Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 131/ШШ2017/00671

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Хгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Дд холбогдох Орон сууц захиалан бариулах гэрээний илүү төлсөн төлбөр 3.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.Дтай 2015 оны 08 сарын 15-ны өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, тухайн байрны 1мкв-ийг 1.100.000 төгрөгөөр үнэлж, 39.2 мкв талбайтай 2 өрөө бүхий орон сууцыг нийт 43.120.000 төгрөгөөр худалдан авсан. Манайх тус байранд 2015 оны 11 сард нүүж орсон бөгөөд одоог хүртэл амьдарч байгаа. Тус байр нь 2 өрөө буюу сууцны зориулалттай талбай нь ариун цэврийн өрөө 1 ширхэг, унтлагын өрөө 1 ширхэг, сууцны бус зориулалттай талбай нь 1, тагт 1, коридор 1 ширхэг, нийт хэмжээ нь 39,2 м,кв юм. Монгол улсын стандарт буюу орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлалын дагуу талбайг тооцоход тухайн байр нь 39.2 мкв биш болж байна. Тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-д гүйцэтгэгч нь орон сууцны талбайн хэмжээг барилгын зурагт үндэслэн талбайг хэмжиж, орон сууцны талбайн хэмжээг тогтооход хэрэглэдэг стандартыг баримтлан гаргасан гэж заасан. Мөн тус зүйлд хэрэв орон сууцны талбайн хэмжээ нь барилга угсралт болон заслын хэмжээнээс шалтгаалж гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 1 мкв-аас дээш хэмжээгээр зөрсөн тохиолдолд шалгах хэмжилт хийж, 1 мкв-д оногдох нэгж үнийг үндэслэн дахин тооцоо хийнэ гэжээ. Уг заалтын дагуу гүйцэтгэгч Д.Д нь мкв-ын зөрүү 1 мкв-аас илүү байгаа талаар хэлэхэд заалтын дагуу шалгах хэмжилт хийж дахин тооцоо хийгээгүй, манайх стандартын дагуу тооцоо хийсэн тул мкв-ын зөрүү гарах үндэслэлгүй гэсэн. Манай зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллагаар хэмжилт хийлгүүлэхийг хүсэхэд манайх хэмжилт хийдэггүй, Баянхонгор аймагт зураг төсөв хийхэд зөвшөөрөгдсөн ганцхан компани байдаг. Ингээд Цэсда ЗБН-д хандаж зураг төсөл, хэмжилтийг хийлгэхэд 3,3 мкв-ийн зөрүү гарсан тул мкв-ийн зөрүү болох 3.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Даваажаргалтай байранд орохдоо 2600000 төгрөгийг өгсөн байсан. Би тухайн үед нь Даваажаргал байхгүй байсан тул түүний нөхөр Батбаатартай уулзаж байрыг нь үзээд эхний удаа үнэ дээр нь тохирохгүй гэсэн шийдвэрт хүрээд явсан. 5-6 хоногийн дараа Батбаатар нь утсаар ярьж, танайх 1мкв-ийг 1000000 төгрөгөөр үнэлж аваад, урьдчилгаанд нь манайх 3000000 төгрөг банкны төлөлт хийх ёстой түүнийг хийгээд өгчих гэж бид аман гэрээ байгуулж, Хонгор тооцооны төвд О.Батбаатартай Хандармаа бид 3 уулзаад байрын хэмжээ бүх зүйлийг хуулийг дагуу хийж, мөнгө төгрөгөө авсны дараа үнэ нэмэхгүй гэж ярилцаад 3000000 төгрөгийг нь шилжүүлсэн.

2016 оны 12 сард дулааны мөнгө төлөх гэж яваад талбайн хэмжээг дутууг мэдсэн. Би Барилгын тухай хуулийг харахад бодолтын зөрүү гэж 2000000 төгрөгийг илүү өгснөө ойлгосон. Би Батбаатартай утсаар ярьж танайх илүү мөнгө авсан байна гэсэн гэж хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Би ярьсан хугацаандаа Даваажаргалын дансруу 2300000 төгрөгийг хийсэн. Би 1900000 төгрөгийн үлдэгдэл үлдсэнээ өгөхгүй гэтэл Батбаатар эвлэрүүлэн зуучлахад хандаж Д.Хг эвлэрүүлэн зуучлагч дуудаж танайх энэ мөнгөө хэзээ өгөх боломжтой вэ гаргаж өгөхгүй бол дараагийн шатанд шилжинэ гэж хэлэхэд нь 1500000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн. Манай орсон байр фойлуураар халдаг, халаалт муутай. Манайхыг нүүж ороход фойлуур нь ажилдаггүй, сольж өг гэж 2 жил гуйсан. Одоо надад үлдэгдэл 350000 төгрөг нь байгаа. Энэ байрны үнийн үлдэгдэл юм. Манай байрны нийт хэмжээг 39.2 мкв гэж бодоод мөнгийг нь авсан байгаа. Одоо хэмжилт хийлгэсэн чинь 36.84 квм байсан учир зөрүү мөнгө болох 2 300 000 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа 1000000 төгрөгнөөс нь татгалзаж 2300000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Хандармаа нь 2015 оны 07 сард орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 93 дугаар байрны 4 тоот 39.2 мкв байрыг худалдан авсан. Ингэхдээ тухайн үедээ 1мкв-ийг 1.100.000 төгрөгөөртухайн үеийн зах зээлийн үнээр худалдан борлуулж байхад үнийг бөөнөөр нь өгнө 1.000.000 төгрөгөөр тооцоог нь хийе гэж биднээс гуйж тохиролцсон. Тухайн үед төлбөр тооцоо нь хийж дуусаагүй эвлэрүүлэн зуучлагчаар шийдүүлж байсан. Мөн уг барилгын мкв-т зөрүү гарсан асуудлыг манайхаас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Учир нь уг барилгын зураг, байрны мкв зэргийг зургийн компани гүйцэтгэж, уг зургийн дагуу манай компани гүйцэтгэж барьсан болно. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газраас улсын комисс, тухайн зургийн дагуу мкв-аар барьсан. Гэтэл Хандармаа нь өөрөө хувиараа хэмжилт хийлгэж, мкв-ийг багасгасан дүгнэлт гаргуулж 3.300.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигч нарын иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлгийн баримт, итгэмжлэл, ЦЭСДА-гийн сууцны өрөө тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тухай тайлан, хэмжилтийн байгуулалт, орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний хуулбар, Баянхонгор аймаг дахь 2017 оны 07 сары н28-ны өдрийн 37-5/2251 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 08 сарын 22-нй өдрийн 50 дугаар тушаалын хуулбар, 2017 оны 08 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж түүний талбайг тооцсон тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

YHДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Д.Даас Орон сууц захиалан бариулах гэрээний илүү төлсөн төлбөр 3.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 1000000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 2300000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагч Д.Д нь 1 мкв талбайн үнийг 1100000 төгрөгөөр худалдаж байхад үнийг бөөнөөр нь төлнө гэж 1 мкв талбайг 1000000 төгрөгөөр үнэлэн худалдан авсан учир орон сууцны талбайн дутуу хэмжээг 1100000 төгрөгөөр бодож нэхэмжлэснийг болон Мэргэжлийн хяналтын газрын улсын комисс хүлээн авсан учир мкв-ын зөрүү гарсан асуудлыг бид хариуцахгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдаж тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг 93 дугаар байрны 1 дүгээр давхар 4 тоот 39.2 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч талаас захиалж төлбөрийг төлөхөөр, хариуцагч барилгыг ашиглалтанд оруулахаар, 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт 1мкв талбайн үнэ 1100000 төгрөг гэж тус тус гэрээгээр тохиролцжээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэн үзэхэд талуудын хооронд хэдийгээр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ нэршилтэй гэрээ байгуулагдсан хэдий ч тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой харилцаа үүсээгүй харин Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон харилцаа буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Зохигч нарын хооронд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч тухайн орон сууцанд 2015 оны 11 дүгээр сард нүүн орсон, нэхэмжлэгч орон сууц худалдан авсан, хариуцагч худалдсан хэмээн тайлбарлаж байгаа зэргээс дүгнэхэд талуудын дунд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг 93 дугаар байрны 4 тоот орон сууцыг худалдах-худалдан авах харилцаа үүсчээ./ХХ-ийн 1-2, 7-9, 37-р тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлблд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Д.Д нь гэрээний зүйл болох орон сууцыг биет байдлын доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй буюу гэрээгээр хэлэлцэн тохирсон орон сууцны талбайн нийт хэмжээ болох 39.2 мкв хэмжээнд хүрэхгүй орон сууцыг шилжүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Зохигч нарын хэн аль нь тухайн маргаж буй орон сууцны талбайн хэмжээний талаар дүгнэлт гаргуулсан байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр ЦЭСДА ЗБН байгууллага хэмжилт хийж орон сууцны нийт талбайн хэмжээг 36.84 мкв, хариуцагчийн хүсэлтээр шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулахаар Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж хийлгэсэн дүгнэлтэд орон сууцны нийт талбайн хэмжээ 36.81 мкв гэж тус тус ирүүлснийг шүүх үнэлэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг 93 дугаар байрны 4 тоот орон сууцны талбайн хэмжээг хариуцагч нь гэрээнд заасан, талуудын тохиролцон үнийг төлсөн 39.2 мкв талбайн хэмжээнээс 2.4 мкв/39.2-36.8=2.4мкв/ хэмжээгээр дутуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна гэж үзэв. /хх-ийн 5-6, 48-52-р тал/

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан ба хариуцагч нь орон сууцыг гэрээгээр тогтоосон хэмжээнээс дутуу шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2300000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба талуудын хэн аль нь орон сууцыг худалдан авахдаа 1 мкв талбайн үнийг 1000000 төгрөгөөр тохиролцсон талаар маргахгүй байдалд үндэслэн орон сууцны талбайн хэмжээний зөрүүг бодоход 2400000/2.4х1000000=2400000/ төгрөг болох хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Д.Даас 2300000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс орон сууцны үнийг төлсөн байдлын талаар тайлбарлаж шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн байх ба уг тайлбарт дурдагдсан үйл баримт нь хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагад холбогдолгүй байх тул шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

Хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 67750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Даас 51750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгов.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118-р зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Даас 2300000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Хд олгуулсугай.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1000000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 67750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Даас 51750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА