Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0122/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Х.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Д.Т-д холбогдох эрүүгийн 2018000300072 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, И овогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсэгт илчит тэрэгний туслах машинч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ............ тоотод оршин суух хаягтай, урьд:

-2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дугаар байрны гадна Х.Б маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн битүү хугарал, баруун нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Д.Т мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би шүргэсэн чинь холуур яваач гэж хэлээд би ажлын хувцастай байсан учир бид хоёр маргасан юм байна лээ. Би хэл амаар доромжилсон. Би хохирогчийг “чи яасан сэхүүн зантай юм бэ?, чамайг хоргоохгүй, чамайг тоож шаахгүй.” гэж хэлээд орц руу орсон. Хохирогчийг хэдэн настайг нь мэдээгүй. Би 1210000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн. Одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Х.Д мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн дугаар орцны урд ахынхаа гэрээс юм авахаар очиж, дүү Б-ийн хамт гадаа найз залуу Тэргэлийг машинтай ирэхийг хүлээгээд зогсож байсан юм аа. Тэгсэн нэг машинаас намхан согтуу ах бууж ирсэн.

...тэгээд бид хоёр руу дөхөж ирээд “ахын 2 дүү яасан, гэр оронгүй юм уу?, манай гэрт орох уу?” гэсэн. Тэгэхээр нь би “үгүй ээ, ах аа та юу яриад байгаа юм бэ? зүгээр гэр лүүгээ ор оо” гэж хэлсэн. Тэгсэн чинь орц руугаа орох гээд явж байснаа эргэж хараад надад хандаж “чам шиг янханыг бол би шаахгүй, дүүг чинь бол шаана шүү.” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хүүе ээ, ах аа та юу яриад байгаа юм бэ?” гэсэн чинь тэр ах “та нар шиг биеэ үнэлэгчийг би мэднэ шүү дээ, угаасаа ингээд л биеэ үнэлээд байж байдаг биз дээ.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ах аа хүн доромжлох хуультай шүү, би таныг цагдаад өгнө шүү, уусан идсэнээ шингээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь чи намайг архичин гэлээ гээд зогсож байхад араас ирээд нуруу хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би “яаж байна аа гээд эргээд харсан чинь гараараа миний нүүр, хамар хэсэгт цохиод авсан. Тэгэхээр нь би айх, гайхах зэрэгцээд 2 гараа толгой дээрээ хамгаалах гээд барьсан  чинь хөлөөрөө хөл хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд дүү маань ирээд болиулах гэсэн чинь гарнаас нь барьж байгаад түлхсэн. Гэхдээ бол цохиогүй ээ, тэгсэнээ орц руугаа яваад орчихсон.

...хамар хугарсан, бас зүүн талын шилбэ, баруун талын гуя хэсэг хөхөрсөн. Эмчилгээний зардалд 1210000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

-Хохирогч Х.Д Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл / хавтаст хэргийн 6/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 11-12/,

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 13/,

 

-Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14/,

 

-“Х.Д нь гэмтлийн гаралтай хамар ясны шинэ хугаралтай” болохыг тодорхойлсон эмчийн тодорхойлолт /хавтаст хэргийн 18/,

 

-Дархан-Уул аймгийн “Саран Элит” Клиник эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн ”...үзлэгт: Гадна хамар хөхрөлттэй, эмзэглэлттэй, цөмрөлттэй, таславч зүүн тийш муруйсан, баруун зүүн самалдаг хөөнгө.” гэх рентген оношилгоо /хавтаст хэргийн 19/,

 

-Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хавтаст хэргийн 20-21/,

 

-“Саран Элит” Клиникийн эмнэлгийн “толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн “...Хамар ясны баруун хажуу хана урд хэсэгт 0.7х1.0 см өргөн хэмжээтэй 0.2 см хүртэл цөмөрсөн хугаралттай. Хамрын таславч зүүн тийш муруй. Хамрын зүүн доод самалдаг ар хэсэгт бага зэрэг хавагнаж зузаарсан. Баруун нүд хацар болон хамар орчмын зөөлөн эдэд хавантай” гэх шинжилгээ /хавтаст хэргийн 22/,

 

-Насанд хүрээгүй гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгсэн  чинь тэр ах уурлаад эгчийг хойд талаас нь өшиглөсөн. Тэгсэн  эгч газар унаад босоод ирсэн  чинь нүүр хэсэг рүү нь гараараа цохиод авсан. Тэгсэн эгч 2 гараараа нүүрээ дараад зогсож байсан. Тэр үед тэр ах хөл, гар, нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод бас өшиглөөд байсан. Тэгээд би салгах гээд тэр ахыг “ та яагаад байна аа, болиоч ээ” гэж хэлсэн  чинь миний баруун гарын бугалга хэсгээс барьж аваад түлхсэн, гэхдээ би унаагүй ээ. Ахиж тэр хүн рүү би ойртож чадаагүй. Тэгээд тэр ах цаашаа орц руугаа орж байхад нь эгчийн найз залуу гүйгээд хүрээд ирээд эгчээс юу болсон талаар асуугаад нөгөө ахын араас орц руу орсон. Харин би эгчийн хажууд эгчийг тайвшруулаад байж байсан бөгөөд эгчийн хамарнаас нь цус гараад хамар нь далийчихсан ч юм шиг хавдаад бомбойчихсон байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32/,

 

-Гэрч П.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг өнгөрч байхад найз охиноо дүүгийнх нь хамт гадна талаас авах гээд найз болох Б хамт машинтай очсон. Тэгээд 2 дугаар байрны тийшээ явж байсан чинь манай найз охин орцны урд талд нүүрээ дарчихсан дүү нь хажууд нь тэвэрчихсэн нэг хүн цаашаа орц руу орж байсан. Тэгэхээр нь би шууд машинаа зогсоо гээд буугаад гүйгээд найз охин руугаа очсон чинь хамарнаас нь цус гарчихсан уйлчихсан “хүн цохичихлоо” гэсэн.

...тус залуугийн уруул нь язраад цус гараад бүр хатчихсан байсан, би тэрийг яг сайн санаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36/,

 

-Гэрч К.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний охин Х.Д хуучин хамар ясны хугарал огт байгаагүй ээ. Гэтэл миний охиныг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зодож гэмтэл учруулчихаад одоо болохоор хуучин хугаралтай гэмтэлтэй байсан мэтээр худлаа ярьж яваад байгааг нь гайхаж байна. Энэ хүн миний фэйсбүүк дэх охиныхоо Улаанбаатар хотод шинэ жилээр авахуулсан зургийг нь нийтэлсэн байсныг  нь угаалгаж авчирчхаад зураг дээр гэрлийн ойлт зэргээс шалтгаалан янз бүрийн гарсан байсныг нь харчхаад хуучин хугарал байсан мэтээр яриад яваад байгаа юм.

...энэ хүнээс 1210000 төгрөгийг гаргуулан авсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 39-40/,

 

-Гэрч К.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний эгчийн охин Х.Д-т 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө үүссэн хуучин хамар ясны хугарал бол байгаагүй ээ. Би эгч болон эгчийн охин охиныхоо хамтаар олон жил хамт амьдарч байна. Тиймээс энэ байдлыг баттай хэлж байна. Манай эгч К.Б нь охиныгоо Улаанбаатар хот руу сургуульдаа явсан байх үед нь өдөр бүр охин Д видео дуудлага хийж ярьдаг. Ингэж ярих бүрт нь би дүү Х.Д ярьж мэнд мэддэг. Ингэж хоорондоо ярилцах үед хамар нь мурийсан хугарсан зүйл огт ажиглагдаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 43-44/,

 

“...Х.Д биед хамар ясны цөмөрсөн битүү хугарал, баруун нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *****ийн биед учирсан гэмтэл нь түүний тайлбарлаж байгаагаар бусдад зодуулах үед үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46/,

 

-Шинжээч эмч  Э.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.У шинжилгээ хийлгэх тогтоолоор 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн *****ийн биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд түүний баруун нүдний дээд, доод зовхийг хамарсан 5х4,5 см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хамрын нурууны дээд хэсгийг хамарсан бага зэрэг хавантай, зүүн шилбэний урд дунд хэсэгт 4х3 см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай байсан. Энэ нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 3-4 хоногийн өмнө мохоо зүйлийн хүчтэй хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Дээрх гэмтлүүд нь хохирогчийн ярьж тайлбарлаж байгаагаар буюу 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр учирсан байх боломжтой бөгөөд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, амбулаторын карт, Саран Элит клиник эмнэлэгт авахуулсан компьютер томографик зэргээр нотлогдож байсан. Уг КТГ-д Х.Д хамарт ямар нэгэн хуучин хугарал, мурийлт байгаагүй шинэ гэмтэл болох нь тодорхой байсан. Х.Д биед учирсан дээрх гэмтлүүд нь бүдэг ягаан өнгийн цус хуралт, хамар хэсгийг хамарсан бага зэргийн хавантай байгаа нь шинэ гэмтэл болохын шинж тэмдэг юм. Цус хуралт нь бүдэг ягаан байна гэдэг бол 3-4 хоногийн өмнө үүссэн байна гэсэн үг. Мөн хамар хэсгийг хамарсан хавантай байгаа байдал нь мөн шинэ гэмтэл болох шинж тэмдэг юм. Үүнээс хуучин гэмтэл буюу 7 хоногоос өмнө учирсан гэмтэл бол цус хуралт бүдэг ногоон өнгөтэй болж, хаван нь буурч байхгүй болсон байдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дугаар байрны гадна Х.Д-тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн битүү хугарал, баруун нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 45-46/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Х.Д шүүгдэгч Д.Т бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсын төлбөрт 1210000 төгрөг төлсөн, хохирогч нь “шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн амьдралын нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Түвшинтөрд анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Д буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч И овогт Д.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар И овогт Д.Т-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Д.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Т-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Т-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Д-т буцаан олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ