Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Б.М, Б.Г нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Н.Цогтбаяр

            Яллагдагчийн өмгөөлөгч                 М.Алтанчимэг

Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.М, Б.Г нарт холбогдох 1712002250114 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Бын М

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Бгийн Г

 

Б.М, Б.Г нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг Ишгэнт гэх газраас иргэн О.Жы олон тооны буюу 12 тооны адууг хулгайлж 4 370 000 төгрөгийн, иргэн Н.Мын 1 тооны адууг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.М, Б.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжаар: “Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 910 000 төгрөгийн зардал гарсан баримт хавтаст хэргийн 191-194 дүгээр хуудсанд авагдсан байх боловч энэ зардлыг нэхэмжлэх эсэх болон бензиний үнэ тодорхойгүй, баримтыг бүрдүүлж ирүүлж Архангай аймаг дахь Цагдаагийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож ирүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон болно.

Иймд Архангай аймаг дахь Цагдаагийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, үүнтэй холбоотой бусад мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Архангай аймгийн Прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 71 тоот захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр тогтоосон байх тул энэ шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь үндэслэлтэй гэж үзэв” гээд

Шүүгдэгч Б.М, Б.Г нарт холбогдох 1712002250114 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж; хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.М, Б.Г нарт хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж;  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж; захирамжийг эс зөвшөөрвөл прокурор ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Б.М, Б.Г нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат баг Ишгэнт гэх газраас иргэн О.Жы олон тооны буюу 12 тооны адууг хулгайлж 4 370 000 төгрөгийн, иргэн Н.Мын 1 тооны адууг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймгийн прокурорын газраас яллагдагч Б.М, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, Б.Г нарт холбогдох хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 910.000 төгрөгийн зардал гарсан баримт хавтаст хэргийн 191-194 дүгээр хуудсанд авагдсан байх боловч энэ зардлыг нэхэмжпэх эсэх болон бензиний үнэ тодорхойгүй, баримтыг бүрдүүлэн ирүүлж Архангай аймаг дахь Цагдаагийн газрыг иргэний нэхэмжпэгчээр тогтоож ирүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийг зөрчсөн гэж дүгнээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж хуульчилжээ.

Яллагдагч Б.М, Б.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч Б.М нь оргон зайлж, улмаар түүнийг эрэн сурвалжлахад тус аймаг дахь Цагдаагийн газраас 910.000 төгрөгийн зардал гарсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаартай тогтоолын хавсралтаар Благдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох маягтын дагуу авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Дээрх зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол бус гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаатай холбоотойгоор тус аймаг дахь Цагдаагийн газраас гарсан зардал бөгөөд тус аймаг дахь Цагдаагийн газрыг хэрэгт иргэний нэхэмжпэгчээр тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчихөөр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тохиолдолд түүнийг эрэн сурвалжпахад гарсан зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахаар хуульчилсан байна.

Дээрх журмын дагуу яллагдагч Б.Мийг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны эцэст түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Б.М, Б.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардлын баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дээрх баримт нь Засгийн газрын тогтоолын хавсралтаар Благдсан журмын дагуу авагдсан баримт байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад гарсан зардал хоёр хоорондоо өөр ойлголт. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад гарсан зардалтай холбоотой Цагдаагийн байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжгүй учраас Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Прокуророос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад гарсан зардлын баримтаа Засгийн газрын тогтоолын хавсралтаар Благдсан журмын дагуу үйлдсэн гэж байна. Хэдийгээр Засгийн газрын тогтоолын дагуу баримтаа гаргаж өгсөн хэдий ч дээрх хохирлыг хэн нэхэмжлэх нь тодорхойгүй байгаа. Хэрвээ хууль ёсны дагуу нэхэмжилж байгаа бол иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх ёстой шүү дээ. Үүний дагуу хэргийг прокурорт буцааж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн 14.7-д заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг шалгуулах заалт оруулаад өгнө үү. Учир нь багаасаа ахынхаа малыг маллаад явж байсан, маллаж байсан малаа өөрөө мэдээд хүсч үйлдээд Б.М гэдэг хүнээр өөрийнхөө малыг заруулах гэж байгаа юм шиг яриад Б.М тухайн адуунуудыг туугаад явсан байдаг. Өнөөдөр Б.М 8 жилийн хорих ялтай хэрэгт шалгагдана гэдэг хэцүү. Б.Мийн эрх зүйн байдал дордож байгаа. Тийм учраас хохирогчид хууль сануулж байцаагаад дахиад малчдаас нь мэдүүлэг аваад энэ зүйлчлэл тохирч байна уу үгүй юу гэдгийг асуух хэрэгтэй. Хуучин хуульд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, мал гэж байгаа, харин шинэ Эрүүгийн хуульд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол гэж байгаа. Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт яах ч аргагүй мал орж байгаа. Б.Гийн мэдүүлэгт манай ах надад малаа харуулсны хөлс мөнгө өгдөггүй учраас би малыг нь Б.Мд өгөөд зарчихсан гэсэн байдаг.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүх Б.М, Б.Г нарт холбогдох хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 910.000 төгрөгийн зардал гарсан баримт хавтаст хэргийн 191-194 дүгээр хуудсанд авагдсан байх боловч энэ зардлыг нэхэмжпэх эсэх болон бензиний үнэ тодорхойгүй, баримтыг бүрдүүлэн ирүүлж, Архангай аймаг дахь Цагдаагийн газрыг иргэний нэхэмжпэгчээр тогтоож ирүүлээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5  дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээд юм.

 

Шүүгдэгч Б.М, Б.Г нарын холбогдсон хэрэг нь мал хулгайлах гэмт хэрэг бөгөөд энэ гэмт хэргийн тухайд иргэний нэхэмжлэгчээр малаа хулгайд алдсан хүн буюу хохирогч тогтоогдох болохоос эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэлгүй гэж үзнэ.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3-т заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарах зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж байгаа.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

1-р хавтаст хэргийн 190-р хуудсанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт гэсэн баримт авагдсан байх ба уг баримтын дэсийн 11 дэх хүснэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийн эрэн сурвалжлахад гарсан зардал гэсэн хэсэгт бинзений зардал 911760 гэсэн байх ба 191-194-р хуудсанд шатахуун олгох баримт 2, оргодол этгээдийг олж баривчлах замын маршрут 2 /хэдэн литр бинзен зарцуулах тухай цохолт хийгдсэн/ авагджээ.

 

Эдгээр баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэх тул шүүгчийн захирамжинд заасанчлан Архангай аймаг дахь Цагдаагийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжгүй юм.

 

Иймд энэ үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

                Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т  заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                           Д.БЯМБАСҮРЭН

                                                                             В.ЦЭЦЭНБИЛЭГ