| Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Ж.О-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Ч.Х-т холбогдох, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.О миний бие нь 2009 онд Чех улсад Хтай танилцаж хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2011 оны 10 дугаар сарын 5-нд хүү Х овогтой Т төрсөн. Бид таарамжгүй байдлын улмаас 2016 оны 8 дугаар сард тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд өсч байна. Иймд хүүд маань хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ. Нэхэмжлэгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ч.Хтай 2009 оны 06 сард Чех улсад танилцаж хамтран амьдарч байгаад 2011 оны 10 сарын 05-ны өдөр хүү Х.Т төрсөн. Бид хамтран амьдраад 6 жил болсон боловч таарамжгүй байдлын улмаас 2016 оны 08 сараас хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид өсч байгаа бөгөөд хүүхдийн бүхий л зардлыг би төлж байгаа. Одоо бид тусдаа амьдарч байгаа тул хүү Х.Тд Ч.Хаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Манай хүү Төв аймагт манай аав, ээжтэй хамт байгаа. Би хотод ажилладаг. Манай хүү одоо 6 настай 1-р ангид сурдаг” гэжээ. Хариуцагч Ч.Х шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн ярисан болгон үнэн бөгөөд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Манай хүү Франц улсад төрсөн. Төрсний гэрчилгээг Франц улсад авсан бөгөөд элчин дээр очиж өөрийн нэрээр овоглосон. Х.Т нь миний хүү мөн үүнд маргахгүй байгаа. Хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ. Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч Ч.Хт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Ч.Х нар 2009 онд танилцаж, хамтран амьдрах болсон боловч гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 10 сарын 05-ны өдөр хүү Х.Т төрж, одоо эхийн асрамжид байгаа тухайд зохигч маргаагүй байна. Нэхэмжлэгч Ж.О, хариуцагч Ч.Х нар хамтран амьдрах боломжгүй болсон тул нэхэмжлэгч Ж.О хүү Х.Тийг өөрийн асрамжид авч, эцэг Ч.Хаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байна. Хүү Х.Т одоо эх Ж.Оы асрамжид бойжиж байгаа болох нь Өрхийн эрүүл мэндийн төв, Төв аймгийн Зуунмод сумын “Ирээдүй” цогцолборын “Оюуны ундарга” цэцэрлэгийн тодорхойлолт, Х.Тийн 0000582934 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож, хүү Х.Тийг эцэг Ч.Хаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Хаас хүү Х.Т /РД:ЩЖ11300579/-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Од олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР |