Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Т.Ганзориг,

Иргэдийн төлөөлөгч Э.Н,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч А.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М холбогдох 201614000*** тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт А.М

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.М нь 2016 оны 11 сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **** тоотод Б.Б-ыг эхнэртэйгээ хардан зодож биед нь гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, 2 нүдний салстад цус харвалт нүүр хүзүү, зүүн чихний дэлбээ, баруун зүүн шуу, баруун мөр нуруу цээж хэвлий бүсэлхийд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл, элэгний зүүн хэсгийн задрал, цөсний хүүдийн урагдал зэрэг хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 8-9 цагийн хооронд хүүгээ ирж байна уу? гэж асуух санаатай утсаар ярихаар Б.Б ахынд ороход Ч.Ч, Ж.Н нар байсан. Тэгээд мэнд усаа мэдсэн. Ч.Ч нэг шил архиа задлаад Б.Б ах Ж.Н ахыг хоол хий гэхэд би хийе гээд би хоол хийгээд хоолоо идээд архиа хувааж уугаад Ч.Ч ахад би таныг зам руу гаргаад таксинд суулгаад өгье гээд бид хоёр гарсан. Тэгсэн ах нь чамд нэг юм хэлье. Б.Б ах чинь танай авгайг нухсан гэсэн. Та баталж чадах уу? гэхэд баталж чадна гэсэн. Би буцаж ороод та манай авгайг нухсан юм уу? гэхэд юу гэсэн үг вэ гэсэн. Тэгсэн Ч.Ч ах баруун ор руу нь заагаад чи энэ орон дээр 3 удаа шаасан биз дээ гэхээр нь би үнэн юм байна гэж бодоод орноос нь чирч буулгаад цохиод байсан. Б.Б-ай 4 жилийн өмнөөс танилцсан, хуурай ах дүү шиг байдаг. Өмнө нь хохирогчтой хэрүүл маргаан хийж байгаагүй. Хохирогчийн нэхэмжилсэн 2 300 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна. Өөрийн түргэн зангаас ийм зүйл хийчихлээ гэв.

2. Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найз маань ирэхээр нэг шил архи уучихаад байж байсан. Тэгтэл Ч 2 шил пивотой ирчихсэн байж байтал А.М хүүхэдтэйгээ утсаар ярина гээд орж ирсэн. Бүгдээрээ нийлж хоол хийж идчихээд архиа уучихаад гараад явцгаасан. Тэгсэн буцаад удалгүй А.М, Ч.Ч хоёр орж ирээд А.М та манай авгайг нухсан юм уу? гэхэд нь би тийм зүйл байхгүй гэхэд Чинзориг энэ орон дээр нухсан гэсэн. Гэтэл М ямар ч үгийн зөрүүгүй намайг зодож эхэлсэн. Миний толгой нүүр ам нил өвчин болсон. Үүнээс гадна гэдэс хэвлий орчим маш их өвдөөд босч, хөдөлж чадахгүй байсан. Хэвтэж байхад М, Ч хоёр эргэж орж ирэхээр нь би М чи яаж байгаа юм бэ? миний гэдэс хэвлий болохгүй байна гэхэд нүүр рүү дахин нэг цохичихоод гараад явсан. Зодоход нь би ухаан алдсан байсан. Яг яаж зодсоныг мэдэхгүй хэвлий хэсгээр амьсгаа авч чадахгүй их өвдөж байсан. Тэгээд найз Ж.Н-г дуудаад түргэн тусламж дуудаад өвчин намдаах тариа хийгээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очиж тариа хийлгэж хэсэг хэвтэж байгаад гэртээ ирсэн. Өглөө бас аймаар өвдөөд шууд хувийн эмнэлэгт хэвтье гэхэд эмнэлэгт заавал үзүүл, тархины зураг авхуул гэсэн. ЭХО-д харуулахад гэмтэл их байна, хагалгаанд оруулах шаардлагтай гээд бичиг хийж өгөөд яаралтай хагалгаанд орсон. Эмчилгээний зардал хохирлоо төлүүлмээр байна. Нийт 2 310 000 төгрөг нэхэмжилж байна. Одоо биеийн байдал гайгүй байгаа гэв.

3. Гэрч Ч.Ч-ийн “2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний найз хөдөөнөөс ирээд зах дээр бид хоёр 0.33 литр хэмжээтэй Ерөөл архи хувааж уусан. Орой зах хаагаад гэр лүүгээ явж байхдаа би хамт жимс зардаг Б руу утсаар яриад хаана юу хийж байна гэсэн чинь гэртээ найзтайгаа хамт байна гэсэн. Тэгэхээр нь гэртээ орчихоод эргэж гараад дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи 1 шил, 0.5 литрийн Боргио пиво 2 лаазыг аваад Б-ын гэрт очсон. Намайг очих үед Б, Н 2 архи уучихсан халамцуу байсан. Б-ын гэрт ороод удаагүй байж байтал М гэдэг Б-ын хуурай дүү гэх залуу орж ирсэн. Архиа задлаад бид 4 хувааж уусан. А.М бид 2 гэртээ харина гээд гарсан. Б гэрийнхээ хойд талын орон дээр, Н баруун талын орон дээр хэвтэж байсан. Би Б-ын гэрээс гарч явж байгаад А.Мд Б-ын гэрт 3 удаа ирэхэд танай эхнэртэй 3 удаа таарсан гэж хэлсэн чинь А.М үнэн үү гэсэн. Үнэн гэсэн чинь А.М та баталж чадах уу? гэхээр нь би баталж чадна гэж хэлсэн. А.М намайг дагуулаад Б-ын гэрт ороод та манай эхнэрийг нухсан юм уу? гээд Б-ыг унагаад гараараа хаа таарсан газартаа цохиод байсан. Би тэр хоёрыг салгаад М-ий хамт гарч явсан. Эргээд Б-ын гэрт орсон чинь Б нүүр ам өвдөөд байна. Чи яагаад гэдэс рүү цохисон юм бэ? нуруу гэдэс өвдөөд яг алах гэж байна гээд хэвтэж байсан. А.М нэмж нүүр рүү нь цохичихоод гараад явсан. Гэртээ ирээд унтаж байтал 00 цагийн орчим Б.Б над руу утсаар яриад би эмнэлэг дээр байна та хүрээд ирээч гэхээр нь эмнэлэг дээр очиход Б хүлээн авах тасагт тариа хийлгээд хэвтэж байсан. ЭХО-д харуулсан чинь гайгүй юм шиг байна гэсэн. Тариа хийлгэж хэсэг хэвтэж байгаад такси аваад бид 2 тэдний гэрт очсон. Би Б.Быг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Маргааш өглөө нь 09 цагийн орчим Б.Б намайг хүрээд ирээч гэхээр нь яваад очтол нүүр ам хавдаж хөхрөөд аймаар болсон байсан. Б.Б миний гэдэс хэвлий өвдөөд байна гээд босч чадахгүй байсан. Ж.Н бид 2 Б.Быг аваад таксигаар Тайхар эмнэлэг дээр очиход манай эмнэлэг үзэхгүй гэсэн. Тэгэхээр нь эхнэр лүүгээ яриад Очир увидас эмэнэлэгт очихоор болсон. Манай эхнэр тэнд хэвтэж байсан юм. Б.Б архины хордлого болсон юм шиг байна. Хордлого тайлах эмчилгээ хийлгээд өгөөч гэсэн юм. Тэгээд Очир увидас эмнэлэг дээр ирж хордлого тайлах эмчилгээ хийлгэж хоносон. Маргааш өдөр нь гэдэс өвдөөд байна гэхээр нь 5-21 дүгээр байранд байдаг эмнэлэгт очиж ЭХО-д харуулсан чинь Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очиж үзүүл гэсэн. Тэгээд очиж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Би А.Мд Б.Бын гэрт 3 удаа ирэхдээ танай эхнэртэй таарсан гэж хэлсэн. Харин А.М болохоор та манай эхнэрийг Б.Б ахад нухуулсан гэж хэлсэн гээд худлаа хэлээд байгаа юм” ãýñýí ìýä¿¿ëýã /õ/õ 14-15-ð õóóäàñ/

 

4. Гэрч Б.М-ийн “ Миний нөхөр их хартай хүн. Чинзориг ах л архи ууж согтоод худал үнэн юм ярьж түүнээс болж А.М Б.Б ахыг зодсон юм шиг байгаа юм. Маргааш нь Б.Б ахын гэрт ороход нүүр нь хавдаж, нүд нь цус хурсан байдалтай байсан”

5. Гэрч Ж.Н-ийн “ Б.Б-ыг яг хэнд зодуулсныг нь би мэдээгүй. Согтоод унтсан байсан. Нэг сэрсэн чинь Б.Б ёолоод байхаар нь яасан бэ? гэхэд А.М намайг эхнэртэйгээ хардаад зодчихлоо гэсэн. Яг алах гэж байна. Аймаар зодлоо. Ч худлаа үнэн юм яриад хүн зодуулчих юм гэж хэлсэн. Босоод харахад Б.Б-ын нүүр зүүн талын шанаа нь хавдсан, 2 нүд нь хавдаж улайсан байдалтай байсан. Б.Б нүүрээ тоохгүй гэдэс өвдөөд байна. Энэ дотор нэг юм болохгүй байна, хавирга хугарсан юм шиг байна гээд байхаар нь цамцыг нь сөхөөд харахад зүгээр юм шиг байхаар нь хавирга чинь зүгээр байх гэж хэлсэн. Б.Б бүр аймаар ёолоод байхаар нь эмнэлэг дуудаж өгч явуулсан”

6. гэрч Б.Ж-ийн “Б.Б.Б нь миний дүү байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын 11 ний өдөр 13 цагийн орчимд Б.Б өөрөө над руу яриад би хагалгаанд орох гэж байна. Гэр бүлийн хүн хэрэгтэй гэж байна шүү та хурдан ирээрэй гэсэн. Яагаад хагалгаанд орж байгаа юм бэ? гэхэд хүнд зодуулсан гэж хэлсэн.Би Улаанбаатар хот руу ах дүү нартаа хэлээд 14 цагийн үед машинд сууж Орхон аймагт ирсэн. Намайг ирэхэд дүү хагалгаанд ороод гарч ирж байсан. Эмч нартай нь уулзахад цөс хагарч хэвлийд хуралдсан, элэг хэсэг газарт язарсан байна гэсэн. Маргааш өдөр нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бөөрний үйл ажиллагаа нь доголдоод мөн хагалгаанд орсон. Миний нөхөр Батсүхэд А.М гэж хүнд зодуулсан гэж ярьсан байна

 

7. Гэрч О.О-ын...2016 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10 нд шилжих шөнө хүлээн авахын эмчээр ажиллаж байхад 02 цагийн орчимд яаралтай түргэн тусламжийн эмч Хүрэлсүх дуудлагаар очиж үзээд Б.Б.Б гэж эрэгтэй хүнийг хүлээн авах тасаг дээр авч ирсэн.Тэр хүний нүүр зүүн талын шанаа болон хоёр нүд нь улайж хөхөрсөн байдалтай байсан. Б.Б нь архи уусан согтуу байсан. Би үзлэг хийгээд яасан талаар асуухад Б.Б нь хүнд зодуулсан гэж ярьсан. Миний хэвлийгээр өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Үзлэг хийчихээд хэвлий гэдэс дотор нь ямар нэг гэмтэл бэртэл байгаа эсэхийг тогтоохоор джитал рөнтгинээр харна гэхэд мөнгө төгрөг байхгүй гэж Б.Б нь ярьсан.Тэгэхээр нь ажиглалт хийж хэвтүүлсэн. Ар гэрээсээ хүн дуудах хэрэгтэй гээд хүлээн авахын хажуу талын онош тодруулах өрөөнд шилжүүлэн хэвтүүлсэн.Тэгээд ажлаа хийж байгаад нэг харсан чинь Б.Б.Б нь гараад явчихсан байсан гэсэн мэдүүлэг /х/х 31-32-р хуудас/

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаартай... 1. Б.Бын биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, хэвлийн битүү гэмтэл, элэгний зүүн хэсгийн задрал, цөсний хүүдийн урагдал, 2 нүдний салстад цус харвалт, нүүр, хүзүү, зүүн чихний дэлбээ, баруун зүүн шуу, баруун мөр, нуруу цээж, хэвлий бүсэлхийд зөөлөн эдэд олон тооны цус хуралт зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, гэдэсний саажилт, үжлийн байдал үүсч хэвлийн хөндийг нээх, шалгах, цөсний хүүдий болон мухар олгойг авах, хэвлийн хөндийг угаах, гуурс тавих хагалгаа хийжээ. 2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Элэгний задрал,цөсний  хүүдийн урагдал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно гэсэн дүгнэлт. / х/х 45 хуудас/

9. Шинжээч эмч Ж.Г-ийн ...Элэгний задрал, цөсний хүүдийн урагдал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэсэн мэдүүлэг / хх-ийн 60-р талд /

10. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 66-р талд / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүгдэгч, гэрч, хохирогчийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх тул шүүх үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой гэж дүгнэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.

2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 29-15 тоотод хохирогч Б.Б.Быг эхнэртэйгээ хардан зодож бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт, 2 нүдний салстад цус харвалт нүүр хүзүү, зүүн чихний дэлбээ, баруун зүүн шуу, баруун мөр нуруу цээж хэвлий бүсэлхийд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл, элэгний зүүн хэсгийн задрал, цөсний хүүдийн урагдал бүхий хүнд зэргийн гэмтэл гэсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг, хохирогч Б.Б.Бын “...А.М үгийн зөрүүгүй намайг зодож эхэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Ч-ийн “...би Б.Бын гэрээс гарч яваад А.Мд би эднийд гурван удаа ирэхдээ танай эхнэртэй гурван удаа таарсан гэж хэлсэн. А.М үнэн үү? Та баталж чадах уу? гэхээр нь үнэн баталж чадна гэж хэлсэн. А.М намайг дагуулаад Б.Бын гэрт ороод та манай эхнэрийг нухсан юм уу? гээд Б.Быг орноос нь татаж унагаад гараараа хаа таарсан газартаа цохиод байсан” гэсэн мэдүүлэг, өвчний түүх, шинжээчийн 808 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн “...Элэгний задрал, цөсний хүүдийн урагдал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Элэгний задрал, цөсний хүүдийн урагдал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учир нь цөсний хүүдий нь элгэнд наалдаж байрласан байдаг” гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд А.М-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

А.Мд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэхийн зэрэгцээ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих оногдуулж шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нотлох баримтыг үндэслэн 2 219 366 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байх бөгөөд үлдэх 90 634 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.М-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч А.М 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.М оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.М-ий цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.М 2 219 366 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б олгож, үлдэх 90 634 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ж.БАЙГАЛМАА

Ц.АЛТАНГАДАСТ.Ган