Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2014/0136/З |
Дугаар | 221/МА2015/0413 |
Огноо | 2015-08-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2015/0413
015 оны 8 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2015/1413 | Улаанбаатар хот |
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 359 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчдад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 00001969 тоот шийтгэврийг бүхэлд нь хүчингүй болгох, MNS 6058-2009 стандартад өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй болохыг тогтоож, уг стандартын хэрэглэх хүрээг тодорхойлж уг стандартад өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү. Стандарт нь Монгол Улсын стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д Стандарт үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний Иргэн Ч. нарын нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт илүү төлөгдсөн гэх төлбөрийг барагдуулах тухай иргэний хэргийн үндсэн дээр хэмжилтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын хэмжилт тус бүр алдаатай гарч байна.
БХБЯ, ШӨХТГ, МХЕГ, НМХГ, МХЭХХ зэрэг төрийн эрх бүхий байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын ажлын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлтээр дээрх стандартыг шинэчлэн боловсруулж, нэгдсэн нэг стандарттай болохыг тогтоосон. Гэвч Стандартчилал хэмжилзүйн газар нь стандартад өөрчлөлт оруулахгүй байна. Иймд MNS 6058:2009 стандартад өөрчлөлт оруулахгүй байгаа нь эс үйлдэхүй болохыг тогтоож уг стандартын хэрэглэх хүрээг тодорхойлж уг стандартад өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү." гэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...М ХХК нь хэрэглэгчдэд орон сууц худалдахдаа талбайн хэмжээг дутуу тооцож өгч, хохироосон байх ба энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3.3, 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэг болон Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3 дахь заалтад заасны дагуу 10000000 төгрөгийн торгууль ногдуулсан. М ХХК-ийн захирал С.Мөнхцогтыг удаа дараа дуудсан боловч хяналт шалгалтын ажлаас зайлсхийсэн тул 3 дахь удаа очиж, 0000196 дугаартай шийтгэврээр торгууль ногдуулсан. 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 32 минутанд зөрчлийн тэмдэглэл үйлдэж, шийтгэврийг тус компанид үлдээсэн бөгөөд захирал С.Мөнхцогт нь хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж, иргэдийг хохироож байгаа зэргийг шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд М ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү." гэжээ.
Хариуцагч Стандартчилал хэмжил зүйн газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гомдол гаргасан MNS 6058:2009 стандартыг хууль зөрчөөгүй болохыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 260, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 249 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан хяналтын шатны шүүх гомдлыг хангахгүй орхисон тогтоол гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр нь нэхэмжлэлдээ хүчин төгөлдөр мөрдөж буй стандартад өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагатай гэж байгаа боловч, стандарт нь хуулийн ямар заалтыг зөрчсөн болохыг хуулийн үндэслэл, тайлбарыг шүүхэд гаргаж өгөхгүй байна. Монгол Улсад 2000 барилгын компани байдаг бол зөвхөн барилгын компанийн явцуу эрх ашгаас илүүтэйгээр Монгол Улсын 3,000,000 иргэний эрх ашигт стандарт нь нийцэх ёстой" гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 359 дүгээр шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан М ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 0000196 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах, MNS 6058:2009 стандартад өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй болохыг тогтоож, уг стандартын хэрэглэх хүрээг тодорхойлж уг стандартад өөрчлөлт оруулахыг даалгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал С. давж заалдах гомдолдоо: М ХХК-ийн нэхэмжлэлтэй Стандартчилал, хэмжил зүйн газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатнышүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний 359 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай. Шүүхэд нэхэмжлэлийг хуулийн этгээд гаргасан болохоос иргэн миний бие нэхэмжлэл гаргаагүй. Тэгэхээр миний бие нь нэхэмжлэгч биш бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч болно. Нэхэмжлэгчийн төлөөлөгч надад хэрэгтэй танилцах боломж олгоогүй ба шүүх хуралдаанд намайг дуудан ирүүлж, хавтаст хэргээ шүүгч өгч, нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр уншуулсан.
Энэ нь "захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийнматериалтай танилцах" эрхийг зөрчсөн үйлдэл болно. Материаллаг хэм хэмжээг буруу хэрэглэсэн тухай.ШӨХТГ-ын байцаагч нь шударга өрсөлдөөнд харш үйлдэлд хариуцлага ногдуулах ёстой болохоос хувь этгээдийн хооронд үүссэн гэрээний маргааныг шийдвэрлэдэггүй ба түүнээс үүдэн гарсан эрх зүйн үр дагаварт хариуцлага ногдуулахгүй юм. Түүнчлэн стандарт нь холбогдох хэм хэмжээг зөрчсөн буюу үндэслэл муутай гарсан талаар төрийн эрх бүхий байгууллагууд санал нэгтэй тогтоосныг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр баталгаажуулах хүсэлтэй байхад өмнөх шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийн уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцааж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөв тайлбарлаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч М ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт хэрэглэх ёстой хуулийн заалтыг нэмж, мөн найруулгын алдааг зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М давж заалдах гомдолдоо ... нэхэмжлэгчийн төлөөлөгч надад хэрэгтэй танилцах боломж олгоогүй ба шүүх хуралдаан дээр дуудан ирүүлж, хавтаст хэргээ шүүгч өгч, нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр уншуулсан. Энэ нь захиргааны хэргийн шүүхийн болон эсрэг талын шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн үйлдэл болно гэжээ.
Нэхэмжлэлийг анх 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр М ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхцогт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбаяр болон өмгөөлөгч нарын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдааныг нийт 15 удаа хойшлуулсан талаараа шийдвэртээ тусгасан байх бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс компанийг төлөөлж ганцаараа оролцох боломжгүй гэсэн хүсэлт гаргасны дараа гүйцэтгэх захирал С.Мт хүрэлцэн ирж шүүх хуралдааныг хийсэн байна. Даргалагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч талаас байхгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Мөн нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мт 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр[1] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нэхэмжлэгчийн эрх, үүргийг тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан, нэхэмжлэгч талаас уг эрхээ хэрэгжүүлж удаа дараа шүүх хуралдаан хойшлуулах, өмгөөлөгч авах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангуулах зэрэг хүсэлтүүдийг гаргаж шүүх тухай бүрт нь хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь хэргийн материалтай танилцах эрхтэй, уг эрхээ хэрэгжүүлэх эсэхийг нэхэмжлэгч өөрөө шийдвэрлэх бөгөөд харин шүүхийн хувьд уг эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангах үүрэгтэй. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл шүүх 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч талыг уг боломжоор хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо материаллаг хэм хэмжээг буруу хэрэглэсэн. ... байцаагч нь шударга өрсөлдөөнд харш үйлдэлд хариуцлага ногдуулах болохоос гэрээний маргааныг шийдэхгүй. Стандарт нь холбогдох хэм хэмжээг зөрчсөн буюу үндэслэл муутай гарсан талаар төрийн эрх бүхий байгууллагууд санал нэгтэй тогтоосныг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр баталгаажуулах хүсэлтэй байхад өмнөх шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийн уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон гэжээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн гэж, 14.4-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана. гэж, 20 дугаар зүйлийн 20.3.1-д өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус зааснаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид өрсөлдөөний болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлаар захиргааны хариуцлага ногдуулах бүрэн эрхтэй байна.
Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газрын хамтарч Орон сууц барилгын чанар, худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн танилцуулгад[2] ...стандартыг шинэчлэн боловсруулж, нийт улс орон даяар барилгын сууцны талбай худалдан борлуулах үйл ажиллагаанд нэг загварын дагуу мөрдөх ажлыг нэн даруй хийх шаардлагатай гэж дүгнэсэн боловч хариуцагч Стандартчилал, хэмжил зүйн газар нь нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль зөрчөөгүй нь тогтоогдсон стандартыг өөрчлөх шаардлагагүй талаар тайлбар ирүүлжээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу хариуцагчийн тайлбарт дурдагдсан шүүхийн шийдвэрийг[3] анхан шатны шүүх шийдвэртээ дурдсаныг буруутгах үндэслэлгүй.
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах обьектод тогтоосон үндэсний стандартыг заавал мөрдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь стандартыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд уг стандартад өөрчлөлт оруулахгүй байгаагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөргүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримтлах ёстой хуулийн заалтыг нэмж, мөн найруулгын алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 359 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10, 14 дүгээр зүйлийн 14.1, 20 дугаар зүйлийн 20.3.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0000196 дугаар шийтгэврийг хүчингүй болгуулах, Стандартчилал, хэмжил зүйн газрын MNS 6058:2009 стандартад өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг стандартын хэрэглэх хүрээг тодорхойлж, өөрчлөлт оруулахыг даалгах шаардлага бүхий М ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөтын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ