Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга О.Баясгалан,                                         

Улсын яллагч Б.Соёлмаа,

Хохирогч Б.Энхчимэг,

Шүүгдэгч Л.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Егөс овогт Лхагвасүрэнгийн Нэргүйд холбогдох эрүүгийн 201626030444 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны  06 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, өөлд,  дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, 2 сартай хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 6-291 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ПЮ83060162 / Егөс овогт Лхавгасүрэнгийн Нэргүй нь:

- 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд “Боса” ХХК-д дэлгүүрийн менежер, нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 52 дугаар сургуулийн зүүн талд байрлах БОСА март-4 сүлжээ дэлгүүрийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орлого 1.180.016 төгрөг,  2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн орлого 1.232.800 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орлого 1.111.350 төгрөгнөөс 713.098 төгрөг, нийт 3.125.914 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Энхчимэг хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БОСА ХХК нь өөрийн сүлжээ дэлгүүрийг нээж ажиллуулсан. Уг дэлгүүрт 7 ажилтан авч ажиллуулсан. Шинэ сүлжээний дэлгүүрийн эрхлэгч нягтлан бодогчоор Л.Нэргүйг ажилд авсан. Л.Нэргүй нь ажиллах хугацаандаа тайлан тооцоог цаг хугацаанд өгөхгүй ажлыг нилээн удаашруулж ажиллахаар нь удирдлагаас албан тушаалыг нь бууруулсан боловч уг албан тушаал дээр ажиллаагүй. 2016 оны 02-р сарын эхээр шинэ салбарын кассын баримтыг шалгахад 2016 оны 01 дүгээр сарын 08, 09, 10-ны өдрүүдийн орлогын баримт дутаж дэлгүүрийн орлогыг тушаагаагүй байсан. Тэгээд бид Л.Нэргүйтэй уулзах гээд гэрт нь очиход уулзахгүй зугтаагаад байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Сүүлд Л.Нэргүйтэй уулзахад дутаасан мөнгөө хүлээн зөвшөөрч манай удирдлагуудтай 2016 оны 05-р сарын 15 ны өдөр бүрэн барагдуулна гэсэн гэрээ байгуулсан. Дэлгүүрийн орлогыг эрхлэгч нягтлан өдөр бүр тушаах ёстой байдаг....” гэжээ. / хх 20-21, 41-42 /,

 Гэрч Д.Болортуяа хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ:  “...Би анх 2014 онд БОСА ХХК-ний Яармагийн салбар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байгаад 2015 оны 12-р сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах БОСА Март-4 дэлгүүрт кассчнаар ажиллахад эрхлэгч нягтлангаар Л.Нэргүй ажиллаж байсан. Би ажиллаж байхдаа өдөрт орсон орлогоо орой нь тоолоод кассын дэвтэрт бичээд эрхлэгчдээ хүлээлгэж өгдөг байсан. Дэлгүүрийн орлогыг төв дэлгүүр рүү тушаадаггүй байсан. Харин эрхлэгч Л.Нэргүй дэлгүүрийн орлогыг 2-3 хоног цуглууж байгаад банканд тушаана гээд аваад явдаг байсан. Бэлэн мөнгийг нь тоолоод өдөр өдөрт нь эрхлэгчийн өрөөнд байдаг сейфэнд хийдэг байсан...” гэжээ. /  хх 45-46 /

Гэрч Н.Болортуяа хэрэг бүртгэлтийн явцад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11-р сарын 10-ны өдрөөс БОСА Март хүнсний дэлгүүрийн худалдагч кассчинаар ажиллаж эхэлсэн. Би ээлжинд кассчинаар ажиллахдаа өөрийнхөө орсон орлогыг дэвсгэртээр нь боогоод уутанд хийгээд дэлгүүрийн орлогийн сейфенд хийдэг байсан. Манай эрхэлэгчээр Л.Нэргүй ажилладаг байсан. Эрхлэгч Нэргүйд сейфний түлхүүр байдаг байсан. Кассчид дэлгүүрийн орлогыг хийдэг сейфенд тоолж хийдэг байсан. Эрхлэгч Л.Нэргүй нь дэлгүүрийн зохион байгуулагч нягтланг давхар хийдэг байсан боловч дэлгүүрийн мөнгөийг төв рүү тушаах ёсгүй байсан юм байна лээ. 2016 оны 01-р сарын 12 ны 10 цагийн орчим Төвөөс орлого хураадаг хүмүүс ирээд танай салбар орлогоо өгөхгүй олон хонуулаад байна гэж надад хэлээд надаас орлого авъя гэж гэхээр нь би эрхэлгийн өрөө орж сейфее онгойлгож мөнгө авах гэсэн чинь 3 ууттай мөнгө байхаар нь эхнээс нь тоолоод мөнгийг өгөхөд 2 боодолтой мөнгө, дээр нь 2016 оны 01-р сарын 10,11 ны өдрийн орлого байсан. Нөгөө нэг боодолтой мөнгө нь миний 2016 оны 01-р сарын 07, 08, 09-ний өдрүүдийн аль нь болох мэдэгдэхгүй дутуу 810.000 төгрөг байсан. Төвөөс ирсэн 2 хүн бүрэн мөнгийг авна. Дутуу мөнгө авахгүй гээд үлдээсэн. Би худалдагч Хажидгиймаа эгчийг дуудаад “ Та энэ мөнгийг хардаа. Энэ мөнгө дутаад байна ” гээд хамтдаа дахин тоолоход 810.000 төгрөг байсан. Удалгүй эрхлэгч Нэргүй ирэхээр нь би болсон зүйлийн талаар хэлээд мөнгө дутсан. Энэ ямар учиртай юм. Миний мөнгө гарааны орлогоос дутаад байна. Би мөнгө дутаагүй бүрэн байх ёстой. Би хариуцахгүй гэж хэлсэн чинь “ Мэдэхгүй бүгдээрээ байгаа ” гэж хэлээд өрөөндөө орсон. Эрхлэгч Л.Нэргүй орой болгон 10.000-20.000 төгрөг цүнхэнээсээ гаргаж ирээд дэлгүүрээс хүнсний зүйл авдаг байсан. Бид нар гайхдаг байсан. ...” гэжээ. / хх 43-44 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны  05 дугаар сарын 31-ний өдрийн 93 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. БОСА холдинг дотоод аудитын газрын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Л.Нэргүй нь БОСА Март-4 хүнсний дэлгүүрт 2016 оны 01-р сарын 07 аас 02-р сарын 09 ны өдрийн өдөр хүртлэх хугацаанд ажиллаа хугацаандаа нийт 3.125.9 мянган төгрөгний дутагдал гаргасан байна Уг дутагдлыг РОЗ-ийн ерөнхий борлуулалтын тайлан мөнгөний орлого зарлагын тайлан зэргээр нотлогдож байна

Эдийн засгийн шинжилгээгээр НББ анхан шатны баримт үндэслэн шинжилгээ хийдэг тул үйлдэл тогтоох боломжгүй.

Шүүгдэгч Л.Нэргүйг 2016.03.03-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 62 /, 2016.03.16-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 64-65, 67-68 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 30 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нэргүй мэдүүлэхдээ: “…Би 2015 оны 10 дугаар сарын 27-нд энэ компанид нягтлан, эрхлэгчээр ажиллах болсон.  Сейфэнд нэг кодоор худалдагч нар мөнгө хийдэг байсан. Манай  өрөөнд камер байдаггүй байсан. Миний өрөөгөөр маш их хүн орж гардаг байсан. Хэн нь мөнгө авсныг мэдэхгүй байна. Гэхдээ би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүү маань Япон улсаас мөнгө явуулна гэсэн тэгээд хохирлоо төлж барагдуулна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхчимэг мэдүүлэхдээ: “…Боса компани 2015 оны 10 дугаар сарын 27-нд 2/253 тоот хөдөлмөрийн гэрээгээр Л.Нэргүйг ажилд авсан. Л.Нэргүйн анкетыг үзэхэд туршлагатай байсан. Манай компани цалин мөнгөө цаг тухайд нь өгч байсан. Л.Нэргүйн хувьд тооллого тооцоог цаг тухайд нь өгдөггүй, шаардсан зүйлийг биелүүлдэггүй байсан. Хүний нөөц болон захирлаас хоёр удаа арга хэмжээ авч байсан. 2016 оны 1 дүгээр сарын 7, 8, 9-нд кассын нярав орлогоо авч амжаагүй. 2 дугаар сарын эхээр кассыг шалгагахад мөнгө дутсан. Л.Нэргүй нь мэргэжлээрээ сурч, ажиллаж байсан туршлагатай хүн энэ мөнгийг яагаад дутсаныг мэдэхгүй байна гэж байхгүй гэж бодож байна. Компанид учруулсан хохирлоо гаргуулж авмаар байна…” гэв.   

Шүүгдэгч Л.Нэргүй нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд “Боса” ХХК-д дэлгүүрийн менежер, нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 52 дугаар сургуулийн зүүн талд байрлах БОСА март-4 сүлжээ дэлгүүрийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орлого 1.180.016 төгрөг,  2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн орлого 1.232.800 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орлого 1.111.350 төгрөгнөөс 713.098 төгрөг, нийт 3.125.914 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …

- “...2015 оны 10 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БОСА ХХК нь Шинэ сүлжээний дэлгүүрийн эрхлэгч нягтлан бодогчоор Л.Нэргүйг ажилд авсан. Л.Нэргүй нь ажиллах хугацаандаа тайлан тооцоог цаг хугацаанд өгөхгүй ажлыг нилээн удаашруулж ажиллахаар нь удирдлагаас албан тушаалыг нь бууруулсан боловч уг албан тушаал дээр ажиллаагүй. 2016 оны 02-р сарын эхээр шинэ салбарын кассын баримтыг шалгахад 2016 оны 01 дүгээр сарын 08, 09, 10-ны өдрүүдийн орлогын баримт дутаж дэлгүүрийн орлогыг тушаагаагүй байсан. Сүүлд Л.Нэргүйтэй уулзахад дутаасан мөнгөө хүлээн зөвшөөрч манай удирдлагуудтай 2016 оны 05-р сарын 15 ны өдөр бүрэн барагдуулна гэсэн гэрээ байгуулсан....” гэж хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн хохирогч Б.Энхчимэгийн мэдүүлэг / хх 20-21, 41-42 /,

  “...Намайг БОСА март -4 дэлгүүр кассчинаар ажиллахад эрхлэгч нягтлангаар Л.Нэргүй нар ажиллаж байсан. Би ажиллаж байхдаа өдөрт орсон орлогоо орой нь тоолоод кассын дэвтэр дээр бичээд эрхлэгчдээ дэлгүүрийн орлогыг хүлээлгэж өгдөг байсан. Харин эрхлэгч Л.Нэргүй мөнгийг 2-3 хоног цуглууж байгаад банканд тушаана гээд аваад явдаг. Л.Нэргүй мөнгийг тушаахдаа 11 цагийн орчим явдаг байсан. Бэлэн мөнгийн тоолоод өдөр өдөрт нь эрхлэгчийн өрөөнд байдаг сейфэд хийдэг байсан...” гэж хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн  гэрч Д.Болортуяагийн мэдүүлэг /  хх 45-46 /,

- “...Манай эрхэлэгчээр Л.Нэргүй ажилладаг байсан. Ихэнхдээ эрхлэгч Л.Нэргүйд сейфний түлхүүр байдаг байсан. Эрхлэгч Л.Нэргүй нь дэлгүүрийн зохион байгуулагч нягтланг давхар хийдэг байсан боловч дэлгүүрийн мөнгөийг төв рүү тушаах ёсгүй байсан юм байна лээ. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны 10 цагийн орчим Төвөөс орлого хураадаг хүмүүс ирээд танай салбар орлогоо өгөхгүй олон хонуулаад байна гэж хэлсэн. Би эрхлэгчийн өрөө рүү орж сейф онгойлгож мөнгө авах гэсэн чинь 3 ууттай мөнгө байхаар нь эхнээс нь тоолоод мөнгийг өгөхөд 2 боодолтой мөнгө, дээр нь 2016 оны 01 дүгээр сарын 10,11-ний өдрийн орлого байсан. Нөгөө нэг боодолтой мөнгө нь миний 2016 оны 01 дүгээр сарын 07, 08, 09-ний өдрүүдийн аль нь болох мэдэгдэхгүй дутуу 810.000 төгрөг байсан. Төвөөс ирсэн 2 хүн бүрэн мөнгө авна. Дутуу мөнгө авахгүй гээд үлдээсэн. Удалгүй эрхлэгч Л.Нэргүй ирэхээр нь би болсон зүйлийн талаар хэлтэл “ Мэдэхгүй бүгдээрээ байгаа ” гээд өрөөндөө орсон …” гэж хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн гэрч Н.Болортуяагийн мэдүүлэг  / хх 43-44 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны  05 дугаар сарын 31-ний өдрийн 93 тоот шинжээчийн дүгнэлт / хх / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Л.Нэргүйг бусдын эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч шүүгдэгч Л.Нэргүй нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:          

1. Егөс овогт Лхагвасүрэнгийн Нэргүйг бусдын эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Нэргүйд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар  зүйлийн 72.1.1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч  Л.Нэргүй нь  цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Нэргүйгээс 2.982.025 / хоёр сая есөн зуун наян хоёр мянга хорин тав /-н төгрөг гаргуулан хохирогч “БОСА” ХХК-нд олгосугай.

5. Л.Нэргүйд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,  хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Нэргүйд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД