| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2017/03423/И |
| Дугаар | 102/ШШ2017/03190 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/03190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо байрлах “Х б” ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо тоотод оршин суух Ховогт Г Г /РД: , утасны дугаар: /
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нэмэгдүүлсэн хүү 16153265 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б
хариуцагчийн төлөөлөгч О.Б
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12000000 /Арван хоёр сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээлийн нөхцлөөр зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд УНМ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашин барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 8406803.87 төгрөг, зээлийн хүү 2181486.05 төгрөг нийт 10588289.92 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээ хугацаа 2014 оны 11 дүгээр 12-ны өдөр дууссан болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Мөн Ц.Үтэй хамтран, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10000000 /Арван сая/ төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Toyota Estima маркийн У улсын дугаартай суудлын автомашин барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 4305457.10 төгрөг, зээлийн хүү 2296132.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5033.88 төгрөг, нийт 6606623.05 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймээс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээлийн үлдэгдэл 3593196 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2263022 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 415433 төгрөг, нийт 6271651 төгрөг болж байна. 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр гаргуулах үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 5694543 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3606165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 580906 төгрөг, нийт 9881614 төгрөг болж байна. Нийт 16153265 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 238716 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гтой “Х ” ХХК нь 2012 дугаар сарын 11 дүгээр сарын 12-ны өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээгээр талууд 12000000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр зээлсэн. Зээлийн барьцаанд Г.Г ийн эзэмшлийн УНМ улсын дугаартай ланд-200 маркийн автомашин болон цалингийн орлогуудыг барьцаалсан байдаг. Зээлдэгч зээлийн тодорхой төлбөрүүдийг төлсөн. Нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлдэгч авсан 12000000 төгрөгөөс үндсэн зээлд 8406803.87 төгрөгийг, зээлийн хүүд 2181486.05 төгрөг нийт 10588289.92 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 24 сарын хугацаа дууссан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Мөн Ц.Үтай хамтран зээл авсан. Энэ хоёр нэг байгууллагад хамт ажилладаг хүмүүс байсан. Г.Г захирлаар, Ц.Ү тухайн үед нягтлан бодогчоор нь ажиллаж байсан. Ц.Ү үндсэн зээлдэгчээр, Г.Г хамтран зээлдэгчээр оролцож 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10000000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн нөхцлөөр авсан. Зээлийн барьцааны хөрөнгөд тоёота эстима маркийн УБЯ улсын дугаартай н.Мын эзэмшлийн суудлын авто машин болон цалингын орлогоо тус, тус барьцаалуулсан байдаг. Ц.Ү, Г.Г нар хамтран авсан зээлээсээ үндсэн зээлд 4305457.10 төгрөг, зээлийн хүүд 2296132.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүн 5033.88 төгрөг нийт 6603623.05 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний 36 сарын хугацаа 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Банкнаас Ц.Үг зээлийн төлбөр төлүүлэх талаар эрж хайсан боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй байсан учир Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 181/ШШ2017/01400 тоот хариуцагч Ц.Үг эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагаа хийгдээд Ц.Үг БНСУ руу хилээр гарсан, буцаж орж ирээгүй байна гэсэн мэдээлэл өгсөн. Одоогоор Ц.Ү Монгол улсад оршин суухгүй байгаа юм. Иймд “Х” ХХК хариуцагч Г.Гс 2 зээлийн төлбөр нэхэмжилж байгаа. Нэгдүгээрт хариуцагчийн өөрийнх нь дангаар авсан зээлийн гэрээний дагуу үлдэгдэл үндсэн зээл нь 3593196 төгрөг, зээлийн хүү 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2263022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 415433 төгрөг нийт 6271651 төгрөгийг Г.Гс гаргуулахаар нэхэмжилж байна. Энэ талаар хариуцагч маргаагүй гэж тайлбар гаргасан байдаг. Хоёрдугаарт Ц.Үтай хамтран авсан 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгүүдэд заасны дагуу “үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс бүхэлд нь гэрээний төлбөрийг шаардах эрхтэй” гэсэн заалтын дагуу нэхэмжилж байгаа. Мөн барьцаат зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.22 дахь хэсэгт зээлийн төлбөрийг зээлдэгч болон хамтран гүйцэтгэгч нар хэн аль нь хүлээхээр үүрэг хүлээсэн байгаа. Хамтран зээлдэгчээр Г.Г оролцон гарын үсэг зурсан. Энэ зээлийн төлбөрт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1000000 төгрөг төлөгдсөн байгаа. Үүнийг үндсэн зээлээс нь хасч 4694543 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3606165 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 580906 төгрөг нийт 8881614 төгрөг болж байна. Ингээд Г.Гс дангаараа авсан зээл болон Ц.Үтай хамтарч авсан зээлийн нийт төлбөр 15153265 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Гйн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б би “Х” ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Г.Г нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12000000 төгрөг өөрийн нэр дээр зээлж авсан ба одоо нэхэмжилж байгаа 6271651 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин төлөх энэ мөнгөн дээр харилцан тохиролцож, уян хатан хандаж, тодорхой төлөх график гарган төлөх болно. 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 10000000 төгрөгийг Ц.Ү болон Өмнөговь аймаг Ханбогд сумын Хаан банкны салбарынхан гуйсны дагуу хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан болно. Иймд энэ мөнгийг зээлж авсан Ц.Үс нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хариуцагчийн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г нь “Хк” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 12000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, ланд-200 маркийн авто машин барьцаалж зээл авсан. Нийт зээл авсан төлбөрөөс 8406803.87 төгрөгийг төлсөн. Зээлийн хүүд 2181486.05 төгрөг нийт 10588289.92 төгрөгийг буцаан төлсөн. Үүнээс хойш компанийн үйл ажиллагаа хэвийн бус байснаас үүдэн зарим төлбөрийг төлөөгүй байна. Гэрээнд зааснаар гэрээний хугацаа 24 сар байсан бөгөөд хугацаа дууссан. “Х” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нэхэмжлэл гаргаж үндсэн зээлийн төлбөр 3593196 төгрөг, зээлийн хүү 2263022 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 415433 төгрөг нийт 6271651 төгрөгийг нэхэмжилсэн байна. Зээлийн гэрээ хийгдсэн боловч зээлийн гэрээний хугацаа 2 жилийн дараа 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дууссан байна. Гэрээ дууссанаас хойш гэрээг сунгах талаар банк болон Г.Г аль аль тал нь санал тавиагүй. Иймд гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй байгаа учир нэмэгдүүлсэн хүү болон хугацаа хэтэрсэний зээлийн хүүгийн төлбөрийг хасч шийдвэрлүүлж өгнө үү. Ц.Үтай хамтран 10000000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээл авсан. Тодорхой төлбөрийг төлсөн. Энэ гэрээ 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дууссан. Ц.Ү болон зээлдүүлэгч нар гэрээгээ сунгасан зүйл байхгүй байдаг. Иймд зээлийн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл байхгүй. Мөн эдгээр зээлүүд барьцаатай бөгөөд барьцааны хөрөнгийг хэний нэр дээр байгааг тогтоож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ц.Үтай хамтран авсан зээл дээр Г.Г 5 удаагийн төлбөрийг төлж байсан байна гэдэг. Энэ бол компани тодорхой үйл ажиллагаа явуулж байхдаа төлбөрийг төлсөн байж болно. Ц.Үг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гарсан боловч Солонгос улс руу явсан үгүй нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1000000 төгрөгийг Ц.Үийн эгч гэх хүн өгсөн гэж байгаач Ц.Ү өөрөө төлсөн байж магадгүй. Ц.Ү өөрөө мөнгөө төлж байгаа учир Ц.Үийн авсан мөнгийг Г.Гоос нэхэмжлэх үндэслэл байхгүй. Тухайн үед банкны ажилтны гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Иймд Ц.Үийн авсан зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. Нэхэмжлэгч Х нь хариуцагч Г.Гс 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 3593196 төгрөг, хүү 2263022 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 415433 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 4694543 төгрөг, хүү 3606165 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 580906 төгрөг нийт 15153265 төгрөг шаарджээ.
Хариуцагч Г.Г нь Хаан банкнаас 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 111 тоот зээлийн гэрээгээр 12000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Мөн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 699 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч Ц.Үтай хамтран 10000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж, уг гэрээг бичгээр хийсэн байна. Хариуцагч Г.Г нь дээрх зээлийн гэрээнүүд байгуулагдсан эсэх, зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй бөгөөд уг зээлийн гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Харин хариуцагч 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ц.Үтай хамтран зээлдэгчээр оролцсон зээлийн гэрээний үүргийг “зээлийг өөрөө авч хэрэглээгүй, банкны ажилтны гуйлтаар гарын үсэг зурсан, зээлдэгч өөрөө зээлээ төлж байгаа” үндэслэлээр гүйцэтгэх үүрэггүй гэж маргажээ. Хариуцагч Г.г 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, тухайн гэрээг зээлдэгч Ц.Үтай хамтран байгуулсанаар уг гэрээний оролцогч буюу зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг зөвшөөрсөн гэж үзнэ. Үүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж тодорхойлсон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж заасны дагуу Ц.Үтай хамтран байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Гс шаардах эрхтэй.
Хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэрээний хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймд гэрээний хугацааг сунгаагүй тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцох талаарх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй тул Г.Гоос 15153365 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Г.Г, зээлдэгч Ц.Ү нарын эзэмшлийн УНМ улсын дугаартай ланд-200 маркийн автомашин, УНЯ улсын дугаартай тоёота эстима /Toyota estima/ маркийн автомашинаар хангуулахаар талууд тохирч 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 111, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 699 тоот барьцааны гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлж гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй тул барьцаа хөрөнгүүд хэний нэр дээр бүртгэлтэй болохыг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүйг дурдах нь зүйтэй.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч Ц.Ү 1000000 төгрөг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул тэр хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар багасгасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ховогт Г Гс 15153265 /арван таван сая нэг зуун тавин гурван мянга хоёр зуун жаран тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1000000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238716 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Г с улсын тэмдэгтийн хураамжид 233716 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА