Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 13

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсан татгалзлыг  батлах

 

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би С.Б-ын “Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болгож С.Б-г Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг Увс аймгийн сонгуулийн хороонд даалгуулах тухай” нэхэмжлэлтэй, Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тогтоолд “Аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 11-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшүүлсэн С.Б нь аймаг нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.7 –д заасан шаардлагыг хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсугай” гэжээ. Энэ нь нэр дэвшигч миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна хуулийг буруу ойлгож хэрэглэсэн үйлдэл болжээ.

       Намайг Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.7-д заасан “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэсэн ямар нэгэн баримт материалыг аймгийн сонгуулийн хороонд өгөөгүй байхад намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Аймгийн сонгуулийн хорооны эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн хууль бус нотлох баримт цуглуулсан байж болзошгүй гэж гомдож байна.

        Аймгийн сонгуулийн хорооны дарга, гишүүд зөвхөн хууль тогтоомжийн дагуу ажиллах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн ялтай эсэх тухай лавлагаа /Эрүүгийн хэрэг хүлээж байгаа гэсэн бичиг байгаа болохоос биш сонгуулийн тухай хуулийн 28.7-д заасан шиг/ Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа асуудал надад байхгүй. Энэ тухай Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2020 оны 09-р сарын 15-ны 491 тоотоор МАН-ын хороонд ирүүлсэн албан тоот “ Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 14-ны 2020/ШТ/0085 дугаартай шийтгэх тогтоолоор С.Б-т 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

       Давж заалдах гомдлыг хянуулахаар Ховд аймгийн, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд шилжүүлсэн одоогоор хянагдаж байгаа болно гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй болохыг эрх бүхий байгууллагаас нотлож байгаа асуудал юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдсанаар анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 14-ны өдрийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Тийм учраас сонгуулийн хорооны 2020 оны 09-р сарын 15-ны өдрийн 14 тоот “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолыг хүчингүй болгож  Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоол гаргахыг Увс аймгийн сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгч С.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие нь Увс аймгийн сонгуулийн хорооны нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч аймгийн Сонгуулийн хороо 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор намайг нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэсэн байна.Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болгож С.Б-ыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг Увс аймгийн сонгуулийн хороонд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Б нь Увс аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт ирүүлжээ.

         Хариуцагчаас 2020 оны 09 сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолоор С.Б-ыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээр шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх үндэслэлтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б нь “Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болгож С.Б-ыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг Увс аймгийн сонгуулийн хороонд даалгуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон ,үлдэх 35100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,  хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 35100  төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ