Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0227

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э. Шүрэнчимэг,

Улсын яллагч М.Очбадрах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.Э холбогдох эрүүгийн 1718000010012 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ..-ны өдөр .......  аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......ХХК-д жолооч ажилтай, ам бүл ... ....хамт, ...... аймгийн .... сумын .... баг .... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Б.Э, Регистрийн дугаар ..................

 

                                                                                                                               

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б. Э  нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим  ........ аймгийн .......... сумын .....дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ........... төвд иргэн Х. О нь өөрийн Ай-поне 7 маркийн гар утсаа гээгдүүлснийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б. Э  нь 2017 оны 07 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим  .......... аймгийн......... сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ............. төвд иргэн Х. О нь өөрийн Ай-поне 7 маркийн гар утсаа гээгдүүлснийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б. Э шүүх хуралдаанд өгсөн: Би ............нэртэй бялдаржуулах төвд хичээллэдэг байсан. 2017 оны 7 дугаар сарын 22-нд бэлтгэлээ тараад хувцас солих өрөөнд ортол надаас гадна 2 хүн байсан. Тэр 2 хүн усанд орох гээд усны өрөө рүү орсон. Би хувцсаа соличихоод гарах гэтэл цонхны давцан дээр гар утас байсан. Хэний утас гэдгийг нь мэдэхгүй болохоор гайхаад авсан. Үүдний жижүүрт хэлэх гэтэл үүдний жижүүр нь солигдсон байсан учир утсыг гэр лүүгээ аваад явсан. Тэгээд хөдөө явах ажил гараад хөдөө гэр лүүгээ  явсан. Би хүний эд зүйл авч буруу юм хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Хохирогч Х.О мөрдөн байцаалтад өгсөн: ... Би  2017 оны 7 дугаар сарын 22-нд төрсөн ах Одонсодын хамт ...... аймгийн ...... сумын .... солих өрөө рүү ороод гарч шүршүүрт орохдоо хувцас солих өрөөнд өөрийн эзэмшилийн  Iphone 7 маркийн гар утсаа мартсан байсан. Эргэж орж ирээд утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. Залгасан чинь дуудаад авахгүй байсан, сүүлдээ 23 цагийн үед холбогдох боломжгүй болсон. Маргааш нь цагдаад хандсан. Цагдаа нар миний утсыг авсан хүнийг олоод миний утсыг надад хүлээлгэн өгсөн. Надад гомдол санал байхгүй, гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 9/

       Гэрч Х.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2017 оны 7 дугаар сарын 22-ны орой төрсөн дүү Х. О хамтаар ........ аймгийн ........... сумын ........р багт байрлах .......... фитнес төвд хичээллэж байгаад 21 цаг өнгөрч байхад хувцас солих өрөө рүү дүүгийн хамт орж алчуур савангаа аваад шүршүүрт орсон. Уснаас гарч ирээд манай дүү утсаа хайгаад олохгүй байсан. Хувцас солих өрөөнд бид 2-оос гадна Э гээд залуу хамт байсан. Усанд ороод гараад ирэхэд гараад явчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Капитал зууч ХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны байдлаар 1,800,000 /нэг сая найман зуун мянга / төгрөгөөр тогтоосон болно” гэх дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б. Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  зааснаар “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б. Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б. Э-г Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б. Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай. 

3.  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар                    Б.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д өмнө авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР