| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/2035/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/2058 |
| Огноо | 2020-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Б |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/2058
2020.12.16 2020/ШЦТ/2058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.С,
улсын яллагч О.Б,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 03833 2827 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн М.М, 0000 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Ачит Боломж” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 3, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Алтан-Өлгийн 00 гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлийн хаягтай, урьд 0 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
Шүүгдэгч М.М нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, бунхны урд талын тоглоомын талбайд иргэн М.Үын хоёр хөлийг нь хаман толгойгоор нь газар унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч М.Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий Бунхны урд талын тоглоомын талбай дотор Амараа, Боогий, Гэрлээ, Хурцаа нарын хамтаар Хараа гэх 0.75 граммын 2 шил архийг хувааж ууцгаасан. Хурцаа тухайн үед хүн хүн рүү агсраад байхаар нь бид хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл намайг гэндүүлж байгаад 2-3 удаа нүүр рүү миний цохисон. Мөн намайг газарт унагааж дээрээс хөлөөрөө дэвссэн. Үүний дараа би газраас босч ирэн Хурцыг заамдаж сандал дээр суулгатал миний 2 хөлнөөс хамж өргөөд толгойгоор минь тус тоглоомын талбайн цемент дээр савсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч Г.Амаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үнэнбаяр тэрэн дээр очоод 2 мөрөн дээр нь дараад барилдъя гэсэн чинь М.М /Хурцаа/ босохдоо тэрний 2 хөлнөөс нь хамж аваад хойш нь шидчихсэн. Тэгээд Үнэнбаяр газар унаад босоод ирэх үед тэрний толгойноос нь цус гарч байсан. Тэгээд бид нарын нэг нь түргэн дуудаж өгчихөөд би тэндээс яваад өгсөн. тэр үед Үнэнбаярын толгойноос нилээн цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Яллагдагч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хүлээн зөвшөөрч байна...Би учруулсан, миний буруу. Би Үнэнбаяраас уучлалт гуйсан. Бас тэрний эмчилгээний зардлыг нь бүрэн төлж барагдуулж өгсөн. Согтуу байхдаа ийм зүйл хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10805 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүгдэгч М.М нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, бунхны урд талын тоглоомын талбайд иргэн М.Үын хоёр хөлийг нь хаман толгойгоор нь газар унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч М.Үын: “...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий Бунхны урд талын тоглоомын талбай дотор Амараа, Боогий, Гэрлээ, Хурцаа нарын хамтаар Хараа гэх 0.75 граммын 2 шил архийг хувааж ууцгаасан. Хурцаа тухайн үед хүн хүн рүү агсраад байхаар нь бид хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл намайг гэндүүлж байгаад 2-3 удаа нүүр рүү миний цохисон. Мөн намайг газарт унагааж дээрээс хөлөөрөө дэвссэн. Үүний дараа би газраас босч ирэн Хурцыг заамдаж сандал дээр суулгатал миний 2 хөлнөөс хамж өргөөд толгойгоор минь тус тоглоомын талбайн цемент дээр савсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Амаржаргалын: “...Үнэнбаяр тэрэн дээр очоод 2 мөрөн дээр нь дараад барилдъя гэсэн чинь М.М /Хурцаа/ босохдоо тэрний 2 хөлнөөс нь хамж аваад хойш нь шидчихсэн. Тэгээд Үнэнбаяр газар унаад босоод ирэх үед тэрний толгойноос нь цус гарч байсан. Тэгээд бид нарын нэг нь түргэн дуудаж өгчихөөд би тэндээс яваад өгсөн. тэр үед Үнэнбаярын толгойноос нилээн цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч М.Мд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар М.Мд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР