Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/301

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Хохирогч Б.Л

Хохирогчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч Ч.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мд холбогдох эрүүгийн 1925005130315 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Ч.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 06 сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд иргэн Б.Лгийн охин А-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна гэж хуурч мэхлэн 11.700.000 төгрөгийг залилан авсан, мөн иргэн Б.Б-ийн нөхөр Ж.П-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 11 сарын 20-ны өдрөөс хойш 2 удаа бэлнээр 3.100.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ч.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Миний хувьд Эрдэнэт үйлдвэр ХХК-д таньдаг хүн байхгүй. Би Баасанхүүгийн нөхрийг ажилд оруулна гэж 3.100.000 төгрөг, Лхагвасүрэнгийн охиныг ажилд оруулна гэж 11.700.000 төгрөг авсан. Тухайн үед ажилд оруулна гэж хэлээд авсан. Ажилд оруулахаар хөөцөлдөөгүй. Надад мөнгөний хэрэг гараад буруу алхам хийсэн. Л-ээс авсан мөнгөнөөс 7.000.000 орчим төгрөг нь бэлэн байсан. Үлдсэнийг нь үрсэн байсан. Баасанхүүгээс авсан мөнгөө өөртөө зарцуулсан. Миний буруу, дахин ийм хэрэг үйлдэхгүй. Лхагвасүрэнгээс авсан мөнгөний хүү нийт 68.000 төгрөгийг төлнө. Харин өмгөөлөгчийн хөлсийг төлөх эсэхийг мэдэхгүй байна. Би энэ авсан мөнгөнүүдээ худал хэлж авсан болохоор буцааж өгнө гэж бодож байсан. Миний гэр бүлийн асуудал маргаантай, амьдралын асуудал тулгарсан, мөн эрүүл мэндийн байдлаас болж ийм байдалд хүрчихээд байна. Л-ийн охин А-г эмнэлэгт үзүүл гэж хэлсэн учраас эмнэлэгт үзүүлсэний төлбөр 20.000 төгрөгийг төлнө. Хохирогч Б-ээс авсан 3.100.000 төгрөгний хувьд маргахгүй. Авсан нь үнэн. Хохирлоо аав, ээжийн тэтгэврийн зээлийг авч төлсөн. Буруу хэрэг хийсэндээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би таксинд явж байгаад бид 2 таарч энэ талаар ярьсан. Надад мөнгө, төгрөг нь байвал Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж чадна гэсэн. Тэгээд эхлээд 7.850.000 төгрөг бэлнээр өгсөн. Бас 1.000.000 төгрөг өгсөн. Хүүхдийн ажлын хувцас захиалгын мөнгө гээд 350.000 төгрөг өгсөн. Удаагүй 1.700.000 төгрөг олж өгөөч гэхээр нь өгсөн. Машинаа ломбарданд тавьж авч өгсөн. Хүү нь 68.000 төгрөг болсон. Дараа нь үнэмлэхний мөнгө гээд 800.000 төгрөг гэхээр нь өгсөн. Нийт 11.700.000 төгрөг өгсөн. Одоо 11.700.000 төгрөгийг буцааж авсан. Харин өмгөөлөгчийн хөлс 1.200.000 төгрөг, зээлийн хүү 68.000 төгрөг, эмнэлгийн үзлэгийн төлбөр 20.000 төгрөг, нийт 1.288.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгийг өгчихвөл гомдол алга гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай нөхөр Ж.П-г 2018 оны 11  сард Эрдэнэт үйлдвэр компанид Фабрик цехэд гагнуурчин тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд оруулж өгнө гэж хэлээд 3.100.000 төгрөг бэлнээр хоёр хувааж авсан юм гэсэн,  ...Манай охины ангийнх нь банди болох Мөнхбаярын ээж нь Ч.М-тай байнга сургууль соёлын арга хэмжээ тэмцээн уралдаан гэж явсаар нэлээн хэдэн олон удаа харж байсан. Хүүхдүүдээ авах, хүргэж өгөх зэргээр байнга л таардаг байсан юм. Тэгээд л анх танилцаад сүүлд болохоор 2018 оны 11 сард манай охин болон Ч.М-ийн хүүгийн сургуулийн урлагын үзлэгийн ажлаар сургууль дээр нь урлагын үзлэгийн бэлтгэл ажил хийж байхад манай нөхрийг ажилд оруулж өгч чадна гэж хэлж байсан. Тэгээд та хоёр мөнгөний боломж хэр байгаа вэ, би та хоёрт тэд гэж хэлж чадахгүй ээ боломжоороо л өгчих гэсэн юм. Тэгээд бид хоёр хадам ааваасаа 1.000.000 төгрөгийг зээлж авсан. Тэгээд би 11 сарын 20-ны өдөр М-д бэлнээр нь аваад Даниста худалдааны төвийн таксины зогсоол дээр 14-19 УНЕ гэх марк мэдэхгүй цагаан машинд бэлнээр 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үнэмлэхний мөнгө гэж надаас 200.000 төгрөг нэг авсан, дараа нь бас үнэмлэхний мөнгө гэж дахиад 400.000 төгрөг авсан юм. Үнэмлэхний мөнгө гэж нийт 600.000 төгрөг өгсөн юм. Манай нөхрийг ажилд оруулж өгнө гэж хэлээд нийт 3.100.000 төгрөг авсан гэсэн мэдүүлэг /хх 83-84 ху/,

 

-Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Л гэх эмэгтэй, С гэх эмэгтэй манайд ирж уулзсан. Тэр үед л мэдсэн. Ч.М бид нарыг ажилд оруулж өгнө гэж мөнгө аваад одоо утсаа огт авахгүй байна энэ талаар та мэдсэн үү гэхэд би мэдээгүй та нар аав нь ямар хүн байна гээд гэр бүлийнхнийг нь судалж асуугаад ярилцахгүй яасан юм бэ гэсэн. ...Би Лхагвасүрэн гэх эмэгтэйд 2019 оны 07 сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн, тэгсэн дахиад утсаар яриад ахаа 3.000.000 төгрөг арай багадаад байна та дахиад 1.000.000 төгрөг аргалаад явуулаадахаач гэхээр нь би дахиад явуулсан гэсэн мэдүүлэг /хх 36-37 ху/,

 

-Гэрч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ч.М гэх эмэгтэй нь би өөрөө ХААБ-ын захирал учраас шалгалт шүүлэг бүх юмаа өөрөө мэдээд авчихна, би өөрөө бүх зүйлийг зохицуулна зүгээр мөнгө нь л байхад болно гэж хэлж байсан. ...Тэгээд юм л бол одоохон оруулна ер нь удахгүй гэх мэтчилэн хэлээд явдаг байсан. Тэгээд л асуухаар удахгүй нэг захирлын гарын үсэг дутуу байна жоохон хүлээчих гээд над руу залгаад тэгж ярьдаг болохоор нь бас итгэдэг байсан юм гэсэн мэдүүлэг /хх 38-39 ху/,

 

-Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тухайн үед эгч маань өөрийн охин болох А-г нэг хүн ажилд оруулж өгнө гэж хэлсэн чи мөнгө зээлээч гэж байсан юм. 2019 оны 06 сард өдрийг нь санахгүй байна. Тухайн үед “сайн ломбард” гээд авто ломбард байдаг тэрэнд 1.700.000 төгрөгөнд тавиад өнөөдөр хүү 68.000 төгрөг гарсан байсан гэсэн мэдүүлэг /хх 41 ху/,

 

-Ч.Мг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 43-47, 90-94 ху/

-Хохирол төлсөн баримт /хх 54, 121 ху

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 102 ху/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 103-105 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Шүүгдэгч Ч.М нь 2019 оны 06 сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд иргэн Б.Лгийн охин Алтантуяаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна гэж хуурч мэхлэн 11.700.000 төгрөгийг залилан авсан, мөн иргэн Б.Б-ийн нөхөр Ж.П-г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулж өгнө гэж хуурч 2018 оны 11 сарын 20-ны өдрөөс хойш бэлнээр 3.100.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Миний хувьд Эрдэнэт үйлдвэр ХХК-д таньдаг хүн байхгүй. Би Б-гийн нөхрийг ажилд оруулна гэж 3.100.000 төгрөг, Лхагвасүрэнгийн охиныг ажилд оруулна гэж 11.700.000 төгрөг авсан. Тухайн үед ажилд оруулна гэж хэлээд авсан. Ажилд оруулахаар хөөцөлдөөгүй. Надад мөнгөний хэрэг гараад буруу алхам хийсэн“ гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Лгийн “Би таксинд явж байгаад бид 2 таарч энэ талаар ярьсан. Надад мөнгө, төгрөг нь байвал Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж чадна гэсэн. Тэгээд эхлээд 7.850.000 төгрөг бэлнээр өгсөн. Бас 1.000.000 төгрөг өгсөн. Хүүхдийн ажлын хувцас захиалгын мөнгө гээд 350.000 төгрөг өгсөн. Удаагүй 1.700.000 төгрөг олж өгөөч гэхээр нь өгсөн. Машинаа ломбарданд тавьж авч өгсөн. Хүү нь 68.000 төгрөг болсон. Дараа нь үнэмлэхний мөнгө гээд 800.000 төгрөг гэхээр нь өгсөн. Нийт 11.700.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Б-ийн “...Манай нөхөр Ж.П-г 2018 оны 11 дүгээр сард Эрдэнэт үйлдвэр компанид Фабрик цехэд гагнуурчин тоног төхөөрөмжийн засварчнаар ажилд оруулж өгнө гэж хэлээд 3.100.000 төгрөг бэлнээр хоёр хувааж авсан юм” гэсэн мэдүүлэг /хх 83-84 ху/, мөн гэрч Б.Ч /хх 36-37 ху/, Л. /хх 38-39 ху/, Б.А- /хх 41 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ч.Мд Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.Мд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Ч.М нь 2015 оны 12 сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн зөвлөх инженер цех хариуцсан дарга Батаа, Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Цыпылма Ц.Д нартай ярьж Д.Чагнаадоржийг ажилд оруулж өгнө гэж Н.Гандолгорыг хуурч мэхлэн 10.000.000 төгрөг, 2015 оны 10 сарын 20-ны өдөр Б.Мөнхдалайг “Эрдэнэт-Үйлдвэр”-т жолоочоор ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 6.040.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэлд нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.

 

            Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Ч.М нь дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул тус шүүхийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лд 11.700.000 төгрөгийн, Б.Баасанхүүд 3.100.000 төгрөгийн хохирол тус тус учирсаныг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч төлж барагдуулсан байх ба шүүхийн шатанд хохирогч Б.Л зээлийн хүү 68.000 төгрөг, эмчид үзүүлсэний зардал 20.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.200.000 төгрөг, нийт 1.288.000 төгрөгийг нэмж нэхэмжилсэнийг шүүх нотлох баримтыг үндэслэн хянан хэлэлцээд өмгөөллийн хөлс 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 88.000 төгрөгний хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч шүүхийн шатанд хохирлыг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Өмгөөллийн хөлсний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд өмгөөлөгчид төлөх зардлыг хамааруулсан байх боловч энэ зардалд төрөөс өмгөөлөгч оролцуулах явдлыг хангасантай холбогдон гарсан өмгөөлөгчийн унааны зардал, өмгөөллийн хөлс, бусад зардал орох бөгөөд үүнийг төр хариуцахаар заасан. Харин төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь энэ зардалд хамаарахгүй тул өмгөөллийн хөлс нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 6 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгийн эдлэх 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

  6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА