Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2357

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02888 дугаар шийдвэртэй, Ц.Эын нэхэмжлэлтэй, Э.Эт холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 2 046 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, шүүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхон, АОС-ын 52а тоот өөрийн эзэмшлийн амины орон сууцны 2 давхар барилгыг Э.Эт хувийн сууц хөлслөх 119 дугаартай гэрээ байгуулан хөлслүүлсэн. Миний байрыг гэрээгээр хөлслөн тоорт үйлдвэрлэлийг 2 давхарт нь 2017 оны 1 дүгээр сарын 07-оос 2017 оны 4 дүгээр сарын 01 хүртэл явуулж байгаад дотны найздаа даатгаж орхилоо гээд алга болсон. Найз н.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 18-нд байрнаас гарсан. Түүнийг байрнаас гарахыг шаардаж, үйлдвэрлэл явуулж байгаа хэсэгт орж үзэхэд хананд тортны крем нялж үсэргэсэн байдалтай тосон толбо үүсгэж халтардсан, кремны тос нь хананд нэвчиж хусахад арилахгүйгээр зузаан байсан. Мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө зөөж оруулах явцдаа коридорын ханыг гүн зурж, гэмтээсэн 2 давхрын жижиг өрөөний хана хөгцөрсөн байсан. н.Дд эдгээр байдлыг үзүүлэхэд ихэд гайхаж, надад хамаагүй, надаас өмнө үүссэн би хариуцахгүй, ердөө 16 хоног л ажиллуулсан гэж байсан. Шинээр барьж ашиглалтад оруулсан байранд 68 хоног тоортны үйлдвэрлэл явуулаад гарсан, энэ тухай Эрдэнэчимэгт Дгаар хэлүүлэхэд тийм болох ёсгүй, юун сүртэй юм бэ угаагаад л болоо ш дээ гэж хэлсэн, ах дүү нараа ирүүлж үзүүлээч гэхэд хариу өгөөгүй, энэ үед Эрдэнчимэг Солонгос улсад байна гэж дам хүнээс сонссон. Тоортны крем нэвчиж халцартсан, хөгцөрсөн 100 м2 ханыг бетон гартал хусаж бохирдлыг арилган 2 давхар замаск татах ажлын хөлсөнд 800 000 төгрөг төлж, 696 800 төгрөгийн үнэтэй барилгын засварын материал авсан болно. Э.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байрыг буруу эзэмшиж ашигласнаас үүссэн хохирлыг бүрэн барагдуулна гэсэн гэрээний заалтаа биелүүлэхгүй, учруулсан хохирлоо ухамсарлахгүй байгаа тул хохирол болох 2 046 800 төгрөгийг Э.Эээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э.Э торт, нарийн боовны үйлдвэрлэл явуулахаар харилцан тохиролцож, 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 он хүртэл 1 жилийн хугацаатай хувийн сууц хөлслөх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Э.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын газраас сар бүр ирж, шинжилгээ дүгнэлт хийдэг байсан учраас байрыг бохирдуулах боломж байхгүй. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байхад Ц.Э байрнаас гарах шаардлага тавьсан байдаг.

Одоо тус байранд засвар хийж фитнесс орсон байгаа. Хуулийн дагуу хөлслүүлэгч хөлслөгчийг байрнаас гаргаж, гэрээ цуцлах тухай 1 сарын өмнө мэдэгдээгүй. Шахуу гарахыг шаардсан байдаг. Мөн байрны засварын асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээнд хөлслүүлэгч хариуцна гэсэн зохицуулалт байгаа. Иймд байрны засварын мөнгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Эээс 2 046 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Эаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 699 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэт нэг талыг барьж шударга бус хандаж хэргийг шийдвэрлэсэн. Нотлох баримтыг үнэлээгүй, хангалттай нотлогдоогүй, нотлох үндэслэл болохгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхийн шийдвэрт “Хариуцагчид хүлээлгэн өгсөн орон сууц анх ямар байдалтай байсан, одоо анхны байдлаас хэрхэн дордсон буюу ердийн элэгдэл хорогдлоос муутгасан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна, нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагчид анх шинээр ашиглалтад орсон орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үйл явдалтай холбоотой нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргасан боловч тус баримтуудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн сууцыг муутгасан гэдгийг шууд нотлохгүй ба эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг баримтласан. Мөн гэрээний төрөл, хамаарах харилцааг тогтоосон атлаа тухайн үйл явдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж хоёр өөр агуулгаар тайлбарласан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Э.Эт холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Хувийн сууц хөлслөх гэрээний дагуу өөрт учирсан хохирол гэх 2 046 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Э.Э нь энэ хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг гэрчлэх учраас Д.Дг гэрчээр асууж өгнө үү гэх хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргасныг, шүүх 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Хүсэлт хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэхдээ “хүсэлтэд гэрчээр оролцуулах этгээд хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг мэдэж байгаа, хэрхэн хамааралтай болох нь тодорхойгүй” гэж дүгнэн хангахаас татгалзсан байна. /хх31, 35/

 

Шүүхээс дээрх захирамжийг гаргахын өмнө нэхэмжлэгч Ц.Э шүүхэд тайлбар гаргаж, “... Э.Э нь байрыг хөлслөн тоортны үйлдвэрлэлээ явуулж байгаад найз Дд үлдээсэн, ... би маргааш өдөр нь Дтай уулзаж, үйлдвэрлэл явуулж байгаа хэсэгт орж үзэхэд хананд тос үсэрч наалдсан, тортны крем нялж наасан, хана зурсан, тостой гарын мөр хананд хаа сайгүй наалдсан, хана ногоорч хөгцөрсөн, энэ бүхнийг Дд үзүүлэхэд гайхаж, надад хамаагүй. Надаас өмнө үүссэн, би хариуцахгүй гэсэн, тэрээр ердөө 15 хоног ажиллаад 2017 оны 4 дүгээр сарын 18-нд гарсан, энэ бохирдол гэмтлийн талаар Э.Эийн найз Д сайн мэднэ” гэж дурджээ.

 

Талууд дээрх үйл баримтад маргаж буй тохиолдолд шүүх хариуцагчийн хүсэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан, тухайн нөхцөл байдлыг мэдэж байгаа гэх этгээдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар гэрчээр асуух боломжтой байхад хүсэлтийг хангаагүй нь буруу.  

 

Нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн үйл ажиллагаанаас байрыг муутгасантай холбоотойгоор сэргээн засварласан гэх тайлбараа гэрэл зургаар үзүүлж, барилгын материалд зарцуулсан төлбөрийн талаарх баримт сэлтийг ирүүлсэн байхад шүүх “орон сууцыг муутгасныг шууд нотлохгүй, эргэлзээгүй үнэн зөв гэх үндэслэл тогтоогдохгүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02888 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 686 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА