| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2017/03790/И |
| Дугаар | 102/ШШ2017/03173 |
| Огноо | 2017-11-23 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/03173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо тоотод оршин суух Т овгийн Б Д /РД: , утасны дугаар: , /
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо тоотод оршин суух Хэрэйд овгийн Б Б /РД: , утасны дугаар: , /
Хүүхдийн эцэг болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д
хариуцагч Б.Б
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д миний бие Б. Бтай 2016 оны 05 сард танилцаад 08 дугаар сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байгаад 2017 оны 1 сард жирэмсэн болоод 2017 оны 3 сараас эхлэн гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн цаашид хамтран амьдрах боломжгүй болж, одоо тусдаа амьдарч байгаа. Б.Б нь хүү Иоо төрөхөд хамт байгаагүй бөгөөд төрлөө гээд утсаар хэлсэн ч нэг ч удаа хүүхэд дээрээ ирээгүй байгаа. Иймд Баатарын Быг хүү Иын эцэг мөн болохыг тогтоож, эцэг Б.Баас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Миний бие хүүхдээ төрүүлээд 1 сар дөнгөж хүрч байгаад бөгөөд өөр дүүрэг рүү явахад хүндрэлтэй байгаа тул өөрийн оршин суугаа дүүргийн шүүхэд уг хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг хүлээн авна уу.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б нь нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Д.И нь миний хүү мөн бөгөөд хүүдээ хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, “Чин хүслэн” өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Д.Иын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. Б.Б, Б.Д нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүү Д.Иыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.Дын нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дэх хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж зааснаар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.И эхийн нэрийг авсан байх бөгөөд хариуцагч түүний эцэг болох асуудлаар маргаагүй байна. Иймд Б Быг хүү Д.Иын эцгээр тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Б.Баас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Д.Иыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. Хүү Д.И нь Улаанбаатар хотод амьдарч байх тул түүнд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамаарч тэтгэлэг тогтоогдоно.
4. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн болон хорооны тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч Д.И нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, одоо 1 сартай тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоогдоно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 185300 төгрөгөөр тогтоогдсон байна. Иймд хариуцагч Б.Баас гаргуулах тэтгэлгийн хэмжээ сар бүр 92650 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тогтооно. Хариуцагч Б.Б нь нэг жилийн хугацаанд хүү Д.Ит 1111800 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр байна. Үүнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол хариуцагч 31233 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 38967 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Х овгийн Б Быг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Дын Иын эцгээр тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр төрсөн хүү Д.Иыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 31233 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас илүү төлсөн 38967 төгрөг, хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 31233 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүй.
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА