| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2017/00306/И |
| Дугаар | 619 |
| Огноо | 2017-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 619
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Оюундарь, Л.Смаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С** аймгийн С******* сумын ** дугаар баг ** дугаар хэсэг 1*** тоотод оршин суух, 58 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг А******* овогт Б******* Сын /МЮ-5*******/ нэхэмжлэлтэй;
Хариуцагч: С** аймгийн С******* сумын * дугаар баг ** дугаар хэсэг 0** тоотод оршин сууж байсан одоо У******* хотод оршин суух эрэгтэй, Б******* овогт Г******* М******* /МЭ-7*******/,
Хариуцагч: С** аймгийн С******* сумын ** дугаар баг ** дугаар хэсэг 1** тоотод оршин суух, ** настай, эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт Б******* овогт Г******* Э /МЮ-5/
Хариуцагч: У******* хот Ч дүүргийн ** дугаар хороо, булгийн ** дугаар гудамж 1** тоотод оршин суух, 56 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй С овогт Ш Ц /МЭ-6/
Хариуцагч: У******* хот Ч дүүргийн ** дугаар хороо, булгийн ** дугаар гудамж 1** тоотод оршин суух, 56 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй Б овогт Р О /МЭ-6/ нарт холбогдох
“Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 9.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, хариуцагч Г.Э, хариуцагч Г.М*******ын өмгөөлөгч Л.Доржпүрэв, иргэдийн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
2004 оны 07 дугаар сард Ш.Ц, Р.О нар хүссэний дагуу С******* сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэгт байршилтай мужаан цехийн объектыг эдэлбэр газрын хамт Г.Эгийн дүү Г.М*******д зээлийн барьцаа хөрөнгө болгон түүний нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Уг объект маань 2001 онд 28.469.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тус объект нь 1 зэрэглэлийн байршилтай, 800м2 газартай бүрэн угсармал, төмөр хавтантай, тоосгон барилга байсан. Эдгээр хүмүүс уг барилгыг зээлийн барьцаанд авахдаа зээлээ төлчихөөд уг объектыг миний нэр дээр эргүүлэн шилжүүлэхээр тохиролцсон юм. Тухайн зээлийг Ш.Ц, Р.О, Г.Э нар хэрэглэн уг барилгын объектыг 20.000.000 төгрөгний зээлээ төлөлгүй уг объектоор зээлээ хаасан байсан. Уг объектыг “Г” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаанаас авсан байдаг.
Миний хувьд уг барилгын объектыг хүнд зээлийн барьцаанд өгсөн учраас Худалдаа хөгжлийн банкнаас зээлээ төлсөн талаар асууж явдаг байсан бөгөөд зээлээ төлөөгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд дуудлага худалдаанд орох гэж байгааг банкнаас мэдсэн, түүнээс биш энэ талаар надад Г.М******* хэлсэн зүйл байхгүй. Дуудлага худалдаанд орохоос өмнө би Ш.Ц, Р.О, Г.Э нартай тохиролцон 9.000.000 төгрөг авахаар болж 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Батламж” гаргуулан гарын үсэг зурцгаасан. Г.М*******ын нэр дээр зээл авсан болохоос энэ хүн нэг ч төгрөг аваагүй гэдгээ удаа дараа хэлсэн учраас хариуцагч Г.М*******аас татгалзаж байна.
Энэ талаар би 2008 онд шүүхэд хандан 2009 онд шүүхээс Ш.Ц, Р.О нараас 4.500.000 төгрөг, Г.Эгаас 4.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж 2011 онд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин шийдвэрлүүлэхээр болсон байсан. Гэтэл энэ талаар миний хувьд мэдсэн зүйл байхгүй. Шүүхээс дуудахаар нь л мэдсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай хуралд би оролцоогүй. Энэ хүмүүс янз бүрийн арга саам хийж намайг олон жил хохироож байна.
Иймд 9.000.000 төгрөгнөөсөө 3.000.000 төгрөгийг нь Ш.Ц, Р.О нараас, үлдэх 6.000.000 төгрөгийг Г.Эгаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Б.Сын 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа:
2004 оны 07 дугаар сард Ш.Ц, Р.О нарын “үйлдвэрлэл явуулж амьдрал ахуйгаа дээшлүүлмээр байна” гэж хүссэний дагуу өөрийн үл хөдлөх хөрөнгө болох үйлдвэрлэлийн зориулалттай барилгаа дотор нь иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт дүү болох Г.М*******ын нэр дээр шилжүүлсэн. Гэхдээ эд жилийн хугацаатай зээл авна, 2005 оны 09 сард буцааж миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан юм. Гэтэл хугацаа нь болоход бүгд У******* хот руу шилжсэн байсан. Би У*******т очиж 2006 оны 03 дугаар сарын 17, 2006 оны 12 дугаар сарын 21-нд “надад эргүүлж төлнө, хөрөнгийг минь буцааж өгнө” гэж гэрээ хийж байсан. Миний объект нь 2001 онд зөвхөн барилга нь 28 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан. Г.М*******ын нэр дээр 2005 онд дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Худалдаа хөгжлийн банкнаас 22.0 сая төгрөг авсан нь 2006 онд Цагдаагийн газраас шалгасан материалд байгаа юм. Би байшингаа авахаар нэхэмжилж болох боловч өөр газар зарагдсан байх тул 9.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан юм... гэжээ. /1 дүгээр хх-ийн 28 тал/
Хариуцагч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.О гэдэг хүн манай хамаатан юм. Тухайн үед би дүүгийнхээ нэр дээр өөрийн хөрөнгөө барьцаанд тавьж 27.000.000 төгрөгний зээл авахад Ш.Ц, Р.О нар нь Б.С гэдэг хүний хөрөнгийг барьцаанд нэмж тавиад нэмж 3.000.000 төгрөгний зээл авсан байдаг. Ш.Ц, Р.О нар нь банкны хүүг ч төлөөгүй 2 сарынх нь хүүг би төлсөн. Б.С гэдэг хүн надтай эрх зүйн харилцаанд ороогүй. Б.Сын зөвшөөрлөөр түүний барилгын объектыг зээлийн барьцаанд тавьж Ш.Ц, Р.О нар миний дүү Г.М*******ын нэр дээр гаргасан зээлэн дээр нэмж 3.000.000 төгрөгний зээл авахуулсан байсан. Тухайн үедээ би энэ Б.С гэдэг хүнийг таньдаггүй байсан. Б.С надтай хэзээ ч уулзаж гэрээ, хэлцэл, тохиролцоо аль алиныг ч хийж байгаагүй. Яагаад гэвэл Б.С нь өөрөө Г.М*******д 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Бэлэглэлийн гэрээ” хийж тус объектыг шилжүүлснээр Б.Сын өмчлөх эрх дуусгавар болсон байсан. Хөрөнгө шилжүүлж байгаа талаар сүүлд мэдсэн. Гэтэл энэ маргаан гарангуут би хууль судлан үзэхэд “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан юм байна лээ. Миний хувьд тухайн зээлээ төлөөгүй хөрөнгө нь дуудлага худалдаанд орох талаар сая шүүх хуралдаанд Б.С “мэдсэн” гэж байна. Гэтэл яагаад энэ хүн хөрөнгөнийхөө хойноос хөөцөлдөөд “Бэлэглэлийн гэрээ”-нийхээ талаар шүүхэд хандаж хүчингүй болгох боломжит хугацаа энэ хүнд байсан гэж үзэж байна.
Миний болон манай дүү Г.М******* нарын хувьд Б.Сын объектыг авч зээлийн барьцаанд тавих шаардлага байгаагүй, түүнд хүсэлт тавьж тохиролцсон зүйл ч байхгүй. Харин сая шүүх хуралдаанд Б.С “Уг хөрөнгийг 2005 оны 07 дугаар сард Ш.Ц, Р.О нар буцаан шилжүүлэхээр тохиролцсон” гэж байна. Үүнээс тооцож үзвэл 2006 оны 07 дугаар сард шаардах эрх нь дуусгавар болсон гэж үзнэ. Г.М******* Б.Сд “хөрөнгө нь дуудлага худалдаанд орох талаар хэлсэн байдаг. 2006 оны 10 сард хөрөнгө дуудлага худалдаанд орох хүртэл хугацаанд Б.С ямар ч арга хэмжээ аваагүй гэж Г.М******* шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн байна.
Энэ нь 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн “Батламж”-аар нотлогддог. Намайг алга болоод олдохгүй байсан гэж байна. Гэтэл би тухайн үед цус харвалт өгч хэвтрийн байдалтай хүний асрамжинд байсан. Тэр үед Б.С нь Ш.Ц, Р.О нартай над дээр ирсэн. Тэр үед Ш.Ц, Р.О хоёр надад “Б.Соо ах бид хоёрыг цагдаад өгч баривчлуулна” гээд байна “бид хоёр айхдаа 9.000.000 төгрөг төлнө” гээд “Батламж”-нд гарын үсэг зурсан. Та үүнийг батлаад гарын үсэг зураад өгөөч” гэхээр нь би түүнд нь гарын үсэг зурсан. Би ойлгохдоо “Батламж” гэдэг маань Ш.Ц, Р.О нар Б.Сын барилгын объектыг зээлэнд тавьсныг нотолж би гарын үсэг зурсан болохоос мөнгөн төлбөр төлөх талаар нотолсон зүйл биш гэж үзэж байна. Тухайн батламжинд Б.С нь Ш.Ц, Р.О нартай тохиролцон 9.000.000 төгрөг төлөхөөр нотариатаар баталгаажуулчихаад сүүлд нь миний нэрийг бичгээр бичиж оруулсан байсныг шүүх шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн дахин шийдвэрлүүлэхээр болсон.
Нэгэнт Б.С өөрийнхөө хөрөнгийг Г.М*******ын нэр дээр шилжүүлээд банкны барьцаанд тавьж банк зээлээ төлөөгүй учраас шүүхийн шийдвэр гаргуулан үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагаа хийн дуудлага худалдаагаар оруулж Ш.Ц, Р.О нарын зээлийн өрийг хаасан байгаа нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үздэг. Тухайлбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилагаа явуулж байхдаа энэ барилгын объект нь Г.М*******ын нэр дээр шилжин өмчлөгч нь болсон учраас тухайн үед ямар ч маргаан байхгүй гэж үзэн дуудлага худалдаанд оруулан “И“ үнэлгээний компани нь 3.163.600 төгрөгөөр үнэлэн энэ үнэлгээний дагуу дуудлага худалдаанд оруулж 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Г” ХХК худалдан авсан болох нь нотлогдож байна.
Үүнээс үзэхэд Б.Сд эд хөрөнгө нь гол биш харин барьцаанд тавьснаа далимдуулан хэдэн төгрөг салгах зорилготой байсан гэж үзэж байна. Одоо Ш.Ц, Р.О нар нь ямар ч төлбөрийн чадваргүй болсон учраас надаас энэ мөнгийг гаргуулах гэж байгааг ойлгохгүй байна. Би Б.С гэдэг хүнтэй нэг ч удаа эрх зүйн харицаанд ороогүй гэдгийг анхаарч үзнэ үү. Иймд энэ 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь надад болон манай дүү Г.М******* бид хоёрт хамааралгүй болохыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Г.М*******ын шүүхэд 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тайлбартаа:
Миний эгч Г.Э нь миний нэр дээр 27 сая төгрөгийн зээл авч хэрэглэе гэж тохиролцон Худалдаа хөгжлийн банкны захиралтай ярилцаж авахаар болж байтал Ш.Ц, Р.О нар “нэгэн барилгыг чиний нэр дээр болгож 3 сая төгрөгийн зээл нэмж авхуулъя” гэж гуйгаад ирсэн. Тэгээд Ш.Ц, Р.О, Б.С нар ирж уг барилгыг миний нэр дээр шилжүүлж 3 сая төгрөгний зээлээ нэмж авахуулсан. Гэтэл тэд авсан 3 сая төгрөгийн зээлийнхээ хүүг ч төлөөгүй манай эгч Г.Эгаар төлүүлж хохироосон. Эгч Г.Эгий маань бие нь муудаж, цус харваад амь нас нь хүнд байх үед нь очиж гарын үсэг зуруулж гэрээ хийсэн байна. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Ш.Ц, Р.О нар нь авсан. Үүнийг Б.С ч мэдэж байгаа. Нотлох баримт нь манай эгч Г.Эд байгаа. Иймээс намайг хариуцагч болгосныг би зөвшөөрөхгүй. Ийм учраас манай эгч Г.Эгаас гэрчийн тайлбар авч намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Мөн тэр барилга нь 9.000.000 төгрөг хүрэх ямар ч боломжгүй байснаас 3 сая төгрөгөөр үнэлсэн... гэжээ. /1 дүгээр хх-ийн 18 тал/
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Г.М*******ын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгч А.Отгонбаяр нь хэргийг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхэд гэм хор учруулах гэдэг үндэслэлээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Гэтэл би зээлээс нэг ч төгрөг аваагүй, Б.Соо болон бусад хүнтэй ямар ч тохиролцоо хийгээгүй, Б.Соо ах өөрөө хүсч надад бэлэглэсэн /барилга/, иймээс тус барилга дуудлага худалдаанд орох болсонд би ямар ч буруугүй юм.
Энэ хөрөнгө нь хуулийн дагуу ганц таны өмчлөлийн хөрөнгө байна. Энэ хөрөнгийн талаар хэн нь ч ямар нэгэн маргаан гаргаагүй байх тул та гарын үсгээ зурах ёстой гэж хүчний байгууллага болох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын гүйцэтгэгч нар надад тулгасан тул би гарын үсэг зурахаас өөр аргагүйд хүрсэн юм. Б.Соо ахад “барилга чинь даадлага худалдаанд орох гэж байна” гэж хэлсээр байтал ямар ч маргаан гаргаагүй. Үнэхээр хөрөнгөө авмаар байсан бол Б.Соо ахад энэ хөрөнгийн талаар маргаан гаргах хангалттай хугацаа байсан. Би 2005 оны 12-р сард Б.Соо ахад дуудлага худалдааны тухай хэлсэн. Дуудлага худалдаа 2006.10.02-нд болсон. Бүтэн 10 сар болоход ганц ч арга хэмжээ аваагүй. Иймээс ч энэ хөрөнгийг хуулийн байгууллага миний өмчлөлийн хөрөнгө гэж үзсэн.
Б.Соо ах нь өөрөө мэдсээр байж маргаан гаргаагүй мөртлөө одоо намайг хөрөнгө өмчлөх эрхэд гэм хор учруулсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм. Иймээс Б.Сын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Ш.Цийн 2009.02.05-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа:
Би Б.Сыг багаасаа танина. Манай ахын найз нь байгаа юм. 2004 оны хавар надад “өөрийн байгаа барилгаа барьцаанд тавьж мөнгө болгомоор байна” гэж яриад “надад банк зээл өгөхгүй байна, чи тавиад хэдэн цаас болгоод тавьчихвал ашгийг нь өгнө шүү” гэхээр нь би авгайдаа энэ талаар ярьсан юм. Г.Э манай авгайгийн хамаатан юм. Авгай түүнд “Та хэдэн төгрөгтэй болоод ав, надад хэдэн төгрөг зээлээч” гээд “та харин хүний юмыг байхгүй болгож болохгүй шүү” гэж хэлэхэд Г.Э нь өөрийнхөө дүү Г.М*******ын нэр дээр шилжүүлж зээл авсан байсан. Дараа нь зун наадмын өмнөхөн манай авгай Г.Э эгчээс 3.000.000 төгрөгийг хувиараа зээлж авсан юм. Түүнийгээ төлөөгүй байгаа. Хэрвээ энэ талаар Г.Э эгч ярьвал бидэнд ч ярих юм бий. Уг барилгыг Г.М*******ын нэр дээр шилжүүлснийг би хожим сонссон. Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьсан байсан хэдэн төгрөгөнд тавьсныг мэдэхгүй. Г.Эгаас 3.000.000 төгрөг авахдаа хүү тохироогүй, хугацаа тохироогүй авсан. Би энэ мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг хариуцана, үлдсэнийг нь зөвшөөрөхгүй гэжээ. /1 дүгээр хх-ийн 58 тал/
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Ш.Ц, Р.О нарын 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан тодорхойлолтоос:
2004 оны 07 сард Б.Соо ахаас мужаан цехийн барилгын ордерыг дүү Г.М*******ын нэр дээр шилжүүлж банкнаас зээл авсан нь үнэн. Хөрөнгө нь Б.Соо ахын хөрөнгө мөн. Зээлийн хугацаа дуусмагц эргүүлж шилжүүлэхээр тохиролцсон гэжээ. /1 дүгээр хх-ийн 6 тал/
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Ш.Ц, Р.О нарын 2008 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан тодорхойлолтоос:
Б.Соогийн санал, зөвшөөрлийн дагуу Г.Э эгчид хүсэлт тавьж зээл авахаар хөөцөлдөж байсан хөрөнгө дээр нь нэмж дүү Г.М*******ын нэр дээр зээл авч үүнээс 3.000.000 төгрөгийг авсан. Банкинд 2 сарын хүү төлсөн. Г.М******* нэг ч төгрөг аваагүй. Үүнийгээ бид боломж гарсан үедээ төлнө. Одоогоор “ХАС” банкинд хашаа, байшингаа хураалгасан. Б.Соо ах мэдэж байгаа гэжээ. /1 дүгээр хх-ийн 9 тал/
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлтэй хариуцагч Г.М*******, Ш.Ц, Р.О, Г.Э нарт холбогдох “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 9.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.С нь Г.М*******, Ш.Ц, Р.О, Г.Э нарт холбогдуулан “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 9.000.000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд
Нэхэмжлэгч Б.С нь 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхэд Г.М*******д холбогдуулан 9.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасаныг тус шүүх иргэний үүсгэн ажиллагаа хийх явцад хариуцагч Г.М*******ын хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаартай захирамжаар Г.Эг 2 дахь хариуцагчаар татан оролцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 дахь хариуцагчаар оролцож байгаа Г.Э нь Ш.Ц, Р.О нарыг энэ хэрэгт холбогдолтой гэж үзэн хамтран хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасаныг шүүгчийн 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 300 дугаартай “Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай“ захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гарсан гомдолыг тус шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож, шүүгчийн 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Ш.Ц, Р.О нарыг “Хамтран хариуцагч”-аар татан оролцуулсан, дээрх шүүгчийн захирамж, тогтоол хүчин төгөлдөр болсон ,хэргийн оролцогч нар эрх,үүрэгтэй танилцсан байна.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар Г.Эгаас 4.500.000 төгрөг, Ш.Ц, Р.О нараас 4.500.000 төгрөг тус гаргуулан Б.Сд олгохоор шийдвэрлэсэнийг 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Г.Э Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийдвэрт 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн “Батламж” нь шүүхийн шийдвэр гарах үндэслэл болгосон бөгөөд уг батламжинд “миний нэрийг хуурамчаар нэмж бичгээр хийсэн” гэдэг үндэслэлээр “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн 51 дугаартай шийдвэрийг хянуулах тухай “ хүсэлтийг гаргасан байна.
Тус шүүх 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр болсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д заасан хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон гэсэн үндэслэлээр хариуцагч Ш.Ц, Р.О нарыг тус шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 1328 тоот шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түтгэлзүүлсэн байна.
Шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 786 тоот шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түтгэлзүүлсэн үндэслэл арилсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж,шүүх хуралдааныг товлосон байна.
Маргааны үйл баримтын талаар:
Маргааны зүйл болж байгаа тухайн үед “Е**” ХХК-ийн хөрөнгө байсан С******* сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэгт байрлах 300м2 талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилга, 800м2 газрыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэснээр, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэснээр 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”-гээр “Есөн хэлхээ” ХХК-гаас иргэн Г.М*******д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэснээр “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ” хийн нотариатаар гэрчлүүлэн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай, Ү-1317001922 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосоноор Г.М******* уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон байна.
Энэ үйл явцыг нэхэмжлэгч Л.С “хариуцагч Ш.Ц, Р.О нарын гуйснаар амьдралд нь тус болохоор банкнаас зээл авч, барьцааны зүйл болгохоор шилжүүлсэн” гэж тайлбарлаж байгаа болно.
Талуудын тохиролцсон болон, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон хариуцагч Г.М******* нь Худалдаа хөгжлийн банкны Сэлэнгэ салбартай 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №363 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” хийн Үйлдвэрийн зориулалттай барилга /газрын хамт/ 20.000.000 төгрөг, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга 18.000.000 төгрөгөнд тооцон барьцааны зүйл болгон 30.000.000 төгрөг зээлсэн байна.
Уг зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учраас Худалдаа хөгжлийн банкны Сэлэнгэ салбар шүүхэд хандан Г.М*******д холбогдуулан банкны зээл, хүүгийн хамт 36.191.400 төгрөг нэхэмжилснийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 шүүхийн шүүгчийн 2005 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 793 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай“ захирамжаар шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр авагчийн хүсэлтээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба ажиллагаа явуулан “Зээлийн барьцааны гэрээ”-нд заагдсан зээлийн барьцааны хөрөнгө болох Үйлдвэрийн зориулалттай барилга /газрын хамт/ 3.163.600 төгрөг, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг 3.427.200 төгрөгөөр өөрийн эрх хэмжээний дагуу “И” ХХК-ийн үнэлгээчнээр үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулснаар Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т зааснаар “Г” ХХК нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь “Г” ХХК-ийн 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 436 дугаартай “...Г.М*******ын 00 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 300м2 үйлдвэрлэлийн зориулалттай талбайтай хөрөнгийг манай компаний нэр дээр шилжүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож, бидний ажилд тусална” уу гэх “Сэлэнгэ аймгийн газрын албанд” гаргасан албан тоот /1 дүгээр хх-ийн 220 тал/, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 604 дугаартай “Шилжилт хөдөлгөөн хийх тухай” тоот /хх-ийн 226 тал/, 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн хуулийн этгээдийн мэдүүлэг”, “Г” ХХК-ийн “...2005 онд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож Сэлэнгэ аймгийн С******* сумын 4 дүгээр багт байрлах Г.М*******ын өмчлөлийн үйлдвэрийн барилгыг хууль журмын дагуу худалдан авсан болно...” гэх 1/491 тоот зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Сын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл дээрхи үйл явц буюу “Е**” ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө Худалдаа хөгжлийн банкны Сэлэнгэ салбартай байгуулсан Г.М*******ын зээлийн гэрээний барьцааны зүйл болсон гэдгийг Б.С мэдэж байсан бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Б.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.С, Ш.Ц, Р.О нарын хооронд 2006 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн “–...Тухайн объектыг 2006.06.15-нд банкны зээлээ төлж буцааж миний нэр дээр шилжүүлж өгөх, -Энэ хугацаанд барилга объектыг шилжүүлж өгөхгүй буюу банк зарсан нөхцөлд нийт 9.000.000 төгрөгийг надад өгөх, -тухайн 9.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2006.06.15-нд надад бэлэн өгөх, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2006.08.15-нд төлж дуусгахаар гэрээ байгуулав, -Энэхүү хэлцэлд заагдсан болон бусад маргаантай асуудлуудыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр тохиролцов” гэсэн “Батламж”-ийг үндэслэл болгож байгаа болно.
Тухайн “Батламж” бичигт “...Тухайн зээлийн мөнгийг Ш.Ц, Р.О, Г.Э нар хэрэглэсэн бөгөөд Г.М*******д хамаарахгүй байсан болно. Гэтэл өнөөдрийн байдлаар тухайн объектыг банк зээл төлөөгүйгээс дуудлага худалдаанд оруулж зарахаар болсон тул миний бие Ш.Ц, Р.О нартай доорх болзолтой тохиролцоонд хүрсэн болно...” гэж заасны Ш.Ц, Р.Оийн дараа Г.Э гэж балаар бичилбэр хийн оруулсныг “нэмж хуурамчаар бичгийн хэлбэрт оруулсан” гэж Г.Э гомдол гаргаснаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 51 дугаартай шийдвэрийг 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор “...уг батламжийг нотариатаар баталгаажуулсны дараа хууль бусаар Г.Эгийн нэрийг бичсэн...” болох нь тогтоогдсон гэж үзэн “Шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж үзсэн болно
Иймд нэхэмжлэгч Б.Сын шаардах эрхийн үндэслэл болгож байгаа “Батламж” дахь Ш.Ц,Р.О гэж компьютерээр бичсэний дараа Г.Э гэж балаар бичилбэр оруулсныг “...уг батламжийг нотариатаар баталгаажуулсны дараа хууль бусаар Г.Эгийн нэрийг бичсэн” гэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 42 тоот шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар “Нотариатын тухай” хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,37.2 дахь хэсэгт зааснаар нотариатч Р.Төгсбаярын 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гарын үсгийн үнэн зөвийг баталсан 2006 оны 03 дугаар сарын 17-нд бичигдсэн “Батламж”-д Г.Э гэж гараар бичсэн нэмэлт өөрчлөлтийг хүчингүйд тооцсон тул / хэргийн 1 хавтас 83-84 дүгээр тал / дээрхи “Батламж”-нд хийгдсэн гэх тохиролцоо хариуцагч Г.Эд хамааралгүй байна.
Дээрхи батламжийг нэхэмжлэгч Г.С Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэсэнд хамааруулж байгаа бол “Батламж”-д дурьдагдсан “–...Тухайн объектыг 2006.06.15-нд банкны зээлээ төлж буцааж миний нэр дээр шилжүүлж өгөх, -Энэ хугацаанд барилга объектыг шилжүүлж өгөхгүй буюу банк зарсан нөхцөлд нийт 9.000.000 төгрөгийг надад өгөх, -тухайн 9.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2006.06.15-нд надад бэлэн өгөх, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2006.08.15-нд төлж дуусгахаар ... гэсэн үүрэг болгосон заалт хэнд хамааралтай нь тодорхойгүй буюу “Есөн хэлхээ” ХХК-иас үл хөдлөх хөрөнгө Г.М*******ын өмчлөлд шилжсэн байхад ... тухайн объектыг 2006.06.15-нд банкны зээлээ төлж буцааж миний нэр дээр шилжүүлж өгөх.. –ийг хэнд даалгаж байгаа нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй болно.
Шүүх хуралдаанаар хариуцагч Ш.Ц, Р.О нар нь нэхэмжлэгч Б.Стой тохиролцсноор үл хөдлөх хөрөнгийн хариуцагч Г.М*******ын нэр дээр шилжүүлэн Худалдаа хөгжлийн банкны Сэлэнгэ салбартай байгуулсан зээлийн гэрээний зүйлээс 3.000.000 төгрөг авсан нь тогтоогдсоноос Б.Стой ямар нэгэн зээлийн талаар тохиролцсон түүнээс бэлэн болон бэлэн бусаар мөнгө авсан, өгсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул Ш.Ц, Р.О нар нь Б.Сд 3.000.000 төгрөг төлөх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч Б.С нь өөрийн үүсгэн байгуулсан “Есөн хэлхээ” ХХК-ийн хөрөнгө болох үйлдвэрлэлийн зориулалттай объектыг Г.М*******д “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ” хийн шилжүүлсэн хэдий ч дээрх объект нь Худалдаа хөгжлийн банкны Сэлэнгэ салбарт зээлийн барьцаанд тавьсан, зээл гэрээнд заагдсан хугацаанд төлөгдөөгүй учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаанд орох гэж буйг мэдсэн, тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцааны зүйл болгох зорилгоор бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хожим буцааж авах зорилготой хийсэн гэж байгаа бол энэ талаар гэрээнд тодорхойлоогүй, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 –т заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Е***” ХХК-ийн хөрөнгө байсан С******* сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэгт байрлах 300м2 талбай бүхий үйлдвэрийн зориулалттай барилга, 800м2 газрыг 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”-гээр “Есөн хэлхээ” ХХК-иас иргэн Г.М*******д шилжүүлсэн нь тогтоогдсон, бэлэглэлийн гэрээний зүйл Г.М*******ын Худалдаа хөгжлийн банкны Сэлэнгэ салбартай байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл болон улмаар зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй тул албадан дуудлага худалдааны ялагч болсон “Г” ХХК-ийн өмчлөлд шилжсэн нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хуулийн этгээд өмчлөгч байх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч Б.Сд шаардах эрхийг “Ес**” ХХК-иас олгосон эсэх талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн нэхэмжлэгч Б.С нь Г.М*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Г.М*******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
Нэхэмжлэгч Б.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн эрхээ сэргээлгэхээр бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаа этгээд гэж үзэх нотлох баримтгүй байх тул хариуцагч Ш.Ц, Р.О, Г.Э нараас “Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 9.000.000 төгрөг гаргуулах тухай “нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Г.М******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...шүүх хуралд оролцох боломжгүй тул өмгөөлөгч Л.Доржпүрэв миний хүсэл сонирхлыг төлөөлж оролцох тул миний хүсэлтийг хангаж өгнө үү...” мөн хариуцагч Р.О, Ш.Ц нар нь “шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй боломжгүй байна, өмнө өгсөн тайлбар, хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч Г.М*******, Р.О, Ш.Ц нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Б.Сын нэхэмжлэлтэй Ш.Ц, Р.О, Г.Э, Г.М******* нарт холбогдох “Эд хөрөнгөнд учирсан хохирол 9.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М*******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142.000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ
Л.СОЁЛМАА