| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2020/0110/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/259 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч Б.О*********о нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангад овогт Баасандалайн О*********од холбогдох эрүүгийн 1838006100254 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.О*********о нь 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 29-08 тоотод оршин суух иргэн Х.Э*********ийн байшинд хураасан ноосноос Б.Батсайхантай бүлэглэн 1 шуудай буюу 14 кг 300 грамм ноос, О.Н*********н, О.Б*********д нартай бүлэглэн 3 шуудай буюу 42 кг 900 грамм ноос, О.Н*********н, О.Б*********д, Ц.Б*********ж нартай бүлэглэн 4 шуудай буюу 57 кг 200 грамм ноос нийт 8 шуудай буюу 114,4 кг ноос хулгайлж, хохирогч Х.Э*********ийн эд хөрөнгөд 400.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О*********о нь 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 29-08 тоотод оршин суух иргэн Х.Э*********ийн байшинд хураасан ноосноос Б.Батсайхантай бүлэглэн 1 шуудай буюу 14 кг 300 грамм ноос, О.Н*********н, О.Б*********д нартай бүлэглэн 3 шуудай буюу 42 кг 900 грамм ноос, О.Н*********н, О.Б*********д, Ц.Б*********ж нартай бүлэглэн 4 шуудай буюу 57 кг 200 грамм ноос нийт 8 шуудай буюу 114,4 кг ноос хулгайлж, хохирогч Х.Э*********ийн эд хөрөнгөд 400.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1838006100254 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О*********о мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ энэ талаар тодорхой ярьсан байгаа. Би 2018 оны 7 сарын 20-ны үед санагдаж байна, өөрийн танил ах Батсайхан гэдэг айлын Мөрөн сумын 5-р хороонд байдаг гэрт нь очиж хоносон. Тэгээд өглөө нь би капитал банкнаас хүүхдийн мөнгө аваад тэр өдрөө Батсайхан ахтай гадуур архи ууж яваад орой нь Батсайхан ахынд очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь Батсайхан ах гарч яваад буцаж орж ирээд мөнгө байна уу гэхээр нь би мөнгө байхгүй гэсэн. Тэгсэн чинь Батсайхан ах гарч яваад намайг дуудахаар нь гараад очтол дэвсгэр даавуу аваад ир гэсэн. Би дэвсгэр аваад Батсайханы гэр байсан хашааны арын жижиг байшинд очиход Батсайхан тэр байшинд ноос шуудайлчихсан байсан. Тэгээд бид хоёр нэг шуудай ноос аваад гарсан. Тэгээд Батсайхан ах урд гараад түрүүлээд явсан. Тэгээд би араас нь хөл муутай байсан болохоор удаан алхаад явж байтал ноосоо тушаачихаад ирсэн. Тэгээд бид хоёр тэр өдөр бас архи уусан. Тэгээд би тэр оройноо Батсайхан ахаас салж яваад зах дээр Болдоо /Б*********д/, Нямкаа /Н*********н/ бямбаа /Б*********ж/ гуравтай тааралдсан. Тэгээд би тэр гуравтай архи ууж байгаад мөнгө төгрөг олох газар байна уу гэхэд нь би ноос байгаа байшингийн талаар тэд нарт ярьсан. Тэгээд бид нар Мөрөн сумын 5-р хороонд Батсайхан ахын гэр байсан хашаанд очоод хашааны араар нь давж ороод Нямкаа гурван шуудай ноос шуудайлж гаргаж ирсэн. Тэгээд тэр гурван шуудай ноосоо арын гудамжинд байх хогны хажууд тавьчихаад буцаж яваад такси бариад ирж гурван шуудай ноосоо авч явсан. Тэр ноосоо зах дээр аваачиж зараад мөнгөөр нь архи уусан. Одоо хаана зарснаа бол санахгүй байна. Мөнгө төгрөгийг нь Болдоо аваад архи авч бид дөрөв хамт ууцгаасан. Би тэд нартай тэр орой архи ууцгааж байгаад салаад явсан. Дахиж тэр хашаанаас очиж ноос аваагүй. Маргааш нь Жаргалант сум руу хөдөө явсан...” гэх мэдүүлэг /хх-72-73х/,
Шүүгдэгч Б.О*********о шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... гэв. Хохирогч Х.Э*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүү Чойдогжамцын хамт 2018 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 10:00 цагийн үед Төмөрбулаг сумаас Мөрөн суманд орж ирээд Мөрөн сумын 5 дугаар багийн 29-08 тоотод байх гэртээ ирээд ноос хураасан байшиндаа орох гэтэл хаалга даруулж хадсан модыг авсан, онгорхой байдалтай байхаар нь ороод хартал манай хураалттай байсан ноосноос байшингийн баруун хойд буланд жаахан ноос үлдсэн байсан. Тэгээд би гэрээсээ гараад явж байтал манай арын гудамжнаас ногоон шуудайтай ноос барьсан хүн явж байхаар нь бичлэг хийсэн. Тэгээд гэртээ байж байтал оройн 17:00 цагийн үед хүү Чойдогжамц манай арын байшинд хүн орчихсон ноос шуудайлаад байна гэхээр нь гараад харсан чинь нэг хүн манай байшинд ноос шуудайлж байсан бөгөөд манай хашааны ард цагаан өнгийн портер шиг машин байсан. Тэгээд нөгөө хүн ноосоо хаяад манай баруун талын хашаа руу даваад орохтой зэрэгцээд манай хашааны ард зогсож байсан машин хар хурдаараа хөдлөөд давхихаар нь би нөгөө хүний араас хөөгөөд, хүү маань машины араас хөөсөн. Тэгээд би хашааны хаалгаараа гараад баруун талын айлын үүдэнд очиход ноос шуудайлж байсан хүн урдаас гараад ирэхээр нь бариад авсан чинь намайг алгадаад, түлхэж унагаачихаад гүйгээд зугтаасан. Тэгээд би баруун хашааны хөрш эмэгтэйгээс та сая танай хашаа руу о*********н хүнийг харсан уу, манайхаас ноос хулгайлж байгаад зугтчихлаа гэсэн чинь манай хүүхэд харсан байна, харин нэг хүн зугтсан гэж байна гэж ярьж байсан. Тэгээд байшиндаа ороод ноосоо харахад ойролцоогоор нэг шуудай орчим ноос задгайгаар, том ногоон шуудайнд хийгээд эгнүүлээд тавьчихсан 5 шуудай ноос байсан. Тэгээд байж байтал манай хүү ирээд нөгөө машины дугаарыг харж чадсангүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-29-30х/,
Гэрч Б.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 7 сарын 25-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас Шинэ-Идэр сумын Зүүн нуур орохоор оторт явж байтал манай оюутан хүү Цэнд- Аюуш хотоос надруу залгаад манай Мөрөнгийн 5 дугаар багийн 29-08 тоотод байх хашааны зүүн хамар хашааны айлын Батцоож гэх хүн залгаад танай ноосыг архичид зөөгөөд байх шиг байна гэж хэлээд гэхээр нь анх ноос алдагдсан талаар дуулсан. Тэгээд хүүтэйгээ ярьсны дараахан Батцоож гэх хөрш маань залгаад ноос хураасан байсан юм уу энүүгээр архичид яваад ноос зөөгөөд байх шиг байна гэхээр нь би та манайх руу ороод хараадхаач гэж хэлсэн. Тэгээд удалгүй надруу дахин залгаад танайх онгорхой байхаар нь о*********н чинь нэг залуу байна, танай хашаанд байдаг айл хүнгүй байна, энэ залуу танай хүүхдийн найз юм гэнэ, би энэ залуутай танай байшинд ороод үзье гэж хэлсэн. Тэгээд танай байшинд ороход ер ноос гээд байх юм үлдээгүй байна шалан дээр жаахан л ноос байна гэж байсан. Тухайн үед манай гэрт байсан тэр залууг манай оюутан хүү гэрт очоод байж бай гэж хэлсэн юм байна лээ. Тэгж л би ноос алдагдсан тухай мэдсэн” ...гэх мэдүүлэг /хх-31-33х/,
Насанд хүрээгүй гэрч П.Чойдогжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр би ээжтэй хамт хөдөөнөөс ирээд байж байсан бөгөөд дэлгүүр явахаар гарахдаа арын байшин руугаа хартал манай арын ноос хураасан байсан байшинд нэг эрэгтэй хүн ноос шуудайлаад сууж байхаар нь ээжид хэлээд буцаад гараад ирсэн чинь нөгөө хүн шуудайлж байсан ноосоо хаяад манай баруун талын хашаа даваад зугтсан. Би арын хашаагаар даваад хартал нэг цагаан өнгийн Портер машин тоос татуулаад давхиж байхаар нь араас нь мотоцикльтой хөөгөөд гүйцэгдэхгүй алга болчихсон”...гэх мэдүүлэг /хх-35/,
Гэрч П.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2018 оны 6 дугаар сарын 05-наас эхэлж аавтайгаа Төмөрбулаг суманд хонио ноосолсон бөгөөд бид 2 өөрийн 576 хонь ноосолсон. Тэгээд аав 576 хонины ноосон дээрээ хамаатны ахын 274 хонины ноосыг нэмээд нийт 850 толгой хонины ноос ачаад Мөрөн о*********н бөгөөд Мөрөн сумын 5 дугаар багийн 29-08 тоотод байдаг өөрийн байшиндаа хураачихаад ирлээ гэж байсан” ...гэх мэдүүлэг /хх-36х/,
Гэрч А.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2018 оны 07 сарын 18-ны үед оройны 22 цагийн үед бүрий болж байхад хашаан дотроо сааданд сууж байтал манай баруун талын хөрш айлын арын жижиг байшингаас хүмүүс юм зөөгөөд байх шиг байхаар нь хүүе юу болж байна гэсэн чинь хашаа даваад гүйсэн бөгөөд арын гудамжинд байсан жижиг тэрэг хар хурдаараа хөдөлсөн. Тэгээд би эзэн рүү нь утсаар ярьж танай ноосыг хүмүүс зөөгөөд байх шиг байна гэж хэлсэн” ... гэх мэдүүлэг /хх-37- 38х/,
Гэрч Ц.Б*********жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2018 оны зун буюу өнгөрсөн зун яг хэдэн сарын хэдэн байсныг санахгүй байна. Мөрөнгийн хойд зах дээр жаахан бие өвдөөд архи уучихсан өөрийн таних хоёр залуу ирээд бид хоёрыг явъя гэсэн. Тэгэхээр нь би дагаад тэр гуравтай хамт явсан. Бид дөрөв тэндээсээ такси бариад 5-р хороонд байдаг нэг айлын хашаанд очсон. Тэгээд О*********о, Болдоо, Нямка бид 3-ыг машинд ноос ач гээд тэр хашаан дотор, хашааны хойд талд байсан байшин дотроос шуудайтай хонины ноос ачуулсан. Тэгээд аваачиж тушаасан. Хэр их ноос байсныг нь барагцаагаар мэдэхгүй байна. Хонины ноос байхаар нь шуудайлаад тавьж байсан юм. Би тэр хашаа байшин хэнийх гэдгийг мэдэхгүй урьд нь ирэхэд О*********о хальт манай ахын ноос байгаа юм гэж байсан. Намайг очиж ноос шуудайлахад тэр хашаанд хүн байгаагүй” ... гэх мэдүүлэг /хх-42-43х/,
Гэрч О.Б*********дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөрөн сумын 5-р хороонд байх хашаандаа байшин, гэр барьсан хашааны ард талд очиж зогсоод О*********о хашааны араар давж о*********н. Тэгээд гурван шуудай ноос гаргаж ирээд таксинд ачаад тэндээсээ зах дээр нэг улаан контейнертэй ченжид аваачиж зараад мөнгөөрөө архи ууцгаасан”... гэх мэдүүлэг /хх-52-53х/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-56х/ зэрэг баримтууд байна. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1/911 дугаартай Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-79х/, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 115/003742 дугаартай байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-80х/, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 115/003743 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-81х/, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 115/003741 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-82х/, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх[1]84х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1838006100254 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О*********о нь 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 29-08 тоотод оршин суух иргэн Х.Э*********ийн байшинд хураасан ноосноос Б.Батсайхантай бүлэглэн 1 шуудай буюу 14 кг 300 грамм ноос, О.Н*********н, О.Б*********д нартай бүлэглэн 3 шуудай буюу 42 кг 900 грамм ноос, О.Н*********н, О.Б*********д, Ц.Б*********ж нартай бүлэглэн 4 шуудай буюу 57 кг 200 грамм ноос нийт 8 шуудай буюу 114,4 кг ноос хулгайлж, хохирогч Х.Э*********ийн эд хөрөнгөд 400.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.О*********о мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-72-73х/, Шүүгдэгч Б.О*********о шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Хохирогч Х.Э*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-29- 30х/, Гэрч Б.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-31-33х/, Насанд хүрээгүй гэрч П.Чойдогжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-35х/, Гэрч П.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-36х/, Гэрч А.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-37-38х/, Гэрч Ц.Б*********жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-42-43х/, Гэрч О.Б*********дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-52-53х/, Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-56х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.О*********о нь Мөрөн сумын 5 дугаар багийн 29-08 тоотод хохирогч Х.Э*********ийн эзэмшлийн байшинд нэвтэрч 114.4 кг ноос хууль бусаар, нууцаар хулгайлан авч 400.400 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн учраас хохирогч Х.Э********* нь шүүгдэгч Б.О*********огоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.О*********ог бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ:... “Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.
Шүүгдэгч Б.О*********о нь 2018 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 29 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Х.Э*********ийн байшинд хураасан ноосноос иргэн Батсайхантай бүлэглэн 1 шуудай буюу 14 кг 300 грамм, Н*********н, Б*********д нартай бүлэглэн 3 шуудай, Н*********н, Б*********д, Б*********ж нартай бүлэглэн 4 шуудай ноос, нийт 8 шуудай 114,4 кг ноос хулгайлж хохирогч Э*********ийн эд хөрөнгөд 400,400 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эдгээр баримтуудыг шинжлэн судлахад тухайн ноос хураасан байшин ямар үүд хаалгатай, ямар байсан талаар хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтэн дээр тодорхой тусгагдсан байна гэж үзлээ. Мөн мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл дээр хэргийн хувьд анх мэдээлэл ирэхэд тухайн байшинд анх 1 тн буюу 3,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ноос байсан гэх мэдүүлгийг хохирогч өгсөн хэдий ч тухайн хэргийн нөхцөл байдалд шүүгдэгч Б.О*********огийн хувьд ноосыг бүгдийг нь аваагүй болох нь тогтоогдож байна. Түүний хулгайлсан ноосны хэмжээгээр яллах дүгнэлт гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгт мөрдөн шалгах туршилтаар эдгээр хүмүүс тухайн байшинд байсан шуудайгаар хулгай хийсэн гэж мэдүүлсэн байгаа боловч тухайн шуудайнд хэдэн киллограмм ноос орж байгааг туршилт хийж хэмжээг тогтоосон. Мөн хохирогч Э*********ийн мэдүүлэг, гэрч Пүрэвжав, насанд хүрээгүй гэрч Чойдовжамц, гэрч Даваадорж, гэрч Батцоож, Б*********ж, Б*********д нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг нотлох баримтуудаар Б.О*********о нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байна.
Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувьд Б.О*********отой хамтран хулгай хийсэн гэх Батсайхан, Ням-Ренцэн, Б*********д, Б*********ж нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэж байгаа. Эдгээр хүмүүс нь архины хамааралтай, тодорхой оршин суух хаяггүй, холбоо барих дугаар байхгүй хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас эдгээр хүмүүсийг эрэн сурвалжилж, одоогийн байдлаар олж илрүүлсэн зүйл байхгүй. Б.О*********огийн хувьд эхнэр, хүүхэдтэй тодорхой оршин суух хаягтай учир хэргээ шийдүүлэхээр ирсэн гэж үзэж байна.
Хохирлын хувьд 400,400 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хохирлыг тогтоосон. Уг хохирлыг шүүгдэгчийн зүгээс хэн нэгэнтэй хуваагаагүй, өөрийн сайн дураар төлсөн байгаа учраас түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй.
Энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Баасандалайн О*********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 32 хоног цагдан хоригдсон. Үүнийг ял эдлэх хугацаанд оруулж тооцох саналыг шүүх хуралдаанд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дүгнэлтэндээ:... “Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О*********од хууль зүйн туслалцаа үзүүлж түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Цагаатгах баримт байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед түүний үйлдлийг хангалттай нотлох баримтуудаар хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудаар хангалттай баримтжуулсан. Нотлогдсон хэмжээгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлын талаар, эрүүгийн хариуцлагын талаар гэсэн 3 дарааллаар өмгөөллийн үгээ хэлж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд үйлдэгдсэн хугацаа мөн яллах дүгнэлтэнд дурдагдсан Н*********н, Б*********д, Батсайхан... нартай бүлэглэн 2018 оны 7 дугаар сард иргэн Э*********ийн гэрээс 114,4 киллограмм ноос хулгайлж Э*********ийн эд хөрөнгөд 400,400 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Энэ хамтран гэмт хэрэг үйлдсэн үйлдэл болоод учруулсан хохирол хор уршгийн талаар миний үйлчлүүлэгч маргахгүй байгаа. Өмгөөлөгч миний хувьд улсын яллагч гаргасан дүгнэлт дээр хэргийн зүйлчлэл дээр санал нийлэхгүй байгаа. Яллах дүгнэлт дээр хүн байнга амьдрах зориулалттай, байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэсэн санкцтай дүгнэлтэн дээр оруулж өгсөн байсан. Энэ хүн байнга амьдрах эсхүл үйл ажиллагаа явуулах зорилготой орон, байр гэж байгаа. Эсвэл тусгайлан хамгаалсан агуулах гэж байгаа. Үүн дээр сонгож тусгасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэсэн үндэслэлээр зүйлчлэл гаргасан. Ноос байсан газар руу нэвтэрсэн байр нь хүн байнга амьдрах зориулалтын орон байр гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан байдаг. Хүн байнгын амьдрах зориулалттай гэдэг хүн амьдардаг гэдгийг нотолсон байх шаардлагатай. Монгол хүн монгол гэрт олон зуун жил амьдарч ирсэн. Тооно хаалгаар агаар нь солилцож гэрэл салхи нэвтэрдэг. Одоо орчин үед байшинд амьдардаг болсон. Байшингийн агаар нь цонхоороо хаалгаараа орж гарах зориулалттай. Хэрэг болсон байшин нь хүн амьдрахад төгс байр мөн үү гэдэг асуудал гарч байна. Хүн амьдарч байсан юм бол хүн амьдрахад зориулагдсан ахуйн орчныг хангасан байж хүн байнга амьдрах орон сууц болох юм шиг санагдаж байна. Энэ байр нь хүн амьдрах боломжтой байр мөн үү гэдэг дээр эргэлзээ төрж байна. Ийм эргэлзээ төрсөн тохиолдолд ямар эрх зүйн зохицуулалт хэрэглэдэг вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн шалгасан боловч мөн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд гарсан эргэлзээг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр зохицуулалтуудыг энэ тохиолдолд хэрэглэхгүй бол өөр хаана хэрэглэх билээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Хаалга болон цонх байхгүй битүү, доороо шал байхгүй ийм байранд хүн байнга амьдрах уу? энэ дээр эргэлзээ төрж байна. Өөр бусдаар маргаан байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагад ял шийтгэл оногдуулахдаа нэгдүгээрт нь гэмт хэрэг үйдлдэгдсэн нөхцөл байдал, хоёрдугаарт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж байж шийдэх ёстой. Миний зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг хэлэхэд Б.О*********о нь эхнэр, гурван хүүхэдтэй, бага хүүхэд нь 3 настай том хүүхэд нь 13 настай, ар гэрээ тэжээн тэтгэж авч явдаг. Эхнэрийн хамт өөрийн гэсэн цөөхөн малаа харж хажуугаар нь барилга дээр ажиллаж амьдрал аж ахуйгаа авч явдаг. Мөн өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй, зан харилцааны талаар тодорхойлолт хүртэл байгаа. Ийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээч гэж хүсэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар шийдэж өгөхийг хүсэж байна. Ял шийтгэлийн хувьд сонгох боломжтой байгаа. Мөн эрүүл мэндийн хувьд харгалзаад хорих ялын доод хэмжээг оногдуулж, хорих ялын доод хэмжээг оногдуулан шийдэж өгөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна гэв. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлт нэмж хэлсэн тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс тухайн ноос байсан гэх байшинг хүн байнга амьдрах зориулалттай, орон байр биш гэсэн зүйлийг хэлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гэж заасан байгаа. Хэргийн газрын үзлэгийн зургаас харахад тухайн хүмүүс өөрсдийн амьдрах орон байр нь тэр хашаан дотор байна. Тэрний ард эд зүйлээ хамгаалах зориулалтаар барьж босгосон байшин байгаа нь харагдаж байдаг. Байшингийн хаалгыг тэр үед бэхэлсэн байсан боловч бэхэлгээг авсан байгаа нь гэрч, хохирогчийн мэдүүлгээс харагдаж байна. Ийм учраас миний хувьд тусгайлан хамгаалсан байр гэж үзэж байна. Хүн амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй байхыг шаардаж байгаа. Тэгэхээр энэ хүн нэвтэрч орохыг зөвшөөрсөн хүн биш. Иймд Б.О*********огийн хувьд орон байранд нэвтэрч орохыг зөвшөөрөөгүй, заавал хүн амьдраад байх боломж нөхцлөөр хангагдсан байхыг шаардахгүйгээр тухайн айлын эд зүйлээ хамгаалах, тусгайлсан хамгаалсан байр мөн болох нь хавтаст хэргээс тодорхой харагдаж байна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж хэлсэн тайлбартаа:... “ Улсын яллагчийн саналыг сонслоо. Улсыг яллагч эхлээд хүн байнга амьдрах гэснийг сонгон авч яллах дүгнэлтээ үйлдсэн байдаг. Тэгсэн хэрнээ одоо хүн үйл ажиллагаа явуулах зорилготой орон байр тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрсэн гэж байна. Энэ нь өгүүлбэр дунд таслал байгаа тус тусдаа ойлголт болж байгаа. Хүн амьдрах зориулалт юм уу эсвэл агуулах юм уу? эсхүл тусгайлан хамгаалагдсан байр юм уу? Тэгэхээр хүн байнга амьдрах зориулалттай гэдгийг хэлсэн биш гэж одоо болохоор үйл ажиллагаа явуулах зорилготой орон байр гэж байна. Үйл ажиллагаа явуулах зориулалттай гэхээр ямар үйл ажиллагаа явуулах зориулалттай байр юм гэдгийг үгийн агуулгыг утгачилж Монгол хэлээр ойлгуулах ёстой. Бүр ойлгогдохгүй бол Монгол хэлний тайлбар толь байдаг түүнээс харж болно. Үйл ажиллагаа явуулж байгаа байр нь мал аж ахуй, мах бэлтгэл, ноос ноолуурын чиглэлтэй юм уу? мужаан, дархны чиглэлээр юм уу? ямар үйл ажиллагаа явуулдаг байр байсан юм. Үүн дээр хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй. Тухайн байшин нь үйл ажиллагаа явуулах зориулалттай юм уу? яг юуны зориулалтаар баригдсан байшин гэдэг нь тодорхой байна. Үүнийг баталгаатай нотолсон байх ёстой. Тусгайлан хамгаалсан байр гэдэгт энэ газрыг хүний хүчин зүйлийн хамт хамгаалж байсан юм уу? шинжлэх ухаан ололт амжилтын зүгээс юм уу? ямар байдлаар тусгайлаад хамгаалаад байгаа юм уу? гэдгээ нотолж өгөөгүй. Мөн гэрэл дохиоллын системтэй юм уу? тусгайлсан тоноглолоор хамгаалсан байсан юм уу? Эсвэл торон хашаа, хүн нэвтрэхийг хориглосон, хамгаалсан бэхэлгээ хийж хамгаалсан байсан юм уу? Тусгайлан хамгаалсан гэдэг тусгай хамгаалсан газрыг хэлэхээс энгийн байдалт хэрэглэхгүй. Агуулахад нэвтэрсэн гэж хэлж байсан. Тухайн байшин агуулах мөн үү? эсхүл хүн амьдрахдаа агуулахад амьдардаг уу? энэ байшинг агуулах байр болгож ашиглаж байгаа бол хүн амьдрахгүй, ямар нэг зүйлийг агуулах зорилготойгоор хүний амьдрах орчноос өөр орчинг бий болгож ашиглана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан объектив талыг хангаагүй. Хангалаа гэж үзэхэд үүнийг нотлоогүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн нотлох үүрэгтэй” гэсэн байдаг. Хавтаст хэргээс харахад үүнийг нотлоогүй. Мөн хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр нотлох үүрэгтэй. Энэ хуулийн шаардлагыг энэ хэргийг шалгах явцад хуулийн энэ шаардлага хэрэгжсэн юм уу? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах ёстой байдаг. Хуулийг зөрчиж авсан шийдвэр хүчин төгөлдөр бус болно гэсэн эрх зүйн үр дагавар дагуулдаг гэв.
Шүүгдэгч Б.О*********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд эхний ээлжинд түүний үйлдэл нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан эсэхийг шалгах шаардлагатай гэж шүүх үзлээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Улсын яллагчаас шүүгдэгчид халдааж байгаа зүйлчлэл нь тохирч байгаа. Мөн гэрч нар болон хохирогчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.О*********ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж байна гэж маргана. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруу болон хохирол дээр маргаагүй, гэхдээ улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж байгаад зөвшөөрөхгүй ...Ноос байсан газари нэвтэрсэн байр нь хүн байнга амьдрах зориулалтын орон байр гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан байдаг. Хүн байнгын амьдрах зориулалттай гэдэг төгс хүн амьдардаг гэдгийг нотолсон байх шаардлагатай... Хүн амьдарч байсан юм бол хүн амьдрахад зориулагдсан ахуйн орчныг хангасан байж хүн байнга амьдрах орон сууц болох... Хаалга болон цонх байхгүй битүү, доороо шал байхгүй ийм байранд хүн байнга амьдрах уу... Тусгайлан хамгаалсан байр гэдэгт энэ газрыг хүний хүчин зүйлийн хамт хамгаалж байсан юм уу? Шинжлэх ухаан ололт амжилтын зүгээс юм уу? ямар байдлаар тусгайлаад хамгаалаад байгаа юм уу гэдгээ нотолж өгөөгүй. Мөн гэрэл дохиоллын системээр юм уу? тусгайлсан тоноглолоор хамгаалсан байсан юм уу? Эсвэл торон хашаа, хүн нэвтрэхийг хориглосон, хамгаалсан бэхэлгээ хийж хамгаалсан байсан юм уу? Тусгайлан хамгаалсан гэдэг тусгай хамгаалсан газрыг хэлэхээс энгийн байдалд хэрэглэхгүй гэж... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан объектив талыг хангаагүй. Хангалаа гэж үзэхэд үүнийг нотлоогүй. Тэгэхээр хуульд “Мөрдөгч, прокурор хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн нотлох үүрэгтэй” гэсэн байдаг. Хавтаст хэргээс харахад үүнийг нотлоогүй. Мөн хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр нотлох үүрэгтэй. Энэ хуулийн шаардлагыг энэ хэргийг шалгах явцад хуулийн энэ шаардлага хэрэгжсэн юм уу? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдах ёстой байдаг. Хуулийг зөрчиж авсан шийдвэр хүчин төгөлдөр бус болно гэсэн эрх зүйн үр дагавар дагуулдаг гэж маргана.
Улсын яллагч шүүгдэгч Б.О*********ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдсэн мөн шүүхийн хэлэлцүүлэгт түүнийгээ гэрч болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлож байгаа гэх дүгнэлтийг гаргаж байх боловч түүний дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тайлбарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах”, “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”, “ тусгайлан хамгаалсан байр”, “агуулахад нэвтэрч” гэж тусгайлан заасан байх ба “хүн байнга амьдрах”, “тусгайлан хамгаалсан байр”, “агуулах” нь... тухайн цаг хугацаанд нэвтэрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвал хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн газрын нөхөн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /зураг №3 “ноос хадгалж байсан гэх хаалгагүй байшинг харуулав”, гэрэл зургийн үзүүлэлт №6, №7, №8, №9 зургаар “ноос хураалттай байсан гэх байшингийн дотор талыг харуулав” гэх гэрэл зургийн үзүүлэлтүүдээр болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, мөн ноос хадгалж байсан байшин нь хаалга, цонхгүй, тусгайлан хамгаалсан болон хамгаалсан тухай тэмдэг, тэмдэглээгүй шүүгдэгч болон бусдад мэдэгдэх хамгаалах зүйл байхгүй байгаа зэргийг үндэслэн Б.О*********ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.О*********ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О*********о нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь 2019 оны 9 дүгээр сарын 17- ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84х/ баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.О*********о нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.О*********о нь Б.Батсайхан, О.Н*********н, О.Б*********д, Ц.Б*********ж нартай хамтран үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.О*********о нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хохирогч Х.Э*********т 400,400 төгрөгийн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт болон саналд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан Б.О*********од 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан тооцох болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О*********од холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Баасандалайгийн О*********ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О*********ог 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О*********о нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.О*********огийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О*********огийн цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид учруулсан 400,400 /дөрвөн зуун мянга дөрвөн зуу/ төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О*********од шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН