Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2081

 

2020.12.21                                  2020/ШЦТ/2081

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01910 2875 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Д.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Дөлийн 00 тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

Шүүгдэгч Д.Б нь 0000 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB tower нэртэй төвийн урд талын явган хүний замаас иргэн С.Оийн гээгдүүлсэн 560.600 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси А50 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж өөрийн эзэмшилд шилжүүлэн, өөрийн гар утасны дугаарыг хийж ашигласан буюу гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид шинэ утас авч өгсөн”  гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байгаад 2020 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагаас утсыг чинь авсан хүнийг олсон гэж ярьсан. Удалгүй миний гар утсыг  олоод ашиглаж байсан хүн надад утсыг авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч М.Булганхангай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр UB tower орохоор эхнэрийн хамтаар өөрийн приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээс 08 цаг 15 минутанд хөдөлсөн. UB tower замын урд талын 1 дүгээр эгнээнд зогсч байгаад эхнэр С.Оийг зам дээр буулгаад би ажил руугаа явсан. Ингээд явж байтал манай эхнэр өөр хүний дугаараас над руу залгаад утас өг гэж хэлэхээр нь би аваагүй машинд байхгүй байна гээд эхнэрийн ажил дээр явж очсон. Тэгээд манай эхнэр ажлаасаа гарч ирэхээр нь бид 2 UB tower үүдний харуул эрэгтэй хүнтэй уулзаад бид хоёрыг машинаас буухад улаан өнгийн гэртэй гар утас  унасан уу гэж асуухад нөгөө залуу хариулахдаа та хоёрыг зогсч байгаад явтал араас чинь саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод танай машинаас унасан улаан өнгийн гэртэй утсыг аваад хөдлөөд яваад өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч Ч.Цогтдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн өдөр би ажлаас буух гээд үүдэн дээр зогсч байсан ба манай ажил Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо UB tower-т байдаг юм. Тэгсэн чинь манай ажлын үйлчлэгч хүүхэн Оюугэрэл ажил руу гүйж орсон бөгөөд тэгснийх нь дараа мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 загврын тээврийн хэрэгсэл явж байгаад зогсоод буцаж ухарч байгаад жолооч нь гээд дунд зэргийн нуруутай, саарал хантаазтай, саравчтай малгайтай эрэгтэй хүн машинаасаа буугаад зам дээрээс улаан өнгийн нэг юм аваад буцаад машиндаа суусан. Тэгээд тухайн машин явсных нь дараа С.О утсаа унтраачихаж гэж гарч ирсэн ба камер шүүлгэнэ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр дүүгийнхээ бор шаргал өнгийн приус 20 маркийн машинтай таксинд явж байсан. UB tower-ын урд замаар явж байхад замын голд гар утас байхыг олж хараад тэврийн хэрэгслээ зогсоогоод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/,

Гэмт хэргийн талаар иргэн Б.Булганхангайгаас бичгээр, С.Оээс утсаар гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-11/, Юнител ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 05-01/6060 дугаартай албан бичиг /хх-ийн 37-38/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB tower нэртэй төвийн урд талын явган хүний замаас иргэн С.Оийн гээгдүүлсэн 560.600 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг галакси А50 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болохыг мэдсээр байж өөрийн эзэмшилд шилжүүлэн, өөрийн гар утасны дугаарыг хийж ашигласан буюу гээгдэл эд хөрөнгийг завшсан болох нь

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Оийн: “...Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулж байгаад 2020 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагаас утсыг чинь авсан хүнийг олсон гэж ярьсан. Удалгүй миний гар утсыг  олоод ашиглаж байсан хүн надад утсыг авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Булганхангайгийн: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр UB tower орохоор эхнэрийн хамтаар өөрийн приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээс 08 цаг 15 минутанд хөдөлсөн. UB tower замын урд талын 1 дүгээр эгнээнд зогсч байгаад эхнэр С.Оийг зам дээр буулгаад би ажил руугаа явсан. Ингээд явж байтал манай эхнэр өөр хүний дугаараас над руу залгаад утас өг гэж хэлэхээр нь би аваагүй машинд байхгүй байна гээд эхнэрийн ажил дээр явж очсон. Тэгээд манай эхнэр ажлаасаа гарч ирэхээр нь бид 2 UB tower үүдний харуул эрэгтэй хүнтэй уулзаад бид хоёрыг машинаас буухад улаан өнгийн гэртэй гар утас  унасан уу гэж асуухад нөгөө залуу хариулахдаа та хоёрыг зогсч байгаад явтал араас чинь саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсоод танай машинаас унасан улаан өнгийн гэртэй утсыг аваад хөдлөөд яваад өгсөн гэж хэлсэн...” гэсэн, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Бд гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч С.О хохирол төлбөрийг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Д.Бд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Д.Бд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх санал гаргаж ирүүлснийг үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Бд гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан ялаас Д.Бат-Эрдэнийг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР