Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Базарханд, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Ч.Дуламсүрэн,

Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

Улсын яллагч Л.Цэндсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч О.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Огнооны Энхбаярт холбогдох 201301060516 дугаартай эрүүгийн хэргийг шүүн  хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эх, охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Нарангийн 29-2 тоотод оршин суух,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД:ФЖ80083015 / Сартуул овогт Огнооны Энхбаяр нь :

- 2013 оны 05 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Эрхэт сүлд” амралтын газарт эхнэр Д.Тогтохжаргалыг бусадтай хардан, зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зусланд байрлах иргэн А.Ранжиллхүмбийн эзэмшлийн блокны үйлдвэрээс гагнуурын аппарат, /шуудайны ам оёдог/ оёдлын машин зэрэг эд зүйл хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Тогтохжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай “Тэдмэнт" компанийхан “Эрхэст сүлд” амралтын газарт амрахаар явсан. Би нөхөр О.Энхбаярын хамт явсан. Амралтанд очсоны маргааш нь буюу 2013 оны 05 дугаар сарын 11-ний оройн 22 цагийн үед хамт ажилладаг Бадмаа, Хишгээ гэдэг хоёр охин нааш ир гэж дуудаад, дагуулаад нэг гэрт орсон. Гэрт манай ажлын зүс таних 3 залуу юм яриад сууж байсан ба нэг нь бид нартай зөрөөд гараад явсан. Удалгүй 5-10 минутын дараа манай нөхөр О.Энхбаяр гэрийн гадаа ирээд “ Хөөе Тогтохоо” гээд дуудаад байхаар нь би гараад очтол “ Чи наанаа юу хийгээд байгаа юм бэ” гэхээр нь би “Юу хийдэг юм” гэхэд миний үснээс зулгаагаад миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөж, уруу газарт түлхэж унагаасан. Тэгэхээр нь би уурлаж “Чи яагаад байгаа юм бэ, би чамд ямар гэм хийсэн юм бэ” гэхэд “за за байрлаж байгаа гэрлүүгээ явья” гээд гэрт орсон. Бид хоёр тус тусдаа хоёр өөр гэрт байрлаж байсан ба манай нөхөр өөрийнхөө байрлаж байгаа гэрт хамт унтья гээд байхаар нь би “үгүй” гээд гарч явах гэтэл миний үснээс зулгаагаад татахаар нь тавиач гээд чанга орилтол вакум цонхны үйлдвэрийн дарга Бат-Эрдэнэ Нараа гэх эгчийн хамт орж ирээд “Та хоёр юу болоод байгаа юм, залуу хүүхдүүд ингэж болохгүй, хоорондоо эвлэр, дахиад зодоон цохион гаргаж болохгүй шүү” гэж хэлээд гараад явцгаасан. Тэгээд бид хоёр эвлэрсэн. Маргааш нь би гэртээ хариад, бүтэн өдөржингөө бие өвдөөд, тэгээд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. О.Энхбаяр миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөж, уруу газар түлхэж унагаасан ба миний уушиг унасан гэж эмч хэлсэн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй…” / хх 11, 83 /,

Гэрч Ж.Оюунцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... О.Энхбаяр, Д.Тогтохжаргал нар 2013 оны 05 дугаар сарын 10-нд амралтанд яваад 12-ны өдөр ирсэн. Манай дүү Д.Тогтохжаргал гэртээ ирээд өдөржингөө халуураад хэвтсэн. Би яасан талаар асуухад “О.Энхбаяр зодсон” гэж хэлсэн. Тэгээд би бие нь өвдөөд байхаар нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хагалгаанд орсон. Д.Тогтохжаргал амралтнаас ирээд босч чадахгүй, царай нь цонхийгоод хэвтээд байсан. О.Энхбаяр намайг үсдэж чирээд хавирга, цээж рүү өшиглөж зодсон гэж хэлсэн...” гэжээ. / хх 12 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6169 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Тогтохжаргалын биед цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, уушигны бүрэн бус уналт, зүүн цээжний хөндийд цус хуралдалт, хүзүүнд зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. / хх 16 /,

Гэрч Ч.Нарангэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “... Тухайн өдөр би Бат-Эрдэнэтэй хамт явж байсан чинь гэрт хүмүүс маргалдаад байхаар нь ороход О.Энхбаяр, Д.Тогтохжаргал нар маргалдаж байсан. Бид нар та нар маргалдаж болохгүй гэж хэлсэн ба Тогтохжаргал нь оронд дээр элэг, цээжээ тэвэрчихсэн сууж байсан. О.Энхбаяр намайг өшиглөчихлөө гэж хэлсэн…” гэжээ. / хх  79-80 /,

Хохирогч А.Ранжиллхүмбэ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр О.Энхбаяр бид хоёр Амгалангаас нүүрс авчирч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх ажил дээрээ буулгасан. Маргааш нь О.Энхбаяр ажил дээр байгаагүй. О.Энхбаяр манай ажил дээр байрлаж, ажилладаг байсан юм. Тэгээд би О.Энхбаярыг ирэх байх гэж хүлээгээд байсан чинь тэр орой ч, маргааш нь ч ирээгүй. Би контейнроо онгойлгоод үзсэн чинь хамаг юм ундуу сундуй болчихсон байхаар нь багажаа үзтэл гагнуурын аппарат, шуудайны ам оёдог оёдлын машин байхгүй байсан. Тэгээд би О.Энхбаярын ээж рүү нь ярьсан чинь “Буяны ажил болоод Энхбаяр энд байна” гэхээр нь би О.Энхбаяртай ярихад “Надад мөнгөний хэрэг болоод багажыг чинь ломбарданд тавьчихсан, би мөнгийг чинь маргааш өгөөд явуулья ” гэсэн. Би Нарантуул зах орж оёдлын машин зардаг хүнтэй уулзахад миний машиныг гаргаж үзүүлсэн. Гагнуурын аппаратыг нь тэр хүн өөр хүнд зарсан байсан. Харин оёдлын машинаа эргүүлээд авсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэжээ./ хх 113-115 /,

Гэрч Б.Цэрэнтогтох мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би сар, өдрийг санахгүй байна. Цагаан сараас өмнө ажил дээрээ байж байтал нэг намхан бор залуу ирээд “урд шөнө аав нас барчихлаа, хөдөө явах гэсэн чинь зардлын мөнгөгүй болчихлоо” гээд надад “ гагнуурын аппарат, шуудайны ам оёдог оёдлын машин худалдаад авчих” гэхээр нь  хоёуланг нь 100.000 төгрөгөөр авсан. Дараа нь нэг залуу ирээд надаас “энэ шуудайны ам оёдог оёдлын машиныг хэнээс авсан бэ” гэхээр нь би ямар хүнээс авснаа хэлсэн. Тэгээд бид хоёр нилээд юм ярьж байгаад тэр залууд оёдлын машиныг нь өгчихсөн. Гагнуурын аппаратыг нь 80.000 төгрөгөөр зарсан. Би ямар нэгэн зардал мөнгө нэхэмжлэхгүй...” гэжээ. / хх 116 /,

Шүүгдэгч О.Энхбаярыг 2016.05.04-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 135-136, 138-140 /,  2016.05.10-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 142-143, 145-147 /,

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх 149 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Энхбаяр мэдүүлэхдээ: “…2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлынхнаараа "Эрхэт сүлд" гэдэг амралтын газарт очсон. Цех цехээрээ нийлж сууж байхдаа би эхнэр Д.Тогтохжаргалтай муудалцаад биед нь хүнд гэмтэл учруулсан. Тэр үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Зуун модонд байрлах блокны үйлдвэрт 2015 оны 05 сараас 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан. 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр рүүгээ залгахад ээж надад “Аавын чинь бие тааруу байна шүү, бэлтгэлтэй байж байгаарай” гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай охин “Өвөө урьд шөнө 04.00 цаг өнгөрч байхад өнгөрчихлөө” гэж ярьсан. Захирал руу залгахад утас нь холбогдохгүй, гэрт нь очиход хүн байгаагүй. Надад хөдөө явах зардлын мөнгө байхгүй байсан тул аргагүй эрхэнд оёдлын машиныг Нарантуул зах дээр аваачиж зарсан юм. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч О.Энхбаяр нь  2013 оны 05 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Эрхэт сүлд” амралтын газар эхнэр Д.Тогтохжаргалыг бусадтай хардан, зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

- 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуун модны зусланд байрлах иргэн А.Ранжиллхүмбийн эзэмшлийн блокны үйлдвэрээс гагнуурын аппарат, шуудайны ам оёдог оёдлын машин зэрэг эд зүйл хулгайлан авч 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- “...2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай “Тэдмэнт" компанийхан “Эрхэст сүлд” амралтын газарт амрахаар явсан. Би нөхөр О.Энхбаярын хамт явсан. 2013 оны 05 дугаар сарын 11-ний оройн 22 цагийн үед хамт манай нөхөр О.Энхбаяр гэрийн гадаа ирээд “ Хөөе Тогтохоо” гээд дуудаад байхаар нь би гараад очтол “ Чи наанаа юу хийгээд байгаа юм бэ” гэхээр нь би “Юу хийдэг юм” гэхэд миний үснээс зулгаагаад миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөж, уруу газарт түлхэж унагаасан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Д.Тогтохжаргалын мэдүүлэг / хх 11, 83 /,

- “... О.Энхбаяр, Д.Тогтохжаргал нар 2013 оны 05 дугаар сарын 10-нд амралтанд яваад 12-ны өдөр ирсэн. Манай дүү Д.Тогтохжаргал гэртээ ирээд өдөржингөө халуураад хэвтсэн. Би яасан талаар асуухад “О.Энхбаяр зодсон” гэж хэлсэн. Тэгээд би бие нь өвдөөд байхаар нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хагалгаанд орсон. О.Энхбаяр намайг үсдэж чирээд хавирга, цээж рүү өшиглөж зодсон гэж хэлсэн. ...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ж.Оюунцэцэгийн мэдүүлэг  / хх 12 /,

- “… хохирогч Д.Тогтохжаргалын биед цээжний битүү гэмтэл, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, уушигны бүрэн бус уналт, зүүн цээжний хөндийд цус хуралдалт, хүзүүнд зулгаралт  бүхий хүнд гэмтэл учирсан талаархи Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6169 дугаартай шинжээчийн дүгнэлт…” / хх 16 /,

- “... Гэрт хүмүүс маргалдаад байхаар нь ороход О.Энхбаяр, Д.Тогтохжаргал нар байсан. Бид нар та нар маргалдаж болохгүй гэж хэлсэн ба Тогтохжаргал нь оронд дээр элэг, цээжээ тэвэрчихсэн сууж байсан. О.Энхбаяр намайг өшиглөчихлөө гэж хэлсэн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ч.Нарангэрэлийн мэдүүлэг / хх  79-80 /,

- “...Би О.Энхбаярыг ирэх байх гэж хүлээгээд байсан чинь тэр орой ч, маргааш нь ч ирээгүй. Би контейнероо онгойлгоод үзсэн чинь хамаг юм ундуу сундуй болчихсон байхаар нь багажаа үзтэл гагнуурын аппарат, шуудайны ам оёдог оёдлын машин байхгүй байсан.  Тэгээд О.Энхбаяртай ярихад “Надад мөнгөний хэрэг болоод багажыг чинь ломбарданд тавьчихсан, би мөнгийг чинь маргааш өгөөд явуулья ” гэсэн. Би Нарантуул зах орж оёдлын машин зардаг хүнтэй уулзахад миний машиныг гаргаж үзүүлсэн. Гагнуурын аппаратыг нь тэр хүн өөр хүнд зарсан байсан. Харин оёдлын машинаа эргүүлээд авсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч А.Ранжиллхүмбийн мэдүүлэг / хх 113-115 /,

- “...Цагаан сараас өмнө ажил дээрээ байж байтал нэг намхан бор залуу ирээд “урд шөнө аав нас барчихлаа, хөдөө явах гэсэн чинь зардлын мөнгөгүй болчихлоо” гээд надад “ гагнуурын аппарат, шуудайны ам оёдог оёдлын машин худалдаад авчих” гэхээр нь  хоёуланг нь 100.000 төгрөгөөр авсан. Дараа нь нэг залуу ирээд надаас энэ шуудайны ам оёдог оёдлын машиныг хэнээс авсан бэ гэхээр нь би ямар хүнээс авсанаа хэлсэн. Тэгээд бид хоёр нилээд юм ярьж байгаад тэр залууд оёдлын машиныг нь өгчихсөн. Гагнуурын аппаратыг нь 80.000 төгрөгөөр зарсан. Би ямар нэгэн зардал мөнгө нэхэмжлэхгүй...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Цэрэнтогтохын мэдүүлэг / хх 116 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч О.Энхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Энхбаярын үйлдсэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж байх тул түүнд оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Энхбаярт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Энхбаяр нь 67 хоног цагдан хоригдсон ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1. Сартуул овгт Огнооны Энхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  зааснаар О.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Огнооны Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар  3 / гурван / жил 6 / зургаан / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зааснаар 3 / гурван / жил 6 / зургаан/ сарын хорих ялаас 2 / хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч,  биечлэн эдлэх ялыг  1 /нэг/ жил 6 / зургаан / сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт  заасныг журамлан, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Энхбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6 / зургаан / сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар О.Энхбаярын цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. О.Энхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурьдсугай.

8. О.Энхбаярыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД

                            ШҮҮГЧИД                                           С.БАЗАРХАНД

                                                                                         Д.АЛТАНЖИГҮҮР