Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00170

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Б.Отгондарийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00929 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Отгондарийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Сахилгын шийтгэл ногдуулсан болон хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгондарь, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Г.Батмөнх, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Отгондарь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 03-нд Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламжийн хэсэгт насосны машинистаар ажилд орсон.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Эрчим хүчний цехийн даргын 2016 оны 07 сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.2, Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга А.Баярсайханы илтгэх хуудас, тайлбар зэргийг үндэслэн Б.Отгондарь намайг 2016 оны 07 сарын 09-ний өдөр ажил тасалсан тул үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед өглөө ажилдаа очиход чамаас архи үнэртэж байна, чамайг ээлжинд гаргахгүй гээд ээлжинд гаргаагүй. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд согтуурлын зэрэг шалгах багажаар ч үлээлгээгүй. Ийм байхад намайг үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 06 сарын 12-ны өдрийн Б/780 дугаар тушаалаар Б.Отгондарь намайг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Уг тушаалдаа "Б.Отгондарь нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс цуцалсугай гэжээ.

Миний бие 2017 оны 05 сарын 19-ний өдөр оройн 20 цагт ээлжинд гарах байсан бөгөөд биеийн байдлаас шалтгаалаад ээлжинд очих цагаасаа хоцроод мастер Д.Золбооцэцэгтэй утсаар ярьж одоо ажилдаа яваад очьё, биеийн байдлын улмаас хоцорчлоо гэхэд ирэх шаардлагагүй гэж хэлсэн. Би ажилдаа очих бүрэн боломжтой байсан, мастер Д.Золбооцэцэгийн хэлснээр очоогүй байхад хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж тушаал гаргасан байна. Б.Отгондарь миний бие 2017 оны 05 сарын 19-ний өдрөөс хойш 2017 оны 06 сарын 11 хүртэл хэвийн ажилдаа явж байсан. 2017 оны 06 сарын 13-нд цэвэрлэх байгууламжийн хэсгийн мастер Д.Золбооцэцэг ажлаас халсан талаар мэдэгдэж, ажлаас халсан тушаалыг хүлээж авсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрчим хүчний цехийн даргын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаал хууль бус бөгөөд уг тушаалд гомдол гаргах хугацаа Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар 3 сар байдаг. Иймд ажилтан Б.Отгондарь миний уг тушаалд гомдол гаргах хугацаа дуусаагүй байна. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал нь эрчим хүчний цехийн даргын тушаалыг үндэслэн шийдвэр гаргасан. Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/780 дугаар тушаал, Эрдэнэт үйлдвэр ХХК-ий Эрчим хүчний цехийн даргын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Б.Отгондарь нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул Эрчим хүчний цехийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаалуудаар Б.Отгондарьд сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Отгондарь нь 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.16 дахь заалтын дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс цуцалсан. Иймд Б.Отгондарийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа 201 оны 07 дугаар сарын 05-наас хойш 4 удаа сахилгын зөрчил гаргасан байдаг. Эхний удаа 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ээлжинд гарахад нэг цагаар хоцорч ирээд архи үнэртүүлсэн байсан тул нэхэмжлэгчид өөрт нь сануулаад өнгөрсөн, тушаалаар арга хэмжээ аваагүй. 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажил тасалсан байдаг. Ээлжинд гаргахдаа архи үнэртүүлж ирсэн учир оронд нь хүн гаргасан. Энэ тухай 2016 оны 07 дугаар сарын 20-ний өдөр мөн өөрөө бичгээр тайлбар гаргасан өгсөн, тайлбартаа бол өөрөө буруугаа хүлээсэн байдаг. Энэ зөрчилд нь арга хэмжээ авч үндсэн цалинг 20 хувиар бууруулсан шийтгэл ногдуулсан. 2016 оны 04 дугаар сарын 21-ний өдөр гэнэтийн шалгалт хийж, оройн ээлжинд шалгалтаар 22:50 минутанд очиход насосны машинист Б.Отгондарь ажлын байран дээрээ байгаагүй. Үүнд нь 2016 оны 04 дугаар сарын 28-ний өдөр А/56 тоот тушалаараар мөн сануулах шийтгэл ноогдуулсан. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20:00 минутанд нэхэмжлэгч ажилдаа гарах ёстой байсан. Гэтэл 20:00 минутанд буух ээлжний ажилтан нь мастертаа ээлж хүлээн авах хүн ирсэнгүй гэдгээ хэлсэн. Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.16 заалт, хөдөлмөрйин гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 133.1, 40.1.4-т зааснаар ажлаас халах шийдвэрийг гаргасан. Ажил олгогчийн ажлаас халахаас бусад шийдвэрийг Цехийн дарга нарт А/184 тоот А/525 тоот тушаалаар эрхийг нь олгосон байдаг. Тиймээс энэхүү Цехийн даргын гаргасан А/780 тоот тушаал 2017оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн а/56 тоот тушаал нь хүчин төгөлдөр шийдвэрүүд юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00929 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б.Отгондарийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн насосны машинистын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захиралыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/56 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.Отгондарь нь 2016 оны 07 сараас 2017 оны 06 сар хүртэл нэг жилийн хугацаанд дөрвөн удаа сахилгын зөрчил гаргасан. Б.Отгондарь нь 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 08 цагт ээлжинд гарахдаа архи үнэртүүлсэн ирсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тайлбар бичиж өгсөн. Б.Отгондарийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргах бүрт удирдлага нь бичгээр тайлбар гаргуулж байсан бөгөөд эдгээр тайлбаруудыг өөрөө бичсэн, гарын үсэг нь мөн гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн байхад зөвхөн Б.Отгондарийн тайлбарыг үндэслэн зөрчил гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй гэж шүүх үзжээ .

Мөн нэхэмжлэгч Б.Отгондарьд Эрчим хүчний цехийн даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/71 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 -т заасны дагуу үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/56 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа 2017 оны 05 дугаар сарын 19-ны оройн ээлжинд ажилдаа гараагүй, ажил тасалсан зөрчлийн талаар Д.Отгондарь нь ажлаасаа хоцорсон тухайгаа 21 цагийн үед мастер Д.Золбооцэцэгт утсаар мэдэгдэхэд ажилд гаргаагүй тул ажил тасалсан гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэг минут ч зогсохгүйгээр тасралтгүй явагддаг бөгөөд компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д заасны дагуу ажилтан ажилд гарах боломжүй тохиолдолд ажил эхлэхээс өмнө шууд удирдлагадаа мэдэгдэх үүрэгтэй байдаг. Иймд ажилтан ажилд гарах боломжгүй болсон тухайгаа ажил эхлэхээс өмнө мэдэгдэх үүрэгтэй болохоос бус ажил эхэлснээс хойш нэг цагийн дараа мэдэгдэх гэсэн ойлголт байхгүй болно. Шүүхээс Б.Отгондарийг ажилдаа хоцорсон байхад ажил тасалсан гэж ажил олгогч дүгнэсэн гэдгийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.7-д “ажлаас хожимдсон тохиолдолд сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан бөгөөд хэрэв Б.Отгондарь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа хожимдож ирсэн бол энэ зөрчлийг нь тушаалд дурдах байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 8.7 дахь заалтад заасан “ажлаас хожимдсон” зөрчлийн хувьд хугацааны дээд хязгаарыг ажил олгогчоос тогтоогоогүй боловч сахилгын зөрчлийн хэлбэр нь өөрөө ажилтан ажилдаа, ажлын байран дээрээ ирсэн байх, ирэхдээ ажил эхлэх цагаас ялимгүй хоцорч ирсэн байх тухай ойлголт бөгөөд нэхэмжлэгч Б.Отгондарийн ажлын байр хотоос зайдуу, Б.Отгондарь нь ажилдаа, ажлын байран дээрээ ирээгүй, зөвхөн ажил эхэлснээс хойш нэг цагийн дараа “унтаад хоцорчихлоо” гэж утсаар ярьсан, энэ хооронд хоёр ажилтны ээлжийн ажил, ажлын байранд зохицуулалт хийсний эцэст насосны машинч, жирэмсэн А.Чулуунцэцэгийг ээлж хүлээлцүүлж, ажлаас нь буулгасан гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэсэн Эрчим хүчний цехийн даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн бичиг, мастер Д.Золбооцэцэгийн илтгэх хуудас зэрэг нь хэрэгт ирээгүй тул Б.Отгондарийг ажилд нь тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэжээ.

Гэтэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ИЙН хэмжээнд нэг тэмдэг (тамга) байдаг бөгөөд түүнийг Ерөнхий захирал, дэд захирлын гарын үсэг зурсан албан бичиг, тушаал шийдвэрт дардаг ба цехийн дарга нар тэмдэг (тамга) хэрэглэдэггүй. Мөн цехийн дарга нар ажилтанд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байдаг тул Б.Отгондарьд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж өгөхийг хүсч, компанийн захиргаанд хандаж бичсэн Г.Батмөнх даргын гарын үсэг зурсан, тамга тэмдэггүй албан бичиг, мастер Д.Золбооцэцэгийн гараар бичсэн тайлбар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй учраас хариуцагчийн төлөөлөгчөөр Эрчим хүчний цехийн дарга Г.Батмөнх өөрөө биечлэн оролцож байгаа, Д.Золбооцэцэгийг шүүхэд гэрчээр асуулгасан болно.

Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Ж.Энхтайван, Д.Золбооцэцэг нарыг гэрчээр асуусан ажиллагааны тэмдэглэлийг Б.Алтанзул хөтөлсөн атлаа Ц.Эрдэнэбат хөтөлсөн гэж гарын үсэг зурсан нь ИХШХШТХ-ийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх заалтыг зөрчсөн. Дээр дурдсан гэрчүүдийг асуухад нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгчид оролцож, асуултууд тавьсан бөгөөд хоёр удаагийн гэрчээр асуусан ажиллагааны тэмдэглэлийг хариуцагчдын төлөөлөгчдөд танилцуулж, гарын үсэг зуруулаагүй нь ИХШХШТХ-ийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.6 -г тус тус зөрчиж, хариуцагчийн төлөөлөгчийн тэмдэглэлтэй танилцах, тэмдэглэлд засвар оруулах эрхийг хангасангүй.

Дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00929 дугаартай шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Отгондарь Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний Эрчим хүч цехийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаал, Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний Ерөнхий захирлын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/780 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, тус үйлдвэрийн насосны машинистын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Отгондарь тус үйлдвэрт машинистаар ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан тул түүнийг хуульд заасан үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргажээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Отгондарийг ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХКомпаний Ерөнхий захирлын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/56 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Отгондарь нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ээлжинд гарч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байраа орхисон зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасны дагуу тус цехийн дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд сануулах сахилгын арга хэмжээ авсан, мөн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.9.16-д заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан өөрөөр хэлбэл сүүлийн 1 жилийн дотор сахилгын зөрчил 3 удаа гаргасан болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Отгондарь тухайн өдөр ажлын байраа орхиж яваагүй, сахилгын зөрчил гаргаагүй тул тус цехийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тэрээр тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байраа орхиогүй сахилгын зөрчил гаргаагүй болохоо нотолж чадаагүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Б.Отгондарь 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдөр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан цагийн бүртгэл, хариуцагчийн хүсэлтээр хийсэн2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн диспечерийн дэвтрийн үзлэгийн тэмдэглэл, зохигчын гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэлд бичигдсэн Эрчим хүч цехийн даргын 2017.05.24-ний өдрийн 24/143 дугаар албан тоот, эрчим хүчний цэвэрлэх байгууламжийн хэсгийн мастер Д.Золбооцэцэгийн илтгэх хуудас хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Б.Отгондарийг ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 12 -ны өдөр гаргасан Б/780  дугаар тушаалын үндэслэл хэрэгт авагдсан тус үйлдвэрийн эрчим хүч цехийн даргын 2016 оны 7 дугаар сарын 20 -ны өдрийн А/ 71, 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаалын хуулбар, зохигчын тайлбар, гэрч Ж.Энхтайван, Д.Золбооцэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байхад нэхэмжлэгч Б.Отгондарийг тус үйлдвэрийн эрчим хүч цехийн насос машинистын ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Отгондарийн тухайн өдөр ээлжинд гарахдаа хоцорсон, 21 цагийн үед Эрчим хүчний цэвэрлэх байгууламжийн хэсгийн мастер Д.Золбооцэцэгт мэдэгдэхэд тэрээр ажилдаа ирээд хэрэггүй гэж хэлсэн, гар утасны цэнэглэгчээ ажил дээрээ мартсан байсан, ээлжинд гарах гэж байгаа болохоор унтаж байгаад ажлаас хоцорсон гэх тайлбар нь уг үйл баримтыг хүндэтгэх үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Отгондарийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00929 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Отгондарийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ