томилоход А.Б  миний бичиг баримтыг Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар албан бичиг явуулж түүний хариу болох А.Б  миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05/159 дүгээр албан бичиг ирсэн байсан. Үүний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарч хууль ёсны дагуу албан тушаалд томилогдсон болно гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Б.Х-ийг   Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-д зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговроо иргэний хэргийн шүүхээр жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд А.Б  давж заалдах гомдолдоо: Би Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны сул орон тооны ажлын байрны захиалгын дагуу төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалтад 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр орж 71 оноогоор тэнцэж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтын шаардлагыг хангаж, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргын 05/159 дүгээр албан бичиг ирснээр Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар уг албан тушаалд томилогдсон. Нэхэмжлэгч Б.Х  нь ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан нь ирцийн дэвтрээр хангалттай нотлогддог. Мөн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын хуралдаанд ч Б.Х-ийн  асуудлыг хэлэлцэж байсан бөгөөд уг хуралдааны тэмдэглэлийг хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан. Хууль журмын дагуу ажилд томилогдоод байгаа хэрнээ энэ хууль бус шийдвэрээр миний эрх ашиг хөндөгдөх ёсгүй. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.Б  миний ажлын байрыг хадгалж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, үнэлэх үүргээ гүйцэтгээгүйгээс давж заалдах шатны шүүхээс гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчээс Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01, Б/02 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ өмнө дүгнэлт Б.Х  нь төрийн жинхэнэ албан хаагч мөн эсэхэд юуны өгөх байжээ.

 

Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Болдбаатарын Хэрлэнцэцэгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнаар түр томилжээ.

 

Гэхдээ тухайн тушаалд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, албан тушаалд авах тухай асуудлыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6 дахь заалтыг баримталсан, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно гэж заасантай холбогдуулан шүүх хариуцагч Б.Х-ийг   анх төрийн албанд шууд томилсон эсхүл туршилтын хугацаагаар ажиллуулсан эсэх, туршилтын хугацаа тогтоосон бол хэдий хугацаатай байсан, тухайн хугацаа нь дуусаж түүнийг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна.

 

Үүний тулд шүүх Б.Х-ийг   төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон эсэх, тийм шийдвэр гаргаагүй бол түүнийг төрийн жинхэнэ албан хаагчтай адилтган үзэж түүнтэй үр дүнгийн гэрээ байгуулж дүгнэсэн эсэх, Б.Х ээр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлсэн эсэх гэх мэтчилэн холбогдох баримтуудыг цуглуулж, үнэлэлт өгөх байжээ.

Үүнээс гадна гуравдагч этгээдийн тайлбар, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05/159 дүгээр албан бичиг зэргээс үзвэл Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны албан тушаалын сул орон тоог нөхөх захиалга өгснөөр Төрийн албаны зөвлөлийн Дорнод аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалт явуулж иргэдийг өрсөлдүүлсэн байх магадлалтай бөгөөд шүүх тухайн сонгон шалгаруулалттай холбоотой баримтуудыг бүрдүүлснээр уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан эсэх, зарласан бол өөрийнх нь ажиллаж байгаа албан тушаалд Б.Х  өрсөлдөөгүй шалтгааныг тодруулж, дүгнэлт өгөхөөр байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүрэг-ээ биелүүлээгүйгээс шийдвэр нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад болон хуульд үндэслэсэн байх шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.М

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР