Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/03031

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо   давхарт байрлах “М д” ХХК /РД:  , утасны дугаар:  /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо   давхарт байрлах “Н ф” ХХК /РД: , утасны дугаар:  /

 

Даатгалын хураамж 3259145 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А

 

        нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А

 

                                хариуцагчийн төлөөлөгч С.Ч

 

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

 

 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н ф” ХХК нь “М Ж Д” ХХК-тай буюу “М д” ХХК-тай өөрсдийн борлуулдаг 1448509200 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг гэнэтийн болон санаандгүй урьдчилан таахааргүй тохиолдлын эрсдлээс хамгаалах зорилготойгоор 2014.06.25-ны өдөр 14/576 тоот гэрээг байгуулсан юм. Уг гэрээнд заасны дагуу “Н ф” ХХК нь даатгалын хураамж болох 6518290 төгрөгийг тохиролцсон буюу гэрээний хугацаа дуусгавар болох 2015.06.24-ний дотор бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч 2014.07.21-ний өдөр 1629572 төгрөг, 2014.10.02-ны өдөр 1629572 төгрөг, нийт 3259145 төгрөгийг төлж, 2015.01.02, 2015.04.02-ны өдрүүдэд төлбөр зохих 3259145 төгрөгийг төлөөгүй болно. “М д” ХХК-ийн зүгээс уг хураамжийг төлөх талаар удаа дараа шаардаж 2017.08.23-ны өдөр уг хураамжийг төлөх нэхэмжлэлийг "Н ф" ХХК-ийг төлөөлж, гэрээ байгуулсан уг компанийн брэнд менежер Ч.Рэнцэнхандад гардуулсан бөгөөд удирдлагадаа танилцуулж, хариу хэлнэ гэсэн тайлбар хэлсээр өдийг хүрч 2017.10.09-нд шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн болно. “М Ж Д” буюу “М д” ХХК нь “Н ф” ХХК-тай байгуулсан 14/576 тоот даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, уг гэрээ ямар нэг үндэслэлээр цуцлагдаагүй учир “Н ф” ХХК-аас даатгалын хураамжийн төлөгдөөгүй үлдэгдэл 3259145 төгрөгийг гаргуулж “М д” ХХК-д олгуулж, хохиролгүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Ч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н ф” ХХК болон “М Ж Д” ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14/576 тоот Даатгалын  ерөнхий  гэрээг байгуулсан. Гэвч уг гэрээнд Иргэний хуулийн 431.4.7-д “Гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл”-ийг тусгаж өгөх ёстой байсан боловч 14/576 тоот гэрээнд “гэрээг дүгнэх” нөхцөл тусгагдаагүй, гэрээг  цаашид хэрхэн яаж үргэлжлүүлэх зохицуулалт тусгагдаагүй нь Иргэний хуулийн 56.1.8 “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 56.1.10 “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасан нөхцлийг хангаж байна гэж үзэж байгаа тул “М Ж Д” ХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14/576 тоот Даатгалын ерөнхий гэрээ болон уг гэрээний хавсралт болох “Бараа материалын үлдэгдэлийн даатгалын хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. “Н ф” ХХК болон “М Ж Д” ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн  14/576 тоот Даатгалын  ерөнхий гэрээг  байгуулсан өдөр “М Ж Д”  ХХК нь төлбөрийн  нэхэмжлэлийг манай компанид хүлээлгэн өгсөнөөс хойш ямар нэгэн холбоогүй, хамтын ажиллагаагүй, мэдээлэл,    даатгалын эрсдэлийн талаар зөвлөгөө өгөөгүй байсан ба 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр манай компанид төлбөрийн  нэхэмжлэлийг авчирч өгсөн.  Уг төлбөрийг нэхэмжлэл нь гэрээ байгуулагдсанаас хойш хуанлын 1153 /нэг мянга нэг зуун тавин гурван/ өдрийн дараа нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 75.2.1 “гэрээний үүрэгтэй холбоотой  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”-д заасан хугацаанаас хэтэрсэн гэж үзэж байгаа тул төлбөр төлөх  үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймээс “М д” ХХК-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3259145 төгрөгийг төлөх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч “М д” ХХК, хариуцагч “Н ф” ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 14/576 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, уг гэрээний хавсралтаар “бараа материалын үлдэгдлийн даатгалын хэлцэл”-ийг байгуулжээ. Уг гэрээгээр даатгагч нь хариуцагч “Н ф” ХХК-ийн “Tally Weijl”, “Манго” дэлгүүрийн зориулалтын агуулах, байр сав, лангуун дээр хадгалагдаж худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн буюу нийт 1448509200 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг эрсдэлийн даатгалд даатгаж, даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөр олгох, даатгуулагч даатгалын хураамжид 6518290 төгрөг төлөх үүргийг тус, тус хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

 

Хариуцагч тал даатгалын хураамжийн үлдэгдэл 3259145 төгрөгийг төлөөгүй байгаа асуудлаар маргаагүй бөгөөд харин гэрээнд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.7 дахь хэсэгт зааснаар “гэрээг дүгнэх” нөхцөл, гэрээг цаашид хэрхэн үргэлжлүүлэх зохицуулалт тусгагдаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 56.1.10 дахь хэсэгт “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж үзэн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14/576 тоот гэрээг хүчин төгөлдөр бус, төлбөрийн нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр авчирч өгсөн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хугацаанаас хэтэрсэн гэж хариуцагч маргажээ.

 

Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэгт бичгээр байгуулах, нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн байхыг тус, тус ойлгоно. Иймд “гэрээг дүгнэх” нөхцөл болон “гэрээг цаашид хэрхэн үргэлжлүүлэх зохицуулалт” тусгаагүй нь даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Талууд гэрээндээ даатгалын хураамж төлөх хугацааг 2014 оны 6 дугаар сарын 30-наас 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл байхаар тохирчээ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно”, 76.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэж зохицуулсан байна. Ийнхүү гэрээний дагуу төлбөр төлөх хөөн хэлэлцэх хугацааг гэрээ байгуулагдсан үеэс тоолохгүй, харин шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохыг хуулиар зохицуулсан тул 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход уг хугацаа дуусаагүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.          

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт даатгалын хураамж гэдгийг даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөр гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгээр даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүрэг хүлээхийг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ үргэлжлэх хугацаанд даатгалын тохиолдол үүссэн эсэхээс үл хамаарч гэрээгээр тохирсон хэмжээний даатгалын хураамжийг төлөх үүргийг даатгуулагч хүлээнэ. 

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ хүчин төгөлдөр, төлбөр төлөх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцагч “Н ф” ХХК-иас даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөр 3259145 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.  

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Н ф” ХХК-иас 3259145 /гурван сая хоёр зуун тавин есөн мянга нэг зуун дөчин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М д” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Н ф” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 67100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М д” ХХК-д олгосугай.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.ГАНДИЙМАА