Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2020/0013/З |
Дугаар | 16 |
Огноо | 2020-10-05 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Б-ын нэхэмжлэлтэй, аймгийн *******, *******ны дарга А.А-д холбогдох *******ны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн *******нд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 21-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, О.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журам, шаардлагын дагуу холбогдох мэдээлэл, лавлагааг эрх бүхий байгууллагаас авч бүрдүүлэн хуулийн хугацаанд өгсөн. Тэгтэл аймгийн ******* хууль бус үндэслэлээр намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Дээрх хууль бус тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Эрх бүхий байгууллагаас мэдээлэл авсан гэж байна. Улсын бүртгэлийн газар болон Татварын газраас намайг “М г-т” ХХК-тай ямар ч хамааралгүй гэсэн бичиг өгсөн байгаа. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 24, 25 хоног өнгөрчихөөд байхад сайтын алдаанаас болж одоо хүртэл миний нэр бүртгэлтэй байгаа. Алдаатай сайтаас мэдээлэл аваад уг мэдээллээсээ дүгнээд миний сонгох, сонгогдох эрхэд хохирол учруулж байгаад гомдолтой байна. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаас өмнө би *******нд Татварын хэлтсийн албан бичгүүд болон улсын бүртгэлийн гэрчилгээгээ хоёуланг нь өгсөн. Өр төлбөргүй барагдуулаагүй гэж ярьж байна. Б.Б гэдэг хувь хүн өр төлбөргүй. Харин хариуцагч талаас “М г” ХХК өр төлбөртэй гарсан гэж ярьж байна. Аймгийн хэрэглэгчдийн дулааны төлөө чадан ядан ажлаа хийж л байгаа байх. Өр төлбөртэй байгаа байх. Өр төлбөрөө дарах гэж үзэж л байгаа байх. Ковид-19 вирустай холбоотой болон өөр олон шалтгаан бий. Үүнийг улсад татвар төлдөг “М г” ХХК мэдэж л байгаа. Өр төлөх асуудал нь “М г” ХХК-ийн асуудал болохоос хувь хүн Б.Б миний асуудал биш. Намайг 09 дүгээр сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн газарт очиход камер байсан. Хэрэв та нар бүтэн мэдүүлэг авч шалгамаар байгаа бол камер харчихсан бол намайг цайны цаг өнгөрөөгөөд 14 цагт орсныг харж болно. Би 12 цагийн өмнө нэг орсон. Цайны цаг өнгөрөөгөөд дахиад нэг орсон. Ажил тарсан цагаа биш, шөнөөр биш. Дээрээс хүнээр яриулсан гэж байна. Би хүнээс зөвлөгөө л авсан. Ярьсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Аймгийн Улсын бүртгэлийн газарт очиж үүнийгээ хийж болдог юм аа гэхэд нь би очсон. Тэр хүнтэй дээрээс нь хэн ярьсныг мэдэхгүй. Тэр хүн ямар дарамт шахалтаар ямар мэдээлэл өгснийг та бүхэн үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.Б нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн. Б.Бын хувьд Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан учраас нэрээ дэвшүүлсэн. Гэтэл ******* Б.Бын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 7.1-т заасныг тус тус зөрчиж миний үйлчлүүлэгчийн сонгох, сонгогдох эрхэд халдсан. *******ны тогтоолын гол үндэслэл нь Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Б нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар нотлогдож байгаа тул бүртгэлээс хассан гэж байна. 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тухайн компаний хувьцааны эрх шилжүүлэх үйл ажиллагаа хийгдсэн. Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн. Төрсөн дүү Б.Бцд Б.Бын компаний хувьцаа эзэмших эрх нь шилжсэн болох нь хавтаст хэргийн материалд нотлогдсон. Миний үйлчлүүлэгчийн сонгуульд зориулж ийм зүйл хийсэн гэж ярьж байна. Сонгуульд зориулсан байна уу? Хувийн шалтгаантай байна уу? Энэ нь огт хамаагүй. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б.Б гүйцэтгэх захирлаасаа чөлөөлөгдсөн байхад ******* 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэхээс татгалзсан. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Татварын хэлтсийн дарга н.Э-аас улсын бүртгэлд өөрчлөлт орсон байна гэсэн албан ирүүлчихсэн байна. Мөн Б.Бийн тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б.Быг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн. Мөн З.Ц-гийн албан бичиг байгаа. Энэ хүн худал мэдүүлэг өгвөл хуулийн дагуу хариуцлага хүлээх эрх бүхий субьект. Албан ёсны тамга, тэмдэгтэйгээр бодит үнэнийг программын алдаа байсан гэж тодорхойлсон. Төрийн байгууллагуудын программын алдаа, хөндлөнгийн шалтгаанаас болж Б.Бын Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх нь зөрчигдөөд байна. Өөрөөр хэлбэл огноо буюу цаг хугацааны давтамжийн хувьд 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирлаасаа чөлөөлөгдөөд хувьцаа эзэмших эрх нь шилжчихсэн байхад энэ хүнийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зөрчил гаргасан гэж бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Б.Б нь *******ны бүрэлдэхүүнд ойлгогдохоор хэмжээний нотлох баримт өгчихсөн байгаа. Гэтэл ******* нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээж авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу байна гэж үзэх юм бол хуулийн хугацаанд нөхөн ирүүлэх үүрэгтэй. ******* өөрөө Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 31.6 дугаар заалтаа зөрчсөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол хангалттай нотлох баримтыг сонгуулийн хороонд ирүүлээд байхад хууль зүйн үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан тул 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна.
Хариуцагч аймгийн *******ны дарга А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, 7 хоногийн дотор дуусгахаар хуульчилсан. Уг хугацааны дотор аймгийн Ардчилсан нам 2020 оны 09 сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоороо нэр дэвшигчдийг тодруулж хавсралтаар баталж ирүүлсэн бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар тойрогт Б.Быг нэр дэвшүүлсэн байсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлага, бүрдүүлэх баримтын дагуу зарим нэр дэвшигчдийн татварын өр төлбөрийн талаарх лавлагааг гаргаж ирүүлэх талаар аймгийн *******ноос 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар албан бичгийг Татварын хэлтэст хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуг аймгийн Татварын хэлтэс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/273 албан бичгээр хавсаргаж ирүүлсэн баримтаар Б.Бын 59.0 хувийн эзэмшлийн “М Г” ХХК нь 123 772 309.9 төгрөгийн өртэй талаар холбогдох баримтыг ирүүлсэн.
Аймгийн ******* 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж аймаг, нийслэл, сум, дүүргийн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн шаардлагыг хангаагүй татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй Б.Быг нэр дэвшүүлэхээс татгалзах нь зүйтэй гзж үзэж 2020 оны 09 дүгээр 15-ны өдриин 13 дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх тухай хүсэлтээ шаардагдах баримт бичгийн хамт тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлж болох бөгөөд зөрчлийг арилгасан бол бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан. Тус заалтын дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нэр дэвшигчид дутуу материалаа бүрдүүлэх, татварын өр төлбөрөө төлөх зэрэг холбогдох зөрчлөө арилгаж бүртгэл хийлгүүлж байсан.
Гэтэл аймгийн Ардчилсан намаас 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 2 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Быг өр авлагатай байсан мэтээр бүртгэхээс татгалзсан санал ирсэн нь Улсын бүртгэлийн газрын алдаанаас үүссэн байсныг залруулж нэр дэвшигчийг татварын өр авлагагүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын шийдвэрийг албан тоотоор хүргүүллээ гээд Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч З.Ц-ийн гарын үсэгтэй 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт ирүүлсэн. Аймгийн ******* нэр дэвшигчдийн материалыг хуулийн хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд хүлээн авсан бөгөөд 09 дүгээр сарын 15-ны өдөр Татварын байгууллагаас авсан тодорхойлолтоор Б.Бын 59.0 хувь эзэмшдэг “М Г” ХХК нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй талаар тодорхойлж ирүүлсэн нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах гол үндэслэл болсон.
“М Г” ХХК-ийн 59.0 хувийг эзэмшигч Б.Б нь Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүсэлт гаргаж дүү Б.Бцдээ бүх хувьцаагаа шилжүүлж компанийн гэрчилгээгээ дахин авах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. “М Г” ХХК-ийн 59.0 хувийг эзэмшигч Б.Бын энэ үйлдэл нь сонгуульд нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болон татварын өр төлбөртэй байж болохгүй гэсэн хуулийн заалтад нийцүүлэхээр баримт хүлээн авснаас хойш гаргаж байгаа үйлдэл, түүний дотор гэрээгээр халхавчилж татварын өр төлбөртэй этгээд нэр дэвших гэсэн оролдлого болох нь илэрхий тодорхой байна. “М Г” ХХК-ийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орсон эсэх талаар аймгийн *******ноос 09 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн хэлтэст, 35 дугаар албан бичгээр Татварын хэлтэст тус тус хандсан. "Тус албан бичгийн хариуг Улсын бүртгэлийн хэлтсээс 09 дүгээр сарын 18-ны өдрийн 911 дүгээр албан бичгээр ирүүлэхдээ “Мандал Голомт” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүтгэлийн лавлагааг дэлгэрэнгүй байдлаар ирүүлсэн бөгөөд Сүхийн Б 41.0 хувь, Б-ийн Б 59.0 хувийн хувьцаа эзэмшдэг талаар лавлагаа ирүүлсэн. Мөн аймгийн Татварын хэлтэс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/289 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар “М Г” ХХК-ийн хувьцаа ззэмшигч Б.Б нь 09 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэж өөрчлөлт орсон бөгөөд тус компанийн өр төлөгдөөгүй талаар тодорхойлж ирүүлсэн. Нэр дэвшигчээр бүртгүүлэхээр материал ирүүлсэн Б.Б нь нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзсан аймгийн сонгуулийн хорооны тогтоолд дурдсан зөрчлийг арилгах, хуулийн хэрэгжилтийг хангах талаар санаачилга гаргаагүй, татварын өр төлбөрөө төлөх талаар анхаарч ажиллаагүй нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болсон.
Аймгийн Ардчилсан намын хороо нь нэр дэвшигчийн шаардлагыг хангахгүй байгаа Б.Быг намаас нэр дэвшүүлэхээс 100 хувийн саналаар татгалзаж, Г.Гийг нөхөн нэр дэвшүүлэхээр *******нд шийдвэрээ ирүүлсэн нь Б.Б тус намаас сонгуульд нэр дэвших хууль эрх зүйн боломжийг бүрэн хаасан үйлдэл юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тогтоол гарсны дараа Ардчилсан намаас албан бичиг ирсэн. Ардчилсан намын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дугаартай албан бичгээр 2 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Б, 12 дугаар тойрогт нэр дэвшигч н.Н нарыг татварын өр авлагатай мэтээр бүртгэхээс татгалзсан санал ирсэн нь Улсын бүртгэлийн газрын алдаанаас үүссэн байсныг залруулж, дээрх нэр дэвшигч нарын татварын өр авлагагүй болохыг бүртгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэрийг албан тоотоор аймгийн *******нд хүргүүллээ гэсэн албан бичиг ирсэн. Энэ албан бичгийн хүрээнд бид нар дахин лавлагаа авсан. Улсын бүртгэлийн хэлтэст болон Татварын хэлтэст албан бичгүүдийг явуулсан. Аймгийн ******* 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эцэслэн байдлаар материал авсан. Гэтэл материал авсан өдрийн дараагаар буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “М г” ХХК-ийн хувь эзэмшигч нар хувьцаагаа хоорондоо шилжүүлсэн, удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулсан бүртгэлүүдийг Улсын бүртгэлийн газарт хийлгэсэн байсан. Энэ ямар учир холбогдолтой вэ? гэхээр аймгийн ******* хуульд заасан хугацаандаа нэр дэвшигчид, намуудаас материал авсан байхад түүний дараа улсын бүртгэлийн бүртгэлд өөрчлөлт хийсэн үйлдлийг аймгийн ******* хариуцах боломжгүй. Ардчилсан намаас бичиг ирсний дараа ******* тухайн асуудлаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Татварын хэлтэст албан бичиг явуулсан. “М г” ХХК-ийн бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт орсон эсэх талаар хандахад Улсын бүртгэлийн газраас 09 дүгээр сарын 18-ны өдрийн 911 дугаартай албан бичгийг ирүүлэхдээ “М г” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг дэлгэрэнгүй байдлаар ирүүлсэн. Дэлгэрэнгүй лавлагааны хавсралт дээр С.Б 41 хувийг эзэмшдэг, Бийн Б 59 хувийг эзэмшдэг. Энэ 2 өөрсдөө идэвхтэй хувьцаа эзэмшигч гишүүд гэж албан бичгээр ирсэн. Татварын хэлтэс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1/289 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар “М г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б нь 09 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэж, өөрчлөлт орсон бөгөөд тус компаний өр төлөгдөөгүй байна гэсэн лавлагаа, тодорхойлолт ирсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагуудыг тусгаж өгсөн. Үүний нэг шаардлага нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх ёстой гэж заасан. Гэтэл аймгийн *******ноос эрх бүхий этгээд буюу Улсын бүртгэлийн хэлтэс болон Татварын хэлтсээс 09 дүгээр сарын 14-ний өдөр болон 09 дүгээр сарын 18-ны өдөр авсан лавлагаагаар Б.Б нь компаний хувь эзэмшигч хэвээр байна. Өр төлбөр нь төлөгдөөгүй байна гэсэн тодорхойлолтууд ирсэн учраас татварын өр төлбөрөө төлөх буюу энэ зөрчлөө арилгах юм бол сонгуульд нэр дэмших эрх нь нээлттэй гэдэг байдлаар *******ноос хандаж шийдвэрээ гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд тухайн зөрчлөө арилгалгүйгээр зөвхөн улсын бүртгэлд өөрчлөлт оруулснаар зөрчлөө арилгачихлаа гэдэг байдлаар аймгийн *******нд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр дахин хандсан. Аймгийн *******ны гаргасан шийдвэрийн гол агуулга нь тухайн татварын өр төлбөр нь зөрчил байна. Зөрчлөө арилгачихвал сонгуульд нэр дэвшүүлье гэсэн агуулгаар шийдвэр гаргасан болохоос бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулаад ирэх юм бол нэр дэвшигчийг бүртгэе гэж бид нар шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2020 оны аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд намууд хуульд заасан хугацаанд материалаа ирүүлсэн. Ингэж материалаа ирүүлэхэд Ардчилсан намаас нэр дэвшигч Бийн Б-ын ирүүлсэн материал нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзээд ******* бүртгээгүй. Ямар шаардлага хангаагүй вэ? гэхээр хуульд заасан татварын өр төлбөртэй гэдгийг Татварын эрх бүхий байгууллагаас тодорхойлолт ирүүлсэн. Энэ тодорхойлолтоор татварын өр төлбөртэй гэж тодорхойлогдсон. Мөн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тодорхойлолтоор Бийн Баатартогтох нь М г” ХХК-ийн 59 хувийн хувьцааг эзэмшдэг гэсэн тодорхойлолт, лавлагааг ирүүлсэн. Аймгийн ******* хуульд заасан эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаа, тодорхойлолтыг үндэслээд хуулийн дагуу бүртгээгүй. Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч З.Ц-ээс аймгийн *******нд гээд лавлагаа ирүүлсэн. Аймгийн *******ноос Улсын бүртгэлийн хэлтсийг энэ асуудлаар лавлагаа ирүүлээч гэж албан бичиг явуулаагүй. Энэ асуудлаар ******* хуралдаад энэ ямар учиртай юм бэ? Үүнийг дахин лавлаж тодруулахгүй бол болохгүй байна. Улсын бүртгэлийн газрын даргаас нь албан ёсоор албан бичгээр хариуг авъя гээд албан бичиг явуулсан. Б.Бын зүгээс энэ компани надад ямар ч хамааралгүй гэж байна. *******нд ирүүлсэн материал байгаа. Материал дээрээ өөрийн намтар болон сонгуулийн нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр мэдүүлэхдээ “Мг” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж бичээд ирүүлсэн байгаа. Уг материалыг *******нд 09 дүгээр сарын 07, 08-ны өдөр ирүүлсэн. *******нд ирүүлсэн материалыг *******ны гишүүд хуульд заасны дагуу нягтлан шалгах үүрэгтэй. Бид бүхэн ганц Б.Бын асуудлыг шалгаагүй. Нэр дэвшигчдийн материалыг холбогдох эрх бүхий байгууллагаар нягтлан шалгуулж лавлагааг авсан. Ингэж авах явцад Б.Б нь “М г” ХХК-ийн 59 хувийг эзэмшдэг. 123.000.000 төгрөгийн татварын өртэй гэж ирсэн. Бид бүхэн Б.Бын сонгох, сонгогдох эрхэд халдаад байгаа зүйл байхгүй. Эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар бусад нэр дэвшигчид өөрсдийнхөө зөрчлийг арилгаад татварын өртэй нь өрөө төлсөн. Энэ бол иргэн хүний Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ биелүүлж байгаа хэрэг шүү дээ. Аймгийн *******нд дандаа төрийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллана хэмээн төрд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчид ажилладаг. Төрийн албан хаагчид *******ны гишүүд бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлж, энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. *******ны гишүүд хуулийг хэрэгжүүлж ажилласан. Хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад нэр дэвшигч Б.Бтой холбоотой зөрчил гарсан. “М г” ХХК-ийн 59 хувийг эзэмшигч Б.Б нь 123.000.000 төгрөгийн татварын өртэй гэдгийг эрх бүхий байгууллагуудаас лавлагаа, тодорхойлолтоор ирүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд нэр дэвшүүлэх нийтлэг журмыг заасан. Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 28.3.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх” гэж заасан хуулийн шаардлага байна. Энэ хуулийг зөрчсөн байна. Сонгуулийн хууль батлагдаад тодорхой хугацаа өнгөрсөн. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан. Үүнээс хойш энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд 9 сар гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд Б.Б нэр дэвшигч маань холбогдох хууль, тогтоомжоо судлах нь энэ хүний үүрэг. Хуулиа мэдэхгүйгээс болоод миний өртэй эсэх нь илэрсэн гэдэг тайлбар тавьж болохгүй. Мөн сонгуулийн үйл ажиллагаа бүгд цаг хугацааны хуваарьтай. Нэр дэвшигчдийн нэрс 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эцэслэгдэж гарна. 2020 оны 09 дүгээр сарын 06-09-ний хооронд 3 хоногийн хугацаанд материалаа бүрдүүлнэ. Материалаа бүрдүүлж *******нд өгөх сүүлийн хугацаа нь 09 дүгээр сарын 09-ний өдрийн 00 цаг 00 минут. Энэ материалыг хүлээж авснаас хойш цаг 7 хоногийн хугацаанд ******* ирүүлсэн материалыг нэг бүрчлэн нягтлан шалгадаг. Аль болох ирүүлсэн материалыг 7 хоногийн хугацаанд хянаж үзээд хуульд заасан шаардлага хангахгүй бол бид бүхэн буцаагаад нам руу нь албан бичгээр хүргүүлсэн. Танай нэр дэвшигч ийм, ийм хүмүүс татварын өртэй байна. Энэ зөрчлөө арилгаад ирэх юм бол нэр дэвшигчээр бүртгэх боломжтой гэсэн бичиг явуулж байгаа. Ийнхүү албан бичиг явуулахад Ардчилсан намаас нөхөн нэр дэвшүүлэх хуулийн хугацаанд Г.Г гэдэг хүнийг нэр дэвшүүлсэн. ******* хуулийн хүрээнд ажилласан. Ардчилсан намаас нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн саналыг ******* 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу хагас сайны амралтын өдөр хүртэл хуралдаж асуудлыг шийдвэрлээд явж байсан. Тийм учраас энэ асуудлуудыг шүүх үнэн зөв шүүнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Гуравдагч этгээд Г.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Есөнбулаг сумын иргэн Б.Бын нэхэмжлэлтэй, аймгийн *******, *******ны дарга А.Амарзаяад холбогдох захиргааны хэрэгт намайг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан байна. Миний эрх ашиг хөндөгдөөгүй учир цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Ардчилсан намын Говь-Алтай аймгийн хорооны 01 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн материалыг аймгийн *******нд хүргүүлсэн бөгөөд Ардчилсан намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд 2 дугаар тойрогт нэхэмжлэгч Б.Быг нэр дэвшүүлэхээр холбогдох материалыг бүрдүүлэн хүргүүлсэн.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-т ******* шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно гэж зааснаар аймгийн *******ноос 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр аймгийн Татварын хэлтсээс “...сонгуульд нэр дэвшихээр материалаа бүрдүүлж ирүүлсэн хавсралтад дурьдсан нэр дэвшигчдийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2 дахь заалтад заасан шаардлагыг хангасан эсэх талаарх мэдээллийг ...ирүүлэх” талаар 23 дугаар албан бичгийг хүргүүлсэнээр аймгийн Татварын хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01/273 дугаар албан бичгийн хавсралтаар Б.Бын 59 хувийн эзэмшлийн “М г” ХХК-ийн татварын тооцоололоор 123772309.9 төгрөгийн татварын өрийн дүн, хуулийн этгээдийн эзэмшигчийн дүнг хүргүүлсэн байна.
Говь-Алтай аймгийн *******ны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаар хуралдааны тэмдэглэлд “...нэр дэвшигч Б.Б “М г” ХХК-ний 59 хувийг эзэмшдэг бөгөөд тус компани нь 123772309.9 төгрөгийн татварын хугацаа хэтэрсэн өртэй, ...болох нь эрх бүхий байгууллагын лавлагаар нотлогдсон байгаа ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн 38 нэр дэвшигчийг бүртгэх тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа. Мөн Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн ...Б.Б, ...нарыг бүртгэхээс татгалзсан тогтоол хуралдаан оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар батлагдлаа” гэж шийдвэрлэж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалтыг үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Б нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй болох нь эрх бүхий байгууллагын лавлагаагаар нотлогдож байгаа тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай тогтоолыг гаргасан байна.
Аймгийн *******ны Б.Быг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 13 дугаар тогтоол нь эрх бүхий байгууллагын лавлагааг үндэслэн гаргасныг буруутгах боломжгүй боловч одоогийн нөхцөл байдал, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.Б нь сонгуулийн хорооны шийдвэр гарахаас өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 08 өдөр 2749 бүртгэлийн дугаартай “Компаний хувьцаа бэлэглэлийн гэрээ”-г байгуулж, “М г” ХХК-ний 41 хувь 53300 ширхэг хувьцааг Бийн Б-д шилжүүлсэн бөгөөд “М г” ХХК-ийн дүрмийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэнээр Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн 000194157 дугаар гэрчилгээ дахин олгосон байна.
2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “М г” ХХК-ийн дүрмийн 1.3, 5.2.1-т Компаний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр С овогт Б 59 хувь, Б овогт Баатарцэрэн 41 хувьцааг эзэмшигчээр дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлсэнээр 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.Быг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т “татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх” гэж заасны дагуу “М г” ХХК-ийн 59 хувийн хувьцаа эзэмшдэг, өөрийн хувьцаа эзэмшдэг компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өртэй гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр М. Г ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болох бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж зааснаар “М г” ХХК-ийн татварын өр төлбөрийг компаний хувь нийлүүлэгч хувьцаа эзэмшигч С.Б, Б.Бц нар хариуцахаар байна.
Иймд аймгийн *******ноос 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б.Быг “М г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өртэй гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Аймгийн *******ноос “.. М. Г ХХК-ийн 59 хувийг эзэмшигч Б.Б нь Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын сарын 11-ний өдөр хүсэлт гаргаж дүү Б.Бцдээ бүх хувьцаагаа шилжүүлж компаний гэрчилгээг дахин авах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна ...59 хувийн эзэмшигч Б.Бын энэ үйлдэл нь сонгуульд нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон болон татварын өр төлбөртэй байж болохгүй гэсэн хуулийн заалтад нийцүүлэхээр баримт хүлээн авснаас хойш гаргаж байгаа үйлдэл, түүний дотор гэрээгээр халхавчилж татварын өр төлбөртэй этгээд нэр дэвших гэсэн оролдлого болох нь илэрхий тодорхой байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Компаний хувьцаа эзэмшигч этгээд өөрийн эзэмшлийн хувьцаагаа хэн нэгэнд шилжүүлэх, бэлэглэх нь хуулиар тухайн этгээдэд олгогдсон эрх бөгөөд тодорхой нотлох баримтгүйгээр гэрээгээр халхавчлан татварын өр төлбөртэй этгээд сонгуульд нэр дэвших гэсэн оролдлого болох нь илэрхий байгаа зэргээр шууд хууль зүйн хувьд дүгнэлт өгөх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.9-т “******* нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эрх сонгуулийн хороонд олгогдсон байх тул Б.Быг нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн *******нд даалгаж шийдвэрлэлээ.
Аймгийн *******ноос 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай албан бичгээр аймгийн Татварын хэлтэст “ М. Г ХХК нь хугацаа хэтэрсэн татварын өрөө барагдуулсан эсэх, тус компаний хувьцаа эзэмшигч бүрийн эзэмшиж буй хувийн талаарх мэдээллийг ...ирүүлэх”, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 33 дугаар албан бичгээр “ М. Г ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 11-нд гэрчилгээ дахин олгохдоо алдаа гаргасан талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн лавлагаагаар тодорхойлсон байна. Иймд ямар алдаа гаргасан, хэрхэн залруулсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг, мөн компанийн хувьцаа эзэмшигч Б.Б хэдэн хувийг эзэмшдэг, энэ эзэмшлээ хэзээ, хэрхэн бүртгүүлсэн талаарх лавлагааг ...гаргаж ирүүлэх” талаар албан бичгийг тус тус хүргүүлсэн.
Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 911 тоот албан бичгээр М. Г ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа хүргүүлсэн боловч уг лавлагаанд хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл нь өөрчлөлт оруулаагүй ирүүлсэн, аймгийн Татварын хэлтсээс 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “ М. Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэж өөрчлөлт орсон бөгөөд тус компаний өр төлбөр төлөгдөөгүй...” гэсэн 01/289 дугаар албан бичгийг аймгийн *******нд хүргүүлсэн нь аймгийн ******* 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоол гаргаснаас хойших нөхцөл байдал байх тул хууль зүйн хувьд дүгнэлт өгөх нь ач холбогдолгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсгийг тус тус баримтлан Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн *******ны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг нэр дэвшигчээр бүртгэхийг Говь-Алтай аймгийн *******нд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч таван хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ