| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0242/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/297 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0242/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч И.С- өмгөөлөгч Н.Б-,
Шүүгдэгч И.И.С-, Х.Х.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Э-, И.С- нарт холбогдох эрүүгийн 1718003240209 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И.С-, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт эрхэлсэн ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Монгол Улсын иргэн, Х.Э-, 1991 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, хадмын хамт, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Х.Э-, И.И.С- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Касс” баарны орчим иргэн Э.Э.Э.Э-т хүч хэрэглэж монетон бөгжийг нь дээрэмдэж 603 000 /зургаан зуун гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Х.Э-, И.И.С- нар нь согтуугаар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Касс” баарны орчим иргэн Э.Э.Э.Э-т хүч хэрэглэж монетон бөгжийг нь дээрэмдэж 603 000 /зургаан зуун гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч И.И.С-ий өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хамтран амьдрагч Ү-ын хамт биржээр хоолны мөнгө байхгүй болохоор танил хүн таарвал гуйж авна гээд явж байсан. Бид хоёр өдөржин мөнгө хайгаад олоогүй. Бид хоёртой ганц хоёр хүн таараад архи уух уу гэхээр нь тэгье гээд өдөржин архи уусан. Тэгээд орой 19 цагийн орчим гэрлүүгээ харих гээд Арбатын гудамж уруудаад Ү-ын хамт явж байхад бид хоёртой Н-, Х.Э- нар таарсан. Бид дөрөв юм яриад зогсож байхад Н-, Ү- нар ойрхон хүнтэй уулзаад ирмээр байна гээд цаашаа явсан. Харин Х.Э- бид хоёр “Касс” баарны гадна зогсож байсан чинь хажуугаар нэг эмэгтэй хүн явахад Х.Э- тэр хүнтэй хэрэлдээд байсан. Тэгж байгаад нөгөө хоёр хоорондоо бие биенийхээ үснээс зулгаагаад зодолдоод эхэлсэн. Би хажууд нь очоод Х.Э-г боль гэж хэлсэн. Тэгэхэд цаанаас Ү-, Н- нар гарч ирээд зодооныг салгасан. Тэгэхэд нөгөө хүүхэн та нарыг цагдаа дуудаж өгнө гэсэн. ...цагдаад баригдаад ...нөгөө хүүхэн Х.Э-г энэ хүүхэн миний бөгжийг хуруунаас татаад авсан гэж хэлсэн. Бид нарыг Б- байцаагч эрүүлжүүлэх дуудаж өгсөн. Маргааш нь Х.Э-гаас чи бөгжийг нь яасан юм бэ гэхэд гулсууран доогуур шидсэн гэж хэлсэн. Тэгээд би Х.Э-, Ү-, Н- нарын хамт 20/7 дугаар байрны гулсууран доороос монетон бөгжийг нь олоод барьцаалан зээлдүүлэх газарт Х.Э- өөрийн нэр дээр 240 000 төгрөгөөр тавьсан. Тэр мөнгийг нь Х.Э-тай 120 000 төгрөгөөр хувааж авсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Х.Э-гийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байсан санагдаж байна. Би тухайн өдөр ногооны ажлаар хөдөө яваад орой нь Дарханд ирсэн. Тэгээд зах дээр ирээд хамтран амьдрагч Н-тай утсаар ярьж байгаад уулзсан. Бид хоёр гэрлүүгээ харих гээд Арбатын гудамжаар уруудаад явсан. Явж байгаад И.С-, Ү- нартай таарсан. Тэгээд бид дөрөв манай нөхрийн авч явсан 1 шил архийг хувааж уусан. Архи дуусахаар нь манай нөхөр Н- мөнгөтэй байсан учир Н-, Ү- нар архинд явсан санагдаж байна. Тэр үед бид хоёр “Касс” баарны урд байж байсан чинь нэг согтуу хүүхэн явж байхаар нь түүнтэй И.С- хэрүүл, зодоон хийсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад И.С-г аваад цааш явсан. Бид нар дээшээ явж хонины чанасан толгой аваад явж байсан чинь цагдаа нар таараад бид нарыг согтуу байна гээд эрүүлжүүлэх рүү аваад явсан. Маргааш нь эрүүлжүүлэх байрнаас гараад явж байхдаа И.С- надад өчигдрийн зодолдож маргалдсан эмэгтэйн хуруунд байсан хуримын монетон бөгжийг авсан талаар хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн бөгжийг 18-ын буудлын тэнд байдаг ломбардад миний нэр дээр 240 000 төгрөгөөр барьцаанд тавиад 120 000 төгрөгөөр нь хувааж авсан. Хувааж авсан мөнгөө ойр зуурын хэрэглээнд идэж уугаад дуусгасан гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Э.Э.Э.Э-ийн өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 20-ны орой танил С-ийн хамт “Касс” баар ажиллуулдаг Б- дээр очиж нэг нэг шилтэй Сэнгүр пиво уугаад 1 цаг орчим суугаад гарсан. Бид хоёр 19 цаг өнгөрч байхад баарнаас хамт гараад явсан. Бид хоёрыг гараад баарны хажуухан талд явж байхад хоёр хүүхэн, хоёр эрэгтэй зогсож байсан. Би хажуугаар нь гарахдаа тэр хүмүүс рүү хараад өнгөрөхөд зогсож байсан хүмүүсийн дундаас намхан нуруутай хүүхэн чи юугаа хараад байгаа юм гэж хэлсэн. Би хариуд нь чамайг харсан хүн ерөөсөө алга гэж хэлсэн. Тэгэхэд над руу уурлаад байсан жижиг биетэй хүүхэн миний араас гүйж ирээд намайг хавсараад газар унагаасан. Намайг босох гэхэд нөгөө хүүхэн миний дээр гарч суугаад үснээс зулгаагаад газартай хавсараад цохисон. Би босох гээд өөрийнх нь үснээс зулгаасан. Тэгэхэд тэр хүүхэн миний хоёр гарыг гараараа барьж байгаад дараад пизда, янхан, гичий гэх зэргээр хараагаад байсан. Тэгэхэд хажуунаас нь махлаг биетэй өндөр хүүхэн хүрч ирээд миний баруун гаранд байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн монетон бөгжийг авсан. Миний бөгжийг авахдаа нэг нь дарж байгаад нөгөө нь гарнаас авсан. Намайг нөгөө хоёр хүүхнээс С- салгах гээд ерөөсөө салгаж чадахгүй байсан. Би тэр хоёрын доороос С-т чи цагдаа болон Б-ыг дууд гэж хэлсэн. Тэгээд удаагүй 5 минутын дараа Б- гарч ирээд цагдаа дуудсан гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Би цагдаа нарт миний бөгжийг дээрэмдээд явчихлаа гэж хэлсэн. Цагдаа нар бид нарыг баарандаа сууж бай гээд дээрэмдсэн хүмүүсийн араас хайгаад явсан. Намайг С-, Б- нарын хамт Касс бааранд сууж байхад цагдаа нар удалгүй миний бөгжийг дээрэмдэж авсан хоёр хүүхнийг дагуулаад хүрээд ирсэн. Би цагдаад миний бөгжийг авсан хүүхэн бол махлаг том биетэй хүүхэн бөгөөд харин намайг газарт хавсарч унагаагаад эхлээд хэрэлдсэн хүүхэн нь энэ намхан хүүхэн мөн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар тэд нарыг аваад эрүүлжүүлсэн гэх мэдүүлэг /хх 20/,
Гэрч Д.С-ийн өгсөн: ...Бид хоёр нэг цаг орчим суугаад 19 цагийн орчим баарнаас гарсан. Бид хоёр баарнаас гараад явж байхад баарны хажууд 2 эмэгтэй зогсож байсан. Тэр хоёрын хажуугаар гараад явахад жижиг биетэй эмэгтэй нь Э.Э.Э-ийг чи юу хараад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд Э.Э.Э- чамайг харсан хүн яадаг юм гэхэд нөгөө хүүхэн шууд гүйж ирээд Э.Э.Э-ийг газарт унагаасан. Тэр хоёр хоорондоо маргалдаад үсдэлцсэн. Би айгаад баар орж Б-ыг дагуулаад гарч ирсэн. Тэгэхэд нөгөө хоёр хүүхэн хоёр залуугийн хамт хойд зүгт явж байсан. Намайг том биетэй хүүхэн барьж аваад салаад байж байхад Э.Э.Э- С- энэ хүүхэн миний бөгжийг авчихлаа гэж хэлсэн. Тэр хоёр хүүхний том биетэй нь авсан гэж бодож байна гэх мэдүүлэг /хх 28/,
Гэрч С.Б-ын өгсөн: Би 2017 оны намар Касс баарыг түрээсэлж ажиллуулдаг байсан юм. Намайг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бааранд байхад гаднаас 18 цагийн орчим танил эгч Э.Э.Э- танил С-ийн хамт хоёулаа орж ирсэн. Тэр хоёр бааранд сууж байгаад нэг нэг шил Сэнгүр пиво авсан. Тэр хоёр 1 цаг орчим сууж байгаад 19 цагийн орчим гараад явсан. Би бааран дотор хүмүүст үйлчлээд байж байхад 20 минутын дараа С- бааранд уйлчихсан, хувцасны энгэр нь урагдчихсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар С-аас асуухад баарны гадна Э.Э.Э-ийг хоёр хүүхэн дээрэмдээд зодоод байна цагдаа дууд гэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Э.Э.Э- дээр очоод юу болсон талаар асуухад тэнд явж байгаа хоёр хүүхэн миний хуримын бөгжийг аваад явчихлаа гэж хэлсэн. Би тэр хүмүүсийг харахад халуун усны чиглэлд ертөнцийн зүгээр хойшоо алхаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч Г.Ү-ын өгсөн: Би И.С- гэж хүнтэй 2015 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл хамтран амьдарч байна. Бид хоёрын хувьд албан ёсны эхнэр, нөхөр биш. 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр байсан санагдаж байна. Яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Би И.С-ий хамт Арбатын гудамжинд “Касс” баарны орчмоос Тосгон гэрлүүгээ харих гээд явж байгаад Н-, ******* нартай таарсан. Тэгээд би Н-ын хамт дээшээ Арбатын гудамжинд хүнтэй уулзах гээд явсан. Тэр үед И.С-, ******* нар анх уулзсан газраа хоёулаа юм яриад үлдсэн. Ингээд удаагүй би Н-ын хамт дээшлээд буцаад ирэхэд нэг үл таних согтуу бүсгүйтэй И.С-, ******* нар хоорондоо хэрэлдээд байж байсан. Ингээд би Н-ын хамт И.С-, ******* нарыг хэрэлдээд байсан бүсгүйгээс нь салгаад дээшээ аваад явсан. Замдаа явж байхдаа ******* бид нартай сая хэрэлдэж байсан эмэгтэйгийнхээ бөгжийг шүлсээрээ норгож байгаад авчихлаа энэ монет мөн үү эсхүл гуйлуу гээд нэг бөгж барьчихсан байсан. Тэгээд дэлгүүрээс чанасан хонины толгой аваад зогсож байхад нэг цагдаа ирээд бид нарыг маргалдаад байна гээд эрүүлжүүлэх рүү аваад явсан. Тэр үед ******* нөгөө эмэгтэйгээс авсан бөгжөө эрүүлжүүлэх рүү алхаад явж байхдаа хүүхдийн тоглоомын гулсуур луу шидсэн талаар маргааш өдөр нь эрүүлжүүлэхээс гараад явж байхдаа бид нарт хэлсэн. Тэгээд бид нар *******гийн хаясан бөгжийг маргааш өдөр нь очиж аваад 18-ын буудлын тэнд нэг ломбардад И.С-, ******* нар 240 000 төгрөгөөр *******гийн нэр дээр барьцаанд тавиад мөнгийг нь 120 000 төгрөгөөр хувааж авсан гэх мэдүүлэг /хх 24/,
Гэрч С.Н-ын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байсан санагдаж байна. Тухайн үед Х.Э- ногооны ажил хийж байгаад хөдөөнөөс Дарханд ирсэн. Тэгээд би түүнтэй зах дээр уулзаад бид хоёр хамт Арбатын гудамжаар уруудаад гэр рүүгээ харих гээд явж байсан. Тэгсэн чинь Арбатын гудамжинд И.С-, Ү- нартай таарсан. Тэгээд И.С-, Ү- нар бид хоёрыг хаашаа явах гэж байгаа талаар асуухад бид хоёр харих гэж байна гэсэн. Гэтэл И.С- бид хоёрт 1 шил архи хувааж ууя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зөвшөөрөөд бид дөрөв дэлгүүрээс 0.5 гр-ын нэг шил архи аваад Арбатын гудамжинд хувааж уусан. Би тухайн үед мөнгөтэй явж байсан учир дэлгүүрээс 1 шил архи авах гээд ганцаараа дэлгүүр явсан. Тэгээд би дэлгүүрээс 0.75 гр-ын 1 шил архи аваад нөгөө хэд дээрээ очих гээд явж байхад миний өөдөөс Ү- намайг тосоод хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр И.С-, Х.Э- нарын байгаа газар яваад очиход тэр хоёр нэг үл таних эмэгтэйтэй маргалдаад зодолдоод байсан. Тэгээд Ү- И.С-, Х.Э- нарыг маргалдаад зодолдоод байсан эмэгтэйгээс салгах гээд очсон. Би тэр үед дэлгүүрээс авсан архиа хагалчхаж магадгүй гэж бодоод маргалдаад зодолдож байсан хүмүүсийг хараад зогсож байсан. Тэгээд байж байхад И.С-, Х.Э- нарыг Ү- зодолдоод байсан эмэгтэйгээс салгасан. Тэгээд бид нар миний авсан архийг хувааж уучхаад манай гэрлүү бөөндөө явах гэж байхад бид дөрвийг цагдаа нар бариад эрүүлжүүлсэн. Тэгээд бид нар эрүүлжүүлэхэд хоноод маргааш өдөр нь эрүүлжүүлэхээс гарахад миний дотор эвгүйрхээд би бөөлжөөд явж чадахгүй И.С-, Х.Э-, Ү- нарын араас дагаад явж байсан. Би тухайн үедээ хаашаа явж байсан талаар мэдээгүй. Тэгээд би тэр хэдийг дагаад явж байгаад 18-ын буудал орчим ирэхэд И.С-, Х.Э- нар мөнгө хувааж авч байх шиг харагдсан. Х.Э-гийн хамт түүний И.С-тэй хувааж авсан мөнгийг ойр зуурын хэрэгцээндээ зарцуулаад дууссан гэх мэдүүлэг /хх 25/,
“Капитал Зууч” ХХК-ний 2017.10.25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 39-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч И.И.С- нь хохирогч Э.Э.Э.Э-ийг над руу харлаа гэх шалтгаанаар Э.Э.Э.Э-ийн араас гүйж очин хавсарган газар унагаж улмаар дээр нь гарч суун үснээс зулгааж газартай хавсарган цохиж байх хооронд шүүгдэгч Х.Х.Э- хохирогчийн баруун гаранд байсан монетон бөгжийг авсан үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлэхгүй байгаа хэдий ч тэдний гэм буруутай үйлдэл нь мөрдөн байцаалтад шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Э.Э.Э-, гэрч Г.Ү-, С.Н- нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Х.Х.Э-, И.И.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэн хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэн 603 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Х.Э-, И.И.С- нарын гэм буруутай үйлдлийн улмаас Э.Э.Э.Э-т 603 000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч И.И.С- 301 500 төгрөг төлсөн баримтаа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн байх тул шүүгдэгч И.И.С-г гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан байна гэж үзэн үлдэх 305 100 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Х.Х.Э-гаас гаргуулж хохирогч Э.Э.Э.Э-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Х.Х.Э-, И.И.С- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 59, 68/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Х.Э-, И.И.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх, шүүгдэгч И.И.С-г гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Х.Х.Э-д хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, тэдний гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч И.И.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил, шүүгдэгч Х.Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 2 сар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч И.И.С- нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 19 хоног, шүүгдэгч Х.Х.Э- нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 12 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч И.И.С- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Э-, И.С- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч И.И.С-г 2 /хоёр/ жил хорих, шүүгдэгч Х.Х.Э-г 3 /гурав/ жил 2 /хоёр/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч И.И.С-д оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Х.Х.Э-д оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч И.И.С-ий цагдан хоригдсон 19 /арван ес/ хоног, шүүгдэгч Х.Х.Э-гийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Х.Э-гаас 301 500 /гурван зуун нэг мянга таван зуу/ төгрөг гаргуулж оршин суух Э.Э.Э- олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч И.И.С- бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х.Э-, И.И.С- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ