Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 020/2015/0047/З |
Дугаар | 221/МА2015/0286 |
Огноо | 2015-06-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/0286
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө
газрын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж,шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Жархынбек, Ж.Очирхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Отгонбаяр, Р.Болдбаатар нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 223 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нарын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын циркийг хувьчилж авсан Рояал плаза ХХК нь Төрийн өмчийн хорооны Улсын циркийг хувьчлах тухай 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоол, Төрийн өмчийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Аса консалтинг ХХК хооронд 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг биелүүлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 651 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин циркийн урлагийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхгүй байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон.
Улмаар улсын байцаагч нь "Рояал плаза" ХХК болон түүний үүсгэн байгуулсан "Монголын үндэсний цирк" ХХК-д дээр дурдсан зөрчлүүдийг арилгах талаар 5 төрлийн арга хэмжээг авч ажиллахыг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/142 тоот албан шаардлагаар үүрэг болгосон.
Рояал плаза ХХК болон Монголын үндэсний цирк ХХК-иудын зүгээс улсын байцаагчийн албан шаардлагад дурдсан зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй бөгөөд уг зөрчлийг үргэлжлүүлэн гаргаж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 651 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөөр байсан.
Тус газраас 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/520 тоот албан бичгээр Улсын циркийн хувьчлалыг хүчингүй болгох талаар арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл уг асуудлыг шийдвэрлээгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1-т Дараах үндэслэлийн аль нэг нь байвал хувьчлалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно: 7/ хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй; 9/ өөр хэлбэрээр энэ хууль болон бусад хууль зөрчсөн.", 2-т Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хувьчлалыг хүчингүйд тооцох болон хөрөнгийн хохирлыг хэрхэн арилгах шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргана.", 3-т Хувьчлал хүчингүй болсон тохиолдолд Төрийн өмчийн хороо уг зөрчлөөс үүссэн хохирлыг арилгах, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч, цаашид уг эд хөрөнгийг хэрхэх тухай шийдвэр гаргана." гэж заасны дагуу Төрийн өмчийн хороо нь Улсын циркийн хувьчлалыг хүчингүй болгон Улсын циркийн эд хөрөнгийг хамгаалах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй боловч уг үүргээ үл биелүүлэн Рояал плаза ХХК-д эс үйлдэхүйгээр давуу байдал олгож байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл болсон.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1,2 болон 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын циркийн хувьчлалыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахыг Төрийн өмчийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг асуудлаар тус хороонд хандаж байсан бөгөөд тус хорооноос хамтарсан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нар орсон ажлын хэсэг байгуулсан болно.
Ажлын хэсэг Монголын үндэсний цирк ХХК-иас нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзсэн тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын актад дурдсан асуудлуудын талаар тайлбар, тодруулга ирүүлэхийг хүссэн албан бичгийг явуулаад байна.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзэн ажлын хэсэгт орж ажиллах 2-3 албан хаагчийн нэр ирүүлэхийг хүсээд байна гэжээ.
Гуравдагч этгээд Рояал Плаза ХХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Хувьчлалын үйл ажиллагаа болон холбогдох тогтоол, шийдвэр, гэрээнүүд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тухайд:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хувьчлалын үйл ажиллагаатай холбоотой аливаа тогтоол, шийдвэр буюу захиргааны акт нь нэгдүгээрт хууль бус байх, хоёрдугаарт тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх гэсэн шаардлага тавигдаж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд 2006-2008 онд болж дууссан Улсын циркийн хувьчлалд аливаа байдлаар оролцож байгаагүй этгээд тул Төрийн өмчийн хороо нь хувьчлалтай холбоотойгоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн аливаа тогтоол, шийдвэр гаргаж байгаагүй болох нь тодорхой юм.
2. Улсын циркийн хувьчлалтай холбоотойгоор Төрийн өмчийн хорооноос гаргаж байсан тогтоол, шийдвэр, үйл ажиллагаа нь хууль ёсны байсан тухайд:
Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас үзэхэд тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-д заасан зарчмыг Төрийн өмчийн хороо нь хувьчлалын үйл ажиллагаандаа баримтлах ёстой бөгөөд Улсын циркийг хувьчлах үйл ажиллагаанд дээрх зарчмыг баримтласан байдаг.
Төрийн өмчийн хороо нь хуулийн хүрээнд, хуульд заасны дагуу Улсын циркийн хувьчлалыг удирдан зохион байгуулж явуулсан байдаг.
Төрийн өмчийн хороо нь 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар тогтоолоор Улсын циркийн удирдах үйл ажиллагааг уралдаант шалгаруулалтаар сонгосон удирдлагын багаар гүйцэтгүүлж менежментийн үр дүнг харгалзан хувьчлах шийдвэрийг гаргаж улмаар 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот тогтоолоороо Улсын циркийг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах уралдаант шалгаруулалтад ялагч болсон АСА менежментийн багтай менежментийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн юм.
3. Хөөн хэлэлцэх хугацаа зөрчсөн байгаа тухайд:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Улсын циркийн өмч хувьчлал явагдсан 2008 оноос хойш 6 жилийн дараа буюу хяналт шалгалт хийснээс хойш 10 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулиар зохицуулсан хөөн хэлэлцэх хугацааг зөрчиж байна гэжээ.
4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарын явуулсан хяналт, шалгалт хууль бус болох тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.Очирхуяг, улсын ахлах байцаагч Г.Энхманлай, улсын байцаагч М.Мөнхбаяр нар нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Аса консалтинг ХХК-ийн АСА циркийн үйл ажиллагаа Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж гаргасан Улсын байцаагчийн Тайлбар, мэдээлэл гаргуулах тухай 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 5/120 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 5/33 тоот дүгнэлт, Улсын байцаагчийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлагууд нь хуульд нийцээгүй үндэслэлгүй гарсан байдаг.
5. Улсын байцаагч нар нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Аса циркийн үйл ажиллагаа нь эдгээр хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан тухайд:
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үзвэл уг хууль нь бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилттой байх бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэж Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу гүйцэтгэж буй бүх төрлийн ажил, үйлчилгээг хамруулж ойлгохоор зохицуулж өгсөн байгаа юм.
Аса циркийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдэд циркийн үйлчилгээг үзүүлэх явцдаа ямар ч хэрэглэгчийн хууль болон гэрээгээр олгогдсон эрхийг зөрчөөгүй бөгөөд энэ талаар бидний мэдэхийн аливаа гомдол, санал гарч байгаагүй болно.
Гэтэл улсын байцаагч нь хэрэглэгчтэй амаар болон бичгээр байгуулсан гэрээг үндэслэн циркийн үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлаар бус хэрэглэгчтэй байгуулаагүй Худалдах, худалдан авах гэрээ болон нийтээр дагаж мөрддөггүй өөрийн эрхэлсэн хүрээ, салбарын бус тогтоолын нөхцөлийг шалгаж түүнд тусгагдсан тоо хэмжээгээр циркийн үйлчилгээ үзүүлээгүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 223 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн өмчийн хороог Улсын циркийн хувьчлалыг хэлэлцүүлэх зорилгоор хуралдуулахыг даалгах болон Улсын циркийн хувьчлалыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахыг Төрийн өмчийн хороонд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирхуяг давж заалдах гомдолдоо: 1. Шүүгч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1 дахь заалтуудыг хариуцагч болон гуравдагч этгээдэд ашигтайгаар тайлбарлаж, бодит зайдалд үл нийцсэн шийдвэрийг гаргасан.
Учир нь хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аливаа этгээд нь бусдын хуулиар олгогдсон эрх буюу хэрэглэгчдийн эрх, өрсөлдөгчдийн эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн өмчийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах үүрэгтэй байна.
Тухайн хэргийн хувьд "Рояал плаза" ХХК нь төрөөс хувьчилж авсан Улсын циркийн үйл ажиллагааг Худалдах, худалдан авах гэрээ, Төрийн өмчийн хорооны тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжоор тогтоосон хэмжээ, хязгаарын дотор явуулах эрх, үүрэгтэй байна.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт шалгалтаар "Рояал плаза" ХХК хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, өрсөлдөөнд сөрөг үр дагавар бүхий үйл ажиллагаа явуулсан нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй болохыг тогтоож, хугацаатай үүрэг даалгавар өгч албан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зөрчлийг арилгаагүй хууль тогтоомж зөрчсөөр байна.
Иймээс тус газар нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зорилтыг хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэх, зөрчил бүхий үйлдлийг нэг мөр таслан зогсоолгохоор 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/520 тоот албан бичгээр Улсын циркийн хувьчлалыг хүчингүй болгох талаар арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн байдаг.
Төрийн өмчийн хороонд хууль тогтоомж, гэрээний үүргээ зөрчиж буй "Рояал плаза" ХХК-ийн Улсын циркийн өмчлөх эрхийг хязгаарлах эрхийг 62 дугаар зүйлийн 1-т Дараах үндэслэлийн аль нэг нь байвал хувьчлалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгоно: 7/ хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй; 9/ өөр хэлбэрээр энэ хууль болон бусад хууль зөрчсөн.", 2-т "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хувьчлалыг хүчингүйд тооцох болон хөрөнгийн хохирлыг хэрхэн арилгах шийдвэрийг Төрийн өмчийн хороо гаргана.", 3-т "Хувьчлал хүчингүй болсон тохиолдолд Төрийн өмчийн хороо уг зөрчлөөс үүссэн хохирлыг арилгах, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч, цаашид уг эд хөрөнгийг хэрхэх тухай шийдвэр гаргана" гэсэн заалтуудаар тус тус олгосон юм.
Иймээс "Рояал плаза" ХХК-ийн өмчлөх эрхийг хязгаарлах эрхийг хуулиар Төрийн өмчийн хороонд олгосон байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасантай нийцэж байгаа билээ.
Гэвч Төрийн өмчийн хороо хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлэн, циркийн урлагийн салбарын өрсөлдөөнийг хязгаарласан, үзэгч хэрэглэгчдийн эрхийг хангахгүй байгаа "Рояал плаза" ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар арга хэмжээ авахгүй байгаа нь тэдэнд эс үйлдэхүйгээрээ давуу байдал олгосон буюу Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл болсон.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн өмчийн хорооны Өрсөлдөөний тухай хууль зөрчиж Рояал плаза" ХХК-д давуу байдал олгож, тус газрын бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хязгаарласан хууль бус эс үйлдэхүйг таслан зогсоолгох зорилгоор Төрийн өмчийн хороог хуралдуулах, циркийн хувьчлалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан юм.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ""Рояал плаза" ХХК нь Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн хугацаатай үүргээ зохих ёсоор биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой нотлогдож байна." гэсэн дүгнэлтийг хийсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй, зөвхөн хариуцагч болон гуравдагч этгээдэд ашигтайгаар нэг талыг барин үнэлсэн гэх үндэслэл болж байна.
Шүүх "Рояал плаза" ХХК нь Худалдах, худалдан авах гэрээгээр зөвхөн Улсын циркийн объектын нийт үнэ болох 1.500.000.000 /нэг тэр бум таван зуун сая/ төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн мэтээр уг нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах" гэсэн гэрээ болон төрийн өмчийн хорооны тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тогтоомжоор тогтоосон үүргийг "Рояал плаза" ХХК зөрчсөн талаар маргасаар байхад шүүгч энэ тухай санаатайгаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Шүүгчийн энэхүү үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлтийн үндэслэл нь ""Рояал плаза" ХХК Худалдах, худалдан авах гэрээ болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хүлээсэн гол үүрэг нь "Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах" байх бөгөөд энэ үүргээ зөрчсөн нь хувьчлалыг хүчингүй болгох үндэслэл болж энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байдаг.
Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч "Роял плаза" ХХК-ийн "Улсын циркийн урлагийн мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах" гэсэн үүргээ зөрчсөн байдлыг судлалгүй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан үндэслэл бүрдсэн гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Төрийн өмчийн хороо болон "Рояал плаза" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх эрхтэй субъект нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар биш юм" гэсэн нь үндэслэлгүй, буруу дүгнэлт болсон.
Аливаа бараа, ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж, төрийн эрх байгууллагаас тогтоосон хэм хэмжээ, шаардлагад нийцсэн байх учиртай билээ. Харин "Рояал плаза" ХХК-ийн циркийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 651 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн өмчийн хорооны 2008 оны 352 дугаар тогтоол, Улсын циркийг худалдах, худалдан авах тухай гэрээний нөхцөл зэргээр тодорхойлогдож байгаа юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт шалгалтын үр дүн нь хэрэглэгчдийн циркийн урлагийн үйлчилгээгээр хангагдах эрх зөрчигдөж байгааг таслан зогсоох, циркийн урлагийн салбарт "Рояал плаза" ХХК төрөөс давуу эрх олж аван, бусад циркийн урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдүүд хязгаарлалт тавьж буйг таслан зогсоох, циркийн урлагийн салбарын өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын циркийн урлагийн салбар үгүй болох нөхцөл шалтгааныг арилгахад шалгалтын үр дүн чиглэгдсэн байгаа.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн өмчийн хороо болон "Рояал плаза" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн гэхээс илүүтэй циркийн үйлчилгээнд мөрдөж ажиллах шаардлага хангагдаагүйн улмаас хэрэглэгчийн эрх зөрчигдөж, өрсөлдөөний нөхцөл хязгаарлагдсан байдалд дүгнэлт хийсэн байгаа юм.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Нэхэмжлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байгаа нь үндэслэлгүй байна." гэсэн дүгнэлтийг хийсэн нь диспозитив зарчимд нийцээгүй.
Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчсөн болохыг улсын байцаагч 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5/33 тоот дүгнэлтээр тогтоож "Рояал плаза" ХХК-д хүргүүлсэн бөгөөд уг компани нь уг зөрчил бүхий үйлдлээ хүлээн зөвшөөрч, хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргаагүй байх тул улсын байцаагчийн зөрчил тогтоосон дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр захиргааны акт болсон юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэхэмжлэлийн үндэслэл нь Төрийн өмчийн хороо эс үйлдэхүйгээр "Рояал плаза" ХХК-д давуу байдал олгож Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалтыг зөрчсөн гэх асуудал байдаг.
Гэтэл шүүгч Төрийн өмчийн хорооны эс үйлдэхүйд холбогдох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар уг хэргийн оролцогч бус улсын байцаагчийн гаргасан хуулийн хүчин төгөлдер захиргааны актаар тогтоосон зөрчлийг зөрчил биш гэж дүгнэж байгаа нь диспозитив зарчимд нийцээгүй, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэх үндэслэл болж байна. Энэ хэрэгт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч хариуцагчаар бус Төрийн өмчийн хороо хариуцагчаар оролцож байгаа болохыг шүүгч умартсан байна. Шүүхийн энэхүү дүгнэлт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, үзэл баримтлалыг гажуудуулсан шийдвэр болсон.
5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Түүнчлэн Төрийн өмчийн хорооны 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоолын дагуу "Рояал плаза" ХХК нь Улсын циркийг 2008 онд хувьчлан авсан байх бөгөөд ийнхүү хувьчилснаас хойш 6 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байгаа гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна" гэсэн нь энгийн хуульч хүний наад захын мэдлэгээр харахад хөөн хэлэлцэх хугацаа тоолох хуулиар тогтоосон журмыг ойлгоогүй болох нь харагдаж байна.
Учир нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасанчлан Төрийн өмчийн хорооны эс үйлдэхүйгээр "Рояал плаза" ХХК-д давуу байдал олгож Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалтыг зөрчсөн үйл ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилсээр байгаа юм.
Мөн түүнчлэн Төрийн өмчийн хорооны уг хууль бус эс үйлдэхүйг таслан зогсоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хэтрээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байгаа гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 223 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Төрийн өмчийн хороог Улсын циркийн хувьчлалыг хэлэлцүүлэх зорилгоор хуралдуулах болон Улсын циркийн хувьчлалыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахыг Төрийн өмчийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 5/33 тоот дүгнэлтээр Улсын циркийг хувьчилж авсан Рояал плаза ХХК /Аса консалтинг/ Төрийн өмчийн хорооны Улсын циркийг хувьчлах тухай 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 352 дугаар тогтоол, Төрийн өмчийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон Аса консалтинг ХХК хооронд 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг биелүүлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 651 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин циркийн урлагийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхгүй байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж зөрчлийг арилгуулахаар 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/142 тоот албан шаардлагыг Монголын үндэсний цирк ХХК, Рояал плаза ХХК-д хүргүүлсэн байна.
Улмаар Монголын үндэсний цирк ХХК, Рояал плаза ХХК улсын байцаагчийн албан шаардлагыг арилгах талаар арга хэмжээ аваагүй, дээрх зөрчлийг үргэлжлүүлэн гаргаж хууль зөрчиж байна гэж нэхэмжлэгчээс үзэж, 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/520 дугаар албан бичгээр Улсын циркийн хувьчлалыг хүчингүй болгох талаар арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хороонд мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй учир шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргажээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх гэж зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн өмчийн хорооны Улсын циркийг хувьчилсан шийдвэр Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж гарсан тохиолдолд хүчингүй болгуулах саналаа шүүхэд гаргах эрхтэй байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Төрийн өмчийн хорооны 2008 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Гэрээний үүргийн биелэлт дүгнэх, хувьчлах тухай 352 дугаар тогтоолыг хүчингүй болгох талаар маргаагүй, харин уг хувьчлал явагдаж дуусснаас хойш Улсын циркийг хувьчлан авсан Рояал плаза ХХК Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн талаар шаардлагыг биелүүлээгүйтэй холбогдуулан хувьчлалыг хүчингүй болгуулахаар маргажээ.
Нөгөөтэйгүүр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаар хувьчлан авагч өмч хувьчлан авсан тухай гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй бол Төрийн өмчийн хороо хувьчлалыг хүчингүйд тооцох эрхтэй байна.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Рояал плаза ХХК циркийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хууль зөрчсөн, хэрэглэгч хохирсон тохиолдолд Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээ авч, шийтгэл ногдуулах эрхтэй болохоос Төрийн өмчийн хорооны бүрэн эрх болох хувьчлалыг хүчингүй болгохтой холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм.
Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэхээр байх ба харин саналын дагуу хэрэг үүсгэх боломжгүй байх тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь хязгаарлагдахаар байна.
Үүнээс үзэхэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д зааснаар нэхэмжлэл гаргах эрх нээгдээгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ дээрх нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй талаар зөв дүгнэсэн боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлгүйгээр, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 223дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Төрийн өмчийн хороог Улсын циркийн хувьчлалыг хэлэлцүүлэх зорилгоор хуралдуулах болон Улсын циркийн хувьчлалыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахыг Төрийн өмчийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН