Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2356

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02335 дугаар шийдвэртэй, Б.Бын нэхэмжлэлтэй, хариуцагч “ЖЖ” ХХК-д холбогдох, олгогдоогүй цалин 4 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б 2015 оны 08 дугаар сард “ЖЖ” ХХК-ийн туслах ажилчин авах зарын дагуу 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сарын 1.200.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авахаар тохиролцон ажилд орсон. Ингээд ажиллах хугацаандаа 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын хөдөлмөрийн хөлсийг олгож байсан боловч 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн хөлсийг өгөхгүй хойшлуулаад байсан тул аргагүйн эрхэнд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажлаас гарсан юм. “ЖЖ” ХХК-иас олгогдоогүй зургаан сарын хөдөлмөрийн хөлсөө удаа дараа нэхсэн боловч захирал н.Адилбиш 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг ажиллуулж, “2016 оны 1 дүгээр сараас эхлэн зургаан сарын цалин олгогдоогүй, санхүүжилт хүлээгдэж байгаа” гэсэн тодорхойлолт бичиж өгөөд түр хүлээж бай гэснээс хойш өнөөдрийг хүртэл өгөөгүй. Миний бие “ЖЖ” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 6 сарын хөдөлмөрийн хөлсөө аваагүй байгаа нь тухайн байгууллагын дээрх тодорхойлолтоор тогтоогдож байгаа.

2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Монгол улсын Дээд шүүхийн зөвлөмж 1.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд эрх үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтантай адил гэж үзнэ. Иймд “ЖЖ” ХХК-иас 6 сарын хөдөлмөрийн хөлс нийт 4 800 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2016 оны 6 дугаар сар хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан маргаан биш. Ийм учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн маргаан таслах комисст цалин хөлс олгогдохгүй байна гэсэн гомдлоо гаргах, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна. 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс цалин хөлс өгөхгүй байсан гэхээр тухайн хүн эрхээ зөрчигдсөн гэдгээ тэр хугацаанаас мэдсэн. Мэдэх бүрэн боломжтой байсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан тоот хийж өгсөн байдаг. Мөн үеэс ч гэсэн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдэх боломжтой байсан. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд дууссан учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар “ЖЖ” ХХК-иас цалин 4 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Б 2015 оны 8 дугаар сард “ЖЖ” ХХК-ийн туслах ажилчин авах зарын дагуу 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сарын 1 200 000 төгрөгийн цалин авахаар тохиролцон ажилд орсон. Ингээд ажиллах хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сар хүртэлх хөдөлмөрийн хөлсийг олгож байсан боловч 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн хөлсийг өгөлгүй хойшлуулаад байсан тул 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа гарсан. “ЖЖ” ХХК-ийн захирал н.Адилбиш нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дээрх хугацааны цалин олгоогүй, санхүүжилт хүлээгдэж байгаа гэсэн тодорхойлолт бичиж өгсөн ба үүнээс хойш хэд хэдэн удаа асуухад өгнө гэсэн байдаг. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “ЖЖ” ХХК-д холбогдуулан 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 4 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл шүүх 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 181/ШЗ2017/10166 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчаар тодорхойлогдсон этгээдэд бус, нэхэмжлэлд нэр дурдагдаагүй “Т.Цэнгэлмаа”-д холбогдуулж үүсгэсэн, нэхэмжлэлийн хувийг гардуулах, хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлах зэрэг ажиллагааг шүүгчийн туслахад даалгасан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 67.1.2-т заасантай нийцэхгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч “ЖЖ” ХХК-ийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор хариу тайлбар ирүүлээгүй. Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гарган оролцож, хуралдаан даргалагчийн эвлэрэх боломжтой эсэх талаарх асуултад “шүүхийн шийдвэр гаргуулмааргүй байна гэж хэлж байсан, өөрөө ирж уулзвал, одоогоор төлөх боломжгүй байгаа” гэснээс дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д заасан “эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах” хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах учиртай. Хариуцагч тал гомдол гаргаагүй боловч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хэргийн материал танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдээгүй, мөн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын нэрийг Г.Энхсүх гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг буруу бичсэнийг дурдах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүхээс гаргасан дээрх алдаа зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Т.ТУЯА