| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2017/03461/И |
| Дугаар | 102/ШШ2017/03057 |
| Огноо | 2017-11-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/03057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо тоотод оршин суух Э овогт С О /РД: , утасны дугаар: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо тоотод байрлах “С” ХХК /РД: , утасны дугаар: /
Зээл, зээлийн хүү, алданги 159350000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г
хариуцагчийн төлөөлөгч Х.Ч
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.О миний бие “С” ХХК-ийн захирал Х.Чтой 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 50000000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15000000 төгрөг, Нийт 65000000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээний 5.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр зээлийн гэрээг байгуулсан. Гэрээг байгуулснаас хойш өнөөг хүртэл хугацаанд нийт 3400000 төгрөгийн хүүг зээлдэгч талаас төлсөн. Зээлийн гэрээний дагуу тохирсон хугацаанд үндсэн зээл болон зээлийн гэрээний хүүг удаа дараа төлөхийг шаардахад одоо төлнө, хүлээж бай гэх мэт элдвийн арга саам хийж, сүүлдээ утсаа авахгүй, миний утасны дугаарыг блоклож чирэгдүүлэх болсон. Ингэж явсаар 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “С” ХХК-ны ерөнхий нягтлан Х.Чын төрсөн дүү Х.Үтэй тооцоо нийлж, гэрээг шинэчлэхэд үндсэн зээл 65000000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 18450000 төгрөг, нийт 83450000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож салсан. Түүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд надад нэг ч төгрөгний үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлөөгүй өмнөхийн нэгэн адил худал, үнэн хэлэх, утсаа хааж зугтаах байдал үргэлжилсээр байх тул эцсийн байдлаар хуулийн дагуу шүүхийн журмаар маргааныг шийдвэрлэхэд хүрээд байна. Иймд хариуцагч “С” ХХК-иас үндсэн зээл 65000000 төгрөг, 2014 он 12 сараас хойш хугацааны зээлийн хүү 61850000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 232.4-т заасны дагуу үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг баримтлан алданги 32500000 төгрөг, нийт 159350000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 50000000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15000000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй өгөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш зээлийн гэрээний хугацаа дуусаж, үндсэн зээл төлөөгүй, хүүг 3 удаа хэсэгчилэн 900000, 1000000, 1500000 төгрөгөөр нийт 3400000 төгрөг төлсөн байгаа. Одоо үндсэн зээл 65000000 төгрөг, хүүг 2014 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарыг дуустал бодож 61850000 төгрөг, зээлийн гэрээний 5.1 дэхь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги 32500000 төгрөг нийт 159350000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Х.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад санхүүгийн туслалцаа авч С.Оаас 65000000 төгрөг зээлсэн нь үнэн. Манайх анх 50000000 төгрөг зээлсэн, зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрээд хүүд нь 15000000 төгрөг өгөхөөр тохирсон. Нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдэж өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:
1. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч “С” ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээлд 50000000 төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 15000000 төгрөг, нийт зээлийн хүү 61850000 төгрөг, алдангид 32500000 төгрөг нийт 159350000 төгрөг шаарджээ.
Талуудын хооронд 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ бичгээр хийгдэж, талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр зээлдэгч “С” ХХК нь 50000000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, энэ хугацаанд өгөөгүй бол хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирч зээлжээ.
Зохигчид дээрх гэрээг байгуулагдсан эсэх, гэрээний үүргийг биелүүлээгүй байгаа эсэх асуудлаар маргаагүй байна. Харин хариуцагчийн төлөөлөгч “манайх нэмж 15000000 төгрөг зээлээгүй, зээлээ төлж чадаагүй хугацаа хэтэрсэнээс хүүд нь өгөхөөр тохирсон” гэж маргаж байна.
Зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй бөгөөд зээлдэгч мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байгуулсанд тооцдог. Нэхэмжлэгч С.О 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “С” ХХК-д 15000000 төгрөг шилжүүлсэн болох нь кассын орлогын ордер /хх-ийн 7 хуудас/ баримтаар тогтоогдож байх ба хариуцагч татгалзалтайгаа холбоотой нотлох баримт гаргаагүй болно. Иймд зохигчдын хооронд 2012 оны 10 дугаар сарын 02, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрүүдэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Иймд нэхэмжлэгч дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Эхний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 50000000 төгрөг, хүүд 18000000 төгрөг төлөхөөс зээлдэгч 3400000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлээс хасч тооцов. Нэхэмжлэгч тал хүүг 2014 оны 12 дугаар сараас хойш нэхэмжлэл гаргах хүртэл тооцож нэхэмжилсэн ба талууд зээлийн гэрээгээ бичгээр сунгаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү авах эрхээ алдсан байна. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 8 хуудас/-г зээлийн гэрээг сунгасан баримт гэж байгаа боловч уг баримт нь талууд санхүүгийн баримтаа үндэслэн тооцоо нийлсэн акт байна. Иймд талуудыг зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүйг үндэслэн алдангийг 46600000 /50000000-3400000=46600000/ төгрөгийн 50 хувиар тооцов. Мөн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү болон алданги шаардах эрхгүй. Иймд хариуцагч эхний гэрээний үүргийн гүйцэтгэлд 64600000 төгрөг, алдангид 23300000 төгрөг, дараагийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15000000 төгрөг нийт 102900000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 56450000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-иас 102900000 /нэг зуун хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э овгийн С От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56450000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 954700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 672450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.От олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА