Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2017/00720

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч  Г.Чийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 525280 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, сахилгын шийтгэл буруу ногдуулсан болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгч  Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие  Г.Ч нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор байнгын орон тоон дээр орж ажиллаж эхэлсэн. Ингэж ажиллаж байхдаа ямар нэг сахилгын шийтгэл авч, алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2016 оны сонгуулийн дараагаас манай ээжийг Ардчилсан намын гишүүн гэж намайг ажил дээр дарамт шахалт үзүүлэн эхэлсэн. Энэ байдал нь гүйлгээ хийхээр гарч ороход гаргахгүй, хийж байгаа гүйлгээн дээр гарын үсэг зурахгүй, сургалтанд суулгахгүй, цайны цагаар явуулахгүй хирнээ цэцэрлэгээс өдрийн цай өгөхгүй байх зэргээр илэрдэг юм. Ингээд энэ байдал хурцадмал болж 2016 оны 12 дугаар сард хамт олны хурал дээр намайг тогоочийн завшсан зүйлийг нь гаргаж хэлсний төлөө Шүрэнцэцэг эрхлэгч надад бүр урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл хасах шийтгэл ногдуулж байсан. Ингээд байж байтал 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дотоод аудитын хорооны тогтоолын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай цалин 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дараа мөн тогтоолын дагуу 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Үүнд би маш их гомдолтой байна. Надад 1 үндэслэлээр 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн дотоод аудитын хорооны тогтоол ч өөрийнх нь буюу эрхлэгчийн гаргасан алдаатай холбоотой байсан юм. Иймд тус сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 дугаар сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцож, 2017 оны 5 дугар сарын 03-ны өдрийн Б/26 тоот тушаалаар ажлаас халагдсан намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 525280 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгт 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нягтлан бодогчийн солилцоогоор нягтлан бодогчоор ажилд орсон. 2016 оноос хойш цэцэрлэгийн эрхлэгч аливаа нэг үйлдлээр дарамталдаг болсон. Манай ээж ардчилсан намын гишүүн. Дарамт шахалт нь баримт дээр гарын үсэг зурахгүй, цэцэрлэгээс өдөрт өгдөг цай өгөхгүй, цайны цагаар явуулахгүй, сарын мэдээг байнга хоцроодог зэрэг асуудлаар илэрдэг байсан. 2015 баримтын шалгалтын дүнгээс харахад эрхлэгч Шүрэнцэцэгийн шахалтаар гүйлгээ хийcэн алдаа ихэвчлэн гарсан байгаа. Миний алдаа 2-3 удаа гарсан нь эрхлэгч Шүрэнцэцэгийн шахалтаар гүйлгээ хийсэн. 2015 оны баримтыг үндэслэж 4 дүгээр сарын 23-ны 23 тоот тушаалаар цалингийн 20 хувь хасаж, 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр амаар ажлаа хүлээлгэж өгөөрэй гэсэн мэдэгдэл хурал дээр өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Ауидитын хорооны дүгнэлтээс харахад эрхлэгч Шүрэнцэцэг дээр асуудал үүссэн. Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлөгдөөгүй саруудыг төлүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 23 тоот тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч  Г.Ч Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгт 2015 оны 5 дугаар 23-ны өдөр ажилд орсон. 2014-2016 онд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны сонгуулийн дараагаас Баянхонгор аймгийн засаг даргаас  Г.Чийг ажлаас нь хал гэсэн албан бичгүүд удаа дараалан ирсэн. Үүний дагуу эрхлэгч Шүрэнцэцэг,  Г.Ч хоёрын хооронд ажлын уялдаа холбоо алдагдаж, шахаж хавчих гэх мэтээр ямар нэгэн байдлаар, шаардлагатай санхүүгийн тайлан, мэдээнд гарын үсэг зурж өгөхгүй байх хувийн таарамжгүй харилцаанууд илэрсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийг Баянхонор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх дотоод ауидитын хорооны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот тогтоол, мөн Баянхонгор аймгийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 тоот албан шаардлагуудыг тус тус үндэслээд хөдөлмөрийн тухай хуулийн заалтын дагуу сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халж, мөн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 3 сарын хугацаагаар цалингийн 20 хувийг бууруулах шийтгэлийг оногдуулсан байдаг. 2017 оны аудитын хорооны тогтоолууд 2015 оны баримт дээр тулгуурлаж гарсан байдаг учраас сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн, хариуцагчийн төлөөлөгчөөс гаргаж өгсөн аудитын дүгнэлт тогтоол дээр заагдсан 13-16 зөрчил дотор  Г.Чийн гаргасан зөрчил 2-3 удаа, үлдсэн зөрчил нь эрхлэгч Шүрэнцэцэгтэй холбоотой байдаг.  Г.Чтэй холбоотой үйл баримт нь 2015 оны 6 дугаар сард, 2015 оны 8 дугаар сард гаргасан зөрчил дээр 2 жилийн дараа сахилгын арга хэмжээ авсан нь аль аль нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23 тоот тушаал нь Баянхонгор аймгийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 тоот албан шаардлагыг үндэслэсэн. Тухайн шаардлага дээр  Г.Чийн гаргасан зөрчилтэй холбоотой асуудлыг дурдсан нь нотлох баримтаас харагдахгүй байгаа учраас тухайн тушаал нь үндэслэлгүй байна. Хариуцагчаас 2017 оны 4 дүгээр сарын 21-нд сахилгын зөрчлийг илрүүлсэн гэж тайлбарлаж байна. Хяналт шалгалтын дүнгийн тухай тогтоолд Чулуунцэцэгтэй холбоотой 3 зөрчил байна. 13 зөрчлөөс  Г.Ч нь гаргасан зөрчил 3 зөрчил байна. Бусад нь эрхлэгч Шүрэнцэцэгтэй холбоотой зөрчлийн маягт байж байхад ажил олгогч өөрөө зөрчил гаргасан аудитын хорооны тогтоолыг үндэслээд бусдад арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас 6 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна. Түүнээс хойш сахилгын шийтгэл оногдуулахгүй гэсэн хуулийн заалт байж байхад 2 жилийн дараа сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Сахилгын шийтгэлийг давхардуулж оногдуулж болохгүй. Яагаад давхардуулж оногдуулсан гэж үзэж байна гэхээр Баянхонгор аймгийн аудитын газрын 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тогтоол,Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолууд хоёулаа санхүүгийн 2015-2016 оны баримтуудад тулгуурлан хийгдсэн шалгалт байгаа. Аудитын хорооны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гаргасан тогтоолд нэг үндэслэл зэрэг байгаа. Сахилгын 1 зөрчил дээр 2 тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор ажлаас халсан. 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр авсан сахилгын шийтгэлийг сахилгын шийтгэл гэж үзэхгүй. Хавтас хэрэгт энэ талаар тушаал байхгүй. Тухайн үед эрхлэгчтэйгээ маргаснаас үүдэлтэйгээр үр дүнгийн урамшууллыг хассан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгэр зүйлд сануулах, цалинг 20 хувь бууруулах ажлаас халах гэсэн үндэслэл байдаг. Гэтэл үр дүнгийн урамшуулал хасах нь сахилгын шийтгэлийн хэлбэр биш учраас сахилгын шийтгэл оногдуулсанд тооцохгүй. Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас халах тушаал нь ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж заасан. Хавтаст хэрэгт сахилгын арга хэмжээ авсан гэх нотлох баримт байхгүй.Нотлох баримтаар гаргаж өгсөн тогтоолд нягтланд сануулах арга хэмжээ авсан гэж хурлын тэмдэглэлд тусгасан байгаа боловч ямар нэгэн байдлаар тушаал гаргаагүй нь харагдаж байгаа. Миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргсан гэх үндэслэл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар удаа дарааллан дүгнэлт авсан нь харагдахгүй байна. Зөвхөн нэг дүгнэлт авсан нь хавтаст хэргээс харагдаж байгаа учраас тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар минийн үйлчлүүлэгч эд хөрөнгө болон мөнгө хариуцсан гүйлгээ хийдэг ажилтан боловч эд хөрөнгөтэй холбоотойгоор гадагш нь зарцуулсан асуудал байхгүй. Харин эрхлэгч Шүрэнцэцэгийн үүрэг даалгаврын дагуу гүйлгээ хийсэн. Шүрэнцэцэг энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаад эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа.  Г.Чийн хувьд ямар нэгэн байдлаар шалгагдаагүй харин эрхлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан учраас цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Иимд миний үйлчлүүлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот тогтоолыг  Г.Чийг ажлаас халахдаа үндэслэсэн. Гэтэл энэ тогтоол нь 2015 оны сахилгын зөрчлүүдтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас тухайн тогтоолыг үндэслэж  Г.Чийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Иймд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 23 тоот сахилгын шийтгэл оногдуулсан эрхлэгчийн тушаалыг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлөгдөөгүй саруудыг төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна..гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Шүрэнцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгч С.Шүрэнцэцэг би 1991 оноос одоог хүртэл эрхлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байна. Энэ цэцэрлэгийг 2 р ясли нэртэй 50 хүүхэдтэй 6 гэрт үйл ажиллагаа явуулдаг байхаас ажилласан. 2002 онд Сумын ЗД-ын шийдвэрээр ясли нь 6-р цэцэрлэг болж нэрээ өөрчилсөн. Цэцэрлэг нь Эрдэнэмандал 2, Дуурсах 3-р багийн гэр хороолол дунд байдаг. Одоо шинэ, хуучин 2 давхар 2, нэг давхар 1 байртай, 8 бүлэгтэй, 300 хүүхэдтэй, 32 багш ажилчинтай болж өргөжин хөгжсөн. Энэ хичээлийн жилд хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийн СӨБ-д хамрагдалтыг 93 хувьд хүргэсэн амжилттай. Аймагтаа үйл ажиллагааны чанарын үнэлгээгээр эхний 10-т багтдаг цэцэрлэг юм. Би улсад 27 жил ажилласан. Энэ цэцэрлэгт амьдралынхаа 36 жил буюу эрч, хүч, хурдтай залуу насны ажил хөдөлмөрөө зарцуулсан. Миний хувьд ямарч намд элсэж байгаагүй. Нам бус, ажиллаж байх хугацаандаа улс төрийн хүчний хувьд солигдож байсан ч ажлаа хууль журмын дагуу явуулж байсан миний хувьд намын харъяалал гэх шалтгаанаар ажлаас халагдаж, бусдыг халж байсан удаа байхгүй. Ажлаа зөв, шударга хийхгүй байгаа, ажлаа хий гэдэг шаардлага тавьж байгааг Ажлын байрны дарамт гаргалаа гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Ажлын байранд Ажлын байрны дарамт байдаг эсэхийг хамт олон гэрчлэх байх. Манай цэцэрлэгийн ня-бо байсан  Г.Ч нь сөрөг хандлагатай, нийтэч бус, аливаа асуудлыг зөвхөн өөртөө татаж ойлгодог, захирах, захирагдах зарчим мэддэггүй, худал ярьдаг, албан ажилд хувийн үзэл бодлоор ханддаг. Чулуунцэцэг өөрөө манай ажилчдаас хамгийн ажлын цаг таслалттай ажилтан байсан. Удирдлагын зүгээс үдийн цайны цагаар унданд явуулахгүй гэсэн ямар ч шийдвэр гаргаж байгаагүй. Гарын үсэг зурахгүй байсны тухайд бол нягтлан бодогчийн гаргасан албан бичгийг төрийн архив, бичиг хэргийн стандарт хангахгүй байна засаад ир гээд буцаадаг байсан.  Г.Ч нь ажилтан байхдаа Санхүүгийн шинэчилсэн программын мэргэшсэн ня-бо ийн сургалтанд сууж байсан.  Г.Чт 2016.12.14-нд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2-т ажилтанд сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд урамшуулал олгохгүй журамтай. Цэцэрлэгийн 2016 оны санхүүгийн баримтыг төрийн Аудит шалгахад хязгаарлалттай санал дүгнэлт гарсан. Үүнд хүнсний материалын дансны 2015 оны 1.753.9 төгрөгийн зарлагыг 2016 оны тайланд оруулсан. Мөн 2016 оны 12 сарын 23-31-хүртэл зардлыг тайланд тусгаагүй, зарлага 54.0 төгрөгөөр анхан шатны баримтаас зөрүүтэй тайланд тусгагдсан зөрчил илэрсэн. Бараа материалын дансны үлдэгдэлд тооллого хийгээгүйгээс баталгаажуулаагүй, гэрэл цахилгааны зардалд 139.2 төгрөг илүү төлсөн зөрчилтэй шалгагдсан. Манайд 2017 оны 04 сарын 06-нд ирсэн Төрийн Аудитын газрын хугацаатай Албан шаардлагаын дагуу цахилгааны хэмжээг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

Байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдлүүд:

2017 онд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас цэцэрлэгийн 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээр улсын ахлах байцаагчийн төлбөрийн актаар 5.293.925 төгрөгийг төлбөр тавигдсан энэ нь  Г.Ч нягтлан бодогч нь ажлын байрны тодорхойлолтонд заасан үндсэн зорилт, ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Дээрх актын алдаа зөрчлүүдийг мэдсээр байж эрхлэгчийн өөрийнх нь гаргасан алдаа гэж яаж хэлж байна. НББ-ын тухай хуульд ААН байгууллагын гүйцэтгэх удирдлага /ня-бо/ санхүүгийн үнэн зөвийг хариуцна гэсэн байдаг. 1.  Г.Ч нь Төрийн аудитын зөвлөмжийн дагуу өөрийн гаргасан зөрчлөө арилгаагүй. Эрхлэгчийн 2017 оны 03 сарын 15-ны А/17 тоот тушаалыг хэрэгжүүлээгүй. 2. Байгууллагын 2017 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан блансад 1 дүгээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй. 3. 2017 оны 1 дүгээр улиралд эрхлэгчийн шийдвэргүй өөртөө ур чадварын нэмэгдэл 250377 төгрөг авсан. 4. Жил бүрийн 2 дугаар сард аймгийн БСУГ-т явуулдаг СӨБ-6 яамны мэдээ явуулаагүй, хувийн хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай буруу гаргасан, 2017 оноо гаргаагүй. 5. 2017 оны 2 сарын 8-ны аймгийн ЗД-ын зөвлөлийн хурлаас цэцэрлэгийн санхүүгийн тайлан мэдээг хамт олонд хангалттай мэдээлэх, нягтлан бодогч, нярав нарын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар ня-бо бид хоёрт үүрэг даалгавар өгсөн энэ талаар санал санаачлага гаргаагүй ажлын уялдаа холбоо сайжраагүй. Тухайлбал 2017 оны 3 сарын өр авлагын мэдээг өр авлагагүй гэж худал мэдээлсэн. 4 дүгээр сард өр авлага мэдээлээгүй /2016.12 сар 2017 оны байгууллагаас авсан бараа материалын нэхэмжлэлийг тухай бүрд шилжүүлээгүй программ дээр орлогод авч өр үүсгээгүй/ цэцэрлэгийн захиргаанаас ня-бо арга зүйч, эмч, нярав нарын үүрэгт ажлын тайланг сараар илтгэх хуудсаар тавихыг даалгахад биелүүлээгүй. 6. Цэцэрлэгийн 2016.11.28-2017.04.28-ны хооронд 2.396.568 төгрөгийн өрийг хуримтлуулсан. 7. Нярав Г.Бадамтуяагийн гарын үсгийг санхүүгийн баримтанд хуурамчаар зурсан нь илэрсэн. 8. Үйлчлэгч Т.Дамдин, сав угаагч О.Оюун-Эрдэнэ 2-ын үндсэн цалингийн шатлалыг ахиулсан эрхлэгчийн тушаалаас зөрүүлж нэмж олгож байсан. 9. Байгууллагын 2016 оны санхүүгийн баримтыг байгууллагын архивт 2016 оны ХХНЖ дагуу хүлээлгэж өгөхийг үүрэг болгоход биелүүлээгүй. 10. Эрхлэгчийн 2017 оны 04 сарын 19-ны А/23 тот тушаалыг хэрэгжүүлээгүй, цалингийн хавтгай дээр хассан харагдаж байгаа боловч гарт олгох цалин дээрээ хасаагүй байсан. 11. Цэцэрлэгийн захиргаанд ирүүлсэн Хамт олны 2017 оны 04 сарын 25-ны өдрийн өргөдөл, байгууллагын 2017.04 сарын цалинг сарын ажлын сүүлийн өдөр 28 нд олгож багш ажилчдыг хохиросон. 12.  Г.Ч нь 2016 оны тайлан тавиагүй, хамт олны хуралд суугаагүй, 2017 оны өөрийн ажлын байрны тодорхойлолт, албан үүрэгтэй холбоотой, үйл ажиллагааны төлөвөлгөө гаргаж баталгаажуулаагүй. 13. Удирдлагаас үүрэг өгч хариуцуулсан шинэ байрны 380 газардуулгын холболт хийгээгүй. Мөн аймгийн ЗД-ын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017.04.21-ны 13 тоот тогтоол, Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2017.04.27-ны 5/635 тоот албан бичиг зэрэг нь сахилгын дараагийн арга хэмжээ авахад зайлшгүй шаардлагатай болсон. Эдгээр алдаа зөрчлүүдийг гаргаж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэж хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийг давтан гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасаар байсан учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн..гэжээ.

Хариуцагчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 гэсэн эрхлэгчийн тушаалаар Б.Чулуунцэцэгийг ажлаас халах тушаал гаргасан байгаа. Б.Чулуунцэцэгийг ажлаас халахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3- т заасныг баримтлан, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан заалтыг тус тус үндэслэн Б.Чулуунцэцэгийг ажлаас халсан. Мөн Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дугаар зүйлийн 7.3.4 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний 10 дахь заалтуудыг тус тус үндэслэн халах тушаалыг гаргасан. Эдгээр хууль болон журам, тогтоолуудын үндэслэлийн тайлбарыг ярье. Ажлаас яагаад халсан бэ гэхээр 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот тогтоол нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Шүрэнцэцэг танаа Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар, Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт аудитын газар 2017 оны 4 дүгээр сарын 24-ний №51 гэсэн албан тоотууд дотор хяналт шалгалтын дүнгийн тухай гэсэн хорооны тогтоол байгаа. Энэ тогтоолд урьд өмнө нь  Г.Чт авч байсан сахилгын давтагдсан зөрчил энэ тогтоолд байхгүй. Тийм учраас энэ сахилгын шийтгэлийг  Г.Чт өгсөн. Мөн Нягтлан бодогч  Г.Ч нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмжийн даатгалын сангаас  Г.Чийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 70.192 төгрөг орж ирснийг авсан боловч 6 дугаар сард өөрийн цалинг бүтэн бодож авсан, 2016 оны 12 дугаар сард нягтлан бодогч  Г.Ч нь ажлын 15 хоногт ажиллаж 404.650 төгрөгийн цалин авч үлдсэн ажлын 7 хоногт лист бодож 126.453 төгрөг нийт 531.103 төгрөгийг цалингийн төсвөөс бодож авсан гэсэн цалингийн цэс байгаа. Өөрөөр хэлбэл  Г.Ч нь лист авсан байж давхар листтэй байсан хугацаандаа цалингаа өөртөө олгосон. Мөн Нягтлан бодогч  Г.Ч нь 2015 оны 6 дугаар сарын цалинг бодохдоо Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн саналын дагуу өөртөө үндсэн цалингийн 20 хувь буюу 107.057 төгрөгийг үндсэн цалин дээрээ нэмэгдүүлэн тооцож, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тооцож авсан байна. Ингээд  Г.Чтэй холбоотой зөрчлүүдийг 2017 оны 4 дүгээр сарын шалгалтаар илрүүлсэн. Мөн 2015, 2016 онуудын зөрчил дээр яагаад хариуцлага тооцож байгаа вэ гэхээр 2015, 2016 онуудад гарсан зөрчлүүд нь 2017 оны 4 сарын 21-ний өдрийн шалгалтаар илэрсэн. Тийм учраас хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэсэн заалтыг баримталж энэ сахилгын шийтгэлийг оногдуулсан энэ тушаалыг гаргасан. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 7.3-т зааснаар ажилтанг ажлаас чөлөөлөх, халах гэсэн заалт байгаа. Энэ нь ажилтанг өөрийн хүсэлтээр болон захригааны санаачлагаар үүрэгт ажлаас нь чөлөөлдөг энэ 7.3.4-т доорх үндэслэлээр ажилтныг захиргааны санаачлагаар чөлөөлнө гэсэн байгаа энэ дээр ноцтой зөрчил буюу ажилтан өөрийн буруутай үйлдлээс байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүргэсэн гэж үзсэн учраас энэ заалтыг баримтлаж тушаалаа гаргасан. Мөн хөдөлмөрийн гэрээний 10 дахь заалт нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн байгаа. Эдгээр санхүүгийн тайлан тэнцэлийг буруу хийснээр энэ хариуцлага гэсэн хэсэгт хамаарч байгаа. Энэ нь монгол улсын хууль тогтоомж санхүүгийн тайлан тэнцэл төсвийн гүйцэтгэлийн мэдээг хугацаа хожимдуулсан, нягтлан бодох бүртгэлийг санамсаргүй болон санаатай буруу гаргасан нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гэсэн заалт байгаа. Тэгэхээр аудитын газрын санал хүсэлт, хурлын тогтоол эдгээр заалтуудыг зөрчсөн гэж үзсэн учраас энэ шийдвэрийг гаргасан. Мөн нэг зөрчилд 2 сахилгын шийтгэл оногдуулсан гэж ярьж байна. Урьд авсан сахилгын зөрчил нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар А/23 гэсэн сахилгын шийтгэлийг  Г.Чт оногдуулсан. Энэ зөрчлийг оногдуулахдаа Баянхонгор аймгийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12 тоот албан шаардлагын дагуу гэж байгаа. Энэ акт нь түрүүний 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шалгалтаас өөр шалгалт байсан учраас энэ сахилгын шийтгэлийг оногдуулсан. Ийм учраас давхар шийтгэл гэж үзэхгүй байна2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хязгаарлалттай дүгнэлтэнд 3 төрлийн зөрчил байгаа. Энэ 3 төрлийн зөрчил нь 2017 онд илрүүлсэн зөрчлөөс өөр зөрчил байгаа. Хүүхдийн хоолны мөнгөний тайланг гаргахдаа 2015 оны 12 сарын сүүлийн мөнгийг 2016 он руу шилжүүлсэн, жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого хийсэн мөртлөө тайланд тусгаагүй, урсгал 1.690.000 төгрөг нь төсвөөс гарсан ажил нь хийгдээгүй гэсэн үндэслэлүүдийг хязгаарлалттай дүгнэлтэнд гаргасан байгаа нь зөрчлийн хэлбэрүүд өөр өөр байсныг нотолж байгаа. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  Г.Чт сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэлийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байсан.  Г.Чт 3 дахь удаагаа сахилгын шийтгэл оногдуулсан. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн оногдуулсан сахилгын шийтгэл нь хүчин төгөлдөр байгаа. Шүүхэд үнэн зөв тайлбар өгөх ёстой. Шүрэнцэцэгийн асуудлаар Баянхонгор аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан. Шүрэнцэцэг болон  Г.Чийн асуудал аль аль цагдаагийн байгууллагад шалгагдсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар сахилгын шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүрэнцэцэг,  Г.Ч хоёрт хэн хэн дээр нь акт тавигдсан. Шүрэнцэцэг актаар тавигдсан мөнгөө төлсөн.  Г.Ч актаар тавигдсан мөнгөө төлөөгүй байгаа. Яагаад эрхлэгч гарын үсэг зурдаггүй вэ гэхээр албан хэрэг хөтлөлтийн журам зөрчигдсөн учраас засаж ирээд гарын үсэг зуруул гэсэн. Тийм учраас гарын үсэг зурахаас татгалзсан. Сарын эцсийн тайлан болохоор хугацааг нь тулгаж хийдэг. Хугацаандаа ажлаа хийгээгүйгээс болоод хамт олны дунд хохирсон хүмүүс олон байгаа. Хохирсон хүмүүс боломжит бүх газарт нь өргөдөл гаргасан. Зөрчил гаргаагүй биш гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэдэг нь ялгаатай ойлголт. Илрүүлнэ гэдэг нь өмнө нь хэдэн сарын өмнө үйлдэгдсэн байх боломжтой. Сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулсан асуудал байхгүй. Хурлын тэмдэглэлээс харахад  Г.Чт сануулах арга хэмжээ авсан байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв..

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Г.Ч нь Баянхонгор сумын 6 дугаар Цэцэрлэгт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, сахилгын шийтгэл буруу ногдуулсан болохыг тогтоолгохыг тус тус хүсэн шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч  Г.Ч нь Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 05 сарын 23-ны өдрийн 19 дүгээр тушаалаар нягтлан бодогчоор томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.

Ингээд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэг, аймгийн ЗД-ын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 13 тоот тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дугаар зүйлийн 7.3.4, хөдөлмөрийн гэрээний 10 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүнчлэн Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн А/23 дугаар тушаалаар аймгийн Аудитын газрын 2017 оны 03 сарын 25-ны өдрийн 12 тоот шаардлагын дагуу 2016 оны санхүүгийн тайландаа хязгаарлалттай дүгнэлт авсан гэх үндэслэлээр  Г.Чийн албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай, 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ ногдуулжээ.

Г.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дотоод аудитын хорооны тогтоолын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай цалин 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дараа мөн тогтоолын дагуу 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Үүнд би маш их гомдолтой байна. Надад 1 үндэслэлээр 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн дотоод аудитын хорооны тогтоол ч өөрийнх нь буюу эрхлэгчийн гаргасан алдаатай холбоотой байсан юм... гэснээс үзвэл  Г.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан, захиргааны санаачлагаар ажлаас халагдсантай холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1. Ажил олгогчоос  Г.Чт 2017 оны 04 сарын 19-ний өдрийн А/23 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ ногдуулсан үндэслэлдээ аймгийн Аудитын газрын 2017 оны 03 сарын 25-ны өдрийн 12 тоот шаардлагын дагуу 2016 оны санхүүгийн тайландаа хязгаарлалттай дүгнэлт авсан гэх үндэслэлийг тодорхойлжээ.

Шүүх Баянхонгор аймгийн Аудитын газрын 2017 оны 03 сарын 25-ны өдрийн 12 дугаартай албан шаардлагыг хянахад Баянхонгор аймгийн Аудитын газар нь Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийж, 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 2/63 дугаартай аудитын гэрчилгээгээр Баянхонгор сумын 6-р цэцэрлэг нь Аудитын явцад хэрэгжүүлсэн горим сорилоор бараа материалын дансны 36655.5 мянган төгрөгийн үлдэгдэлд тооллого хийж баталгаажуулаагүй, Хүнсний материал дансны 2015 оны 1753.9 мянган төгрөгийн зарлагыг 2016 оны тайланд оруулсан, 2016 оны 12 сарын 23-31 хүртэлх зарлагын тайланг нярав гаргаж өгөөгүй гэсэн шалтгаанаар тайланд тусгаагүй, Барилгын материал дансны 1690.0 мянган төгрөгийн үлдэгдэл бодитоор байхгүй зэрэг зөрчил илэрч хязгаарлалттай гэсэн дүгнэлт гаргаж, дүнг 2017 оны 02 сарын 23-ны өдөр 2/63 дугаартай албан бичгээр ирүүлжээ.

Эндээс үзвэл Баянхонгор аймгийн Аудитын газар нь тус цэцэрлэгийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд буюу 2015, 2016 онд гаргасан зөрчлийг шалгаж, зөрчлийг 2017 оны 02 сарын 23-ны өдөр илрүүлж дүнг зөрчил гаргагчид танилцуулан, 2017 оны 03 сарын 25-ны өдрийн 12 дугаар албан шаардлагаар нягтлан бодогч  Г.Чт сахилгын арга хэмжээ авах санал гаргаж, ажил олгогчоос 2017 оны 04 сарын 19-ны өдөр сахилгын арга хэмжээ авчээ.

Гэтэл дээрх сахилгын арга хэмжээ авсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасанСахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна..гэсэн хуулийн заалтыг зөрчиж, сахилгын зөрчилд арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед сахилгын арга хэмжээ авсан үндэслэл тогтоогдож байх тул тушаал хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж шүүх дүгнэв.

2. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх шаардлагыг хянахад

Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/26 дугаар тушаалд ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэл болгосон байна. Дээрх заалтуудын үндэслэл нэг бүрийг шалгахад

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн нь хангалттай нотлогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед сахилгын арга хэмжээ авсан үндэслэл тогтоогдож байна.

Тухайлбал: Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооноос Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн 2015, 2016 онуудын санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийж 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоолоор шалгалтын дүнг танилцуулж, тогтоолд заасан зөрчил гаргасан албан тушаалтанд /эрхлэгч С.Шүрэнцэцэгт/ сахилгын арга хэмжээ тооцохыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх тогтоолд 6-р цэцэрлэгийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаа нь нягтлан бодогч, эрхлэгч нарын үйл ажиллагаатай холбоотой, ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдлийг дурдаж ирүүлсэн байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны тогтоол нь 2017 оны 04 сарын 21-ний өдөр гарсан тул зөрчлийг мөн өдөр илрүүлсэн гэж үзэн,  Г.Чт 2017 оны 05 сарын 03-ны өдөр буюу 1 сарын дотор ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж тайлбарласныг хянахад

Хэдийгээр Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны тогтоол нь 2017 оны 04 сарын 21-ний өдөр гарсан болох нь харагдаж байгаач Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсгийг тайлбарлаж хэрэглэхдээ зөрчил гаргагчид ашигтайгаар тайлбарлаж хэрэглэх нь хууль тайлбарлах үзэл баримтлалд нийцэх юм

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн уг хэсэг нь аливаа хөдөлмөрийн зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг 6 сарын дотор илрүүлж, 1 сарын дотор шалгах агуулгыг хууль илэрхийлж байна. Гэтэл энэ заалтын урьдчилсан нөхцөл болох зөрчил гаргаснаас хойш 6 сар болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн байхад зөрчлийг илрүүлж түүнийгээ 1 сарын дотор шалгаж шийтгэл хүлээлгэх ойлголт нь өрөөсгөл юм.

Үйл баримтаас дүгнэвэл Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны тогтоол нь тус цэцэрлэгийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалт тул нягтлан бодогч  Г.Ч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг гаргаад 6 болон түүнээс дээш сар өнгөрсөн байх тул ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Нөгөө талаар ажил олгогчийн тушаалын гол үндэслэл болсон Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хороо гэх газар нь хууль эрх зүйн ямар үндэслэлээр хаанаас байгуулагддаг, үйл ажиллагаагаа хаана тайлагнаж, хяналтын чиг үүргийг хаана хэрэгжүүлдэг зэрэг нь тодорхой бус байгаагаас нэхэмжлэгч  Г.Ч нь уг хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, хорооны шийдвэр үйл ажиллагааг эс зөвшөөрч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар аймгийн Засаг даргын хууль бус шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гомдол хүсэлтийг захиргааны шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр хуульд тодорхойлсон, сонирхогч этгээдээс дээд шатны албан тушаалтан болон захиргааны шүүхэд хандаж Засаг даргын дэргэдэх дотоод аудитын хорооны 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 13 дугаар тогтоол хянагдаагүй байх тул энэ тогтоолыг туйлын үнэн гэж үзэн шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээ төрүүлж байна.

Түүнчлэн тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 7.3 дугаар зүйлийн 7.3.4, Хөдөлмөрийн гэрээний 10 дахь заалтуудад дурдсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн зөрчлүүд болох ажилтны өөрийн буруутай үйлдлээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн, санхүүгийн тайлан мэдээг будлиантуулсан, санхүүгийн тайлан тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг хожимдуулсан ..зэрэг зөрчлийн үндэслэлд холбогдуулан хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан Төсөвт байгууллагын 2017 оны 1-р улирлын санхүүгийн тайлан, байгууллагын алба хаагчдаас аймгийн засаг дарга, 6-р цэцэрлэгийн захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, 6-р цэцэрлэгийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэл, 6-р цэцэрлэгийн ажилчдын 2017 оны 01-04 сарын цалингийн хүснэгт зэргийг хянахад дээрх баримтуудад дурдсан алдаа зөрчил, дутагдал нь хөндлөнгийн мэргэжлийн болон байгууллагын дотоодын ажлын хэсгийн акт, дүгнэлт, шалгалтын материал зэргээр шалгаж тогтоогдоогүй байх тул эргэлзээгүй үнэн гэж дүгнэх нь учир дутагдалтай байна.

Тушаалын нэг үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн заалт нь дээр дурдсан үндэслэлүүдээр няцаагдаж байна.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх, тушаал хууль ёсны, үндэслэл бүхий байх шинжийг агуулах юм.

Иймд Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн Б/26 дугаар тушаал нь дээрх шаардлагуудыг хангаагүй, Хөдөлмөрийн хууль зөрчиж  Г.Чийг ажлаас үндэслэлгүй халсан байна гэж шүүх дүгнэв.

3. Нэхэмжлэгч  Г.Чийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянахад

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, олговорт ажлаас халагдсанаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ..гэснээр тодорхойлж, нэхэмжилсэн байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа үндсэн цалин 556393 төгрөгийг ур чадварын нэмэгдэлтэйгээр авч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар,  Г.Чийн цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тодорхойлохдоо түүний сүүлийн 3 сар буюу 2017 оны 2-4 сар болох 639852+639852+556393= 1,836,097 : 3= 612,032 /дундаж цалин/ : 21.5 /ажлын хоног/ = 28,466 төгрөг/нэг өдрийн цалин/ ийг  Г.Чийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 сарын 16-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 113 хоногт тооцож, 3,216,658 төгрөгийг Баянхонгор сумын 6-р цэцэрлэгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө..гэж заасан нь хариуцагч ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар хуульчилжээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар  Г.Чийн 2017 оны 05 сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 сарын 16 ны өдөр хүртлэх хугацааны цалин олговор болох 3,216,658 төгрөгөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгч  Г.Чийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн захиргаанд даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  Г.Ч нь 2017 оны 1 дүгээр улиралд эрхлэгчийн шийдвэргүй өөртөө ур чадварын нэмэгдэл 250377 төгрөг авсан, жил бүрийн 2 дугаар сард аймгийн БСУГ-т явуулдаг СӨБ-6 яамны мэдээ явуулаагүй, хувийн хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай буруу гаргасан, 2017 оноо гаргаагүй, 2017 оны 3 сарын өр авлагын мэдээг өр авлагагүй гэж худал мэдээлсэн, нярав Г.Бадамтуяагийн гарын үсгийг санхүүгийн баримтанд хуурамчаар зурсан .. зэрэг нягтлан бодогчийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил дутагдлыг холбогдох газарт нь хандаж шалгаж шийдвэрлүүлэх нь эрх нь нээлттэй болохыг дурдав.

Иймд  Г.Чийг Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3,216,658 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимжтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн А/23 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан  Г.Чийг Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,216,658 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Г.Чт олгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч  Г.Чийн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн захиргаанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ