| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02923/И |
| Дугаар | 102/ШШ2017/03049 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/03049
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Мөнхтөр, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б
Нэхэмжлэгч:Б.Ц нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Г -д холбогдох, 1,372,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, Б.Ц, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б, Б.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Б миний эхнэр болох Б.Ц нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Nissan Murano маркын 27-79 УБЧ улсын дугаартай автомашиныхаа урд хоёр их гэрлийн ламдыг солиулахаар Авто Плаза-2 төв дээр очиж 7 тоот лангуунаас 2 лампыг холбогч залгууртай нь 35,000 төгрөгөөр худалдан аваад уг лангууны ажилтнаар нь солиулсан байдаг. Өдөр байсан учраас их гэрлээ асааж яваагүй ба шууд гэрийнхээ гадаа ирээд зогсоолд машинаа байршуулсан. Тэр өдрийнхөө орой 22 цагийн үед гэрээсээ гарч яваад Соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд замын зорчих хэсэгт машины урд хэсгээс утаа суунаглаж гал гарахыг мэдээд машинаа болон гэрлээ унтрааж галыг даамжрахаас нь өмнө олны дэмжлэгээр унтраасан. Уг гарсан гал нь их гэрлээс гарч байсан. Ямар шалтгаанаас гал гарсныг шалгуулахаар Нийслэлийн онцгой байдлын газарт дуудлага өгсөн. Тус газраас шинжээч ирж галын дүгнэлт гаргаж өгсөн ба уг дүгнэлтэндээ “Гал түймрийн шалтгаан нөхцөл нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, цахилгааны галын аюулгүй байдлын ерөнхий шаардлага MNS 5390;2004 стандартын 4.3 дах хэсэгт заасан богино холболт үүссэн байх үндэслэлтэй гэсэн ба нэг үгээр хэлбэл стандартын бус буруу холболт хийсэн байдаг. Иймд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны төлбөр болох 1,372,000 төгрөгийг Ц.Гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Б.Ц, Л.Б нар хариуцагч Ц.Гад холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох 1,372,000 төгрөгөөс 672,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 700,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 350,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөгийг төлөхөөр тохиролцов” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б, Б.Ц нар нь хариуцагч Ц.Гад холбогдуулан 1,372,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ц, Л.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,372,000 төгрөгөөс 672,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч Ц.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 350,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б, Б.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,372,000 төгрөгөөс 672,000 төгрөгөөр багасгаж үлдэх 700,000 төгрөгийг хариуцагч Ц.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 350,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 350,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Б, Б.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18,451 төгрөгийг хариуцагч Ц.Гаас гаргуулж нэхэмжлэгч Л.Б, Б.Ц нарт олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
М.МӨНХТӨР