Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/03121

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй Д.Х-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   “Ц.Ц миний бие Д.Хтой хийсэн 2 удаагийн зээлийн гэрээгээр бүгд 17 сая төгрөгийг зээлсэн. Энэ мөнгө нь хүү алдангийн хамт 25 сая төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгийг нэхэмжилж Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17611 тоот захирамжаар Д.Х нь оршин суугаа хаягтаа байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би Д.Хын гэрт нь удаа дараа очиж байсан боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Иймд Д.Хыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Ц нь манай ээж бөгөөд Д.Хтой 2015 оноос 2 удаагийн зээлийн гэрээгээр нийт 17,000,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгө нь хүү, алдангийн хамт 25,000,000 төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгийг нэхэмжилж Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 10 сарын 20-ны өдөр 17611 тоот шүүгчийн захирамжаар Д.Х нь оршин суугаа хаягтаа байхгүй тул нэхэмжлэлийг буцаасан. Би Д.Хын гэрт нь удаа дараа очиж байсан боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Орцных нь хүмүүсээс асуухаар Д.Х нь өглөө эрт гараад явдаг гэсэн боловч намайг очихоор байхгүй байгаа. Би нэг удаа Д.Хын хүүтэй нь уулзсан боловч манай ээж энд байхгүй Налайхад цайны газар ажлуулж байгаа гэсэн. Бидний зүгээс Д.Хын хаягийг тогтоох боломжгүй байгаа. Иймд Д.Хыг эрэн сурвалжилж өгнө үү

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь иргэн Д.Хыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Д.Х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2017/17611 дугаар захирамж, барьцааны гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 4, 5-7, 8, 10-11 дугаар тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Хын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2017/17611 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Хыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Х-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Хыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст/-д­ даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 179,800 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР