Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,

Улсын яллагч Ж.Энхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал /1420/,

Шүүгдэгч Б.Аяан,

Орчуулагч Ч.Гүнжинлхам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Bayaertu /Баярт/ овогтой Aying /Аяан/-д холбогдох эрүүгийн 201624000266 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өвөрмонголын Өөртөө Засах Орны Улаан хад аймагт төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, хөгжим судлаач мэргэжилтэй, одоогоор Монгол Улсад СУИС-д морин хуурын магистрын ангид суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, эмэг эх нарын хамт Өвөрмонголын өөртөө засах орны Улаан хад аймгийн Хишигтэн хошуу Жиэ фан гудамжны Хан Тэ хороолол, 5 дугаар байрны 300 тоотод оршин суух, одоо Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, МУИС-ийн 5-301 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / G53596286 паспортын дугаартай/  Bayaertu /Баярт/ овогтой Aying /Аяан/  нь:

- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Грийн хаус хотхоны зүүн замд 2016 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.7а, 7.7 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Нямсүрэнгийн жолоодож явсан Тоёота приус маркийн 95-05 УНМ улсын дугаартай автомашиныг мөргөж 4.625.000 төгрөгийн шууд, 5.460.000 төгрөгийн нийт хохирол, түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, Ти эм эл ХХК-ний өмчлөлийн Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашинд 2.457.900 төгрөгийн шууд хохирол, 2.604.900 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Ц.Нямсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Зайсангаас хотын төвийн чиглэлд Тоёота приус 20 маркийн 95-05 УНМ улсын дугаартай автомашинаар ганцаараа 2 дугаар эгнээгээр 40-45 км цагийн хурдтай явж байхад Грийн хаус хотхоны зүүн замд баруун талаас туслах замаас хар өнгийн жип машин урд хэсгээрээ миний машины баруун урд хэсгийг мөргөсөн. Миний хамраас цус гарч байсан. Машинаас бууж ирэхэд хар өнгийн Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашин байсан. Машин дотор 2 өвөр монгол залуу байсан. Тэр 2-оос архи үнэртэж, хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Осол гаргасан жолооч Ө.Аяанаас 5.140.000 төгрөг авч, гомдол саналгүй боллоо...” гэжээ. / хх 32 /,

Иргэний нэхэмжпэгч Ч.Болорчулуун мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Тоёота приус 20 маркийн 95-05 УНМ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн машин юм. Надад мөнгө хэрэг болоод “Зууны чавхдас” ХХК-ний ББСБ-аас 2.100.000 төгрөг авч, нэрээ шилжүүлсэн байсан. Үнэлгээний хувьд санал хүсэлт байхгүй. Хохиролд үнэлгээгээр гарсан 5.460.000 төгрөгийг жолооч Б.Аяан бэлнээр өгч, гомдол саналгүй болсон.Шүүх хуралд суухгүй...” гэжээ.  / хх 47 /,

Иргэний хариуцагч Н.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашин нь Ти эм эл ХХК-ний эзэмшлийн машин юм. Манай байгууллагатай хамтран ажилладаг “Мөнх төгөл од” ХХК-ний гадаад харилцааны төлөөлөгч БНХАУ-ын иргэн Оргилд уг автомашиныг түр хэрэгцээнд ашиглуулж байсан. Ямар нэг гэрээ байгуулаагүй. Автомашины хохирлын үнэлгээтэй танилцсан. Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашины төлбөр тооцоог барагдуулсан тул санал хүсэлт байхгүй...” гэжээ. / хх 53, 191 /,

Гэрч ҮINНАI /Иньхай/ мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016-3-26 ны орой гэртээ байхад утас дуугарахаар нь авахад Б.Аяан “Мөнгө байна уу” гээд надад болсон үйл явдлыг хэлэхэд нь тэдний дотуур байранд очоод Аянг аваад Хан-Уул дүүргийн Замын цагдаа ороход Ренж ровер маркийн автомашины эзэн залуу өөр нэг залуутай байхад уулзаад, хохирогч нарыг хаа байгааг тодруулахад эмнэлэг дээр байна гэсэн. Гэмтлийн эмнэлэг ороод мөргүүлсэн машины жолооч залуутай уулзсан. Аянг цагдаа, “согтуу байна” гээд эрүүлжүүлсэн...” гэжээ. / хх 62 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4375 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ц.Нямсүрэнгийн биед бүсэлхийн 2-р нугалмын шахагдсан хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ…”  / хх 65 /,

Вендо ХХК-ний үнэлгээний тайланд: Ти эм эл ХХК-ний эзэмшлийн 58-97 УНУ улсын дугаартай Landrover Rangerover маркийн автомашины шууд зардал засварлах 500.000 төгрөг, солих 1.957.900 төгрөг, нийт хохирол 2.604.900 төгрөг…”  гэжээ / хх 69 /,

Вендо ХХК-ний үнэлгээний тайланд: Зууны чавхдас ХХК-ний эзэмшлийн 95- 05 УНМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины шууд зардал засварлах 1.070.000 төгрөг, солих 4.120.000 төгрөг, нийт зардал 6.036.000 төгрөг...” гэжээ / хх 73 /,

Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны үнэлгээний тайлан: 95-05 УНМ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины шууд зардал 4.625.000 төгрөг, үнэлгээний дүнгээр тодорхойлогдсон өртөг 5.460.000 төгрөг...” гэжээ / хх 89 /,

Техникийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаартай дүгнэлтэнд:

“… Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашины жолооч БНХАУ-ын иргэн Аяан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна”, 2.7а “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 7.7 “Жолооч гарцаар зам нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй.

Тоёота приус маркийн 95-05 УНМ улсын дугаартай автомашины жолооч Ц.Нямсүрэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэжээ / хх 98 /,

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: “…2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашины жолооч Aying /Аяан/-ийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0,82 хувь илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов….” гэжээ. / хх 121 /,

Шүүгдэгч Б.Аяаныг 2016.04.08-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 111-114 /, 2016.05.16-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 116-118, 119 /,

Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 123 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аяан мэдүүлэхдээ: “…2016 оны 03 дугаар сарын 26-ны орой найз “байранд очиж хоноё” гээд оройны 17.00 цагийн үед над руу залгасан. Тэгээд очихгүй байвал эвгүй юм болов уу гэж бодоод очиход Ихээгийн машинд хэдэн танихгүй залуус байсан бөгөөд бид хамт 17.30 минутын орчим байранд очсон юм. Тэгээд 18.00 цагийн үед хамт жаахан сууж байгаад 3 лааз пиво ууж байгаад цаг хартал нилээд орой 23.00 цаг болчихсон байсан. Манай байр 00.00 цагт хаалгаа түгждэг  тул би ихэд яаран явах гэтэл Оргил  “би дуудлагын жолооч дуудчихсан, хоёулаа хамт явъя” гэсэн. Тэгээд дуудлагын жолооч дуудчихаад хүлээгээд ирэхгүй болохоор нь дуудлагын жолооч энэ байрыг мэдэхгүй, олохгүй байгаа байх, жаахан төв зам руугаа ойртоод очьё гэж бодоод би Оргилын машиныг унаад төв зам руу туслах замаар орсон шулуун замаас ирж байсан машин миний зүүн талаас мөргөсөн. Тэгээд би орчуулагчаа “чи энэ хүнтэй юм яриад байж бай, би ахыгаа дуудаад мөнгө аваад ирье, тэгээд хоорондоо тохиролцоод шийдье” гэсэн юм. Тухайн үед надад такси олдохгүй байсан. Баянмонгол хороололд би ахындаа өмнө нь нэг л удаа очиж байсан бөгөөд адилхан байшингуудаас арай хийж ахынхаа гэрийг олоод, хаалганых нь кодыг хийх гэтэл мэдэхгүй, утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би хурдхан байран дээр очоод найз охиныхоо гар утсаар ах руугаа залгаад, ахыгаа дагуулан тухайн жолоочтой эвлэрэх гээд шүүх эмнэлэг дээр очсон. Гэтэл хохирогч “13 сая төгрөг болно” гэхээр нь би  ахад 13 сая төгрөг болно гэж байна гэж хэлэхэд ах “өө ахад нь 6 сая төгрөг хүрэхгүй л мөнгө байна” гэсэн. Тэгэхээр нь би “та тэр хүнтэй очоод уулзчих” гэхэд ах очоод уулзтал хохирол төлөхгүй бол цагдаа дуудна гэсэн. Тэгээд удалгүй Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очсон. Би хохирогч Ц.Нямсүрэнд 6.068.685 төгрөг, Ч.Болорчулуунд 6.475.000 төгрөг, Н.Эрдэнэбаярт 2.604.300 төгрөг тус тус төлж барагдуулсан гэв.

Шүүгдэгч Б.Аяан нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Грийн хаус хотхоны зүүн замд 2016 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 23 цаг 50 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а, 2.7а, 7.7 дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Нямсүрэнгийн жолоодож явсан Тоёота приус маркийн 95-05 УНМ улсын дугаартай автомашиныг мөргөж 4.625.000 төгрөгийн шууд, 5.460.000 төгрөгийн нийт хохирол, түүний бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, Ти эм эл ХХК-ний өмчлөлийн Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашинд 2.457.900 төгрөгийн шууд хохирол, 2. 604.900 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- “... 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Зайсангаас хотын төвийн чиглэлд Тоёота приус 20 маркийн 95-05 УНМ улсын дугаартай автомашинаар ганцаараа 2 дугаар эгнээгээр 40-45 км цагийн хурдтай явж байхад Грийн хаус хотхоны зүүн замд баруун талаас туслах замаас хар өнгийн жип машин урд хэсгээрээ миний машины баруун урд хэсгийг мөргөсөн. Миний хамраас цус гарч байсан. Машинаас бууж ирэхэд хар өнгийн Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашин байсан. Машин дотор 2 өвөр монгол залуу байсан. Тэр 2-оос архи үнэртэж, хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Осол гаргасан жолооч Аянгаас 5.140.000 төгрөг авч, гомдол саналгүй боллоо гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц.Нямсүрэнгийн мэдүүлэг...”  / хх 32 /,

- “…Тоёота приус 20 маркийн 95-05 УНМ улсын дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн машин юм. Надад мөнгө хэрэг болоод Зууны чавхдас ХХК-ний ББСБ-аас 2.100.000 төгрөг авч, нэрээ шилжүүлсэн байсан. Хохиролд үнэлгээгээр гарсан 5.460.000 төгрөгийг жолооч Аян бэлнээр өгч, гомдол саналгүй болсон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний нэхэмжпэгч Ч.Болорчулууны мэдүүлэг...” / хх 47 /,

- “…Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашин нь Ти эм эл ХХК-ний эзэмшлийн машин юм. Автомашины хохирлын үнэлгээтэй танилцсан. Landrover Rangerover маркийн 58-97 УНУ улсын дугаартай автомашины төлбөр тооцоог барагдуулсан тул санал хүсэлт байхгүй гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний хариуцагч Н.Эрдэнэбаярын мэдүүлэг...” / хх 53, 191 /,

- “…2016 оны 3 дугаар сарын 26-ны орой гэртээ байхад утас дуугарахаар нь авахад Аян байсан. Мөнгө байна уу гээд надад болсон үйл явдлыг хэлэхэд нь тэдний дотуур байранд очоод Аянг аваад Хан-Уул дүүргийн Замын цагдаа ороход Ренж ровер маркийн автомашины эзэн залуу өөр нэг залуутай байхад уулзаад, хохирогч нарыг хаа байгааг тодруулахад эмнэлэг дээр байна гэсэн. Гэмтлийн эмнэлэг ороод мөргүүлсэн машины жолооч залуутай уулзсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч ҮINНАI /Иньхай/-ны мэдүүлэг...” / хх 62 /,

“… хохирогч Ц.Нямсүрэнгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  4375 дугаартай шинжээчийн дүгнэлт…”  / хх 65 /,

Вендо ХХК-ний үнэлгээний тайланд: / хх 69,73 /,

Монголын Хохирол үнэлэгчдийн холбооны үнэлгээний тайлан: / хх 89 /,

Техникийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 208 дугаартай дүгнэлт / хх 98 /,

Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа: / хх 121 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Аяаныг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардал болон бусад зардлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, согтуурлын зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Bayaertu /Баярт/ овогтой Aying /Аяан/-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Bayaertu /Баярт/ овогтой Aying /Аяан/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 / нэг / жилийн хугацаагаар хасаж, 1 / нэг / жил  6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 1 / нэг / жил  6 / зургаа / сарын  хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4  дэх хэсэгт   зааснаар Bayaertu /Баярт/ овогтой Aying /Аяан/-д оногдуулсан 1 / нэг / жил, 6 / зургаа / сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                        С.ОЛЗОД