| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2017/03393/и |
| Дугаар | 102/ШШ2017/03002 |
| Огноо | 2017-11-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2017/03002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 2 дугаар хороо тоотод оршин суух О овогт Б Э /РД: , утасны дугаар: /
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо тоотод оршин суух Т овогт Д Б /РД: , түр оршин суух хаяг: Завхан аймаг, тоот, утасны дугаар:/
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Д.Г
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э, Д.Б нар нь Завхан аймаг Улиастай хотод 2008 онд анх танилцаж, улмаар 2011 оны 9 сарын 10-ны өдөр охин Бийн Б нь төрсөн. 2011 оноос 2016 оныг хүртэл хугацаанд хамтран амьдарсан бөгөөд таарч тохирохоо больсны улмаас 2016 онд салсан. Эцэг Д.Б нь үл ялих зүйлээр хэрүүл маргаан эхлүүлэн, зарим тохиолдолд гэр бүлийнхэндээ гар хүрэх зэргээр догшин авирладаг, үдэш шөнө охиноо ганцааранг нь үлдээн, гадуур дотуур гарах зэргээр эцэг хүний хувьд үр хүүхэддээ тавих анхаарал халамж муу, төрсөн охин Б.Бт аяга ус өгөхөөс харамлаж, охиноосоо булаан авч өөрөө уух зэргээр эцэг хүнд байж боломжгүй араншин гаргадаг, буруу үлгэр дууриалал үзүүлдэг, эцэг хүний үүргээ биелүүлдэггүй нэгэн. Хамтран амьдрах хугацаандаа Д.Б нь гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, цалингаа гэр бүлдээ зарцуулахаас илүүтэйгээр зөвхөн өөртөө эдэлж хэрэглэх зүйл авах зэргээр хувиа хичээсэн, аминч зан гаргадаг байсан. Дээрх хугацаанд өөрийн санаачилгаар, өөрийн хөрөнгөөр хүүхэддээ эд, материалын дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй. Бийн эцэг, эх нь охин Б.Бт анхаарал халамж тавьж, утсаар ярих, уулзах, хааяа нэг хувцас, тоглоом авч өгөх, баяраар хүүхдэд өөрсдөө мөнгө явуулах зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Гэтэл эцэг Б нь эцэг эхийнхээ явуулсан мөнгөөр бэлэг сэлт авч өгдөг, түүнийгээ охиндоо аав нь авч өгч байгаа мэтээр ярьдаг. Энэ мэт байдлаас үзвэл Б нь эцэг хүний хувьд үр хүүхэддээ тавих анхаарал халамж байхгүй, хүүхдээ гэсэн сэтгэлгүй, тэжээн тэтгэх үүрэгтэйгээ ухамсарладаггүй, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлдэг гэдэг нь харагддаг. 2017 оны 09 сард охин Б.Б нь Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орсонтой холбоотойгоор хүүхдийн эдэлж хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, оюун ухаан хөгжүүлэх сургалтанд явж байгаа түүний сургалтын төлбөр, шатрын сургалт, өдөр өнжүүлэхийн төлбөр, хувцас хунар зэрэгт зарцуулагдах төлбөр нэмэгдэж байх тул эцэг Д.Баас тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд татгалзсан хариу өгсөн. Иймд охин Бийн Бт Гэр бүлийн тухай хууль заасан хугацаанд, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгож эцэг Д.Баас гаргаж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний бие уг хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хэргийг миний эзгүйд шийдэж өгнө үү.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б нь эрүүл мэндийн шалтгаанаас болж тогтсон ажилгүй байна. Одоо Завхан аймгийн МУИС-д эцэг, эхийн дэмжлэгээр суралцаж байгаа. Суралцах хугацаа болсон тул Завхан аймаг руу явах болсон. Миний гэр бүл банкны олон сая төгрөгийн өртэй. Өрхийн орлого маш бага ноогдож үлддэг. Үүнийг үл тоон өөрийн хариуцлагын дагуу охин болох Бийнхээ тэтгэлэгийг сар бүр төлөхийг зөвшөөрч байна. Харин амьдралын минь бололцоог харгалзан үзэж, тэтгэлэгийн хэмжээг боломжит хэмжээгээр багаар тогтоож өгч тусална уу.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ах Б Завхан аймагт их сургуульд сурдаг. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэж байгаа.
Шүүх Б.Бийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн “Илаарших” эрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Баянгол дүүргийн сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. Д.Б, Б.Э нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр охин Б.Бийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.Эийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Д.Баас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Бийг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. Охин Б.Б нь Улаанбаатар хотод амьдарч байх тул түүнд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамаарч тэтгэлэг тогтоогдоно. Харин эрхэлсэн ажилгүй, амьдралын бололцоогүй байдал нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх, түүнийг багасган тогтоох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
3. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн болон 51 дүгээр сургууль, хорооны тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч Б.Б нь 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, одоо 6 нас 1 сартай тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоогдоно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 185300 төгрөгөөр тогтоогдсон байна. Иймд хариуцагч Д.Баас гаргуулах тэтгэлгийн хэмжээ сар бүр 92650 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тогтооно. Хариуцагч Д.Б нь нэг жилийн хугацаанд охин Б.Бт 1111800 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр байна. Үүнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол хариуцагч 31233 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 38967 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Д.Баас нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Б.Бийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т овгийн Д Баас 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Бийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 31233 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас илүү төлсөн 38967 төгрөг, хариуцагч Д.Баас улсын тэмдэгтийн хураамжид 31233 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүй.
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА